Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 75

 

 

 

 

                                                    

 

 

 

 

 

                        

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиучин овогт Батсүхийн Баасан-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626031623 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-р баг, 36 гудамж, 7 тоотод оршин суух хаягтай, одоо түр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 27-р байр 6-р орц, 3 тоотод оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Халиучин овогт Батсүхийн Баасан-Эрдэнэ /РД:РБ96121312/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Facebook цахим хуудсанд “Энхболор Болороо” нэртэй хуурамч хаяг нээж “куртик, шуба хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж иргэн М.Пүрэвсүрэнгээс 30.000 төгрөг, иргэн М.Цэгмидээс 75.000 төгрөг, иргэн Г.Энхжаргалаас 35.000 төгрөг, иргэн Б.Дэлгэрсайханаас 20.000 төгрөг,  

Мөн давтан үйлдлээр Facebook цахим хуудсанд “А.Оюука” гэх хуурамч хаягаар “бугын арьсан гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Бямбаагаас 40.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Жавзандолгороос 350.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.Түмэндэмбэрэлээс 150.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Оюунсувдаас 200.000 төгрөг,

Мөн давтан үйлдлээр “Jargal Enkhtuya” гэх хуурамч хаягаар “бугын арьсан гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн И.Баярцэцэгээс 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ш.Очирбатаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Оюунболдоос 225.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ундармаагаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Мөнхзулаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Норжинсүрэнгээс 200.000 төгрөг,

Мөн давтан үйлдлээр “Дэлгэрмаа DK” нэртэй хуурамч хаягаар “бугын арьсан гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ш.Адъяагаас 200.000 төгрөг,

Мөн давтан үйлдлээр Facebook цахим хуудсанд “Altansukh Maralmaa” гэх хуурамч хаягаар “цаа бугын гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Батжаргалаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Отгон-Эрдэнээс 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Оюунбилэгээс 200.000 төгрөгийг тус тус давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч 18 иргэнд 2.925.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судласан ба шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт тус тус зааснаар “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах эрхтэй” хэдий ч тэрээр өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлт бичгээр гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийн  “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг хангасан болохыг тэмдэглэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Б.Баасан-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09:00 цагаас хуурамч фэйсбүүк хаяг нээж “Дархан зар” гэх группд гутал захиалгаар зарна гэсэн зар тавьж хүмүүстэй холбогдсон. Би ихэвчлэн хөдөө орон нутгийн группд зар тавьдаг байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2.925.000 төгрөгийг авсан байгаа. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш дахин ийм үйлдэл хийгээгүй. Нийт нэр бүхий 18 хохирогч нартай биечлэн уулзаж уучлалт гуйж, нийт 2.925.000 төгрөгийн хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан. Дээрх хохирогч нарын хохирлыг манай аав, ээж хоёроос мөнгө авч төлсөн. Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар курст сурч байгаад сурах сонирхолгүй байсан болохоор сургуулиасаа гарсан. Би фэйсбүүк ашиглан “А.Оюука”, “Дэлгэрмаа ДК” гэх мэт нэрээр хуурамч бүртгэл нээж зар тавьж бусдыг залилсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн зар дээрээ тавьдаг байсан дугаарууд миний хуучин хэрэглэж байсан дугаарууд юм. Намайг ийм хэрэг хийгээд явж байгаад хамт амьдарч байсан дүү маань мэддэггүй байсан. Би анх фэйсбүүк рүү орж онлайн худалдааны групп руу орж санаагаа олсон. Би олсон мөнгөө тоглож, хоол унд авч зарцуулсан. Надтай энэ хэргийг хамтарч үйлдсэн хэн нэгэн байхгүй, би ганцаараа хийсэн. Би цаашдаа ажил хөдөлмөр хийгээд амьдрах болно. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626031623 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Намайг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ZULAA ZULAA гэсэн хаягаар фэйсбүүк сайтад ороход ДЭЛГЭРМАА ДК гэсэн фэйсбүүк хаягаар 500.000 төгрөгийн үнэ бүхий цаа бугын арьсан гутал зарна гэсэн зар бичээд авах хүн нь 86260286, 98812400 утсаар холбогд гэсэн байсан. Ингээд надад үнэ хөлс нь ч гэсэн миний авах гэж байсан гуталнаас хямдхан юм байна, авъя гэсэн бодол төрөөд “Дэлгэрмаа ДК” гэсэн хаягт үлдээсэн байсан 86260286, 98812400 дугаарын утас руу залгахад хариу өгөөгүй. Ингээд хаяг руу нь коммент бичихэд хариуд нь “би Улаан-Үүдэд байна, маргааш орой гэхэд Монголд очно тэгээд холбогдоно” гэж хэлсэн. Би тэр хүнийг эрэгтэй, эмэгтэй ямар хүн болохыг мэдээгүй боловч “Дэлгэрмаа ДК” гэсэн фэйсбүүк хаяг руу “36 размерийн өмсгөлтэй, цагаан өнгөтэй цааны арьсан гутал авъя” гэж бичихэд удалгүй хариу нь ирсэн. Хариу бичихдээ “500.000 төгрөгөөр цаа бугын арьсан гутал авах гэж байгаа бол урьдчилгаа 200.000 төгрөгийг өнөөдөр 12 цагаас өмнө Хаан банкны 5890846542 тоот дансанд 200.000 төгрөгийг шилжүүл” гэхээр нь шилжүүлэхэд хүлээн авагч нь Б.Баасан-Эрдэнэ гэсэн хүний нэр гарсан.

Үүнээс хойш хэд хоног өнгөрөхөд “Дэлгэрмаа ДК” гэсэн хаяг фэйсбүүк сайтаас устсан байсан. Би тэр хүнд залилуулсан байна гэж ойлгосон. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. ... Намайг залилсан хүн Халиучин овогт Батсүхийн Баасан-Эрдэнэ гэдэг хүн байсан бөгөөд тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат, одоо Улаанбаатар хотод ШУТИС-н сантехникийн 2 дугаар дамжаанд суралцдаг, РБ96121312 гэсэн регистертэй, одоо Улаанбаатар хотын ХУД-н цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 13-14х/,

 

2. Хохирогч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед Фэйсбүүк орж байгаад “Selengezar” группэд “годон гуталны захиалга авч байна” гэсэн постыг уншаад өөрийнхөө “Ruby ruby” гэсэн хаягаар “Дэлгэрмаа ДК” гэсэн хаягтай хүнтэй мессенжер чатаар холбогдоод годон гутал авахаар тохиролцож урьдчилгаа болох 200.000 төгрөгийг 15-ныхаа 11 цаг 40 минутын үед Батсүхийн Баасан-Эрдэнэ гэдэг хүний 5890846542 тоот данс руу шилжүүлсэн юм.

Уг хүн нь тухайн үедээ “Улаан-Үүдэд явж байна, утсаар ярих боломжгүй байна, маргааш Монголд орж ирнэ, тэгээд Сэлэнгэд орж ирээд гутлыг чинь хүлээлгэж өгнө” гэсэн юм. Тэгээд маргааш нь хүлээгээд ирэхгүй байхаар нь Фэйсбүүкэд орсон чинь “Дэлгэрмаа ДК” гэсэн хаягнаас бичсэн “годон гутлын захиалга авна” гэсэн зараа устгаад дээр нь миний хаягийг блоклоод мессеж чат бичиж болохгүй болгочихсон байхаар нь би залилуулаад байна гэдгээ мэдээд Цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 61х/,

 

3. Хохирогч Д.Норжинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн гэртээ “Дэлгэрмаа ДК” гэсэн фэйсбүүк хаягаар “Цаа бугын Годон гутал зарна” гэсэн фостыг уншин танилцаад мессеж бичин холбогдоод 86260286 гэсэн утасны дугаарыг авч, нарийн шилбэтэй цаа бугын Годон гутал захиж 5890846542 гэсэн данс руу 200.000 төгрөгийг бэлнээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн захын АТМ-с шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш уг гар утасны дугаар болон фэйсбүүк хаяг руу удаа дараа холбогдоход авахгүй, фэйсбүүк устгаж, намайг блоклосон байсан.

Одоо надад санал хүсэлт байхгүй, би гуталны урьдчилгаанд өгсөн 200.000 төгрөгийн хохирлоо бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91х, 123х/,

 

4. Хохирогч Ш.Адъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн фэйсбүүк хаяг болох “Shagdar adiya” хаягаар ороод “Тод зар” групп дээр “Дэлгэрмаа ДК” гэх хаяг дээр “Оросод үйлдвэрлэсэн годон гутал яаралтай хямд зарах” талаар бичээд 5 гуталны зураг оруулчихсан байсан юм. Тэгээд би саарал өнгөнөөс нь “39 размер байгаа юу” гэж асуухад “байгаа талаар хэлээд би одоо Улаан-Үүд хотод байна 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Улаанбаатар хотод ирнэ” гэж хэлсэн. Тэгээд надаас гуталны урьдчилгаа 200.000 төгрөг данс руу хийчих, гэж хэлээд өөрийн утасны 86260286, 98812400 дугаар өгсөн, Тэгээд өөрийн Хаан банкны 5071023224 тоот данснаас түүний 5890846542 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаан банкны Нисэх тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн.

Мөнгөө шилжүүлсний дараа мөнгө хийсэн талаар хэлэх гээд түүний 86260286, 98812400 луу залгахад утас нь холбогдохгүй байсан ба би “Дэлгэрмаа ДК” фэйсбүүк хаягаар нь ороод мөнгөө хийсэн талаар зурвас бичсэн. Дахин орой нь “Дэлгэрмаа ДК” фэйсбүүк хаягаар ороход намайг блок хийчихсэн байсан. Тэгээд би хүнд залилуулсан гэж мэдээд Цагдаад хандах болсон.

Би Дэлгэрмаа гэх хүнийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр л мэддэг болсон бөгөөд яг нэр нь Дэлгэрмаа гэдгийг нь мэдэхгүй байна, фэйсбүүк хаяган дээр “Дэлгэрмаа ДК” гэсэн фэйсбүүк хаяг байсан бөгөөд Дэлгэрмаа гэдэг юм байна гэж бодсон юм. Тэрхүү “Дэлгэрмаа ДК” фэйсбүүк хаягийн зурган дээр 20 гаран насны жижиг хүүхдээ тэвэрсэн зураг байсан бөгөөд тэр хүнийг юм байх гэж итгээд мөнгөө хийсэн. Би тухайн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн, өөр мөнгө шилжүүлээгүй. Надтай адилхан, олон хүн байгаа юм шиг байна лээ. Миний мэдэхийн Баянхонгор аймагт байдаг гэх Мөнхзул эмэгтэй холбогдсон. Мөн Сэлэнгэ аймгаас бас Оюунболд гэх эмэгтэй холбогдож байсан. Надтай адилхан 200.000 төгрөг шилжүүлээд залилуулсан байсан. Эдгээр хүмүүс Цагдаагаар шалгуулж байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 133-135х/,

 

5. Хохирогч Ц.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн хаягаар Фэйсбүүкийн “Дархан зарын групп”-д ортол “Altansukh Maralmaa” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “цаа бугын годон гутал Улаан-Үүдээс хямдаар нийлүүлж байна” гэсэн зар тавиад цаа бугын гуталны зураг нилээн хэдийг тавьчихсан байхаар нь би “Altansukh Maralmaa” гэсэн нэртэй хүнтэй фэйсбүүк чатаар холбогдож “гутал хэд вэ, яг хаанаас хэзээ ирэх вэ, төлбөрийг ямар хэлбэрээр хийж байгаа вэ” гэж асуутал “урьдчилгаа 200.000 төгрөгийг Хаан банкны 5890846542 гэсэн Б.Баасан-Эрдэнэ хүний нэр дээрх данс руу шилжүүлчих” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5079044713 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд маргаашнаас нь дээрх хаяг руу орох гэтэл болохгүй хаачихсан байсан. Мөн тэр хүн надад 98812400 гэсэн дугаар өгсөн боловч энэ утас руу нь залгахаар орох ярианы эрх нь хаагдчихсан байсан. Би “Altansukh Maralmaa” гэсэн хаягтай хүний царайг хараагүй, би огт харж уулзаж байгаагүй. Сүүлийн үед “Онлайн худалдаа” гээд гарчихсан, би өөрөө ч интернетээр зарим нэгэн зүйлийг захиалаад авчихдаг болохоор итгээд захиалсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 204-205х/,

 

6. Хохирогч Б.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би фэйсбүүк цахим хуудсаар “Дархан зар”-ын групп руу орж юм үзээд байж байтал “А.Оюука” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “хямдхан шуба, куртик, гутал зарна, яг авна гэсэн хүнд нь Дархан-Уул аймаг руу авч очлоо, цөөн тоотой тул яараарай” гэсэн болохоор нь “А.Оюука” гэсэн фэйсбүүк хаягтай хүн рүү фэйсбүүк чатаар захиа бичээд шубаных нь зургийг явуулаад, размераа хэлээд захиалга өгөөд маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө 5046378063 гэсэн Хаан банкны данснаас 5890846542 гэсэн Баасан-Эрдэнэ гэдэг хүний данс руу урьдчилгаа 40.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд 2 хоногийн дараа юу болсон талаараа асуух зорилгоор “А.Оюука” гэсэн фэйсбүүк хаягтай хүн рүү чат бичих гэтэл болохгүй хаягаа хаасан байсан. Би “А.Оюука” гэсэн хүний царайг нь огт хараагүй. “А.Оюука” гэсэн фэйсбүүк хаяг руу нь орохоор 25 орчим насны эмэгтэй хүний зураг байсан, өөр зураг байгаагүй. Надад Баасан-Эрдэнэ гэх залуу 40.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй, хохирол бүрэн төлөгдсөн. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 208-209х/,

 

7. Хохирогч Г.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би фэйсбүүкээр “Дархан зарын групп”-д “Энхболор Болороо” гэсэн хаягтай хүн “хямдхан шуба, куртик гутал зарна, яг авах хүмүүст нь Дархан-Уул аймаг руу авч очлоо цөөн тоогоор тул яг авах хүмүүс нь урьдчилгаа заавал шилжүүл” гэж зар тавьсан байсан, мөн зарах хувцаснуудынхаа зургийг постолсон байсан учраас би “шубыг нь авъя” гээд тэр өдрөө өөрийнх нь өгсөн Хаан банкны данс руу нь 35.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд фэйсбүүк хаяг руу нь орох гэтэл хаягаа хаачихсан болохоор орж болохгүй байсан. Би “Энхболор Болороо” гэсэн фэйсбүүк хаягтай хүний царайг огт хараагүй. Фэйсбүүкээр зарыг нь хараад шууд захиалсан. Би хохирлоо хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй тул шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 211-212х/,

 

8. Хохирогч А.Жавзандолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би фэйсбүүк хаягаараа ороод янз бүрийн зүйл үзэж байгаад “А.Оюука” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “Дархан зарын групп”-д “агуулах чөлөөлөх худалдаа гэсэн гарчигтай цаа бугын гутлын хямдралтай худалдаа” гээд баахан цаа бугын гутлын зураг оруулсан байсан. Би фэйсбүүк чатаар тухайн хаягтай хүнтэй холбогдож “гутал хэд вэ, яаж захиалах вэ” гэж асуутал “захиалах өнгө, размер хэмжээгээ өгчих, нэг хоногийн дотор тань руу явуулна, Архангай аймаг руу машинд хийгээд явуулчихна, гутал 350.000 төгрөг” гэж хэлэхээр нь би “2 гутал авъя” гээд 2 гутлын урьдчилгаа тал мөнгө буюу 175.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийг тухайн хүний өгсөн 5890846542 гэсэн данс руу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн.

Тухайн хүн энэ утас руу яриарай гээд 86-тай дугаар өгсөн. Би мөнгөө шилжүүлэхдээ банкны ажилтнаас нэрийг нь асуутал Батсүхийн Баасан-Эрдэнэ гэдэг хүний нэр дээрх дансны дугаар байсан. Би мөнгөө шилжүүлчихээд, маргааш нь нөгөө хүний өгсөн 86-тай дугаар луу нь залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд фэйсбүүк хаяг руу нь орж үзэхээр огт болохгүй байсан. Намайг Block буюу найзаасаа бүр хассан байсан учраас фэйсбүүк хаягийнх нь бүх мэдээлэл харагдахгүй байсан. Тэгээд аргаа бараад дахиж тэр хүнийг олж чадаагүй. Би өмнө нь интернетээр олон зүйл захиалж авч байсан. Мөн бүх мөнгөө өгөөгүй урьдчилгаа 50 хувийг өгсөн болохоор итгэж байсан. Би хохирлын мөнгөө хүлээн авсан тул одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 214-217х/,

 

9. Хохирогч И.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би фэйсбүүк хаягаараа ороод янз бүрийн зүйл үзэж байгаад “Jargal Enhtuya” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “Хэнтий зарын самбар” гэсэн нэртэй зарын групп-д “2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2 давхарт шинэ годон гуталнууд бууна. утас:90199994” гэсэн зар тавьсан байхаар нь тухайн зарыг байршуулсан “Jargal Enhtuya” нэртэй хүн рүү фэйсбүүк чатаар холбогдож “гутал хэд вэ, яаж захиалах вэ” гэж асуутал “захиалга өнгө, размер хэмжээгээ өгчих, 400.000 төгрөг, урьдчилгаа тал мөнгийг нь 5890846542 гэсэн данс руу шилжүүл” гэж хэлэхээр нь би гуталны өнгө, размерийг хэлээд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа гэж 200.000 төгрөгийг тэр хүний өгсөн 5890846542 гэсэн данс руу шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчихээд нэг хоногийн дараа буюу 2016 оны 11 сарын 03-ны өдөр 90199994 гэсэн утас руу нь залгатал холбогдохгүй байсан. Фэйсбүүк хаяг руу нь орж үзэхээр огт болохгүй байсан. Фэйсбүүк хаягийнх нь мэдээлэл гэхээр зүйл огт байхгүй байсан. Би “Jargal Enhtuya” гэдэг хүний царайг нь огт хараагүй, танихгүй.

Гуталных нь үнэ хямдхан байсан бөгөөд үлдэгдэл мөнгөө гутлаа авсных нь дараа өгч болно гэсэн болохоор итгэсэн. Мөн одоо интернетээр бүх зүйлийг захиалж авдаг болсон учраас гайгүй байх гэж бодсон. Надад 200.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 219-221х/,

 

10. Хохирогч Н.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 20-оос 11 дүгээр сарын 27-ны өдөр байх, би яг сайн өдрийг нь санахгүй байна. Интернет сайт дээр “Архангай.мн” дээр “годон гутлын захиалга авна” гэсэн зар байсан. Тэгэхээр нь би “яаж захиалах” талаар асуухад “урьдчилгаа 50% өгөөд, гутлаа авахдаа үлдсэн 50% өгнө” гэж байсан. Тэгээд би тэр хүнээс “баталгаа байна уу” гэсэн чинь “Архангай аймгийн Гост трейдэд ажилладаг Жавзандолгор гэх надад захиалга байгаа” гээд надаа тэр дансны хуулга, зураг хоёрыг нь чатаар явуулсан. Тэгэхээр нь би итгээд өөрийн дансанд байсан 150.000 төгрөгийг өөрийн 5135402622 гэсэн данснаас тэр хүний данс руу өөрийн мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд “7 хоногийн дараа гутал ирнэ” гэсэн тэгээд би 4 хоноод лавлах гээд залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад тийм хүн байхгүй, юу яриад байгаа юм бэ гээд салгачихсан. Тэгээд би дахиад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд фэйбүүк хаягаа блоклоод тэр хаягаар нь орж болохгүй байсан. Тэр хаяг нь “А.Оюука” гэсэн хаяг байсан. Би мөнгөө шилжүүлсэний дараа “мөнгөө хийчихлээ” гээд хэлэх гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би интернетээр чат бичээд “утас чинь холбогдохгүй байна” гэхэд “орой ажил тараад холбогдоно” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ залгаж үзээгүй юм. Тэгээд 4 хоногийн дараа залгасан чинь эрэгтэй хүн аваад тийм хүн байхгүй, дугаар андуурсан байна гээд утас нь холбогдохгүй болчихсон. Надад санал хүсэлт байхгүй, би цагаан сард бэлдэх гээд хотод орж ирээд хохирлын мөнгөө бүгдийг нь буюу 150.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан тул одоо гомдолгүй. Би Архангай аймагт ажиллаж, амьдардаг тул шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 224-226х/,

 

11. Хохирогч Б.Оюунсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн Фэйсбүүк хаягаар Фэйсбүүкийн “Эрдэнэт зар” гэсэн групп-д ороод хүмүүсийн тавьсан заруудыг хараад байж байтал “А.Оюука” гэсэн фэйсбүүк хаягтай, 25 орчим насны эмэгтэй хүний зурагтай хүн “цаа бугын годон гутал Улаан-Үүдээс захиалга авна, өнгө размерийн сонголттой” гээд цаа бугын гуталны зурагнууд тавьчихсан байсан болохоор нь би “А.Оюука” гэсэн нэртэй хүн рүү фэйсбүүк чат бичиж өөрийнх нь тавьсан байсан гуталнуудаас нь өөртөө таалагдсан гутлаа сонгож зургийг нь явуулаад “энэ гутал хэд вэ, яг хаанаас хэзээ ирэх вэ, захиалвал Эрдэнэт хотод 2-3 хоногийн дотор ирэх үү” гэж асуутал “ирнэ, урьдчилгаа мөнгө заавал шилжүүлнэ, 200.000 төгрөгөө Батсүхийн Баасан-Эрдэнэ гэсэн хүний 5890846542 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлээрэй” гэхээр нь би тухайн өдөртөө өөрийнхөө 5094405671 гэсэн Хаан банкны данснаас 200.000 төгрөгөө шилжүүлсэн.

Мөнгөө шилжүүлчихээд “мөнгөө хийчихлээ” гээд өөрийнхөө 99994113 гэсэн дугаарыг фэйсбүүк чатаар нөгөө хүн рүү явуулаад утасны дугаарыг нь асуутал 88588994 гэсэн дугаарыг өгсөн. Маргааш нь нөгөө утас руу нь залгатал утас нь холбогдох боломжгүй байна гэж байсан. Тэгээд “А.Оюука” гэсэн нэртэй фэйсбүүк рүү нь ортол намайг блок хийчихсэн байсан. Би урьд нь интернетээр бараа захиалаад захиалсан хугацаандаа ирж байсан болохоор итгэсэн. Би гутал захиалсан гэх 200.000 төгрөгөө өнөөдөр Баасан-Эрдэнэ гэдэг хүүхдээс хүлээн авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 228-230х/,

12. Хохирогч М.Цэгмидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн фэйсбүүк хаягаар фэйсбүүкийн “Дархан зарын групп”-д ортол “Энхболор Болороо” гэсэн фэйсбүүк хаягтай 22-25 орчим насны эмэгтэй хүний зурагтай хүн “хиймэл үстэй эмэгтэй хүний шуба хямдралтай үнээр зарна” гээд зар тавьчихсан, шубаны нилээд олон зураг тавьчихсан байсан. Холбогдож шубаны үнэ асуухад “75.000 төгрөг” гээд би урт шубанаас 1-ийг, богино шубанаас 1-ийг захиалаад заавал урьдчилгаа хийнэ гэхээр нь 2 шубаны 75.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 17 цагийн үед тухайн хүний өгсөн Хаан банкны 5890846542 гэсэн данс руу хийсэн, тэр данс нь Б.Баасан-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байсан.

Тэгээд мөнгөө шилжүүлчихээд тэр хүнд фэйсбүүк чатаар нь “мөнгө хийсэн” гэж хэлтэл “миний захиалсан 2 шуба маргааш орой гэхэд Дархан-Уул аймагт манай гэрийн хаягаар ирнэ” гэж надад хэлсэн боловч маргааш нь ирээгүй, тэгээд нөгөө хүний фэйсбүүк рүү ортол фэйсбүүк хаягаа хаачихсан орж болохгүй байсан. Энэ хэргийн улмаас учирсан 75.000 төгрөгөө бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 232-234х/,

 

13. Хохирогч Д.Отгон-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн фэйсбүүкийн хаягаар “Сэлэнгэ аймгийн зарын нэгдсэн групп”-д ороод ойр зуурын мэдээлэл хараад байж байтал “Altansukh Maralmaa” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “цаа бугын гутал Улаан-Үүдээс хямдаар оруулж ирж зарж байна” гэсэн зар тавиад цаа бугын гуталны зураг хийчихсэн байсан. Би энэ зарыг тавьсан хүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд фэйсбүүкээр чатлаж байгаад өөртөө годон гутал захиалахаар болоод урьдчилгаа 200.000 төгрөгийг “Altansukh Maralmaa” гэсэн фэйсбүүк хаягтай хүний өөрийнх нь өгсөн 5890846542 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би мөнгийг шилжүүлэх үед данс эзэмшигчийг Батсүхийн Баасан-Эрдэнэ гэдэг хүний нэр дээрх данс гэж хэлж байсан. Мөнгөө шилжүүлчихээд тухайн хүний өгсөн 98812400 гэсэн утас руу залгатал уг дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд “Altansukh Maralmaa” гэсэн фэйсбүүк хаяг руу орж үзтэл хаягаа хаачихсан байсан. Гутлын урьдчилгаа мөнгийг шилжүүлсэнээс хойш 2 хоногийн дотор гутлыг Сэлэнгэ аймаг руу машинд хийгээд явуулна гэж ярьж байсан. Надад энэ хэргээс болж 200.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Би хохирлын мөнгөө хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй байна. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 236-238х/,

 

14. Хохирогч М.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би фэйсбүүк хаягаараа “Дархан хамгийн том зарын групп”-д ортол “Энхболор Болороо” гэх фэйсбүүк хаягтай хүн “захиалгаар куртик, шуба, гутал зарна, хямд үнэтэй зарна” гээд зураг оруулсан байсан. Би фэйсбүүк чатаар тухайн хаягтай хүнтэй холбогдож “куртик нь хэд вэ” гэж асуутал “40.000 төгрөг” гэхээр нь хямдхан байсан учраас би 1 ширхэг куртик захиалахаар болоод тэр хүний өгсөн 5890846542 гэсэн Хаан банкны данс руу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөг шилжүүлсэн. Куртикээ Дархан руу унаанд хийж явуулаад куртикээ авсныхаа дараа 10.000 төгрөгөө шилжүүлэхээр болсон юм.

Интернетээр янз бүрийн зүйл захиалаад хүмүүс авч байгаа болохоор тэр хүнийг найдвартай байх гэж бодсон юм, “Энхболор Болороо” гэсэн фэйсбүүк хаягтай хүний фэйсбүүкийнх нь зураг 25 орчим насны, эмэгтэй хүн байсан учраас итгэсэн. Надад энэ хэргийн улмаас 30.000 төгрөгийн хохирол учирсан. Би 30.000 төгрөгөө хүлээн авсан тул гомдолгүй байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241-243х/,

 

15. Хохирогч Б.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийнхөө нэрээр фэйсбүүк ороод “Хамгийн том зарын групп” гэсэн нэртэй групп-д ортол “Altansukh Maralmaa” гэсэн нэрээр “Цаа бугын гутал хямд зарна” гээд баахан гуталны зураг тавьчихсан байсан. Би чатаар тэр хүнтэй холбогдоод “гутал хэд вэ, хаанаас ирэх вэ” гэж асуутал “Улаан-Үүдээс ирнэ, би одоо Улаан-Үүдэд байна, захиалвал маргааш гутлаа аваад Эрдэнэтэд аваад очно 450.000 төгрөг, авна гэвэл урьдчилгаа 225.000 төгрөг буюу тал мөнгөө 5890846542 гэсэн Хаанк банкны данс руу хийгээрэй” гэхээр нь би ээждээ 37 размерийн цаа бугын гутал захиалаад маргааш нь буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тухайн хүний өгсөн 5890846542 гэсэн Хаан банкны данс руу 225.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн.

Мөнгөө шилжүүлчихээд нөгөө хүний фэйсбүүк хаяг руу нь ороод үзтэл хаягаа хаагаад устгачихсан орж болохгүй байсан. Тэгээд гутлаа хүлээгээд огт ирээгүй, ямар нэгэн хүн над руу холбоо бариагүй. Тэр хүн гуталны олон зураг тавьчихсан болохоор нь итгээд захиалсан. Би хохирлын мөнгө болох 225.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй байна, гомдолгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 245-248х/,

 

16. Хохирогч Б.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Дархан хотод ажиллаж, амьдардаг юм. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн хаягаар фэйсбүүк ороод “Дархан зарын групп”-д тавьсан заруудыг хараад байж байтал “Энхболор Болороо” гэсэн хаягтай хүн “хямдхан шуба, куртик, гутал зарна, яг авах хүмүүс нь Дархан-Уул аймаг руу авч очлоо, цөөн тоогоор тул яараарай” гэсэн утгатай зар тавиад шуба болон куртик, гуталныхаа зургийг тавьчихсан байсан. Тэгээд “Энхболор Болороо” гэсэн хаягтай хүнтэй фэйсбүүк чатаар “хэдэн төгрөгний үнэтэй вэ, хаанаас ирж байгаа вэ” гэж асуухад “бэлэн байгаа яг авах хүмүүс нь урьдчилгаа заавал өгнө” гэхээр нь би “шубыг нь захиалгаар авъя” гээд яг тэр өдрөө буюу 2016 оны 10 сарын 14-ний өдөр тухайн хүний өгсөн 5890846542 гэсэн данс руу би өөрийнхөө Хаан банкны 5055329558 гэсэн данснаас урьдчилгаа 20.000 төгрөгийг шилжүүлсэн.

Тэр хүн зарах зүйлээ зурагтай нь тавьчихсан байсан учраас итгээд мөнгөө шилжүүлсэн юм. Мөн мөнгөнийхөө урьдчилгааг хийчихвэл Дархан явах унаанд өгөөд явууллаа гэсэн учраас итгэсэн. Би хохирлынхоо 20.000 төгрөгийг Баасан-Эрдэнэ гэх хүүхдээс хүлээн авсан тул одоо надад гомдол санал байхгүй байна. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 250х, хэргийн 2-р хавтас 1-2х/,

17. Хохирогч Ш.Очирбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрийнхөө фэйсбүүк хаягаар “Эрдэнэт зар” нэртэй нэгдсэн групп-д “Jargal Enhtuya” нэртэй фэйсбүүк хаягтай хүн “11 дүгээр сарын 05-ны 11 цагт шинээр годон гуталнууд бууна, захиалга авна, чатаар захиалж болно, Page дээр Like Share All утас:90199994” гээд зар тавьчихсан байхаар нь би тэр хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоод “гутал хэд вэ, хаанаас ирэх вэ” гэж асуутал “Улаан-Үүдээс ирнэ, би одоо Улаан-Үүдэд байна, захиалвал маргааш гутлыг чинь Өмнөговь аймаг руу явуулна” гэхээр нь би “1 гутал захиалахаар болоод урьдчилгаа мөнгөө хий, энэ данс руу хийгээрэй” гээд Хаан банкны 5890846542 дугаартай данс өгөхөөр нь би 2016 оны 11 сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг Голомт банкаар дамжуулан хийсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд нөгөө хүний зар дээрээ тавьсан байсан 90199994 гэсэн дугаарлуу залгатал “би захиалга аваагүй та цагдаад ханд” гэж хэлсэн.

90199994 дугаартай хүн “Алтжин бөмбөгөрт цаа бугын гутал зардаг” гэсэн гэхдээ 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрийнхөө фэйсбүүк хаягаар “Эрдэнэт зар” нэртэй нэгдсэн групп дээр зар тавиагүй, би өөрийн Page хуудсаар дамжуулан гутал зардаг юм, та цагдаад хандаж асуудлаа шийдүүл гээд байсан юм. Тэгээд би цагдаад хандах гээд ажилтай болохоор хандаж чадахгүй байсан юм. Энэ хэргийн улмаас надад 200.000 төгрөгний хохирол учирсан. Би хохирлын мөнгө болох 200.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй байна, гомдолгүй. Би шүүх хуралд ирж чадахгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 4-6х/,

 

18. Хохирогч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би өөрийнхөө нэрээр фэйсбүүк ороод “Хамгийн том зарын групп” гэсэн нэртэй групп-д ортол “Altansukh Maralmaa” гэсэн нэрээр “Цаа бугын гутал хямд зарна” гээд цаа бугын гуталны зураг олныг тавьчихсан байсан, би “Altansukh Maralmaa” гэсэн хаягтай хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоод “гутал хэд вэ, хаанаас ирэх вэ, хэзээ ирэх вэ” гэж асуутал “Улаан-Үүдээс ирнэ, би одоо Улаан-Үүдэд байна, захиалвал маргааш гутлаа аваад очно, хаягаар чинь хүргүүлж болно, гутлын үнэ 450.000 төгрөг, авна гэвэл урьдчилгаа 200.000 төгрөгөө 5890846542 гэсэн Хаан банкны данс руу хийгээрэй” гэсэн. Би гуталны үнэ нь зах зээлийн ханшнаас доогуур болохоор нь авъя гэж хэлээд, тухайн өдрөө өөрийнх нь өгсөн данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн.

Энэ хэргийн улмаас учирсан хохирол 200.000 төгрөгөө хүлээн авсан тул одоо надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 8-10х/,

 

19. Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Д.Мөнхзулын нөхөр нь байгаа юм. Манай гэр бүл Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ажиллаж амьдардаг юм. Эхнэр маань Чансаа гэдэг дэлгүүрт хүний лангуунд хөлсөөр ажилладаг бөгөөд цаа бугын арьсан гутал буюу “ГОДОН ГУТАЛ авч өмсмөөр байна” гээд байнга хэлдэг байсан. Би уг нь эхнэртээ тэр гутлыг нь авч өгье гэж бодоод ажлынхаа хүмүүстэй хамт Манжуур явахдаа хайгаад олоогүй юм. Тэгээд Манжуураас намайг ирэхэд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Фэйсбүүкээр цаа бугын арьсан гутал хямдхан зарна гэхээр нь захиалчихлаа, урьдчилгаанд нь Баасан-Эрдэнэ гэдэг хүний Хаан банкны дансанд 200.000 төгрөг хийчихлээ, гадуур тэр гутал 700-800 мянган төгрөгийн ханштай байсан, харин ч хямдхан гутал захиаллаа” гээд их л баяртай байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа “нөгөө Фэйсбүүк дээр байсан хаяг нь устчихсан байна, яанаа би залилуулчихсан юм шиг байна” гээд үглэж эхэлсэн. Би эхнэртээ “чи яасан гоомой юм хийдэг юм бэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 15-16х/,

 

20. Гэрч Б.Ням-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Б.Баасан-Эрдэний төрсөн дүү нь байна. Манай ах надад мөнгө өгч байгаагүй, би ч авдаггүй. Би 98812400 гэсэн утасны дугаарыг бол мэднэ, энэ дугаарыг манай ах Баасан-Эрдэнэ өөрөө өмнө нь ашиглаж байгаад одоо бол ашиглахаа болиод дугаар нь хаагдсан байх. Бусад дугааруудыг бол мэдэхгүй байна. Манай ах Баасан-Эрдэнэ нь даруухан, үг дуу цөөтэй. Надад Улаан-Үүдээс болон бусад газраас цаа бугын гутал буюу годон гутал болон бусад эд зүйлүүд авчирч бусдад зарж борлуулна гэж ярьж байгаагүй. Би ахыг мөнгөө юунд үрсэнийг мэдэхгүй. Би өглөө эрт гараад, орой гэртээ ирдэг учраас ахтай оройдоо таарвал таараад унтаад өгдөг учраас мэдэхгүй байна. Ямар ч гэсэн энэ хугацаанд гэрт идэж уух юм болон үнэтэй эд зүйл худалдаж авч тавиагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 11-12х/,

 

21. Гэрч Б.Дагвасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хоорнд Эрдэнэт зар, Хамгийн том зар, Дархан зар гэсэн фэйсбүүк групп-үүдэд “Jargal Enhtuya” нэртэй фэйсбүүк хаягнаас “11 дүгээр сарын 05-ны 11 цагт шинээр “годон гуталнууд бууна, захиалга авна, чатаар захиалж болно, Page дээр Like Share ALL утас:90199994” гэсэн зар тавиагүй. Би ээж Алтанцэцэгийн хамт Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2351 дугаартай лангуун дээр цаа бугын гутал зарж борлуулдаг. Тэгэхдээ би ямар нэгэн зарын групп-д “годон гутал зарна” гэж зар тавьдаггүй, хүний захиалга авч, урьдчилгаа мөнгө огт авдаггүй. Иргэд годон гутал авах бол заавал лангуун дээр ирж худалдаж авдаг юм. Манайх гутлаа өвөлдөө 650.000-700.000 төгрөгний хооронд, зундаа 550.000-600.000 төгрөгийн хооронд зардаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 13-14х/,

 

22. Шүүгдэгч Б.Баасан-Эрдэний Хаан банк дахь 5890846542 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 44-46х, 83-89х, 149-153х, 160-163х, 166-167х, 195-199х/,

 

23. Нэр бүхий хохирогч нарын Хаан банкинд данс эзэмшдэг талаарх тодруулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 165х, 168-190х/,

 

24. Шүүгдэгч Б.Баасан-Эрдэнийн ХААН банк дахь 5890846542 дугаартай дансны 2016 оны 09 сарын 01-нээс 2016 оны 12 сарын 08-ны өдрийг хүртлэх хугацааны хуулга баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр нэр бүхий 18 хохирогчоос шүүгдэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн нь тэдгээрийн дансны дугаар, мэдүүлэгтэй тохирсон байдал харагдана.  /хэргийн 1-р хавтас 200-202х/,

 

25. Хохирогч Д.Мөнхзул /хэргийн 1-р хавтас 6х/, Б.Ундармаа /хэргийн 1-р хавтас 39х/, Д.Норжинсүрэн /хэргийн 1-р хавтас 78х/, Ш.Адъяа /хэргийн 1-р хавтас 128х/ нарын Цагдаагийн байгууллагад анх гаргасан өргөдөл, хүсэлтүүд, 

 

26. “Дэлгэрмаа ДК” фэйсбүүк хаягт үзлэг хийсэн байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 7х, 92-96х/,

 

 27. Шүүгдэгч Б.Баасан-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 10 дугаар сард хэрэглээний мөнгө дутмаг байсан учир хоол унд, болон хэрэгцээндээ мөнгө олохоор шийдээд өөрийн фэйсбүүкээр орж байгаад, гэнэт Онлайн ашиглан мөнгө олох санаа төрсөн. Тухайн үед би хуурамч Account буюу “А.Оюука” гэх хуурамч нэрээр фэйсбүүк хаяг нээж интернет ашиглан “Дархан нэхий” нь зураг оруулж фэйсбүүкийн групп болох “Дархан зар” гэх групп-д байршуулан “хямд зарна, урьдчилгаа мөнгийг Хаан банкны 5890846542 тоот данс руу явуулаарай” гэж зар тавьдаг байсан юм. Тэгээд хүмүүс надтай чатаар холбогдож урьдчилгаа мөнгө 30.000 төгрөгийг 5068129157 дугаарын дансаар миний 5890846542 тоот данс руу хийсэн юмаа. Тэгээд иймэрхүү байдлаар амар мөнгө олж болох юм байна гээд дахин мөнгөний хэрэгцээ гарах үед фэйсбүүк ашиглан “Оюука”, “Дэлгэрмаа ДК” нэрээр хуурамч бүртгэл нээж, зар тавьдаг байсан.

Үүний дараа “Оюука” гэх нэрээр фэйсбүүк-д “Булган шуба хямд зарна” гэж зар тавьсны дараа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний данс руу 75.000 төгрөг шилжүүлсэн, “Дэлгэрмаа ДК” гэх хуурамч нэрээр нээсэн фэйсбүүк ашиглан “Годон гутал хямд захиалах хүн байвал холбогдоно уу” гэж зар тавьсан. Энэ зарын дагуу миний данс руу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 350.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5135402622 тоот данснаас 150.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5094405671 тоот данснаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны 5360384240 тоот данснаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 225.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны 5068086869 тоот данснаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны 5246100533 тоот данснаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны 5071023224 тоот данснаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5079044713 тоот данснаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 04-ний үед нэг хүнээс 200.000 төгрөг тус тус авсан бөгөөд нийт 2.840.000 төгрөг миний данс руу хүмүүс шилжүүлсэн. Тухайн үед над руу хүмүүс мөнгө шилжүүлсний дараа би өөрийн хуурамч фэйсбүүкт байрлуулсан зарыг устгаж, тухайн “Годон” гутлын зургийг бас устгаж над руу найзын хүсэлт явуулж, гутал худалдаж авах талаар чатласан хүмүүсийг блоклодог байсан.

Тэгээд мөнгө шилжүүлснийг хүмүүс надад чатаар хэлдэг байсан бөгөөд би түүнийг нь мэдээд шууд картаа ашиглан мөнгийг авдаг байсан. Би ихэнх мөнгийг Их дэлгүүрийн урд байрлах Хаан банкны АТМ-ээс авдаг байсан юм. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь картандаа байлгадаг хэрэгцээтэй үед картнаасаа авдаг, картаа уншуулж ашигладаг байсан. Намайг ингэж мөнгө олж байгааг хэн ч мэдээгүй. Би дүүтэйгээ байдаг ч хэлж байгаагүй. Хоол ундны зүйл авахаар дүү маань хаанаас авсан талаар надаас лавлахад нь  “өдөр ажил хийсэн цалинг данс руу шилжүүлсэн байна” гэж худал хэлдэг байсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш мөнгө аваагүй.

Би тухайн мөнгийг нэг дор аваагүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл авсан, бага багаар авч байсан учир ойр зуурын зүйлд үрээд дуусгадаг байсан, би хоол авч идэх, РС тоглож үрсэн, бас дүүгийн төрсөн өдөрт нэг удаа караоке орсон өөрөө бол би бүгдийг нь үрсэн. Би миний дансанд хэдэн төгрөг, яаж орсон талаар шалгаж байгаагүй. Шууд л АТМ-ээр уншуулж ашигладаг байсан юм. Ээж маань 7 болон 14 хоногт хоол ундны мөнгө гэж 20.000 болон 10.000 төгрөг шилжүүлдэг байсан.

...“Дэлгэрмаа ДК” гэх фэйсбүүк хаяг ашиглан Баярсайхан, Ундармаа гэх хүнтэй харьцаж, түүнийг урьдчилгаа мөнгө шилжүүл гэж өөрийн 5890846542 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлэн авсан нь үнэн бөгөөд тухайн үед би ОХУ-д явж байгаагүй, гэрээсээ Фэйсбүүк ашиглаж орж байсан. Би анхнаасаа “гутал зарна” гэж худлаа зар тавьж хүмүүсээс мөнгийг нь авч байсан учир тэдгээр хүмүүст гутлыг нь өгөх бодолгүй байсан. ... Намайг гэмт хэрэг үйлдэх талаар шахаж шаардаж, тулгасан хүн байхгүй. Би өөрийн хүсэл зориг сайн дураар ганцаараа дээрхи залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн. Би дандаа өөрийн гар утаснаасаа хуурамч хаяг нээж тэр хаягаараа фэйсбүүк рүү орж, том зарын групп-д “годон гуталны захиалга авна, хямдхан зарна, чатаар холбогдоорой утас: 90199994, 88588994, 86260286, 98812400” гэж зар тавьдаг байсан. Тэгэхдээ утасны дугааруудаа нэг дор тавихгүй, өөр өөр хаягнаас зар тавьдаг байсан учир утасны дугааруудаа нэг нэгээр нь сольж тавьдаг байсан.

90199994 гэсэн дугаартай фэйсбүүк цахим хуудсанд цаа бугын гутал нэртэй Page хуудаснаас хараад тавьчихсан юм. Энэ дугаарыг хэн гэдэг хүн ашигладгийг мэдэхгүй. Бусад дугаарууд бол миний өмнө нь ашиглаж байсан дугаарууд юм. Бүгд хаагдсан дугаарууд.

Би “А.Оюука”, “Delgermee DK”, “Энхболор Болороо”, “Jargal Enkhtuya”, “Altansukh maralmaa” гэсэн 5 хуурамч хаяг нээсэн. Би дээрх хуягнуудаа нээгээд, танихгүй хүний зураг интернетээс татаж аваад хийдэг юм. Зурган дээрх хүмүүсийг огт танихгүй. Хуурамч 5 хаяг дээр дандаа өөр, өөр эмэгтэй хүний зургийг татаж аваад хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо дахиж ийм зүйл хийхгүй, хэргийг минь хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-24х, 26-27х, 57-59х, 64-65х, 107х, 111-114х, 140-143х, хэргийн 2-р хавтас 20-21х, 25-28х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 144х, 2-р хавтас 31х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 145х/, гэрч Л.Батсүх /хэргийн 2-р хавтас 16-17х/, гэрч Т.Ичинхорлоо /хэргийн 2-р хавтас 18-19х/ нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 37х/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 38х/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгсэл, үндэслэл журмын дагуу авагдсан ба тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж Б.Баасан-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Facebook цахим хуудсанд “Энхболор Болороо” нэртэй хуурамч хаяг нээж “куртик, шуба хямд зарна, захиалга авна” гэж хуурамч зар тавин иргэн М.Пүрэвсүрэнгээс 30.000 төгрөг, иргэн М.Цэгмидээс 75.000 төгрөг, иргэн Г.Энхжаргалаас 35.000 төгрөг, иргэн Б.Дэлгэрсайханаас 20.000 төгрөг, 

Мөн давтан үйлдлээр Facebook цахим хуудсанд “А.Оюука” гэх хуурамч хаягаар “бугын арьсан гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Бямбаагаас 40.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Жавзандолгороос 350.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.Түмэндэмбэрэлээс 150.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Оюунсувдаас 200.000 төгрөг,

Мөн давтан үйлдлээр “Jargal Enkhtuya” гэх хуурамч хаягаар “бугын арьсан гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн И.Баярцэцэгээс 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ш.Очирбатаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Оюунболдоос 225.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ундармаагаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Мөнхзулаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Норжинсүрэнгээс 200.000 төгрөг,

Мөн давтан үйлдлээр “Дэлгэрмаа DK” нэртэй хуурамч хаягаар “бугын арьсан гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ш.Адъяагаас 200.000 төгрөг,

Мөн давтан үйлдлээр Facebook цахим хуудсанд “Altansukh Maralmaa” гэх хуурамч хаягаар “цаа бугын гутал хямд зарна, захиалга авна” гэж зар тавьж 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Батжаргалаас 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Отгон-Эрдэнээс 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Оюунбилэгээс 200.000 төгрөгийг тус тус өөрийн ХААН банк дахь 5890846542 дугаартай дансаар шилжүүлэн авч, улмаар фейсбүүкт зар тавьсан хаягаа устгах, захиалга өгсөн иргэдийн хаягыг блоклох, зар дээр байршуулсан утасны дугаараар нь залгахад авахгүй байх, холбогдох боломжгүй болох зэргээр давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч, нийт 18 хохирогч иргэнд 2.925.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Д.Мөнхзул /хэргийн 1-р хавтас 13-14х/, хохирогч Б.Ундармаа /хэргийн 1-р хавтас 61х/, хохирогч Д.Норжинсүрэн /хэргийн 1-р хавтас 91х, 123х/, хохирогч Ш.Адъяа /хэргийн 1-р хавтас 133-135х/, хохирогч Ц.Батжаргал /хэргийн 1-р хавтас 204-205х/, хохирогч Б.Бямбаа /хэргийн 1-р хавтас 208-209х/, хохирогч Г.Энхжаргал /хэргийн 1-р хавтас 211-212х/, хохирогч А.Жавзандолгор /хэргийн 1-р хавтас 214-217х/, хохирогч И.Баярцэцэг /хэргийн 1-р хавтас 219-221х/, хохирогч Н.Түмэндэмбэрэл /хэргийн 1-р хавтас 224-226х/, хохирогч Б.Оюунсувд /хэргийн 1-р хавтас 228-230х/, хохирогч М.Цэгмид /хэргийн 1-р хавтас 232-234х/, хохирогч Д.Отгон-Эрдэнэ /хэргийн 1-р хавтас 236-238х/, хохирогч М.Пүрэвсүрэн /хэргийн 1-р хавтас 241-243х/, хохирогч Б.Оюунболд /хэргийн 1-р хавтас 245-248х/, хохирогч Б.Дэлгэрсайхан /хэргийн 1-р хавтас 250х, хэргийн 2-р хавтас 1-2х/, хохирогч Ш.Очирбат /хэргийн 2-р хавтас 4-6х/, хохирогч Б.Оюунбилэг /хэргийн 2-р хавтас 8-10х/, гэрч Б.Лхагвасүрэн /хэргийн 1-р хавтас 15-16х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Баасан-Эрдэний мөнгө хүлээн авсан Хаан банк дахь 5890846542 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 44-46х, 83-89х, 149-153х, 160-163х, 166-167х, 195-199х/, нэр бүхий хохирогч нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 168-190х/, шүүгдэгчийн банк дахь харилцах дансны хуулга баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 200-202х/, “Дэлгэрмаа ДК” фэйсбүүк хаягт үзлэг хийсэн байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 7х, 92-96х/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.Баасан-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Баасан-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэ нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 2-р хавтас 37х/ тогтоогдсон байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.           

 

Шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэр бүхий 18 хохирогчид бүрэн төлж барагдуулсан болох нь хохирлын мөнгө хүлээн авсан талаархи хохирогч нарын бичгээр гаргасан тодорхойлолт баримтууд /хэргийн 2-р хавтас 42-59х/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 64-81х/ баримт, нэр бүхий хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тэдгээрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдсон байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх, шүүгдэгч Б.Баасан-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Баасан-Эрдэнийн өмчлөлд хувьд ногдох тодорхой эд хөрөнгө үгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий 18 хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарласан хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290,  294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халиучин овогт Батсүхийн Баасан-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Баасан-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баасан-Эрдэнэд оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Б.Баасан-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий 18 хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Б.Баасан-Эрдэнэд оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзан, түүний засрал, хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Баасан-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАЗАРХАНД