Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 208/МА2020/00068

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 208/МА2020/00068

 

 

 

 

М.*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2020/00024/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******

Хариуцагч Ү.******* ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлоор М.*******н нэхэмжлэлтэй Ү.*******эд холбогдох 10.406.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би түүхий эдийн бизнес эрхэлдэг. Ү.******* бид хоёр 2015 онд танилцсан. Би Ү.*******ээр, Баруунбүрэн сумаас түүхий эд авхуулдаг байсан. 2015 оноос хойш бид хоёрын түүхий эдийн бизнес хэвийн явагдаж байсан. 2016 онд ноолуур дээр маргаан үүссэн. Би Ү.*******ийн өөрийнх нь дансаар нийтдээ 65.715.000 төгрөг шилжүүлсэн. Хүмүүсийн дансаар 5.650.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүмүүсийн данснаас Ганчимэг гэдэг хүний данс тодорхой болж 2.650.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тэгээд бэлнээр нийтдээ 2.200.000 төгрөг буцаан авсан. Ерөнхий тооцооноос, авсан ноолуураа хасаад одоо үлдэгдэл 10.406.000 төгрөгийг Ү.*******ээс нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч Ү.******* анхан шатны шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М.*******д 2.000.000 төгрөгийн арьс ширний үлдэгдэл байгаа гэж хэлсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.*******д хоёр удаа арьс шир оруулж өгсөн. Эхний удаа Бямбажав гэдэг хүн надтай хамт М.*******д арьс ширийг оруулж өгсөн. Ингэхдээ нийтдээ 3.003.000 төгрөгийн арьс шир оруулж өгсөн. Би нийтдээ 704 кг 500 грамм ноолуур авч өгсөн. Би 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрэмжээ гэдэг хүнээр 73 кг 700 грамм ноолуурыг 85.000 төгрөгөөр бодож өгсөн. Одоо би 6.264.500 төгрөгийн ноолуурыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ ноолуурыг М.*******д өгсөн. М.******* ноолуур очсоны дараа 73 кг 700 грамм ноолуурын мөнгийг шилжүүлсэн. Би М.*******д үлдэгдэл тооцоо байхгүй. Бүх ноос, ноолуурыг нь өгсөн. Давс, хивэг нь ноолууртаа бодогдсон байгаа. 900 кг давс ирсэн. Түүнээс би 346 кг 950 грамм давс зарсан. Үлдсэн давс буюу 653 кг 50 грамм давсыг буцааж өгсөн гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.*******ээс 10.406.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186 022 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 181 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ү.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж надаас 10.406.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд түүний мөнгийг хувьдаа авч ашигласан дутаасан зүйл байхгүй бөгөөд шүүх дан ганц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн надаас 10.406.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 73,7 кг ноолуурыг Мягмарын Эрэмжээд гэдэг хүнээс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аваад 04-ний өглөө ******* рүү Давгадорж гэдэг хүнээр өгүүлсэн. Давгадорж жолооч ноолуурыг *******д хүлээлгэн өгсөн гэдгээ хэлж байсан. Давгадорж нь нас барсан учраас би гэрчлүүлж чадахгүй байна. Бидний хооронд 73,7 кг ноолуурын асуудал байгаа. 2016 оны арьс ширний үнэ болон өөр хүний дансаар шилжүүлсэн гэсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******д миний зүгээс ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтаар 73,900 гр ноолуурыг хүлээлгэж өгсөн гэдгийг хариуцагч талаас нотолж чаддаггүй. Уг ноолуурыг жолоочид өгсөн гэдэг ч жолоочоос нэхэмжлэгчид өгсөн гэх баримт байхгүй. Ингээд зохигчдын хооронд ноолуурыг хүлээлгэж өгсөн эсэх нь нотлогдохгүй байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ү.*******эд холбогдуулан 10.406.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн эс зөвшөөрч хариуцагч Ү.******* давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Ү.******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч М.******* нь Дархан-Уул аймагт түүхий эдийн бизнес эрхэлдэг бөгөөд хариуцагч Ү.*******тэй 2015 онд танилцан улмаар Ү.*******ээр Баруунбүрэн сумын иргэдээс түүхий эд худалдан авхуулахаар тохиролцон түүхий эд авах мөнгийг хариуцагч Ү.*******ийн банк дахь дансаар болон бэлнээр тодорхой мөнгийг шилжүүлж, тухайн мөнгөөр нь Ү.******* ноолуур, түүхий эд худалдан авч нэхэмжлэгчид шилжүүлдэг байжээ.

 

Дээрх үйл баримтаар талууд нь бичгээр гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч М.*******н саналыг Ү.******* хүлээн авч улмаар түүхий эд худалдан авч нийлүүлж байсан ба талуудын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой үр дүнд хүрснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгдсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-т зааснаар хариуцагч Ү.******* нь тус гэрээгээр даалгавар өгөгчөөс /М.*******/ шилжүүлсэн мөнгөөр ноолуур худалдан авч шилжүүлэх үүрэг хүлээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...түүхий эд худалдан авхуулахаар Ү.*******эд дансаар болон бэлнээр нийт 63.215.000 төгрөг, Ганчимэгийн дансаар 2.650.000 төгрөг, 2.200.000 төгрөгийг бэлнээр, 710.000 төгрөгийн хивэг гээд бүгд нийлээд 68.775.000 төгрөг шилжүүлж үүнээс 630,9 килограмм буюу 53.499.000 төгрөгийн ноолуур, бэлнээр 4.870.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 10.406.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Ү.*******ээс гаргуулна... гэж тайлбарладаг бол хариуцагч Ү.******* ...үлдэгдэл 10.406.000 төгрөгөөс 73,9 кг ноолуур буюу 6.264.500 төгрөгийг жолооч Давгадоржоор нэхэмжлэгчид хүргүүлсэн, харин Ганчимэгт шилжүүлсэн болон хивэгний үнэ зэргийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар нэхэмжлэгчээс Ү.*******эд бусдын дансаар шилжүүлсэн гэх 2.650.000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 2.000.000 төгрөг хивэгний үнэ 710.000 төгрөгийг тус тус хэзээ шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцоолол зөрүүтэй байх ба нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа шүүхэд нотолж чадахгүй, харин 73.9 кг ноолуур буюу 6.281.500 төгрөгийг буцаан өгсөн талаар талууд маргаантай, хариуцагч Ү.******* нь 73.9 кг ноолуурыг бусдаар хүргүүлсэн гэх боловч түүнийгээ баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч Ү.******* нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.3-т зааснаар даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ зөрчсөн гэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар Ү.*******ээс гэрээ зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******н шаардлага үндэслэлтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 73.9 кг ноолуур буюу 6.281.500 төгрөгийн шаардлагыг хангаж, бусдын дансаар Ү.*******эд шилжүүлсэн гэх 2.650.000 төгрөг, бэлнээр өгсөн 2.000.000 төгрөг хивэгний үнэ 710.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг :

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 399 дүгээр зүйлийн 399.1, 399.3-т зааснаар хариуцагч Ү.*******ээс 73,9 килограмм ноолуур буюу 6.281.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.125.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

2 дахь заалтыг:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 186.022 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.*******ээс тэмдэгтийн хураамж 115.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ү.*******ээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 181.446 төгрөгөөс давж заалдах гомдол хангагдсан хэсэгт ногдох 80.942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИНTop of Form

Bottom of Form