Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 347

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0484 дүгээр магадлалтай, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.     

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0484 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”, 123.2.2-д шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” заалтыг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Магадлалын хянавал хэсэгт: ...Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актын улмаас ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдөж болзошгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 506 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэн хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусганса” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх...” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч нараас гаргуулах гарган өгөх, авах ажиллагааг хийсэн. Энэ баримтууд нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. Давж заалдах шатны шүүх мөн хуулийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.” 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж нэхэмжлэгчийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно. Дээр дурдсан асуудлаар буруутгаж буй зүйлийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 6, 7 дугаар хуудсанд дэлгэрэнгүй тайлбарлан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн магадлалд : ... Хариуцагч нь сайдын тушаалыг үндэслэн урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгохдоо “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан эсэх, өргөдөлд хавсаргах баримт бичгүүд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг явуулсан эсэх, өргөдлийг ямар шалтгаанаар буцаасан, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн а/41 дүгээр тушаалын нь үндэслэлтэй холбоотой бусад холбогдох баримтыг цуглуулж, маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Дээрх асуудал нь хэрэгт цугларсан баримтууд, хэргийг хянан шийдвэрлэх явцад түүн дотор талуудын асуулт хариулт, тайлбар мэдүүлэг гаргах, мэтгэлцэх явцад тодорхой байдлаар тогтоогдсон. Тодруулбал “С” ХХК нь 2014 онд нөөцийг оруулсан атал 12012Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах боломжоо ашиглаагүй. Гэтэл өргөдлийг ямар шалтгаанаар буцаасан, хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан эсэх, өргөдөлд хавсаргах баримт бичгүүд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг явуулсан эсэх зэрэг хэт нэг талыг барьж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хуульчилсан. Тодруулбал мөн хуулийн 21.1.2-д “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрх үүрэгтэй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал зарлагдсан. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахаар болж дээр дурдсан хуулийн заалтын дагуу хурлыг түр хойшлуулж жич зарлаж өгөх хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр хариуцагчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” заалтуудыг илтэд зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 Анх Төв аймгийн Баянцогт сумын нутаг Сонин хангай-1 нэртэй газар орших 9446 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12012Х дугаартай тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын 6326Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн “А”  ХХК-д олгосныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр “С” ХХК-д шилжүүлсэн байна. Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцож олгожээ.

 

            Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалаар “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 12012Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгаснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэр гарч Төв аймийн Баянцогт сумын нутаг дахь Сонин хангай-1 нэртэй 2954.41 гектар тайлбайд ашигт малтмал ашиглалтын MV-020598 дугаар тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгосон байна.

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/69 дүгээр тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авахыг Ашиг малтмал, газрын тосны газарт даалгасан байна.

Энэ тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаараа 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр” гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн байна.

Харин Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосонтой нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй нотлох баримт цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай хэмээн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0484 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН