Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй,

 хариуцагч Э ТӨҮГ-т

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ТӨҮГ-т холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А- нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 тоот тушаалаар Спорт цогцолборын Спорт цанын баазын хэсгийн даргаар ажиллаж эхэлсэн. Манай компани нь Э ТӨҮГ болсонтой холбоотой 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/224 тоот тушаалаар Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалт, бүтэц орон тоог батлах тухай тушаал гарч Сархиа байгалийн чийрэгжүүлэлт-ийн хэсэг /хуучин нэр Спорт цанын бааз/-т хэсгийн даргаар ажиллаж байсан миний албан тушаал ахлах арга зүйч гэх нэртэйгээр батлагдан ажиллаж эхэлсэн ба, манай хэсэг 17 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/543 тоот тушаалаар Үндэсний их баяр наадамд оролцох бөхчүүд, харваач, уяачдын бэлтгэлд гарч, дараа нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр амралтаа авч, амарч байх үед 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг дуудан Я.Болд чиний ажлыг хийх тухай ажил олгогчийн тушаал гарсан гэх “Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/882 тоот тушаал, мөн Э ТӨҮГ-ийн Спорт цогцолборын даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн А/30 гэх тушаалын хуулбарыг үзүүлж Я.Болд ажлыг маань хүлээн авсан. Үүний дараа өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүтцийн өөрчлөлт орсон учир миний ажлыг хүлээн авсан Я.Болдын ажиллаж байсан хуучин ажлыг /нийтийн биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчээр/ хийх саналыг дэвшүүлсэн мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Намайг ажлаас халсан гэх тушаал гаргаагүй атлаа миний ажлыг дээрх тушаал гарсан гэх үндэслэлээр ажлыг маань хүлээн авсан нь хууль бус гэж үзэж байна. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр амралтын хугацаа дуусаад ажилдаа иртэл ажлаас халсан ямар ч шийдвэр тушаал гараагүй байсан ба өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргаагүй намайг ажилгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд А- намайг Э ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү? гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А-ын Э ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А- нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар Спорт ордны цанын баазын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар ажил олгогчоос түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Э ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага тодорхойгүй, түүнийг нотлох баримт байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай А/501 тоот тушаалаар Э ТӨҮГ-ын цех, нэгжүүдийн дарга нарт хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байдаг. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 2 дахь хэсэгт хүний нөөцийн чиглэлээр тушаал гаргахдаа ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх талаарх эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх эрхийг цех, нэгжийн даргад олгоогүй. Хавтас хэрэгт авагдсан Э ТӨҮГ-ын Спорт цогцолборын даргаас Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн дарга А-од 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 43/223 тоот албан бичиг нь ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөн өөр ажилд шилжүүлэх талаар түүнд мэдэгдсэн ажил олгогчийн мэдэгдэл гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл түүнийг өөр, ажил шилжүүлэх эсхүл ажлаас халах талаар ажил олгогчийн зүгээс өнөөдрийн байдлаар ямарваа нэгэн шийдвэр гараагүй байгаа юм. Мөн А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд шилжүүлээгүй болох нь түүний 2019 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл авсан цалингийн орлогын тодорхойлолтоос харагдана. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд буруу шилжүүлээгүй байхад нэхэмжлэгч түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байна гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр үйлдвэрийн газрын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах ёстой байсан гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А-ыг Э ТӨҮГ-ын Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Э ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал давж заалдсан гомдолдоо:

А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1229 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-ыг заасныг баримталж ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.” гэж ажил олгогчоос ажлаас халсан шийдвэр заавал гарсан байхыг, ажил олгогчийн шийдвэрт ажил хүлээлгэн өгөх хугацааг заавал тогтоож өгөхийг тухайлан заасан. Шийдвэрт заасан хугацааны дотор ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т заасан байхад ажил олгогчоос А-ыг ажлаас халах тухай ямар нэг шийдвэр гаргаагүй байхад ажлаас халагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 19-т “Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан “ажлаас халагдсан өдөр” -ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно. Ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан хугацаа ажилтны буруугаас хэтэрвэл уг шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан өдрийг, харин ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг тус тус ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзнэ” гэж ажил олгогчоос заавал ямар нэгэн эрх зүйн баримт бичиг буюу тушаал, шийдвэр гарч, түүнд ажил хүлээлцэх хугацааг заасан байхаар тайлбарласан байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл ажил олгогчоос А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ямар нэг тушаал гаргаагүй байхад түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т зааснаар ажил хүлээлцсэн байна гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоож байгаа нь буруу юм.

Мөн Спорт цогцолборын даргын ажил хүлээлцүүлэх талаар гаргасан тушаал нь өөрөө ажил олгогчийн шийдвэр биш юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай” А/501 тоот тушаалаар Э ТӨҮГ-ын цех, нэгжүүдийн дарга нарт хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байдаг. Энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 2 дахь хэсэгт хүний нөөцийн чиглэлээр тушаал гаргахдаа ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх талаарх эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх эрхийг цех, нэгжийн даргад олгоогүй байдаг. Иймд ажил олгогчоос буюу Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар А-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байж түүнийг ажлаас халагдсан гэж үзэх боломжтой юм. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ажил олгогчоос ажилтныг ямар нэг ажил албан тушаал эрхлүүлэхгүй байгаа нь ажилтны эрхийг зөрчсөн, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнл заасан үүргээ биелүүлээгүй талаар дурдсан байх бөгөөд ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажилд буруу шилжүүлээгүй байхад нэхэмжлэгч түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байна гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр гарч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх байсан. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А- нь хариуцагч Э ТӨҮГ-т холбогдуулан Э ТӨҮГ-ийн Спорт цогцолборын Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч А- нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/347 дугаар тушаалаар тус үйлдвэрийн Спорт ордны цанын баазын даргаар томилогдон ажиллаж байсан ба “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Э ТӨҮГ болсонтой холбогдуулан тус үйлдвэрийн ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалаар газар, цех, хэлтэс нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг баталснаар Спорт ордны цанын бааз нь Спорт цогцолборын “Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг” гэсэн нэршилтэй болж А- нь тус хэсгийн ахлах арга зүйчийн албан тушаалыг эрхэлж байсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Э ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/882 дугаар тушаалаар Спорт цогцолборын нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчээр ажиллаж байсан Я.Болдын хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг “Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг”-ийн ахлах арга зүйчийн албан тушаалд томилжээ.

 Нэхэмжлэгч А-ыг баяр наадмын бэлтгэлд гарсан үед тушаал гаргаж, ээлжийн амралттай байхад нь буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дуудан ажлыг нь хүлээлцүүлсэн байна.

Нэхэмжлэгч А-ыг ажил албан тушаалд томилсон болон хөдөлмөрийн гэрээг цуцласан талаар ажил олгогчийн албан ёсны шийдвэр гараагүй байна.

Шүүх нэхэмжлэгч А-ыг  ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ороход нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчид ямар нэгэн ажил албан тушаал эрхлүүлээгүй, ажлаас халсан тушаал шийдвэр гаргахгүйгээр цагийг нь бүртгэн цалин өгч байгаа нэрийдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, ажилтныг ээлжийн амралттай байхад албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т заасан заалтыг зөрчсөн. Цанын бааз нь “Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг” нэршилтэй болон бүтэц орон тоо нь өөрчлөгдөөгүй, хэсгийн даргын нэршил ахлах арга зүйч болсон, ажлын байрны нэршил өөрчлөгдсөнийг тухайн ажлын байр байхгүй болсон гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч А-ын эрхлэн гүйцэтгэж байсан “Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг”-ийн ахлах арга зүйчийн ажлыг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээлцүүлсэн, уг ажил албан тушаалд Я.Болд ажиллаж байгаа гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч А-ыг “Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг”-ийн ахлах арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж зохицуулснаас үзэхэд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж албан ёсны шийдвэр гаргасан байхыг шаардана. Тухайн шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заасан байх ёстой.

Тэгвэл Э ТӨҮГ-аас нэхэмжлэгч А-ыг Спорт цогцолборын “Сархиа байгалийн чийрэгжүүлэлтийн хэсэг”-т ахлах арга зүйчийн ажлаас халсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсхүл өөр ажилд шилжүүлсэн талаар ямар ч шийдвэр гараагүй байхад ажилд эгүүлэн тогтоох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч А-ыг тухайн албан тушаалаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр гараагүй тул хөдөлмөрийн гэрээ хэвээр үргэлжлэхээр байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зохицуулсан ба хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогчийн хэн нэгний санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38-40 дүгээр зүйлүүдэд зохицуулжээ.

Хариуцагч Э ТӨҮГ нь нэхэмжлэгч А-ыг ажлаас чөлөөлөх албан ёсны шийдвэр гаргаагүй атлаа тухайн албан тушаалд өөр хүн томилж, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д заасан түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх засах боломжтой тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ