Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/01229

 

 

 

 

 

 

 

    2019 оны 10 сарын 23 өдөр

  Дугаар 142/ШШ2019/01229

  Орхон аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А -ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,   

ЭҮ” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Б.А нь “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар Спорт цогцолборын Спорт цанын баазын хэсгийн даргаар ажиллаж эхэлсэн. Манай компани нь “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбоотой 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224 тоот тушаалаар Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалт, бүтэц орон тоог батлах тухай тушаал гарч “Сархиа байгалийн чийрэгжүүлэлт”-ийн хэсэг /хуучин нэр Спорт цанын бааз/-т хэсгийн даргаар ажиллаж байсан миний албан тушаал ахлах арга зүйч гэх нэртэйгээр батлагдан ажиллаж эхэлсэн ба, манай хэсэг 17 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/543 тоот тушаалаар Үндэсний их баяр наадамд оролцох бөхчүүд, харваач, уяачдын бэлтгэлд гарч, дараа нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр амралтаа авч, амарч байх үед 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг дуудан Я.Б чиний ажлыг хийх тухай ажил олгогчийн тушаал гарсан гэх “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/882 тоот тушаал, мөн “ЭҮ” ТӨҮГ-ийн Спорт цогцолборын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн А/30 гэх тушаалын хуулбарыг үзүүлж Я.Б ажлыг маань хүлээн авсан. Үүний дараа өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүтцийн өөрчлөлт орсон учир миний ажлыг хүлээн авсан Я.Бын ажиллаж байсан хуучин ажлыг /нийтийн биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчээр/ хийх саналыг дэвшүүлсэн мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Намайг ажлаас халсан гэх тушаал гаргаагүй атлаа миний ажлыг дээрх тушаал гарсан гэх үндэслэлээр ажлыг маань хүлээн авсан нь хууль бус гэж үзэж байна. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр амралтын хугацаа дуусаад ажилдаа иртэл ажлаас халсан ямар ч шийдвэр тушаал гараагүй байсан ба өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргаагүй намайг ажилгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд Б.А намайг “ЭҮ” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Аын “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.А нь “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Спорт ордны цанын баазын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар ажил олгогчоос түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ЭҮ” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага тодорхойгүй, түүнийг нотлох баримт байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Б.Аын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай” А/501 тоот тушаалаар “ЭҮ” ТӨҮГ-ын цех, нэгжүүдийн дарга нарт хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байдаг. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 2 дахь хэсэгт хүний нөөцийн чиглэлээр тушаал гаргахдаа ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх талаарх эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх эрхийг цех, нэгжийн даргад олгоогүй. Хавтас хэрэгт авагдсан “ЭҮ” ТӨҮГ-ын Спорт цогцолборын даргаас Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн дарга Б.Аод 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 43/223 тоот албан бичиг нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөн өөр ажилд шилжүүлэх талаар түүнд мэдэгдсэн ажил олгогчийн мэдэгдэл гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл түүнийг өөр, ажил шилжүүлэх эсхүл ажлаас халах талаар ажил олгогчийн зүгээс өнөөдрийн байдлаар ямарваа нэгэн шийдвэр гараагүй байгаа юм. Мөн Б.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд шилжүүлээгүй болох нь түүний 2019 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл авсан цалингийн орлогын тодорхойлолтоос харагдана. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд буруу шилжүүлээгүй байхад нэхэмжлэгч түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байна гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр үйлдвэрийн газрын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах ёстой байсан...” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

Нэхэмжлэгч Б.А нь 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын Б/347 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн Спорт ордны цанын баазын даргаар ажиллаж байгаад, “ЭҮ” ХХК нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, “ЭҮ” ТӨҮГ болсон бөгөөд ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалаар газар, хэлтэс, цех нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг баталжээ.  

“ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаал гарснаас хойш 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Б.А нь Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байсан бөгөөд, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирал Б/882 дугаар тушаал гарган Спорт цогцолборын нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчээр ажиллаж байсан Я.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалж, Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажил албан тушаалд томилж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.Аыг ээлжийн амралттай байхад нь дуудан ирүүлж, ажлыг нь хүлээлцүүлсэн нөхцөл байдал нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.  

Б.Аын ээлжийн амралтын хугацаа дуусаж 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажилдаа ороход, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид ямар нэг ажил албан тушаал эрхлүүлэхгүй, мөн ажлаас халсан тушаал шийдвэр гаргахгүйгээр цагийг нь бүртгэн цалинг нь өгч байгаа нэрийдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил албан тушаалыг эрхлүүлэхгүй байгаа нь ажилтны эрхийг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ...ажил олгогчийг хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ажилтныг ээлжийн амралттай байхад албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан бөгөөд Б.Аыг ээлжийн амралттай байхад нь ажлыг нь хүлээлцүүлсэн нь хуулийн дээрх заалтыг мөн зөрчсөн гэж үзнэ.     

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Б.Аын хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, цалинг нь олгож байгаа, өөр ажилд шилжүүлээгүй, Спорт ордны цанын баазын хэсгийн дарга гэсэн орон тоо байхгүй болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэжээ.   

Нэхэмжлэгч Б.Аын эрхлэн гүйцэтгэж байсан Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажлыг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр протокол үйлдэн хүлээлцүүлж, уг албан тушаалыг Я.Б эрхлэн гүйцэтгэж байгаа нь нотлогдож байна. 

“ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаартай тушаалын Хавсрал 2.39-ын 1.10-д Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн орон тоог 17 байхаар тогтоосон байх ба 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/405 дугаар тушаалаар Спорт ордны цанын баазын орон тоог мөн 17 байхаар баталж байжээ.

Дээрхээс дүгнэхэд “ЭҮ” ХХК нь бүтэц зохин байгуулалтын өөрчлөлтөд орсон ч, Цанын бааз нь Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг болж, бүтэц орон тоо нь өөрчлөгдөөгүй, харин хэсгийн даргын нэршил өөрчлөгдөж “ахлах арга зүйч” болсон байна.

Ажлын байрны нэршил өөрчлөгдсөнийг тухайн ажлын байр байхгүй болсон мэт үзэж /хариуцагчийн төлөөлөгч: ...цанын баазын дарга гэсэн ажил албан тушаал байхгүй болсон гэж тайлбарласан/, ажилтныг өөр ажил албан тушаалд өөртэй нь зөвшилцөн шилжүүлээгүй атлаа, эрхэлж байсан албан тушаалд нь өөр хүн томилон ажиллуулж, Б.Аыг ямар нэг ажил албан тушаал эрхлүүлэхгүй байгаа нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзнэ.    

Иймд Б.Аыг ЭҮ” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.     

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Аыг ЭҮ” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА