Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/155

 

                                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0129/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Э,М, Ц  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Э,М, Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018001270095 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, С.Ц 1 хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сургалтын төвд суралцаж байгаа, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, Ц.Э суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ш” ХХК-ны бараа татан авалт хүргэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

3.Монгол Улсын иргэн, Э.М, уманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд 2 ял шийтгэлтэй

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э,М, Ц  нар нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж 16-15 ДАР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч С.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2020 оны 02 сарын 02-ны өдөр 15 цагийн орчим манай найз МШ над руу залгаад “Сондорт хүрээд ир, ЭБ бид хоёр байна” гэсэн. Тэгээд би ээжийнхээ ажлаар ороод хоол хүргэж өгөөд ээжээс 16-15 ДАР улсын дугаартай машиныг гуйж аваад СТ очиход ЭБ, МШ хоёр сууж байсан. Тэгээд ярьж байгаад ЭБ, МШ хоёр “ийшээ юманд яваад ирье” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм.

...ЭБээс “хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэж асуухад юм түүх гэж байгаа буюу хар тамхины ургамал түүх гэж байгаа талаар надад хэлсэн. Удалгүй МШ гарч ирээд машинд суугаад ЭБ, МШ, Ариунхүслэн бид 4 Мангирт руу явсан, яг хаана гэдгийг мэдэхгүй байна. МШ надад зам зааж явсаар байгаад нэг уулын бэл орчим очоод “МШ бид хоёр буугаад ирье, та хоёр сууж бай” гэж хэлээд Ариунхүслэн бид хоёрыг машинд үлдээгээд МШ ЭБийн хамт уулын бэлээс хатсан өвсийг нэг нэг цэнхэр торонд түүгээд машинд эргэж орж ирсэн. Гэм буруугаа ойлгож байгаа. Гэмшиж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дарханд ирчихээд өглөө МШийн гэрт байхдаа МШтэй “Мангирт руу явж каннибис гэдэг мансууруулах ургамал түүе” гэж ярьсан байсан.

...харин МШийн найз охин Ариунхүслэн яах гэж явж байгаа талаар мэдээгүй байсан. МШтэй уулзах гэж гарч ирсэн. Гэм буруугаа ойлгож байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед Улаанбаатараас найз ЭБийн хамт ирсэн юм. Тэгээд ЭБ бид хоёр гэртээ манайд хоносон. Өдөр босоод Цолмонг дуудсан чинь өөрийн унадаг цайвар цэнхэр өнгийн Тоёота приүс маркийн машинтай ирээд бид Мангирт явах замдаа найз охин Ариунхүслэнг НОгийн урдаас аваад явсан. Тэгээд нөгөө түүсэн өвсөө аваад буцаад манай гэр рүү явж байхад Теди-ийн хажууд замын цагдаа зогсоосон. Араас нь энгийн хувцастай цагдаа нар ирээд бариад авсан.

...түүнээс хойш 30 гаран удаа хэрэглэсэн. Харин өнөөдрийн түүдэг газраас  2020 он гарснаас хойш 4 удаа түүж хэрэглэсэн. Гэм буруугаа ойлгож байна. Эмээтэйгээ хоёулхнаа амьдардаг зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4/,

 

-“.............. аралын дугаартай цэнхэр өнгийн улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 5/,

 

-Ц.Э-, С.Ц-, Э.М- нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэгсэлэн эсэхийг шалгах тест ашиглаж шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8, 10/,

 

-2020 оны 03 дугаар сарын  10-ны өдрийн 01 дугаартай “........... аралын дугаартай цэнхэр өнгийн ............ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай”  прокурорын тогтоол /хавтаст хэргийн 14/,

 

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18/,

 

-Гэрч Н.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...явж байхад Цолмонд МШ хаашаа яаж явахыг зааж өгч замчилж байгаад нэг уулан дээр очоод машинаас МШ, ЭБ хоёр буугаад цэнхэр өнгийн торонд ургамал бүхий зүйл түүгээд эргээд машинд орж ирж суусан.

...МШтэй уулзая гэж ярилцаад гарч очоод НО худалдааны төвийн гадаа уулзсан юм. Түүнээс биш Мангирт руу явах гэж байгаа, хар тамхины ургамал түүх гэж байгаа талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31/,

 

-Гэрч С.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...16-15 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг юм. Уг тээврийн хэрэгслийг хувь хүнээс 10000000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

 

“...Тоёота приус-20 маркийн .......... улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто машин №..... тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2008 онд Япон улсад үйлдэвлэгдсэн, 2015 онд орж ирсэн NHW207768794 аралын дугаартай”-ны зах зээлийн үнэ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 6000000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 39-40/,

 

“...Шинжилгээнд “......... улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота  приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын суудлын доод талаас хурааж авсан 2 ширхэг цэнхэр өнгийн ууттай бор шаргал өнгийн ургамал бүхий зүйл” гэж хаягласан цаасан хайрцаганд хийсэн 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал зүйлийг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлүүд нь 467 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлүүдэд 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 945 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 49-51/,

 

“...Шинжилгээнд “Цолмон....*****” гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байна.      Шинжилгээнд ирүүлсэн “Цолмон...91080155” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэх  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-61/,

 

“...Шинжилгээнд “Ц.Э-...9806223” гэж хаягласан хуванцар савтай 70 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Э-...9806223” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 943 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 66-68/,

 

“...Шинжилгээнд “Э.М- ****” гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн  “Э.М- ТА97081110” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 944 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 73-75/,

 

-Шүүгдэгч Э.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 134/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э,М, Ц  нар нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2 уут ургамал худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж ....... ДАР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалж байхдаа саатуулагдсан бөгөөд уг ургамалд Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн байна.

 

Энэхүү Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” жагсаалтад хамрагдаж байгаа болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 945 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хавтаст хэргийн 49-51/ нотлогдож байна.

 

“Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” НҮБ-ын 1971 оны конвенцид Монгол Улс 1999 онд нэгдэн орсон байх тул шүүгдэгч Э,М, Ц  нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Э,М, Ц  нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол тогтоогддоггүй боловч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдгаараа ноцтой гэмт хэрэгт тооцогддог.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээдэг ба хар тамхийг анх хэрэглэж эхлэхдээ “Ганц нэг удаа татлаа гээд орчихгүй” хэмээн найдаж, түүндээ лавшран, дараа дараагийн удаа хэрэглэсээр нэг мэдэхэд бүр мөсөн орж, бие сэтгэлээ захирч чадахгүй болж,  донтох эмгэгийг үүсгэснээр юу ч хийхээс буцахгүй байдалд оруулдаг тул хор уршгийг мөнгө дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тогдоогдож байх ба шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 Харин шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нар нь анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах болохыг сануулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.М- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлджээ.

 

Шүүгдэгч Э.М- нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнө үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, энэхүү тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан  ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын өмчлөлийн Тоёота приус-20 маркийн .... ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто машин №01722689 тоот тээврийн хэрэгсэл ашигласан байх ба автомашины үнийг шинжээч 6000000 төгрөгөөр тогтоожээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “улсын яллагчийн ....ДАР улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүний үнийн дүн болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг боломжгүй гэж үзэж байна. ..... улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нарыг мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн гэж үзэж битүүмжилсэн. Нотлох баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг цэнхэр ууттай ургамлыг тээвэрлэхэд машин шаардлагагүй мөн шүүгдэгч нар нь мансууруулах бодис тээвэрлэсэн гэх нотолгоо байхгүй” гэж мэтгэлцэж байна.

 

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор зааж 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэсэн агуулгатай байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураана гэх зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай ба тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2000000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цэнхэр өнгийн ууттай бор шаргал өнгийн ургамал тетрагидроканнабинолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “...... аралын дугаартай цэнхэр өнгийн .... ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай”  2020 оны 03 дугаар сарын  10-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ц,Э,М нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.М-г Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.М-д 240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц, М нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Монгол овогт Эрдэнэбулганы МШд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн, 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.М-ийн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар /нэг жил нэг сар/ хорих ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-20 маркийн 16-15 ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто автомашины үнэ 6000000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Э-, С.Ц-, Э.М- нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 200000 /хоёр сая/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1., 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2020 оны 03 дугаар сарын  10-ны өдрийн 01 дугаартай “NHW207768794 аралын дугаартай цэнхэр өнгийн 16-15 ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай”  прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цэнхэр өнгийн ууттай бор шаргал өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ