Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 47

 

Ц.Э-, Э.М-, С.Ц-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0129/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолтой, С-ийн Ц-, Ц-ийн Э-, Э-ы М- нарт холбогдох, 2018001270095 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

М- Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, А- овогт С-ийн Ц-,

М- Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Х- овгийн Ц-ийн Э-,

М- Улсын иргэн, урьд:

-2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1.д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

-2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ********** регистрийн дугаартай, М- овгийн Э-ы М-,

Шүүгдэгч Ц.Э-, Э.М-, С.Ц- нар нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж 16-15 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор:

-А- овогт С-ийн Ц-, Х- овогт Ц-ийн Э-, М- овогт Э-ы М- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх  бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М- овогт Э-ы М-ийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М- овогт Э-ы М-д 240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А- овогт С-ийн Ц-, Х- овогт Ц-ийн Э- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М- овогт Э-ы М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.М-ийн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар /нэг жил нэг сар/ хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3., 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3., 7.5 дугаар зүйлийн 1., 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-20” маркийн 16-15 ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто автомашины үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар “NHW207768794 аралын дугаартай цэнхэр өнгийн 16-15 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битуумжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цэнхэр өнгийн ууттай бор шаргал өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биөлэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдолдоо:

Гэмт хэрэг үйлдэхэд зориулж машин техник ашигласан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хуулийн заалтад улсын орлогод оруулах тухай заалтгүй байна. Улсын орлогод оруулснаараа юунд зарцуулагддаг нь тодорхойгүй байна. Шүүгдэгч нар нь өөрийн гэх эд хөрөнгөгүй, ажилгүй учир эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.2 дугаар зүйлийн 1.д зааснаар албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэсэн байх бөгөөд заавал хэрэглэнэ гэж заагаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт буюу шүүгдэгч тус бүрээс 2.0 сая төгрөг гаргуулан улсын орлогод оруулах тухай заалтыг “хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Өөрчлөлт оруулж 8 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Тээврийн хэрэгсэлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисийг хадгалсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-, Э.М-, С.Ц- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзвэл:

Прокуророос шүүгдэгч Ц.Э-, Э.М-, С.Ц- нарыг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 16-15 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.М-ийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Ц-, Ц.Э- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-20” маркийн 16-15 ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто автомашины үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, 16-15 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цэнхэр өнгийн ууттай бор шаргал өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийнх нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4-р хуудас/, шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл /х.х-ийн 6-8, 10-р хуудас/, гэрч Н.Ариунхүслэн, С.Билгүүн нарын мэдүүлэг /х.х-ийн 29-31, 32-р тал/, “Капитал зууч” ХХК-ийн 2020-02-04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /х.х-ийн 39-40-р тал/, шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нарын шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020-02-10-ны өдрийн № 942, 943, 944 дүгээр дүгнэлтүүд /х.х-ийн 59-61, 66-68, 73-75-р тал/, Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг тухай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020-02-10-ны өдрийн 945 дугаар дүгнэлт /х.х-ийн 49-51-р тал/ зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдон тогтоогджээ. 

            Шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон байна. 

            Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн хэн аль нэгний өмч биш, иргэн С.Билгүүний өмчлөлийн 6.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 16-15 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3., 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурайгийн  ...шийтгэх тогтоолын 8 дахь заалт буюу тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ