Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01174

 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03214 дүгээр шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2397 дугаар магадлалтай, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** **** ****” ХХК-д холбогдох, 

Түрээсийн төлбөрт 158,009,074 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан №17-5-020 дугаартай түрээсийн талбайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 68,974,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан болон өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ ****” ХХК нь хариуцагч “ **** **** ****” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт төлбөрт 105,330,383 төгрөг, гэрээний 20.6-д заасны дагуу алдангид 52,665,191 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 158,009,074 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №17-5-020 дугаартай Түрээсийн талбайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 68,974,400 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03214 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-иас 72,423,025.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,586,048.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ ****” ХХК болон “ **** **** ****” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан №17-5-020 дугаартай “Түрээсийн талбайн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 68,974,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,996 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** **** ****” ХХК-иас 520,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ****” ХХК-д, нэхэмжлэгч “ ****” ХХК-иас 258,539 төгрөгийг гаргуулж хариуцагч “ **** **** ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2397 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт нийт 72,423,025 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, үлдэх 85,586,049 төгрөгт холбогдох үндсэн шаардлага болон 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 17-5-020 дугаар “Түрээсийн талбайн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хохиролд 68,974,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,996 төгрөг болон 761,361 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 520,065 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 188,339 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч “ **** **** ****” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 11 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан болон өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 101/ШШ2020/03214 тоот шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн 26,226,567 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 68,974,400 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2397 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах тухай. 

4.1. БГД-ийн ИХАШШүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч тал 2019.03.27-ны өдөр түрээсийн талбайгаас эд хөрөнгөө бүрэн хүлээн авсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан тул хариуцагчийг дурдаж буй хугацааны турш түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Гэтэл 2019.03.27-ны өдөр хариуцагч тал нь зөвхөн өөрийн зарж борлуулж байсан бараанууд болон гэрлийн абажур, сандал зэрэг зүйлсээ л хүлээн авсан ба засвар тохижилт хийсэн хөрөнгөө авч чадаагүй. Үүнийг ч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч нэхэмжлэл дээрээ “Түрээслэгч нь 87.6 м.кв талбай бүхий түрээсийн талбайд 2017.12.16-ны өдрөөс үйлчилгээ эрхэлж эхэлсэн ба түрээсийн талбайг одоог хүртэл /2019.4.12-ны өдөр/ суллаж, чөлөөлж өгөөгүй байна ...“Тодруулбал “ **** **** ****” ХХК нь 2019.03.27-ны өдөр өөрийн худалдан борлуулж байсан хувцаснууд болон гэрлийн абажур, тавиур, сандал гэх мэт эд хөрөнгүүдээ авч, үлдэх хананд тогтоосон тавиур, шат, модон тавиурууд зэргээ ...орой буцаж ирж авна, шат, агуулахын зориулалтаар гаргасан өрөө зэргээ буулгаж, зөөх хүнтэй үнэ хөлс тохиролцож чадахгүй байна гэж хүлээлгэж байснаа сүүлдээ ... буулгах, нураалтын зардал гаргаж чадахгүй, буулгаж, зөөх хүн байхгүй гэсээр утсаа авахгүй, холбоо бариагүй тул түрээслүүлэгчийн зүгээс “ **** **** ****” ХХК-ийг цаашид хүлээх ямар ч боломжгүй болж, түрээсийн талбайд орхиж явсан түрээслэгчийн эд зүйлсийг устгалд оруулах болсныг албан ёсоор мэдэгдсэн. Иймээс манай компани түрээслэгчийн үлдээсэн эд зүйлсийг хөндлөнгийн компанид ажлын хөлс төлж, буулгуулахаар болсон” гэж бичсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүхээс бүх эд хөрөнгөө авч гарсан гэж буруу дүгнэсэн ба улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс хүлээн зөвшөөрч байна. “ **** **** ****” ХХК-ийн зүгээс И-Март худалдааны төвд үлдсэн засан сайжруулалт хийсэн, суурилуулсан эд хөрөнгөө авъя гэхэд огт оруулахгүй байсан ба түрээсийн төлбөрөө бүгдийг нь өгч байж ав гэсэн шахалт үзүүлж байсан учраас өнөөдрийг хүртэл авч чадаагүй болно. 

4.2. Мөн анхан шатны шүүхээс “Түрээслүүлэгч нь дээрх гэрээний дагуу төлөх 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 2017 оны 12 дугаар cap дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлж, түрээсийн талбайн 1 м.кв-ын үнийг 2018 оны 01 дүгээр сард 12 хувь, 2018 оны 02 дугаар сард 62 хувь, 3-5 дугаар сард 27 хувь, 2018 оны 6-12 дугаар cap, 201 оны 1-3 сар хүртэл 12 хувиар тус тус бууруулсан байх тул 2018 оны 01 дүгээр сард 6,552,480 төгрөг, 02 дугаар сард 3,871,920 төгрөг, 3-5 дугаар саруудад 16,306,740 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 3 дугаар cap хүртэл 58,972,320 төгрөг буюу хөнгөлөлт орсон дүнгээр нийт хугацааны турш 85,7063,120 төгрөгийн төлбөр гарахаар байна” гэсэн тооцоолол хийсэн байна. Үүнийг нягталж үзэхэд 2018 оны 01 дүгээр сард 6,552,480 /85,000x87.6=7,446,000-12%=6,552,480/ төгрөг гэж зөв тооцсон, 2018 оны 02 дугаар сард 3,871,920 /85,000x87.6=7,446,000-62%=2,829,480/ төгрөг гэж буруу тооцсон, 3-5 дугаар саруудад 16,306,740 /7,446,000-27%=5,435,580x3 сар=16,306,740/ гэж зөв тооцсон гэх зэргээр алдаатай тооцоолол нэлээдгүй хийсэн. Түүнчлэн “ **** **** ****” ХХК нь түрээсийн талбайд 2017.12.16-наас 2018.01.01-ний /хугацаандаа нээгдээгүй тул түрээс тооцоогүй/ өдөр хүртэл, 2018.01.01-ний өдрөөс 2018.07.26-ны өдөр хүртэл, 2018.11.16-ны өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл буюу нийт 8 cap 10 өдөр л тус тус ажилласан байдаг. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг /хх2-ын 18-25 тал/ болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Харилцагчийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх1-ийн 20 тал/-д байх ашиглалтын зардлын хэмжээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад үүнийг анхаарч үзэлгүй хариуцагч талыг И-Март худалдааны төвд байнгын ажилласан мэтээр дүгнэж төлбөрийг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн. 

4.3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүхээс “Хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн захирал Н.Хишигбаяр нь 2019.03.27-ны өдрийн 17:00 цагт ирж өөрийн түрээсийн талбайгаас эд хөрөнгөө бүрэн бүтэн байдлаар нь тоолж хүлээж авсан тухай Түрээсийн талбайгаас эд хөрөнгө хүлээлцсэн тэмдэглэлийг “ ****” ХХК-ийн үйл ажиллагааны ахлах ажилтан Б.Ууганбат, хуульч Г.Дэлгэрмаа нарын хамт үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тул гэрээ байгуулагдсанаас хойш уг өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байсан, улмаар өөрийн хөрөнгөө бүрэн авсан гэж үзэх үндэслэлтэй, түрээслүүлэгчийн пос машинаар түрээслэгчийн барааны үнийг төлүүлсэн гэх нотлох баримт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэсэн бөгөөд энэ нь илтэд алдаатай дүгнэлт юм. Учир нь хариуцагч тал нь И-Март худалдааны төвөөс зөвхөн бараа болон бусад жижиг зүйлсээ хүлээн авсан /хх1-ийн 1 тал/, салгаж авч болох эд зүйлсийг авах гэхэд нэхэмжлэгч талаас тус төвд нэвтрүүлэхгүй байсны улмаас өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа /хх1-ийн 1 тал/ ба гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон нөхцөлд буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой, нэгэнт хүчингүйд тооцсон бол эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй учраас сөрөг нэхэмжлэл хангагдахгүй байх үндэслэлгүй. Пос машинаар худалдсан бараа “ ****” ХХК-ийн өгсөн кодын дагуу дамжигдаж уншигдсан баримтууд /хх1-222-251, хх2-1-3/, гэрчийн мэдүүлэг зэрэгт тусгагдсан байхад нотлох баримт авагдаагүй гэж илтэд алдаатай дүгнэсэн. 

4.4. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар Түрээсийн талбайн гэрээ, Менежментийн гэрээ, талбай хүлээлцсэн тэмдэглэл гэх 3 баримтаас /хх1-6-27, хх1-111-112/ өөр нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар ч баримт байхгүй, харин хариуцагч талаас бүхий л зүйлээ баримтаар нотолж байхад /хх1-38-47, хх1-117-123, хх1-211, хх1-212-213, хх1-214-215, хх1-216-217, хх1-218-219, хх1-220-221, хх1-222-251, хх2-1-3, хх2-4, хх2-5, хх2-27, хх2-28, хх2-29, хх2-30/ огт анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. 

4.5. Түрээсийн талбайн гэрээ, Менежментийн гэрээ зэрэг нь улсын бүртгэлд огт бүртгэгдээгүй байгаа нь нэхэмжлэгч “ ****” ХХК-ийг И-Март худалдааны төвийг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх эрхгүй гэдгийг нотолж байх бөгөөд энэ нь Түрээсийн талбайн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг илтгэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...түрээсийн зүйл болох 87.6 м.кв талбай нь дангаараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” хэмээн илтэд хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Алтай Холдинг” ХХК-ийн өмч гэдгийг огтхон ч анхаарч үзээгүй. 

4.6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Талууд Түрээсийн талбайн гэрээгээр алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэж дүгнэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулсан Түрээсийн талбайн гэрээний 20 дугаар зүйлд Түрээслэгч нь төлбөрийг хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөгүй тохиолдолд алданги төлнө гэсэн заалт огт байхгүй. 

4.7. 2020.07.01-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх1-204-205/ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 68,974,400 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хүлээн авсан боловч тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдээгүй. Тухайлбал өмнө нь гарсан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан, тиймээс дахиж гаргасан. Иймээс энэ нь шинээр сөрөг нэхэмжлэл гаргасан гэсэн үг болно. Өмнө нь сөрөг нэхэмжлэлийг хүлээж авсан байгаад дахиж тэрнээсээ татгалзсан бол нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгээр тэмдэгтийн хураамж буцаан олгогдохгүй байх боломжтой. Гэтэл шүүхээс тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан. /хх1-196-197/ Өмнөх захирамж дээрээ нэр байхгүй гэдгээр УТХ-г орхисон боловч баримт нь ирсний дараа буцаан олгох талаар ямар ч үйлдэл хийгээгүй. Учир ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэсэн заалтыг зөрчиж энэ асуудлыг шийдээгүй. Энэ асуудлыг мөн давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэж дүгнэлт гаргаагүй болно. 

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2397 дугаартай магадлалыг хүчингүйд тооцож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 101/ШШ2020/03214 тоот шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн 26,226,567 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 68,974,400 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч “ ****” ХХК нь хариуцагч “ **** **** ****” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 157,995,574 төгрөг, нотариатын зардлын 13,500 төгрөг, нийт 158,009,074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлээс 46,196,458 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч марган, талуудын хооронд байгуулагдсан 2017.04.19-ний өдрийн 17-5-020 дугаартай “Түрээсийн талбайн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хохиролд 68,974,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагчаас 72,423,025.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,586,048.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс ...“Түрээсийн талбайн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, үлдэх 68,974,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт“Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 72,423,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 85,586,049 төгрөгт холбогдох үндсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулсан байна. 

Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэрт хууль хэрэглээний болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

8. “ ****” ХХК болон “ **** **** ****” ХХК-ийн хооронд 2017.04.19-ний өдөр 17-5-020 дугаартай “Түрээсийн талбайн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч “Скай ****инг” ХХК нь 87.6 м.кв талбайг хүүхдийн бэлэн хувцас худалдах зориулалтаар 19 сарын хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч нь сар бүрийн 20-ны өдрийн дотор түрээсийн төлбөрт сард 7,884,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. 

9. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаанд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэл муутай, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Түрээсийн талбайн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцээгүй талаар зөв дүгнэсэн байна. 

10. Талуудын хооронд байгуулсан “Түрээсийн талбайн гэрээ”-ний зүйл болох ...87.6 м.кв талбай нь дангаараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй, иймд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, иймээс нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй болно. 

Зохигч түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 2017.12.16-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй, харин түрээсийн зүйлийг түрээслэгч эзэмшиж, ашигласан хугацаа, хүлээлгэн өгсөн хугацааны талаар өөр тайлбарууд гаргасан, хэргийн баримт, 2019.03.27-ны өдрийн Түрээсийн талбайгаас эд хөрөнгө хүлээлцсэн тэмдэглэл гэх баримт болон бусад нотлох баримтуудаас үзэхэд эд хөрөнгийг 2019.03.27-ны өдөр өмчлөгчид хүлээлгэн өгсөн гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  

11. Давж заалдах шатны шүүх ...2017.12.16-ны өдрөөс 2018.12.30-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчээс олгосон хөнгөлөлт, чөлөөлөлтийг оруулан тооцоход, хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 68,827,320 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс төлсөн нийт 20,000,000 төгрөгийг хасахад 48,827,320 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Талууд гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцоход хариуцагч нь 24,413,660 төгрөг /48,827,320 х 50%/-ийн алданги төлөх үүрэгтэй, үүн дээр нотариатын зардал 13,500 төгрөгийг нэмж тооцоход нийт 73,254,480 төгрөгийн хэмжээгээр үндсэн нэхэмжлэлийг хангах  үндэслэлтэй. Гэвч ...анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 72,423,025 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй учир хариуцагчид ашигтай тооцоолол болох 72,423,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.  

 12. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, ...анхан шатны шүүх талуудын 2019.03.27-ны өдөр үйлдсэн баримтыг үндэслэн хариуцагч тал түрээсийн талбайгаас өөрийн эд хөрөнгөө бүрэн авсан тул хохиролд 68,974,400 төгрөг нэхэмжилсэн нь үндэсгүй, мөн талуудын хооронд байгуулсан түрээсийн талбайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийжээ.

 13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын “...магадлалыг хүчингүй болгож, ...үндсэн нэхэмжлэлийн 26,226,567 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 68,974,400 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, ...шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2397 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.22-ны өдөр төлсөн 634,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ЗОЛЗАЯА

                     ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                       Н.БАЯРМАА

                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                 Д.ЦОЛМОН