Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 585

 

Б.Б-т холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Э.Шинэзориг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 730 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 2014260006228 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- болон түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ****, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Б-.

Б.Б- нь 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө *** тоот өөрийн гэртээ иргэн Б.О-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, түүний биед зүүн 1, 3 баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим, цээжний урд хэсгээр цус хуруулж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулснаас талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Б-ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- болон өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хүн амины гэмт хэргийн зүйлчлэлийг илт үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх амь хохирогчийг архины цочмог хордлогонд орж нас барсан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжилж үзэлгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан бөгөөд Б.Б-тай уулзсан өдөр Чингис ресторанд 500 грамм хэмжээтэй задгай пиво ууж байсан, Б.Б-ыг архи ууж байсан гэж гэрч П.Д- мэдүүлдэг. Тухайн хэрэг гардаг өдөр амь хохирогч нь ажил дээрээ эрүүл саруул байсан бөгөөд Б.Б- ажлын байран дээр согтуу ирж шалсаар байж авч явсан байдаг. Үхлийн шалтгааныг архины хордлого гэж дүгнэж шүүгдэгчид ял завшуулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд хохирогчийн ар гэрийн зүгээс маш гомдолтой байдаг.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 2.1 хувь буюу дунд зэргийн согтолтын зэрэг гарсан бөгөөд амь хохирогч нас барахаас өмнөх өдрүүдэд огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч эмч С.Одончимэг талийгаачид этилийн спиртээс хордсон гэх шинж тэмдэг дотор эрхтэнүүдэд огт илрээгүй мөн бөөр болон элгэнд ямар ч хордсон гэх шинж тэмдэг байгаагүй талаар хэлдэг.

Амь хохирогч Б.О-ын биед гэмтлийн зэрэг, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад дангаар болон бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 5 удаагийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2015 оны 330 дугаар дүгнэлтээр талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна. Талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож нас барсан ...гэх дүгнэлт гаргасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийг архины хордлогоос болж нас барсан гэх дүгнэлтүүдийг огт зөвшөөрдөггүй бөгөөд тэрээр хэзээ ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж үзээгүй хэрэг гардаг өдөр эрүүл саруул ажлаасаа гарсныг хэлдэг бөгөөд эрүүл мэндийн байдлын хувьд ч хэлэх өвчин зовиургүй байсныг баталдаг.

Хэрэг гардаг шөнө амь хохирогч нь Б.Б-ын гэрт ямар ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг шүүгдэгч хэлдэг бөгөөд Чингис ресторанд 3 цаг орчим үйлчлүүлээд гарсан юм. Тэр хугацаанд хохирогч амиа алдах, архины хордлогонд орох хүртэл их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь огт тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.

Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан түүний үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.Б- нь амь хохирогчийг цохиж зодсон гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд урьд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Б-ыг хүн амины гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байсан юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хүн амины гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн учраас гомдол гаргасан. Мөн шийтгэх тогтоол магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь нотолж чадаагүй гэж үзсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх амь хохирогчийг архины цочмог хордлогод орж нас барсан гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хэргийг шийдсэнийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэгдэггүй байсан. Б.Б-тай уулзсан өдөр Чингис ресторанд 500 грамм задгүй пиво уусан гэж гэрч мэдүүлдэг. Тус ресторанд 3 цаг байхдаа их хэмжээний согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байгаа.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт 2,1 хувь буюу дунд зэргийн согтолттой гэж гарсан. Амь хохирогч нас барахаас өмнөх өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчүүд хэлдэг. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч н.Одончимэг дотор эрхтэнүүд архинд хордсон шинж тэмдэг илрээгүй талаар мэдүүлдэг. Б.Б-тай уулзсан өдрөө бага хэмжээний пиво уусан байхад үхлийн шалтгааныг архины хордлого гэж дүгнээд Б.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд хохирогчийн ар гэрийнхэн маш гомдолтой байдаг. Шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээхгүй. Шинжээчийн дүгнэлт архинд хордсон гэж гарсан боловч хэрэг гарсан байрны дээд, доод, хажуу айлуудын гэрчийн мэдүүлгээр хүнд зодуулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Чингис ресторанд ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг мөрдөн байцаалтаар огт шалгаагүй. Өмнө нь анхан, болон давж заалдах шатны шүүхээс хүн амины хэрэгт гэм буруутай гэж шийдэж байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэгт буцаалгахаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ хэлсэн саналдаа “Хэрэгт нийтдээ 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд зүрх зогссон, архины хордлого гэсэн хоёр талтай дүгнэлт гараад байдаг. Шүүх хуралдаанд шинжээч нар ирээд өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хамгаалаад л гараад явдаг. Шүүх хэрэгт авагдсан баримтуудтайгаа шинжээчийн дүгнэлтээ харьцуулж дүгнэх байтал нэг дүгнэлт нь нөгөө дүгнэлтээ үгүйсгээд байна гэх тусгай мэдлэг рүү орсон зүйл харагддаг.

Дунд зэргийн согтолттой гарсан бөгөөд архаг хууч өвчтэй биш бол хордлогод орохгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтдээ тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр архины хордлогод орсон гэдэг нь тогтоогдохгүй байгаа юм. Шүүгдэгч мэдүүлэгтээ өглөө сэрэхэд ойчсон байсан. Ойр орчмын шилийг шүүрдэж хогийн саванд хийгээд толгой дээр нь байсан алчуурыг нь авч угаагаад цагдаа дуудсан гэж мэдүүлдэг. Ойр дотны хүн байтал яагаад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй эд мөрийн баримтыг устгаад яваад байдаг юм бол. Үүнээс харахад Б.Б- нь өөрийнх нь үйлдлээс бол амь нас нь хохирсон байна гэдгийг мэдэж байсан нь харагдаад байгаа юм.

Хэрэгт авагдсан өөр бусад баримтыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулж дүгнээгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас гомдол гаргасан. Хамтарч гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хэргийн хувьд шинжээч нарын дүгнэлт хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарсан бөгөөд Б.Б-ыг хохирогчийн амь насыг хөнөөсөн талаар шууд нотлох баримт байхгүй байдаг. Зөөлөн эдийн гэмтэл нь үхлийн шалтгаантай холбоотой эсэх тал дээр зөрүүтэй дүгнэлтүүд гардаг.

Зөрүүтэй дүгнэлт гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх зарчмын үндсэн дээр нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн. Санал зөрсөн шинжээчийн дүгнэлтээ эргэлзээгүйгээр нотолж чадаагүй. Эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийн нэг заалт нь зүрх гэнэт зогсож нас барсан гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн атлаа хэд хэдэн үхлийн шалтгааныг заасан. Тархины суурь хэсэгт няцрал үүсээд үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.

Эсвэл гүрээний судас дарагдсанаас болж цусны эргэлтийн хямралд орсон байхыг үгүйсгэхгүй гэх мэт 3 төрлийн үхлийн шалтгааны талаар дүгнэлтдээ дурдсан байдаг. Сүүлдээ эмгэг судлалын шинжээч нар “бид үхлийн шалтгааныг нарийн тогтоох боломжгүй, зөвхөн эсийн түвшинд хардаг” гэж хэлсэн байдаг. Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн шинжээч нарыг оролцуулсан дүгнэлт гаргаж, салаа агуулгагүй, үндэслэлүүдээ тайлбарласан дүгнэлтүүд гаргаж, шүүх хуралдаанд оролцож байсан бөгөөд хохирогчийн үхлийн шалтгаантай шалтгаант холбоотой байхгүй гэсэн дүгнэлт гарсан гэж үзэж байгаа.

Иймд анхан болон давж заалдах заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Б.Б-т холбогдох хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэргийг шийдвэрлэсэн. Шүүх энэ талаарх үндэслэлээ шийдвэртээ дурдсан. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь хохирогчийг зодсоны улмаас амь нас хохирсон гэх шууд нотолгоо, шалтгаант холбоо тогтоогдоогүй бөгөөд шүүх таамагласан дүгнэлтийг хийх боломжгүй учраас хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь толгой, хавирга, нүүр зэрэгт учирсан. Амь хохирогчийн 3 дугаар хавирга хүчтэй үйлчлэлийн улмаас хугарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт байгаа. Мөн гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээс харахад шүүгдэгчийн буруутай үйлдэл, үхэлд хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б- нь 2014 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө *** тоот өөрийн гэртээ иргэн Б.О-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдан зодож биед нь зүүн 1, 3 болон баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим, цээжний урд хэсгээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Прокуророос Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянан үнэлж, улмаар хохирогчийн амь нас хохирсон буюу үхэлд хүргэсэн шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байгаа талаар дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хүний амьд явах эрх болон хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэхэд хүний амь нас хохирсон учир шалтгаан, хүний биед учирсан гэмтлийн зэргийн шинжийг тогтоох үүднээс анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулж нягтлан тогтоолгодог бөгөөд хуульд заасан журмын дагуу тухайн салбар шинжлэх ухааны онолын үндэслэлд тулгуурлан гаргасан дүгнэлт нь нотлох баримтын ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байдаг.         

Энэхүү хэргийн ээдрээ, төвөгтэй байдлаас хамааран хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, амь нас хохирсон буюу үхлийн шалтгаан болон бусад байдлыг тодруулах үүднээс нийт 11 удаа шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 7 удаагийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн амь нас хохирсон үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор хийгджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг судалж үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 330 тоот дүгнэлт гаргасан гурван шинжээчийн нэг шинжээч нь дангаар, мөн 2015 оны ХМА731 тоот дүгнэлтийг гаргасан гурван шинжээч нар хохирогчийн үхлийн шалтгааныг “хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож нас барсан” буюу хохирогчийн үхэл хөндлөнгийн хүчний үйлчлэлээс хамааралтай байж болзошгүй талаар дүгнэлт гаргасан байна.

Харин бусад зургаан удаагийн дүгнэлт гаргахад оролцсон нийт 21 шинжээч нар хохирогчийн үхлийн шалтгааныг “этилийн спиртийн цочмог хордлогоор нас барсан” гэж санал нэгтэй оношлон дүгнэлтээ гаргажээ.   

Ийнхүү хохирогчийн амь нас хохирсон оношийн талаар гаргасан удаа дараагийн дүгнэлтүүд, мөн түүнд оролцсон мэргэжлийн шинжээчдийн үнэмлэхүй олонхийн санал, дүгнэлтүүд нь тоон үзүүлэлт төдийгүй агуулгын хувьд хохирогчийн үхэл болон шүүгдэгч Б.Б-ын хүч хэрэглэсэн үйлдлийн хооронд зайлшгүй үүссэн байх шалтгаант холбоог үгүйсгэсэн шинжтэй байх бөгөөд энэ нь шүүгдэгчийг хүний амь насыг хохироосон гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээг үүсгэж, түүний гэм бурууг тодорхойлоход харгалзан үзэх хууль ёсны нөхцөлийг бүрдүүлж байна.                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх нийтлэг зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд хоёр шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Б.Б-ын үйлдсэн хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэж тооцохдоо хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж шийдвэрлэсэн байгааг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхээр Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул дээрх үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохиогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.Б- нь амь хохирогчийг цохиж зодсон гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 730 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- болон түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Б.Цолмон-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН