Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00304

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00304

  Орхон аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Д.Э-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “ЭҮ” ХХК -нд холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, “ЭҮ” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3.1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие 2014 онд “ЭҮ” ХХК-ийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт насосны машинчаар ажилд орж нийт 4 жил 8 сар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ зохих ёсоор үнэнч шударгаар биелүүлэн ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний бие ээлжийн ажлын өдрийн гараанд гарч, тухайн өдрийн 20 цаг 40 минутанд гэртээ очсон. Тус шөнө 24 цагийн орчимд гэртээ амарч байтал утас дуугарч манай ажлын О.Т, У.Б нар залгаж “юу хийж байна. Бид нар баяр тэмдэглээд Вокзал орж архи аваад, буцаж яваад цагдаад баригдаад машиныхаа бичиг баримтыг хураалгачихлаа. Дахиж дэлгүүр явах боломжгүй болчихоод байна. Бид нарт 1 шил архи, 1 сав пиво авчраад өгөөч, ирэхээр чинь авсан юмны чинь мөнгийг таксины мөнгөтэй нь хамт чамд өгье ” гэж гуйсан. Удалгүй утас дахин дуугарч “болж байна уу" гэж асуугаад байхаар нь би одоо гарлаа гээд гарах гэтэл нөхөр хамт явъя гээд хамт гарсан. Гэрээс гараад үйлчилгээний төвд байрлах дэлгүүрээс 1 шил архи, 1 сав пиво аваад “ЭҮ” ХХК-ийн Цэвэрлэх байгууламж руу таксидаж очсон. Энэ үед нөхөр “ажил руугаа явж яах гээд байгаан” гэж уурлаад байхаар нь тоолуурын заалтын түлхүүр мартаад кармалаад ирсэн байна аваачиж өгөхгүй бол болохгүй гээд архи авснаа нөхрөөсөө нуусан. Очиж явах үед ахин утас дуугарч У.Б, О.Т, М.Б, О.Т нар хаалга онгойлгох үед нөхөр таксиндаа үлдэж би “түлхүүр оруулж өгөөд ирье” гээд орсон. Манай ажлын байрны цайны өрөөнд ороход М.Б. Б.Д, У нар байсан. М.Б архийг авч задлаад тэд ууж эхлээд намайг ганц татчих гээд архи аягалж өгөхөд би нөхрөөсөө айгаад уугаагүй. Тухайн үед Т гаднаас манай нөхрийг дагуулаад ороод ирсэн. Нөхрийг харсан хүмүүс юу хийж яваа юм. Эхнэрээ хардаж явна уу гэх мэтээр хэрүүл өдөх үед манай нөхөр уурлаад гараад явсан. Б, Д, Б, Т нар их согтсон байсан /өмнө нь архи уучихсан байсан/. Би үлдсэн тал шил архийг аваад нөхрийнхөө араас очиж таксийгаар хамт харьсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын Б/1293 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч уг тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Тухайн үед миний бие ажил хийж байгаагүй, ажлын цаг ч байгаагүй, хамт ажилладаг хүмүүсийн захисан зүйлийг хүргэж өгсөн болохоос хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш аливаа үйлдэл гаргаагүй. Гэтэл намайг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Иймээс намайг өмнө эрхэлж байсан ажил болох “ЭҮ” ХХК-ийн Эрчим хүчний цехийн насосны машинчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Анх “ЭҮ” ХХК-д ажилд орох үед Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний төслийг ажил олгогч өөрөө бэлтгэж гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсан байдлаар өгч гарын үсэг зур гэдэг шаардлага тавьж гарын үсэг зуруулсан. Ажилд орж буй ажилтны хувьд миний бие гэрээнд гарын үсэг зурахаас өөр байдлаар шаардлага тавих боломжгүй байсан. “ЭҮ” ХХК бүх ажилчидтайгаа дээрх гэрээг байгуулдаг бөгөөд гэрээний 4.3.1 дэх заалт бүх ажилчдын гэрээнд тусгагдсан байдаг болно. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй бөгөөд миний Хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Улмаар Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг үндэслэсэн “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаал нь хууль бус юм. Иймд “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, “ЭҮ” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3.1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө үйлдвэрийн бүс, хамгаалалт бүхий онцгой объект болох Цэвэрлэх байгууламжийн хэсэгт нэвтэрч, ажлын байр, компанийн онцгой объектод согтууруулах ундаа авч ирж, хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил мөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9, .8.9.11 дэх заалт Д.Этай байгуулсан 01/14 дугаар Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.3.1 дэх заалтуудыг үндэслэн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн Б/1293 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Д.Э нь “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчил түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Д.Эы өөрийнх нь бичгээр гаргасан тайлбар, Эрчим хүчний цехийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн насосны машинч О.Т, Б.Д, хлоржуулах төхөөрөмжийн операторч М.Б, тунгаагуурын операторч У.Б нарын бичгээр гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно. “ЭҮ” ХХК нь Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектоор тогтоогдсон байдаг. Архидан согтуурах явдал нийгмийн сөрөг үзэгдэл болж, түүнтэй тэмцэх арга, хэлбэрийг эрчимжүүлэх, сайжруулах нь төрийн байгууллага төдийгүй аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээнд тулгамдсан нэн чухал асуудал болоод байна. Д.Э нь улсын онц чухал объектод буюу үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа авч ирж хэрэглэж архидалт зохион байгуулсан нь түүнийг тухайн үед ажил хийж байгаагүй, ажлын цаг байгаагүй, хамт ажилладаг хүмүүсийн захисан зүйлийг авчирч өгсөн гэснээр зөвтгөж, ажлаас үндэслэл халагдсан гэж үзэх боломжгүй.

Иймд Д.Эы гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

А. Ажил олгогч ажилтан нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцож 01/14 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Хэрэв Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалт нь Д.Эы хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг зөрчиж байсан бол Хөдөлмөрийн 01/14 дугаар гэрээний “5.2.Гэрээнд талууд тохирч нэмэлт өөрчлөлт оруулахдаа бичгээр 2 хувь үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулж гэрээнд хавсаргана. Гэрээнд талуудын оруулсан нэмэлт өөрчлөлт нь гэрээний үндсэн нөхцөлтэй адил хүчин төгөлдөр байна.” гэсэн заалтыг дагуу ЭҮ ХХК-д ажиллаж байсан бүтэн 4 жил 9 сарын хугацаанд түүнд эрхээ эдлэх боломж бүрэн дүүрэн байсан. Өөрөөр хэлбэл Д.Э нь гэрээний 4.3.1 дэх заалт нь Хөдөлмөрийн хууль, болон түүний хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа үндэслэлээ гарган тус заалтыг хасах, эсхүл, өөрчлөх саналыг ажил олгогчид тавьж өөрчлүүлэх боломж байсан байна. Гэтэл Д.Э нь ажлаас халагдах хүртэл хугацаанд ажил олгогчид дээрх байдлаар хандаж, санал хүсэлт тавьж байгаагүй атлаа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө хөдөлмөрийн гэрээний 4.3.1 -т заасан зөрчил гаргаж түүнд нь сахилгын шийтгэл ногдуулах үед хариуцлагаас мултрах арга болгож Хөдөлмөрийн гэрээний тус заалт миний хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг Д.Эы эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдөр гэж үзнэ.

Б. Д.Этай гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд 8.9.11 дэх заалт мөн адил байсан ба 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулахдаа дээрх журамтай танилцаж гарын үсгээ зурсан байдаг. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан одоо мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журамтай Д.Э танилцаж нь гарын үсгээ зурсан байна. Иймд Д.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэх ёстой байсан гэж үзнэ.

2. Хөдөлмөрийн дотоод журам 8.9.11. Д.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалт болох Ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байр үйлдвэрийн бүсэд согтуүруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн. хэрэглэсэн, худалдсан буюу архидалт, мансууралт зохион байгуүлахыг хориглосон хэм хэмжээ нь Монгол Улсын ямар ч хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

А. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан байдаг. Хөдөлмөрийн харилцаанд сахилга хариуцлага, хөдөлмөрийн дэг журам гэж зайлшгүй байх ёстой. Тэр тусмаа 6000 гаруй ажилтантай уул, уурхайн үйлдвэрт хөдөлмөрийн сахилга дэг журмыг нэгт тавьдаг юм. Хөдөлмөрийн сахилга дэг журам нь Хөдөлмөрийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тийм ч учраас архи, мансууруулах бодис хэрэглэснээс үүдэн гарах гэмт хэрэг, зөрчил, осол эндэгдлээс урьдчилан сэргийлж Хөдөлмөрийн дотоод журамдаа үйлдвэрийн бүсэд архидан согтуурах нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор архи нэвтрүүлэхийг хориглодог, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилсан сэргийлж архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажилдаа ирэхийг, худалдан борлуулахыг, ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглодог. Монгол Улсын аль ч төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагад ажлын байран дээрээ архи авч ирж, архи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажлаа хийхийг, ажлын байран дээрээ архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахыг зөвшөөрдөггүй. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль бүхэл бүтэн Монгол Улсын хууль байна. Энэ хуулийн зорилт нь бүхэлдээ аливаа хэлбэрээр архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд оршдог. Ийм байхад архидан согтуурахтай тэмцсэн, түүнээс урьдчилан сэргийлж, учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж өөрийн онцлогтоо тохируулан хөдөлмөрийн сахилга батыг хангаж, дэг журам тогтоосон хэм хэмжээг хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй.

Б. Д.Эы Хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг ямар нэг байдлаар хөндөөгүй. Ажилтан нь Хөдөлмөрийн хуулиар үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй. Ажил олгогчоос энэ үүргээ биелүүлж ирсэн. Харин Д.Э нь Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирэх, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа авч ирэх, хэрэглэх, худалдах. архидалт зохион байгуулахыг хориглосон заалтуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна.

В. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 131.1-т заасан эрхийнхээ хүрээнд сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэл бүхий тушаал учраас “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 22-ны өдрийн Б/1293 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь “ЭҮ” ХХК-д холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, “ЭҮ” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3.1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “ЭҮ” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Э нь “ЭҮ” ХХК-ийн Эрчим хүчний цехэд насосны машинчаар 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 01/14 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, 2018 оны 10 дугаар сарын 22-ны Б/1293 дугаартай “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9, 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.3.1, Эрчим хүчний цехийн даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24/348 дугаартай албан бичиг, Эрчим хүчний цехийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Д.Эы бичгээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх гэрээ, тушаал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Тухайн үед миний бие ажлаа хийж байгаагүй, хамт ажилладаг хүмүүсийн захисан зүйлийг хүргэж өгсөн болохоос хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилдаа харш аливаа үйлдэл гаргаагүй. Мөн анх ажилд ороход Хөдөлмөрийн гэрээн дээр шууд гарын үсэг зуруулсан. Унших боломжгүй олон зүйл дээр нэг дор зуруулсан. “ЭҮ” ХХК бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн  гэрээний 4.3.1 дэх заалтыг тусгасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй бөгөөд миний Хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж... тодорхойлсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.  

“ЭҮ” ХХК нь Д.Этай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба, уг хөдөлмөрийн гэрээний 4.3.-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын дараах ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийтгэл ногдуулна. Хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д Ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа, мансууруулах бодис авчирсан, хэрэглэсэн, худалдсан буюу архидалт мансууралт зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.         

Нэхэмжлэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагт ажлаасаа буусан байх ба, хамт ажилладаг тухайн өдөр ажилдаа гарч байсан хүмүүст архи, пиво аваачиж өгсөн /ажлын байран дээр/ үйл баримт нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Д.Эы ажлын байран дээр өөрөөр хэлбэл үйлдвэрийн бүсэд архи, согтууруулах ундааны зүйл авч очсоны улмаас тухайн өдөр ажилдаа гарч байсан У.Б, Б.Д, О.Т, М.Б нар ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нөхцөл байдлууд тогтоогджээ.

Нэхэмжлэгчийг ажлын байр, үйлдвэрийн бүсэд архи согтууруулах ундааны зүйл авч очсоныг зөвтгөх боломжгүй юм. Учир нь хөдөлмөрийн харилцааны талууд хөдөлмөрийн гэрээндээ /4.3, 4.3.1/ юуг ноцтой зөрчилд тооцох талаар харилцан тохиролцсон байх ба, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар журамласан байна. Д.Эы архи согтууруулах ундааны зүйл ажлын байрандаа авч очсон явдал нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11-д ... ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн гэдэг үндэслэлд хамаарч байна гэж үзнэ.  

Тиймээс Д.Этай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захиралын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудтай нийцэж байх тул уг тушаалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Д.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалтуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан.

Энэ дагуу “ЭҮ” ХХК нь хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдөж, мөн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа, Ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан тохиолдлуудад хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, өөрөөр хэлбэл хариуцлага тооцохоор журамласныг буруутгах үндэслэлгүй байна.

Монгол Улсад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдаж мөрдөгдөж байх ба энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа ...хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд... оршино гэжээ.

Архидан согтуурах асуудал манай улсын хувьд нийгмийн сөрөг үзэгдэл болж, үүний улмаас гэмт хэрэг зөрчил гарах, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах зэрэг байдлууд гарч байгааг үгүйсгэх боломжгүй.

Тиймээс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах, мөн учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн сахилга батыг хангах зорилгоор Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээндээ дэг журам тогтоосон хэм хэмжээ оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалтыг эрхээ зөрчигдсөн үеэс мэдсэн гэж тайлбарласан бөгөөд энэ тайлбар үндэслэлгүй. Д.Этай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд Д.Э нь хөдөлмөрийн гэрээндээ өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар өмнө нь ажил олгогчид мэдэгдэж гомдол гаргаж байгаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Д.Эы эрх нь зөрчигдсөн өдрийг хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, үүнээс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ...Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн учир энэ заалтуудыг барьж гаргасан эрх зүйн акт хүчингүй юм. Иймд “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захиралын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг хүчингүй болгуулна гэсэн.

Шүүх нэгэнт “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Д.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалтуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дээр дүгнэсэн учраас, нэхэмжлэгчийн “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захиралын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлага мөн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Эы ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, “ЭҮ” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3.1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.         

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, Д.Эы “ЭҮ” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 01/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3.1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай Д.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА