Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2021/00004

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

                                                                             

      Д.Дгийн нэхэмжлэлтэй

     хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Д.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Чд холбогдох гэм хорын хохирол 8,702,000 /найман сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Л.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн авто машинаар 1 дүгээр хорооны засмалаар уруудаж явахад Приус-8811 гэх авто засварын урд талын 4 замын уулзварт намайг төв замаар уруудах хөдөлгөөн хийж байхад миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас Приус-20 маркийн 07-55 ХӨВ гэсэн улсын дугаартай машин ирж мөргөсөн. Ингээд тэр дор нь цагдаа дуудахад цагдаагийн ахмад Мягмарсүрэн ирж үзлэг хийсэн. Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, миний машинд сууж явсан манай эхнэр Далайжаргалын биед хөнгөн гэмтэл учирч миний барьж явсан Тоёота Акуа машины урд гупер болон тогтоогч хагарсан, урд 2 гэрэл хагарсан, гуперийн дотор төмөр нугарсан, зүүн урд болон хойд хаалга хонхойж цөмөрсөн, урд 2 кирло хонхойж копут нугарсан гуперийн хөөсөнцөр хагарсан, улсын дугаарын хэв алдагдсан, ослын дэрнүүд задарсан, агаар шүүгч хагарсан... гэх зэргээр маш их хэмжээний буюу 8,310,000 төгрөгийн гэмтэл учирсан. Энэхүү машинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний комиссоор үнэлүүлж, үнэлгээний хөлсөнд 392,000 төгрөг төлсөн боловч Чанцалням төлөхгүй байсан тул Цагдаагийн газраас уг мөнгийг төлж үнэлгээгээ авчир гэсэн учир би төлсөн болно. Уг ослоос болж манай эхнэрийн биед гэмтэл учирч нүдний чамархайн яс цөмөрсөн тул Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэсэн. Одоо ч гэсэн эмчилгээ үргэлжилж байгаа. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаад приус 20 маркийн машины жолоочийн буруу гэж үзэж приусийн жолооч Л.Чыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож, зөрчлийн 5 оноог хассан шийтгэл ногдуулж намайг хохирол төлбөрөө шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн юм.

Иймд Л.Чаас машины эвдрэл хохирол 8,310,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хохирол 392,000 төгрөг нийт 8,702,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Надад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах эрхийг нэхэмжлэгч Д.Д нь итгэмжлэлээр олгосон бөгөөд миний бие нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өнгө гаргах ажлын хөлс 140,000 төгрөгийн тал хувь 70,000 төгрөгийг, эд анги солих ажлын хөлс 300,000 төгрөгийн тал хувь 150,000 төгрөгийг, тэнхлэг тохируулах ажлын хөлс 20,000 төгрөг, урд хэсгийн гажаа гаргах ажлын хөлс 480,000 төгрөгийн 280,000 төгрөгийг, нийт 520,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 8,702,000 төгрөгөөс хасаж үлдэх хэсэг болох 8,182,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрч байхад 07-55 ХӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож яваад приус-8811 гэх авто засварын урд талын 4 замын уулзварт Тоёота Акуа маркийн автомашиныг мөргөсөн. Мөргөх үед уг автомашинд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эвдрэл гэмтэл учирсан нь үнэн. Уг зөрчилд надад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож зөрчлийн 5 оноог хассан шийтгэл оногдуулсан ба Д.Дг хохирол төлбөрөө иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн. Тухайн үйл явдал болсноос хойш би Д.Дтэй хэд хэдэн удаа уулзаж автомашинд нь учирсан эвдрэлийг нь бүрэн бүтэн болгож өгөх өөрийн автомашинаа өгөх гэх мэтээр хэд хэдэн удаа уулзсан. Зөрчлийн хэргийг шийдвэрлэх үед Д.Д нь автомашинд учирсан хохирлоо Ашид Билгүүн ХХК-д үнэлгээ хийлгэсэн байсан. Ашид Билгүүн ХХК-аас Д.Д бид 2-ыг ирж үнэлгээтэй танилц гэж дуудсан. Бид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр очиж үнэлгээтэй танилцах үед автомашинд 6,780,000 төгрөгийн хохирол учирсан гэж байсан. Би тухайн үед үнэлгээтэй танилцаад утсан дээрээ зургийг нь дарж аваад уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй арай өндрөөр үнэлсэн байна гэж хэлээд явсан. Учир нь би өөрийн таньдаг сайн засварчнаар машиныг нь анх хэвийн байсан байдалд нь оруулж өгье гэхэд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй. Миний зүгээс нэхэмжлэгчийг автомашинаа засуулахад учирсан бодит хохирлыг төлөхөд бол татгалзах зүйлгүй. Дээр дурдсан ийм маргаантай, эргэлзээтэй үнэлгээг үндэслэн дээрх мөнгийг төлөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээчин хэдийгээр 8,310,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч автомашиныг засварчнаар засуулахад үүнээс бага зардал гарах боломжтой гэж ойлгож байгаа.

Иймд би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин өөрийн таньдаг засварчнаар засуулж анх байсан байдалд нь оруулж өгөх, эсхүл автомашины засварт 3,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 392,000 төгрөг нийт 3,392,000 төгрөгийг төлөх боломжтой байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Чаас 8.182.000 /найман сая нэг зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.182 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Л.Чаас 145,862 /нэг зуун дөчин таван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ч, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хариуцагч Л.Ч-с 8,182,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай боллоо. Учир нь анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар гарсан хохирлын зардал болох 8,182,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Чын буруутай үйлдлийн улмаас автомашинд учирсан эвдрэл гэмтлээ засуулахад өөрийн гаргасан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй юм. Зөрчлийн хэрэг шийдвэрлэж байх үед автомашинд үнэлгээ хийгдсэн байх боловч “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн зүгээс өөрт учирсан хохирлыг барагдуулахтай холбоотойгоор гарсан зардлын хэмжээ буюу бодит хохирлыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нөхцөл бүрдэх юм. Гэтэл нотлох баримтаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын байцаагчийн тогтоолын хүрээнд хийгдсэн “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнэлгээг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Чаас авто машинд учирсан гэм хорын хохиролд  8,702,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

Автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

 Тодруулбал, нэхэмжлэгч нь 8534 УНЭ улсын дугаартай “Тoyota aqua” маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримтыг  шүүхэд ирүүлээгүй, автомашинд техникийн үнэлгээ хийсэн тайланд “эзэмшигч Ш.Батмөнх, эзэмшигчийг төлөөлж Л.Ч” гэж тусгагдсан учир нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй.

Дээрх байдал нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа болон хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас тус тус гаргуулж, зохигчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д  зааснаар Д.Дгийн нэхэмжлэлтэй, Л.Чд холбогдох гэм хорын хохирол 8,702,000 /найман сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,182 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,862 /нэг зуун дөчин таван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                                ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ