Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2021/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Г......, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын .... дугаар баг .....тоотод оршин суух, ..... овогт Д.Г /Р........1/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ....... дугаар баг ....... тоотод оршин суух, ....... азарга овогт Л.Ч /Р...............7/-д холбогдох

Гэм хорын хохирол 8.702.000 /найман сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2020/02149/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Л.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө ....... цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн тоёота акуа маркийн авто машинаар 1 дүгээр хорооны засмалаар уруудаж явахад Приус-8811 гэх авто засварын урд талын 4 замын уулзварт намайг төв замаар уруудах хөдөлгөөн хийж байхад миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас приус-20 маркийн ..... гэсэн улсын дугаартай машин ирж мөргөсөн. Ингээд тэр дор нь цагдаа дуудахад цагдаагийн ахмад Мягмарсүрэн ирж үзлэг хийсэн. Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, миний машинд сууж явсан манай эхнэр Д биед хөнгөн гэмтэл учирч миний барьж явсан тоёота акуа машины урд гупер болон тогтоогч хагарсан, урд 2 гэрэл хагарсан, гуперийн дотор төмөр нугарсан, зүүн урд болон хойд хаалга хонхойж цөмөрсөн, урд 2 кирло хонхойж капут нугарсан гуперийн хөөсөнцөр хагарсан, улсын дугаарын хэв алдагдсан, ослын дэрнүүд задарсан, агаар шүүгч хагарсан, радиатор гулзайж дугаарын хүрээ хагарсан, гал хамгаалагчийн үүр хагарсан, нүүр сетка хагарсан, буфер тогтоогч хагарсан, а/с труп хугарсан, хурдны хайрцаг блок хагарсан, цахилгаан мотор тахийсан, урд 2 амаржин, босоо тэнцүүлэгч, гар цап гулзайсан, дээд хөндлөн урд карказ гажсан, урд 2 лонжром гулзайсан, урд 2 шанаа гэрлийн ар суурь гулзайсан, зүүн хормой зурагдсан урд хэсэг гажсан гэх зэргээр маш их хэмжээний буюу 8.3........000 төгрөгийн гэмтэл учирсан. Энэхүү машинд учирсан эвдрэл хохиролыг үнэлгээний комиссоор үнэлүүлж, үнэлгээний хөлсөнд 392.000 төгрөг гарсан боловч Ч төлөхгүй байсан тул Цагдаагийн газраас уг мөнгийг төлж үнэлгээгээ авчир гэсэн учир би төлсөн болно. Уг ослоос болж манай эхнэрийн биед гэмтэл учирч нүдний чамархайн яс цөмөрсөн тул Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэсэн. Одоо ч гэсэн эмчилгээ үргэлжилж байгаа. Уг аваараас хойш миний толгой байнга өвдөх болсон би ч гэмтлийн зэрэг тогтоолгоогүй тул одоогоор хохирол нэхэмжлэхгүй. Харин эхнэрийнхээ эмчилгээний зардлыг жич нэхэмжилнэ. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаад приус 20 маркийн машины жолоочийн буруу гэж үзэж приусын жолооч Л.Чыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар .......0.000 төгрөгөөр торгож зөрчлийн 5 оноог хассан шийтгэл ногдуулж намайг хохирол төлбөрөө шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн юм.

Иймд Л.Чаас машины эвдрэл хохирол 8.3........000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хохирол 392.000 төгрөг нийт 8.702.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх замын цагдаагийн газарт шалгагдаж байх хугацаанд Д......гийн машинд их хэмжээний хохирол учирсан тул үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзээд Замын цагдаа дээр шалгагдаж байхдаа үнэлгээ хийлгүүлсэн. Мөн Д......гийн эхнэр н.Д биед гэмтлийн зэрэг тогтоолгосон. Анх 6,780,000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарлахдаа үнэлгээчин үнэлгээ хийхдээ гаднах үзэмжийг хараад үнэлгээ гаргалаа, дараа нь ямар эд анги эвдэрсэн, ямар гэмтэл гарсан талаар тодорхой мэдэж байж албан ёсны үнэлгээ гарна. Гаднаас нь харахад л 6,780,000 орчим төгрөг болох байх гэж хэлж байсан тухай дурдаж байсан. Өнөөдрийн байдлаар үнэлгээний талаар дахин асууж тодруулаагүй учраас бодит үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү үнэлгээн дээр 45 төрлийн эвдрэл гэмтэл байгаа юм. Жишээ нь цахилгаан мотор мурийсан солих шаардлагатай, радиотар гулжийсан түүнийг солих шаардлагатай гэх мэтээр 45 эвдрэлийг жагсааж бичээд үүнээс 8 эвдрэлийг нь засаж болох юм харин үлдэх 37 эвдрэл гэмтлийн эд ангиудыг шинээр солих шаардлагатай гэсэн тайлан байгаа. Миний зүгээс тухайн үнэлгээ хийсэн үнэлгээчинтэй уулзаж зарим нэг зүйлийг асууж тодруулахад Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа хуулиуд, олон улсын стандартад нийцсэн журам байдаг энэ журмыг үндэслэж үнэлгээгээ гаргадаг. Мөн үнэлгээ гаргахад заавал ажлын хөлсөө нэмж үнэлгээгээ гаргадаг журамтай гэж надад хэлсэн. Өнгө гаргах, тэнхлэг тохиргоо хийх гээд тэр болгон нь тусдаа ажлын хөлстэй байдаг учраас ажлын хөлс өнөөгийн зах зээлийн ханшаар ямар байх вэ гэдгийг судлаад үнэлгээгээ гаргадаг. Эд анги солиход гарах ажлын хөлс 300,000 төгрөг, тэнхлэг тохируулахад ажлын хөлс 20,000 төгрөг, будаг, өнгө гаргах ажлын хөлс 140.000 төгрөг гээд нийт 460,000 төгрөгийн ажлын хөлс, дээр нь эвдэрч хэмхэрсэн эд зүйлийг солих болоод засварлахад гарах шууд зардлын дүн нь 7,850,000 төгрөг болж байгаа ба нийт хохирол зардалд 8,3.......,000 төгрөг болж байгаа юм. Үүн дээр үнэлгээ хийсэн үнэлгээчний ажлын хөлс 392,000 төгрөгийн зардал гарсан. Энэ бүгд нийлээд 8,702,000 төгрөгийн хохирол болж байгаа ба энэхүү нийт хохирлоо хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээр нь нэмж хэлэхэд энэхүү ослоос үүдэн Д......гийн толгой тархи өвддөг болсон ба албан ёсоор гэмтлийн зэрэг тогтоолгоогүй учраас хохирол нэхэмжлэхгүй, эхнэрийнх нь нүдний чамархайн яс цөмөрсөн гэмтэл байгаа боловч 2 сарын дараа хагалгаа хийх асуудлыг шийднэ гэсэн гээд эргэж ирсэн асуудал бас байгаа. Тухайн үед гарсан эмчилгээний хохирлоо жич нэхэмжлэх болно гэдгээ хэлж байсан.

...Надад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах эрхийг нэхэмжлэгч Д...... нь итгэмжлэлээр олгосон бөгөөд миний бие нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өнгө гаргах ажлын хөлс 140.000 төгрөгийн тал хувь 70.000 төгрөгийг, эд анги солих ажлын хөлс 300.000 төгрөгийн тал хувь 150.000 төгрөгийг, тэнхлэг тохируулах ажлын хөлс 20.000 төгрөг, урд хэсгийн гажаа гаргах ажлын хөлс 480.000 төгрөгийн 280.000 төгрөгийг, нийт 520.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 8.702.000 төгрөгөөс хасаж үлдэх хэсэг болох 8.182.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө ....... цаг өнгөрч байхад ..... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож яваад приус-8811 гэх авто засварын урд талын 4 замын уулзварт Тоёота Акуа маркийн автомашиныг мөргөсөн. Мөргөх үед уг автомашинд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эвдрэл гэмтэл учирсан нь үнэн. Уг зөрчилд надад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар .......0.000 төгрөгөөр торгож зөрчлийн 5 оноог хассан шийтгэл оногдуулсан ба Д......г хохирол төлбөрөө иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн. Тухайн үйл явдал болсноос хойш би Д......тэй хэд хэдэн удаа уулзаж автомашинд нь учирсан эвдрэлийг нь бүрэн бүтэн болгож өгөх өөрийн автомашинаа өгөх гэх мэтээр хэд хэдэн удаа уулзсан. Зөрчлийн хэргийг шийдвэрлэх үед Д...... нь автомашинд учирсан хохирлоо Ашид Билгүүн ХХК-д үнэлгээ хийлгэсэн байсан. Ашид Билгүүн ХХК-аас Д...... бид 2-ыг ирж үнэлгээтэй танилц гэж дуудсан. Бид 2020 оны ....... дугаар сарын 08-ны өдөр очиж үнэлгээтэй танилцах үед автомашинд 6.780.000 төгрөгийн хохирол учирсан гэж байсан. Би тухайн үед үнэлгээтэй танилцаад утсан дээрээ зургийг нь дарж аваад уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй арай өндрөөр үнэлсэн байна гэж хэлээд явсан. Учир нь би өөрийн таньдаг сайн засварчнаар машиныг нь анх хэвийн байсан байдалд нь оруулж өгье гэхэд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй. Засварчинд машиныг нь үзүүлэхэд 14-21 хоногийн дотор бүрэн засаж дуусах боломжтой гэсэн. Хэрвээ засуулъя гэвэл өвлөөс өмнө засаад өгье анх байсан байдалд нь оруулж өгч болно засварлахад 3.000.000 төгрөгийн хэмжээний зарлага гарах юм байна гэж надад хэлсэн. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй юм. Би зөрчил гаргаснаас болж хүний эд хөрөнгөд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохиролыг тодорхой хэмжээнд барагдуулах талаар өөртэй нь удаа дараа уулзаж санал тавьсан. Биднийг анх танилцах үед 6.780.000 төгрөгийн хохирол учирсан гэж байсан үнэлгээ шүүхэд нэхэмжлэл гаргах үед яагаад 8.3........000 төгрөгөөр үнэлэгдсэн байгааг ойлгохгүй байгаа ба уг үнэлгээг үнэн зөв гарсан эсэхэд би эргэлзэж байна. Миний зүгээс нэхэмжлэгчийг автомашинаа засуулахад учирсан бодит хохиролыг төлөхөд бол татгалзах зүйлгүй. Дээр дурдсан ийм маргаантай, эргэлзээтэй үнэлгээг үндэслэн дээрх мөнгийг төлөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээчин хэдийгээр 8.3........000 төгрөгөөр үнэлсэн байх боловч автомашиныг засварчнаар засуулахад үүнээс бага зардал гарах боломжтой гэж ойлгож байгаа. Иймд би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин өөрийн таньдаг засварчнаар засуулж анх байсан байдалд нь оруулж өгөх, эсхүл автомашины засварт 3.000.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 392.000 төгрөг нийт 3.392.000 төгрөгийг төлөх боломжтой байна. Мэргэжлийн автозасварчин нэхэмжлэгчийн автомашиныг үзээд 3.000.000 төгрөгөөр анх байсан байдалд нь оруулах бүрэн боломжтой гэсэн тул би 3.000.00 төгрөгийг бол төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашид-Билгүүн компаниас Бямбацогт гэх хүн Д......гийнд очиж үнэлгээ гаргахад Д...... өөрөө байхгүй хөдөө явсан гээд түүний эхнэр Д, бид хоёр байлцсан. Гаднах эд анги нийлээд 27 нэр төрлийн эвдрэлийг бичиж аваад явсан. Ингээд 3, 4 хоногийн дараа дуудахаар нь би Д......гийн хамт очиход 6.780.000 төгрөг гарсан гэж байсан. Үнэлгээ хийсэн ажлын хөлсөө 1.000.000-3.000.000 төгрөг тутамд .......0.000 төгрөг, 5.000.000 төгрөгөөс дээш 392.000 төгрөг гэж тогтоодог гэж тайлбарлаад үүнийхээ дагуу бодож гаргасан хөлс 392.000 төгрөгөө төл гэхээр нь би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зургийг нь дарж болох уу? гэж асуухад болохгүй гэж хэлсэн. Тэр үед маргалдаад бид салсан. Түүний дараа эхнэр нь та нар намайг гэмтээсэн, надад эмнэлгээр явах хэцүү байна. Нүд, тархи, толгойгоор өвдөөд гэхээр нь би эхнэрт мессеж бичээд та яахаар байна, таныг эмнэлэгт үзүүлье, аймагтаа хагалгаанд орж болно шүү дээ гэхэд надаас зугтаагаад тэгсэн байж уурлахаараа би сард 300.000 төгрөгийн зээл төлдөг, ажлаасаа 3 хоногийн чөлөө авсан, ажил төрөл хамаг юм цалгардаж байна. Та нараас болж ингэлээ, намайг хүртэл санаатайгаар ингэж байна гэх байдлаар ярьж бид бас маргалдсан. Осол болсон цагаас хойш би засварчин зөндөө хайсан. Тэгээд Д......гийн хашаанд нэг засварчин аваачиж машиныг нь үзүүлэхэд тэр засварчин 3.000.000 орчим төгрөгт засаж өгч чадна. Өвлөөс өмнө засаад өгье гэсэн. Гэтэл намайг засуулах бол хот руу тухайн машиныг ачуулаад вьетнам засварын газар авч очиж засварлуул гэсэн боловч надад тухайн үед үнэхээр мөнгө төгрөг байгаагүй. Эхэндээ уг нь их ойлголцсон боловч сүүлдээ утсаа авахгүй ярилцах боломжгүйд хүрсэн. Дараа нь надтай Д......гийн хадам аав ээж нь гээд Уламбаяр гэж хүн уулзаад чи шүүхийн байгууллагад очих юм бол чамд л хэцүү гэхээр нь би хохиролд машинаа өгье гэж хэлэхэд миний машиныг авахгүй гэж хэлсэн. Эхлээд уг нь миний машиныг авна гэж байсан боловч болиод манай эхнэр мэсгүйгээр хагалгаа хийлгэнэ. Тэр хагалгаа 2.000.000 төгрөгөөс дээш давах юм бол чамаас авна гэхээр нь би Ашид-Билгүүний баримт шиг юм гараад ирэх юм болов уу гэж бодоод эргэлзэхэд хүрээд машинаа өгөөгүй. Дараа нь манайд нэг залуутай ирж намайг машиндаа суулгаад авч давхисан. Энэ болгоноос болж бид хоорондоо тохиролцож чадахгүй байсаар өдийг хүрсэн. Одоо миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн төлбөр хэт өндөр, эвдэрч гэмтсэн эд ангиудыг засаж янзлах боломжтой байхад шинээр солих шаардлагатай гээд байгааг нь зөвшөөрөхгүй ба энэ нэхэмжилсэн хохирол төлбөрөөс 3.500.000 төгрөгийг л өгөх боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д...... нь хариуцагч Л.Чд холбогдуулж гэм хорын хохиролд нийт 8.3........000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Л.Чаас 8.182.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Л.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ....... сумын 1 дүгээр багийн нутаг Приус-8811 авто засварын газрын урд талын 4-н замын уулзварт Тоёота приус-20 маркын 0755 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч Д......гийн эзэмшлийн 8534 УНЭ улсын дугаартай тоёота акуа маркын тээврийн хэрэгслийг мөргөж, түүний эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч а/х Г.Мягмасүрэнгийн хариу мэдэгдэх хуудас, холбогдогч, хохирогч нараас авсан мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлан, зохигчдын тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д...... нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Л.Чаас шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 5....... дугаар зүйлийн 5........1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжилж буй хохирлын хэмжээ зах зээлийн бодит үнээс өндөр тогтоогдсон, эвдэрч гэмтсэн эд ангиудыг засварлах боломжтой байхад шинээр солино гэж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нь Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар гарсан хохирол зардал болох нийт 8.3........000 төгрөгөөс өнгө гаргах ажлын хөлс 140.000 төгрөгийн тал хувь 70.000 төгрөгийг, эд анги солих ажлын хөлс 300.000 төгрөгийн тал хувь 150.000 төгрөгийг, урд хэсгийн гажаа гаргах ажлын хөлс 480.000 төгрөгийн 280.000 төгрөгийг, тэнхлэг тохируулах ажлын хөлс 20.000 төгрөгийг, нийт 520.000 хасаж 7.790.000 төгрөгийг, түүн дээр автомашины хохирлын үнэлгээ гаргуулахад төлсөн ажлын хөлс 392.000 төгрөгийг нэмж нийт 8.182.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №1796 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 85-34 УНЭ Toyota Aqua маркийн авто машинд учирсан хохирлын үнэлгээг 8.3........000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнэлгээний тайланд үндэслэн 7.790.000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь зөрчлийн хэргийг шалгах явцад автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргуулахад төлсөн ажлын хөлс 392.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд мөнгө төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 5....... дугаар зүйлийн 5........1-д заасныг баримтлан хариуцагч Л.Чаас гэм хорын хохиролд нийт 8.182.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Чаас 8.182.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 145.862 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Л.Цэрэндэжидэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .......0 дугаар зүйлийн .......0.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5....... дугаар зүйлийн 5........1-д зааснаар хариуцагч Л.Чаас 8.182.000 /найман сая нэг зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д......д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.182 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Л.Чаас 145.862 /нэг зуун дөчин таван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БЯМБАСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                                         Г.ДАВААХҮҮ

 

                       ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА