Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00390

 

 

Д.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00304 дүгээр шийдвэр,

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Э-

          Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, холбогдох даатгалыг төлүүлэн зохих  дэвтэрт бичилт хийлгэх, дотоод журмын 8.9.11, хөдөлмөрийн гэрээний 4.3.1,ажил олгогчийн 2018 оны Б/1293 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт насосын машинчаар ажилд орсон. 2018-10-05-ны өдөр миний бие ээлжийн ажлын өдрийн гараанд гарч, тухайн өдрийн 20:40 цагт гэртээ очсон. Тус шөнө 24:00 цагийн орчимд гэртээ амарч байтал утас дуугарч манай ажлын О.Т-, У.Б- нар залгаж юу хийж байна. Бид нар баяр тэмдэглээд Вокзал орж архи аваад, буцаж яваад цагдаад баригдаад машиныхаа бичиг баримтыг хураалгачихлаа. Дахиж дэлгүүр явах боломжгүй болчихоод байна. Бид нарт 1 шил архи, 1 сав пиво авчраад өгөөч, ирэхээр чинь авсан юмны чинь мөнгийг таксины мөнгөтэй нь хамт чамд өгье гэж гуйсан. Ингээд очиж явах үед ахин утас дуугарч У.Б-, О.Т-, М.Б-, О.Т- нар хаалга онгойлгох үед нөхөр таксиндаа үлдэж би түлхүүр оруулж өгөөд ирье гээд орсон. Тухайн үед Т- гаднаас манай нөхрийг дагуулаад ороод ирсэн. Б-, Д-, Б-, Т- нар их согтсон байсан /өмнө нь архи уучихсан байсан/. Би үлдсэн тал шил архийг аваад нөхрийнхөө араас очиж таксийгаар хамт харьсан. Гэтэл 2018-10-22-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Б/1293 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч уг тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Тухайн үед миний бие ажил хийж байгаагүй, ажлын цаг ч байгаагүй, хамт ажилладаг хүмүүсийн захисан зүйлийг хүргэж өгсөн болохоос хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш аливаа үйлдэл гаргаагүй. Гэтэл намайг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Иймээс намайг өмнө эрхэлж байсан ажил болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн насосны машинчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү. ...Анх Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд орох үед Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний төслийг ажил олгогч өөрөө бэлтгэж гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсан байдлаар өгч гарын үсэг зур гэдэг шаардлага тавьж зуруулсан. Ажилд орж буй ажилтны хувьд миний бие гэрээнд гарын үсэг зурахаас өөр байдлаар шаардлага тавих боломжгүй байсан. Эрдэнэт үйлдвэр ХХК бүх ажилчидтайгаа дээрх гэрээг байгуулдаг бөгөөд гэрээний 4.3.1 дэх заалт бүх ажилчдын гэрээнд тусгагдсан байдаг болно. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй бөгөөд миний Хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-тай 2014-01-21-ний өдөр байгуулсан 01/14 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2018-10-22-ны өдрийн Б/1293 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Д.Э- нь 2018-10-05-ны шөнө үйлдвэрийн бүс, хамгаалалт бүхий онцгой объект болох Цэвэрлэх байгууламжийн хэсэгт нэвтэрч, ажлын байр, компанийн онцгой объектод согтууруулах ундаа авч ирж, хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил мөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9, .8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.3.1-г үндэслэн Ерөнхий захирлын 2018-10-22-ний өдрийн Б/1293 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. ..ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчил түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Д.Э-ы өөрийнх нь бичгээр гаргасан тайлбар, Эрчим хүчний цехийн 2018-10-08-ны хурлын тэмдэглэл, Цэвэрлэх байгууламжийн насосны машинч О.Т-, Б.Д-, хлоржуулах төхөөрөмжийн оператор М.Б-, тунгаагуурын оператор У.Б- нарын бичгээр гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно. Иймд Д.Э-ы гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Хэрэв Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх заалт нь Д.Э-ы хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг зөрчиж байсан бол Хөдөлмөрийн 01/14 дугаар гэрээний 5.2.-н дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллаж байсан бүтэн 4 жил 9 сарын хугацаанд түүнд эрхээ эдлэх боломж бүрэн дүүрэн байсан. Гэтэл Д.Э- нь ажлаас халагдах хүртэл хугацаанд ажил олгогчид дээрх байдлаар хандаж, санал хүсэлт тавьж байгаагүй атлаа 2018-10-05-ны шөнө хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т заасан зөрчил гаргаж түүнд нь сахилгын шийтгэл ногдуулах үед хариуцлагаас мултрах арга болгож Хөдөлмөрийн гэрээний тус Хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байна гэдэг нь үндэслэлгүй. Д.Э- нь Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирэх, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа авч ирэх, хэрэглэх, худалдах, архидалт зохион байгуулахыг хориглосон заалтуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 131.1-т заасан эрхийнхээ хүрээнд сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэл бүхий тушаал гаргасан учраас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны Б/1293 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

      Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 142/ШШ2019/00304 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох Д.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

      Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ/2019/00304 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс нэхэмжлэгч чөлөөлөгдсөнг дурдсан байна.

     Нэхэмжлэгx, түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.3.1-г үндэслэсэн. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9 /Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана. Үүнд :/, 8.9.11 /Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан/, Хөдөлмөрийн гэрээний 4.3. /Ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийтгэл ногдуулна/, 4.3.1. /Ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа мансууруулах бодис авчирсан, хэрэглэсэн, худалдсан буюу архидалт мансууралт зохион байгуулсан/-д заасан зөрчлүүдийг гаргасан мэтээр үзэж ажлаас халах сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн. Дээрх Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.3.1-д заасан сахилгын ноцтой гэх зөрчлүүдийг бүгдийг нь Д.Э- нь гаргасан мэт тушаалд заасан. Энэ нь хэрэгт авагдсан “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирлын 2018-10-22-ны өдрийн, Б/1293 дугаартай тушаалын “Тушаах” хэсгийн 1. “Компанийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинч Д.Э- /бүртгэлийн дугаар 92931/ 2018-10-06-ны өдөр үйлдвэрийн бүс, хамгаалалт бүхий онцгой обьъект Цэвэрлэх байгууламжийн хэсэгт нэвтэрч, ажлын байр, компанийн онцгой обьъектод согтууруулах, ундаа авч ирсэн, хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан болох нь тогтоогдож. ” дэх заалтаар нотлогдоно. Тухайн үед Д.Э- нь ажлынхаа газрын хүмүүсийн гуйлтын дагуу тэдэнд согтууруулах ундаа дөхүүлж өгсөн бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй, архидалт гэхийг зохион байгуулаагүй. Архидалт зохион байгуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг ямар нотлох баримтаар нотолж, тогтоосон нь тодорхойгүй атлаа Ерөнхий захирлын тушаалд “согтууруулах ундаа хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан” гэж буруутгасан нь Д.Э-д ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилтэй нийцээгүй. Ажлаас халах тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх учиртай. Д.Э- нь ажлын газрынхаа хүмүүст тэдний гуйлтын дагуу согтууруулах ундааг дөхүүлж өгөх үед ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй ба энэ талаар хариуцагч тал мараагүй. Энэ нь Д.Э-ыг Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй болохыг харуулна. Нэгэнт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үед ажилтан нь Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргах боломжгүй төдийгүй Д.Э- нь өөрөө ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй үедээ ажлын газрынхаа хүмүүсийн гуйлтын дагуу согтууруулах ундаа дөхүүлж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчилд тооцогдох учиргүй юм. Анхан шатны шүүх Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэглэсэн нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамааралгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хууль байсан гэтэл анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн үндэслэлийг Давж заалдах шатны шүүхээс зөвтгөж байгаа нь үндэслэл муутай болжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өөрийн ажилчин бүртэй Д.Э-тай байгуулсан хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний загвар гэрээг байгуулдаг бөгөөд энэхүү гэрээг ажилтан хүлээн зөвшөөрч байгуулахаас өөр аргагүй байдаг болно. Гэтэл хариуцагчийн итгамжлэгдсэн төлөөлөгч гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан ажилтны саналыг хүлээн авч өөрчлөлт оруулах боломжгүй гэдэг хариулт өгч байгаа нь бодит байдалтай нийцээгүй байна. Д.Э- нь ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ зөрчил гаргах боломжгүй бөгөөд өөрийн хамт ажилладаг найз нөхдийн харилцаатай хүмүүсийн гуйлтаар согтууруулах ундаа дөхүүлж өгсөн үйлдлийг шууд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажлаас халах шийтгэл оногдуулж буй нь буруу юм. Учир нь Д.Э-ыг согтууруулах ундаа дөхүүлж өгөхөөс өмнө нэр бүхий ажилчид нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Согтууруулах ундаа хэрэглэх эсэх асуудлаа дээрх нэр бүхий ажилчид өөрсдөө шийдвэрлэх чадамжтай насанд хүрсэн хүмүүс юм. Тэдний согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундааг Д.Э-аар хүргүүлэн авч байгаа үйлдэлд Д.Э-ыг буруутгаж сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Д.Э- 2018-11-20-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах, дотоод журмын 8.9.11., хөдөлмөрийн гэрээний 4.3.1., 2018 оны Б/1293 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг шаарджээ.

      Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “...2018-10-05-ны өдөр О.Т-, У.Б- нарын хүсэлтээр ажил дээр архи аваачиж өгсөн..би тэр үед ажилгүй байснаас гадна архи уугаагүй гэтэл ажлаас халсан...дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4.3.1 болон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна..” гэсэн байна.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “....Д.Э- 2018-10-05-ны өдрийн шөнө үйлдвэрийн бүс, хамгаалалт бүхий онцгой объект болох Цэвэрлэх байгууламжийн хэсэгт нэвтэрч, согтууруулах ундаа авч ирж, хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан буюу  ноцтой зөрчил гаргасан тул халсан... 4 жил гаруй ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын заалттай холбоотой хүсэлт хэлж байгаагүй...ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй..” гэж мэтгэлцжээ.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...ажилтан ноцтой зөрчил гаргасан байна...хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын заалтууд хуульд нийцсэн байна...” гэсэн үндэслэл заасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.   

     Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо “...бусдын гуйлтаар согтууруулах ундаа хүргэж  өгсөн нь мөн ажил хийгээгүй үедээ гаргасан үйлдлийг ноцтой зөрчилд хамааруулсан нь буруу... шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн...нэхэмжлэгчийг очих үед нэр бүхий  ажилчид нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...архи уугаагүй...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч 2018-10-22-ны өдөр Б/1293 дугаартай  тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 8.9., 8.9.11., хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.3.1., Эрчим хүчний цехийн даргын 2018-10-10-ны өдрийн 24/348 дугаар албан бичиг, Эрчим хүчний цехийн 2018-10-08-ны өдрийн хурлын тэмдэглэл,ажилтны тайлбарыг үндэслэн “...2018-10-06-ны өдөр үйлдвэрийн бүс,хамгаалалт бүхий онцгой обьект Цэвэрлэх байгууламжийн хэсэгт  нэвтэрч, ажлын байр,компаний ажлын онцгой обьектод согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн,архидалт зохион байгуулсан болох нь тогтоогдож,хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинч Д.Э-ыг ажлаас нь халсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн байна.

      Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

    Д.Э- 2018-10-05-ны өдөр үйлдвэрийн бүс рүү согтууруулах ундааны зүйлийг бусдын хүсэлтээр аваачиж өгсөн нь тогтоогдсон ба энэ талаар бус, харин уг үйлдэл нь  хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарах эсэх талаар маргасан байна.   

   Зохигчийн хооронд 2014-01-21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.3., 4.3.1-т “...ажилтан... ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа...авчирсан, хэрэглэсэн... архидалт... зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна...” гэж заажээ.

     Д.Э- 2018-10-05-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК дээр байсан ажилчдад архи аваачиж өгсөн нь хөдөлмөрийн гэрээний 4.3.1-н “...ажилтан... ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа...авчирсан...” гэх ноцтой зөрчилд хамаарч байна.

     Иймд ноцтой зөрчил гаргаагүй гэх гомдлоор шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчинө. 

     2. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна. Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

     Нэхэмжлэлийн үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний “... ажилтан... ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа...авчирсан, хэрэглэсэн... архидалт... зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна...” гэсэн 4.3.1 дахь заалт нь хөдөлмөрийн дотоод журмын 8.9,8.9.11 дэх хэсгийн “....ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа...авч ирсэн, хэрэглэсэн... архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна...” гэсэн нөхцөлийн хүрээнд байна. 

     Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын дээрх заалтууд нь  “....согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрийн байр..газарт согтууруулах ундаа хэрэглэх..”-г хориглох тухай Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2., 13 дугаар зүйлийн 13.3., 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

    Өөрөөр хэлвэл, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 6 дугаар зүйлийн 6.2., 21 дүгээр зүйлийн 21.4., 21.5 ., 130 дугаар  зүйлийн 130.1., 130.2 дахь хэсгийг зөрчөөгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн  128.1.8-г зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00304 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ