Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/00435

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/00435

Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б -ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ /“ЭҮ” ХХК/-д холбогдох,   

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭҮ” ХХК-д даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Д.Б миний бие 1992 оноос эхлэн /1 жилийн хугацаанд цэргийн алба хаасан/ ЭҮ ХХК-ийн Авто тээврийн байгууллагад засварчин, мастер, засварын хэсгийн даргаар 2017 оны 11 дүгээр 06- ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 жил 10 сар тасралтгүй ажилласан болно. Миний бие дээрх хугацаанд тус үйлвдэрт ажиллахдаа шударга ёсыг эрхэмлэн, хамт олноо хүндэтгэн энэ үйлдвэрт хоёргүй сэтгэлээр, өөрийн хүч хөдөлмөрөө зориулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэж, үйлдвэрлэлийн болон технологийн ямар нэг алдаа гаргаагүй, өмч хөрөнгө үрэгдүүлээгүй, үнэнч шударгаар ажилласан. Гэтэл тус үйлвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг түр эзгүйд “ЭҮ” ХХК-ийн дэд захирал Д.Шинэбаатар түүнийг төлөөлж гарын үсэг зурж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 тоот тушаалаар намайг Технологийн тээврийн Автомашины засварын хэсгийн даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд надад 2017 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Би “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиралтай /ажил олгогч/ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус үйлдвэрт Технологийн тээврийн Автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байсан. Гэтэл ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээг тус үйлдвэрийн тэргүүн дэд Захирал хөндлөнгөөс оролцон тушаал гаргаж гарын үсэг зурж намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дэд захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа намайг ажлаас халж байгаа нь нэгдүгээрт Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчиж байна. Хоёрдугаарт: Тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс миний биед үзлэг хийж шалгасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх чөлөөнд халдаж улмаар миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж ёс зүйгүй аашилсан явдал нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Би үйлдвэрийн бүс, ажпын байр, компанийн объектод согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирээгүй, хэрэглээгүй, архидалт зохион байгуулаагүй. Харин би урд орой нь /2017 оны 11 дүгээр сарын 2/ ажлын бус цагаар найзынхаа гэрт тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж архи уусан байсан. Мөн өглөө нь зүрх өвдөхөд долоогоны ханд эм уусан байсан. Би 11 дүгээр сарын 03-ны өглөө эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс манай ажилтан утасдаад хурдан ирэх шаардлагатай байна гэхээр нь би ажил дээрээ хурдан очих шаардлагын дагуу эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж зөвхөн надад үзлэг хийгээд ажлаас хална гэсний дагуу намайг ажлаас халж, ажил олгогч “ЭҮ”-ийн ерөнхий захиралтай байгуулсан гэрээг хөндлөнгийн хүний шийдвэрээр цуцалсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус үйлдвэрийн тэргүүн дэд захиралд, ажил олгогчийн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг түүнд хуулиар олгоогүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд миний дээрх үндэслэлээр шүүхэд гаргаж байгаа гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.Б миний бие тус шүүхэд хандаж ЭҮ ХХК-д холбогдуулан Авто тээврийн байгууллагын Технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжпэл гаргасан билээ. Одоо би энэ нэхэмжлэлийн шаардпага дээрээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж шаардпагаа нэмэгдүүлж байна. Миний бие ЭҮ”-т тасралтгүй 23 жил 10 сар ажилласан. Тэгээд гэнэт халагдаад шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гэсэн ажилласан жил маань тасарчих байх гэж ойлгоод 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн. Би одоо ажилдаа эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дунджаар буюу 2017 оны 8, 9, 10 дугаар сарын дунджаар тооцвол нэг сарын цалин нь 1 843 457+2 970 354 + 5 383 367 = 10 197 178 : 3 = 3 399 059 төгрөг болж байна.Ажилгүй байсан хугацаа 14 гэж тооцвол 3 399 059 х 14 сар = 47 586 830 төгрөг байгаа бөгөөд үүнийг ЭҮ ХХК-иас нэхэмжилж байна. Харин 2018 оны 11 дүгээр сард ажлаас халагдах тооцоо хийгээд надад 3 111 508 төгрөг гарсан байна лээ. Үүнийг дундаж цалинд оруулан тооцоогүй болно.”

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт /нийт 17 сар 15 хоног/ 59 514 158 төгрөг гаргуулна ...”  гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, З.Ж нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Б нь Авто тээврийн байгууллагын Технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Бд “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам-ын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот актаар баталгаажуулсан. “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны дагуу компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирддаг бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь “ЭҮ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан болно. Дээр дурьдсан нөхцөл байдлуудын улмаас харгалзан үзэж Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Д.М нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Б нь Авто тээврийн байгууллагын Технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Бд “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам”-ын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот актаар баталгаажуулсан.  

Иймд Д.Бгийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 47 586 830 төгрөгийг “ЭҮ” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь “ЭҮ” ТӨҮГ /“ЭҮ” ХХК/ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 59 514 158 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭҮ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ажилгүй байсан хугацааны цалтай тэнцэх нөхөх олговорт 17 сар 15 хоног буюу 59 514 158 төгрөг гаргуулна гэсэн.

Д.Б нь “ЭҮ” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байгаад, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.11 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн ажилтан, ажилчинд согтолын зэрэг тогтоож сорилт хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн № 53 тоот акт, Авто тээврийн байгууллагын даргын 2017 ны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/809 тоот албан бичиг, 2017 оны 11-р сарын 03-ны өдрийн АТБ-ын Технологийн тээврийн авто машины засварын хэсэгт хийсэн үзлэгийн протокол зэргийг үндэслэн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэтэл тэргүүн дэд захирал хөндлөнгөөс оролцон гарын үсэг зурж, намайг ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй... гэж тодорхойлсон.

Д.Б нь нэхэмжлэлдээ ...би урд орой нь /2017-11-02/ ажлын бус цагаар найзынхаа гэрт тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж архи уусан байсан. Өглөө нь зүрх өвдөхөд долоогоны ханд эм уусан байсан. Би 11 дүгээр сарын 03-ны өглөө эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс манай ажилтан утасдаад хурдан ирэх шаардлагатай байна гэхээр нь ажил дээрээ хурдан очих шаардлагын дагуу эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж, зөвхөн надад үзлэг хийгээд ажлаас хална гэсний дагуу намайг ажлаас халж, ажил олгогч “ЭҮ”-ийн ерөнхий захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөндлөнгийн хүний шийдвэрээр цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.   

Шүүх, нэхэмжлэгчийг “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул, ажлаас халсан тушаал нь  үндэслэлтэй гэж үзэв.

“ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар,

мөн Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Бг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд нь архи уусан /согтуу/ эсэхийг шалгаж драйгер үлээлгэсэн байх ба, энэ үед драйгерын заалт  1,38% гарсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

“ЭҮ” ХХК-ийн ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн 53 дугаартай акт дээр Д.Б нь гарын үсэг зураагүй байх ба, уг акттай хамт Д.Бг ажлын байран дээр нь драйгер үлээлгэсэн баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримт дээр драйгерийн заалт хэд гарсан нь харагдахгүй байна.

Гэсэн хэдий ч, Д.Б нь ажил дээрээ драйгер үлээсний дараа, Гэрээт цагдаагийн хэлтэст очиж  дахин 12 цаг 15 минутанд драйгер үлээхэд /хх184/ согтолтын зэрэг 1,04 хувь гарсан болох нь нотлогдож байна.

“ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиралын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/485 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байх бөгөөд, уг тушаалын хавсралт болох Хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирдах ба тэдгээрийн эзгүйд Ерөнхий захирлын тушаалаар эрх олгогдсон Дэд захирал удирдана, 2.5-д Ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн компанийн ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана. Тэргүүн дэд захирал, дэд захирлууд өөрийн эрх хэмжээний хүрээнд дээр дурдсанаас бусад асуудлаар шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч тал, Тэргүүн дэд захирал хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргах эрхгүй байхад тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиралын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/499 дугаартай тушаалд “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиралын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/485 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэгдүгээр хавсралтад заасан нэмэлт өөрчлөлтийг оруулсугай гэжээ. Үүнд тушаалын хавсралтад: Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5-д Ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн компанийн ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана гэснийг, 2.5 Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн компанийн ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана гэж өөрчилнө гэжээ.

Дээрх “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд орсон өөрчлөлтөөр Тэргүүн дэд захирал нь хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргах эрх бүхий гэж үзэхээр байна.

Иймд Д.Бгийн гаргасан зөрчил нь /ажилдаа согтуу ирсэн/ Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 4.2.11 дэх заалтуудыг зөрчсөн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор байх тул “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиралын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаартай Д.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 59 514 158 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭҮ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.    

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

“ЭҮ” ХХК-ийн эрх зүйн статус өөрчлөгдөн “ЭҮ” ТӨҮГ болж өөрчлөгдөн нийтэд илэрхий болсон тул хариуцагчийг “ЭҮ” ТӨҮГ гэж шийдвэрт тусгалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан “ЭҮ” ТӨҮГ-т /“ЭҮ” ХХК/ холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 59 514 158 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭҮ” ХХК-д даалгах тухай Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны 130000801681 дугаарын дансанд төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА