Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01204

 

 

М.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар магадлалтай,

М.Н-н нэхэмжлэлтэй,

Ү.Ц-д холбогдох,

10,406,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ү.Цээс 10,406,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Цээс 10,406,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,022 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү.Цээс улсын тэмдэгтийн хураамж 181,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 399 дүгээр зүйлийн 399.1, 399.3-т зааснаар хариуцагч Ү.Цээс 73,9 килограмм ноолуур буюу 6,281,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,125,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг: “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 186,022 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Цээс тэмдэгтийн хураамж 115,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нд олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ү.Цээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 181,446 төгрөгөөс давж заалдах гомдол хангагдсан хэсэгт ногдох 80,942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Би 2020.12.18-ны өдөр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж татгалзан, захирамж гарган хариуг шуудангаар ирүүлсэн байна. Би өөрөө утасны сүлжээ байдаггүй газар өвөлжиж байгаа мөн цар тахлын улмаас хөл хорио тогтоож сумын төв рүүгээ болон Хөтөл рүү ирж очоод байх боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хоцорсон тул тус шүүхийн Ерөнхий шүүгчид хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргасныг хүлээн авч хугацааг сэргээж өгсөн тул хяналтын гомдлоо гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас 10,406,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Нд олгохоор шийдвэрлэсэн. Миний хувьд Нд нэг ч төгрөгийн өглөг байхгүй тул уг шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,125,500 төгрөгийг хасаж тооцсоныг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Р гэдэг хүнээс авч Дагвадорж гэдэг хүнээр өгч явуулсан 73,9 кг ноолуурыг М.Нд хүргүүлснээ намайг нотолж чадаагүй гэж үзэж надаас 6,281,500 төгрөгийг гаргуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Н нь надаас чи малчдаас ноолуур цуглуулаад авч над руу явуулж бай би чамд ажлын хөлсөнд жилд 1,000,000 төгрөг өгнө гэж бид амаар хэлэлцэн тохиролцож би түүний мөнгөөр малчдаас ноолуур авч явуулж байсан болно.

Миний хувьд түүний мөнгийг хувьдаа авч ашигласан дутаасан зүйл байхгүй бөгөөд шүүх дан ганц нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн 73,9 кг ноолуурын үнийг надаас төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Би 73,7 кг ноолуурыг Мягмарын Р гэдэг хүнээс 2017.04.03-ны өдөр аваад маргааш нь буюу 04-ний өглөө Дагвадорж гэдэг хүнээр Н рүү өгүүлсэн. Н ноолуураа авчхаад миний данс руу 6,264,500 төгрөгийг шилжүүлсэн тул би өдөр нь тэр мөнгийг Р гэдэг хүний данс руу нь шилжүүлсэн. Гэтэл Н нь энэ ноолуурыг аваагүй гээд байгааг нь ойлгохгүй байна. Ноолуур аваагүй бол мөнгө шилжүүлэхгүй шүүдээ. Уг 73,7 кг ноолуурыг аваагүй гэдгээ Н ямар нотлох баримтаар нотолж анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг нь үндэслэлтэй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Би анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж надад ноолуураа зарсан Р гэдэг хүнийг гэрчээр асуулгасан. Энэ гэрч нь надад ноолуураа өгөөд дараа нь мөнгөө авсан гэдгээ хэлж мэдүүлсэн тул 73,7 кг ноолуурыг худалдан авч Нд өгч явуулсан нь нотлогдож байгаа гэж үзэж байна.

Миний хувьд Нд итгэж, түүний цалин хөлс өгнө гэсэн үгэнд хууртаж, өгч явуулж байсан ноолуураа өгөлцөж авалцсан хүлээлцсэн талаараа бичиг баримт, падан үйлдээгүй асуудлаасаа болж эцэст нь олон сая төгрөгийн өрөнд орж байна.

Нэхэмжлэгч Нгийн хувьд өөрөө бизнес эрхэлж байгаа хүн санхүүгийн анхан шатны баримт хөтлөх орлого, зарлагын падан бичих, бараа материал хүлээн авсан баримт үйлдэх талаар сайн мэдэж байгаа ч ямар ч баримт бичиг үйлдэлгүй, намайг залилж болох юм байна гэж тооцож, ашигласанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ү.Цэд холбогдуулан 10,406,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ... түүхий эд худалдан авахуулахаар Ү.Цэд дансаар болон бэлнээр нийт 63,215,000 төгрөг, Ганчимэгийн дансаар 2,650,000 төгрөг, 2,200,000 төгрөгийг бэлнээр, 710,000 төгрөгийн хивэг гээд бүгд нийлээд 68,775,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 630,9 килограмм буюу 53,499,000 төгрөгийн ноолуур, бэлнээр 4,870,000 төгрөг буцааж авсан. Одоо 10,406,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гаргуулна... гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ү.Ц нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжилсэн 10,406,000 төгрөгөөс, 73,9 кг ноолуур буюу 6,264,500 төгрөгийг жолооч Давгадоржоор нэхэмжлэгчид хүргүүлсэн, харин Ганчимэгт шилжүүлсэн гэх мөнгө болон хивэгний үнэ зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, бидний хооронд өр төлбөрийн тооцоо байхгүй... гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10,406,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 399 дүгээр зүйлийн 399.1, 399.3-т зааснаар хариуцагч Ү.Цээс 73,9 килограмм ноолуур буюу 6,281,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгож, үлдэх 4,125,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ.

8. Хариуцагчийн ...давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Би М.Р гэдэг хүнээс 73,7 кг ноолуурыг 2017.04.03-ны өдөр аваад, маргааш нь буюу 04-ний өглөө Дагвадорж гэдэг хүнээр нэхэмжлэгч М.Нд хүргүүлсэн, тэрээр ноолуураа авч, миний данс руу ноолуурын үнэ 6,264,500 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгийг тэр өдөрт нь М.Ргийн дансанд шилжүүлсэн. ...М.Н ямар нотлох баримтаар нотолж, анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг нь үндэслэлтэй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь ...ямарч баримт бичиг үйлдэлгүй, намайг залилж болох юм байна гэж тооцож, ашигласанд гомдолтой байна” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасанд нийцжээ.

Давж заалдах шатны шүүх ...зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, тодруулбал нэхэмжлэгч нь Ү.Цэд бусдын дансаар шилжүүлсэн гэх 2,650,000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 2,000,000 төгрөг, хивэгний үнэ 710,000 төгрөгийг хэзээ шилжүүлсэн, хэзээ хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, үнийн дүн зөрүүтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотолж чадаагүй, мөн хариуцагч Ү.Ц нь 73,9 кг ноолуурыг бусдаар хүргүүлсэн гэх боловч энэ тайлбарын үндэслэлийг баримтаар нотлоогүй гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 6,281,500 төгрөгийн шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 399.3, 227 дугаар зүйлийн 227.4-т заасныг зөрчөөгүй байна.

11. Харин, нэхэмжлэгч нь хариуцагчаас 73,9 кг ноолуурын үнэ 6,281,500 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх 73,9 килограмм ноолуур буюу үнийг хамт гаргуулж алдаа гаргасныг залруулах боломжтой, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

12. Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас  “...73,9 килограмм ноолуур буюу” гэснийг хасч өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.10-ны өдөр төлсөн 15,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ