Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/00902/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.. сумын 7 дугаар багийн 3 дугаар ... тоотод оршин суух Д.. овогт А.Г. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М. сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны .. тоотод оршин суух, Т. овогт М.Б. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, ..... ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын автомашин, Ланд крузер прадо-95 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч А.Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т., В.Э., хариуцагч М.Б., хариуцагчийн өмгөөлөгч Б.Г. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г.2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.Г. нь М.Б. танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд хүү Б.Т. 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн.

Бид хоёр гэр бүл болсноос хойш М.Б. нь архи байнга хэрэглэж үүнээс бидний хооронд хэрүүл, маргаан тасралтгүй үргэлжилж цаашид амьдрах нөхцөлгүй болсон. Нөхрийн байнга архи дарс хэрэглэдэг нь үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Өмнөх жилүүдэд зоддог байсан. Би 2018 оны 02 дугаар сард гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Миний хувьд цаашид М.Б. хамтран амьдрах боломжгүй болсон тул М.Б. гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Т. өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу хүүхэддээ тэтгэмж гаргуулна.

Мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашааг 15.000.000 төгрөгөөр, .... ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын авто машиныг 5.000.000 төгрөгөөр гаргуулна.” гэжээ.

Нэхэмжлэгч А.Г. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “М.Б. дундын өмчлөлийн эд хөрөнгөөс .... ХӨҮ улсын дугаартай Прадо-95 маркийн автомашиныг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Суудлын автомшинаа 8.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Иймд М.Б. Прадо-95 маркийн суудлын автомашиныг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгч А.Г.. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие  гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд би  8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, Прадо 95 маркийн .... ХӨҮ улсын дугаартай суудлын автомашин зэргээ авч, Төрийн банкны Хөвсгөл салбараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан 15.000.000 төгрөгний зээл, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан 5.000.000 төгрөгний зээл зэргийн эргэн төлөлтийг хариуцаж, М.Б. ....... ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын авто машин, Хөвсгөл аймгийн Г... сумын ... багт байгаа нийт малыг авахаар эвлэрсэн учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Г... 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дугаар шинжээчийн дүгнэлтэд болсон хэргийн товч утга дээр Э.Э. нэхэмжлэлтэй Б.Ц. холбогдох иргэний хэрэгт гэж бичигдсэн нь техникийн шинж чанартай алдаа байсан гэж тус газраас албан бичиг ирсэн байх тул маргах зүйлгүй. Тус шинжээчийн дүгнэлтээр М.Б. нь Б.Т. биологийн эцэг байх боломжгүй гэж гарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч цаг хугацаа маш их шаардагдах учраас дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргахгүй. Болдог бол шүүх хуралдаанд хүүхдээ авчраад М.Б. харьцуулмаар л байна. Хаанаас нь ч харсан М.Б. л хүүхэд. Би дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргахгүй, хүүхдийн эцэг нь М.Б. биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан ч гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч М.Б. нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь эхнэр А.Г.  2008 онд албан ёсоор гэр бүл болж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 2009 оны 5 дугаар сарын ...-ний өдөр хүү Б.Т. төрсөн, одоо 11 настай юм. Эхнэр бид 2 эхний жилүүдэд хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан ба би эр хүний хувьд жилдээ 1,2 удаа архи уухад, эхнэр чи архи уулаа архичин гэх мэтээр намайг хэлж, чамайг архинаас гарах эмчилгээ хийлгэхгүй бол сална гэхээр нь намайг жилдээ 1,2 удаа архи уусан асуудалд архины эмчилгээ яалаа гэж хийлгэдэг юм гэхэд, цагдаа шүүхэд хандана гэдэг байсан. А.Г.нэхэмжлэлдээ дурдсан шиг би түүнийг зодож эрх чөлөөнд нь халдаад байнгын хэрүүл маргаан үүсгээд байдаг асуудал байхгүй. Харин эсрэгээрээ А.Г.. ямар ч шалтгаангүйгээр байнгын уурлаж, уурласан үедээ биеэ хянах чадваргүй болж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний биед байнгын гар хүрч байдаг. А.Г.. надтай суухаасаа өмнө зүрхний өвчтэй байсан ба уурласан үедээ гэр бүлийнхнийгээ зовоож байсан талаар түүний төрсөн ах, дүү нар надад хэлж байсан. Ингэж ах, дүү нарыгаа зовоодог байдлаараа ч намайг зовоодог юм байна гэж би ойлгож байна. Би эхнэр маань зүрхний өвчтэй, өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд яахав аягүй бол хэрэлдэж байгаад зүрх нь зогсчихно гээд тэвчээд байдаг байсан. А.Г. нэхэмжлэлд дурдсан шиг хэрүүл маргаан болж хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх асуудлын тухайд надаас шалтгаалах гэхээсээ илүүтэй эхнэрийн өөрийнх нь ааш авиртай холбож ойлгох байтал нотлогдож тогтоогдоогүй сөрөг зүйлс болгоноо надтай холбон бичсэн байна. Эхнэр бид 2 зах дээр хоёр лангуу ажиллуулан комиссын хувцас зарж амьдрал ахуйгаа авч явдаг ба тэр хавийн наймаа хийдэг хүмүүс намайг ямар хүн болохыг болон бидний хоорондын харьцаа ямар байдгийг сайн мэднэ. Миний бие А.Г. гэр бүл болж албан ёсоор бүртгүүлснээс хойш нэг хүү төрж, бид арав гаруй жил хамтран амьдрахдаа хашаа байшинтай, 2 машинтай, хамтын бизнестэй болсон. Энэ бүхнийг бүгдийг А.Г. авах хууль зүйн үндэслэл ч байхгүй байх. Мөн сургуулийн насны хүүхдийг эцгээс нь салгаад хүмүүжил төлөвшилд нь сайн нөлөө үзүүлнэ гэж байхгүй нь ойлгомжтой гэж эцэг миний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлгэч А.Г. гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч М.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд би  8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, Прадо 95 маркийн .. ХӨҮ улсын дугаартай суудлын автомашин зэргээ авч, Төрийн банкны Хөвсгөл салбараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан 15.000.000 төгрөгний зээл, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан 5.000.000 төгрөгний зээл зэргийн эргэн төлөлтийг хариуцаж, М.Б. ...ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын авто машин, Хөвсгөл аймгийн Г..сумын ..  багт байгаа нийт малыг авахаар эвлэрсэн учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй. Мөн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Г. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дугаар шинжээчийн дүгнэлтэд болсон хэргийн товч утга дээр Э.Э. , Б.Ц. холбогдох хэрэг гэж бичигдсэн нь техникийн шинж чанартай алдаа байсан гэж тус газраас албан бичиг ирсэн байх тул маргах зүйлгүй. Шинжээчийн дүгнэлтээр М.Б. нь Б.Т. биологийн эцэг байх боломжгүй гэж гарсан тул би А.Г. энэ олон жил хууртагдаж явсандаа гомдолтой байна. Энэ хүн нэгэнт гэрлэлтээ цуцлуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болохоор хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тухай ээж дээрээ байх нь илүү дээр байх. Харин хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Учир нь энэ хүн чиний хүүхэд гэж өчнөөн олон жил намайг хуурч явсан, надад хүүхдийн тэтгэлэг төлөх ч боломж байхгүй, миний хүүхэд биш болохоор надад тэжээн тэтгэх үүрэг байхгүй гэж бодож байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байлаа ч гэсэн би хүүтэй уулзаж, харилцаа холбоотой байх хүсэлтэй байна. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г. нь хариуцагч М.Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, ... ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын автомашин, Ланд крузер прадо-95 маркийн автомашин гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Г.. сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 39 дүгээрт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглох үндэслэл тогтоогдохгүй, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгсөн боловч талууд эвлэрээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч А.Г., хариуцагч М.Б. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Г. нь 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Т. төрүүлж, нөхөр М.Б. овоглосон болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч М.Б. нь хүүхдийн төрсөн эцэг гэдэгтэй маргаж, хүүхдийн эцэг тогтоолгох тухай шинжилгээг хийлгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дугаар: “... 1.Хүний геномын микросателлитын Penta E, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, vWA, D8S1179, FGA гэсэн локусын аллелиар М.Б.нь Б.Т.н биологийн эцэг байх боломжгүй байна.” гэсэн утга бүхий шинжээчийн дүгнэлтээр хүү Б.Т. төрсөн эцэг нь хариуцагч М.Б.н биш болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч А.Г. нь хүүхдээ өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч М.Б. нь хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх тул шүүх хүү Б.Т. эх А.Г. асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэгч А.Г. хүү Б.Т. хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэхэд хариуцагч нь өөрийгөө төлбөрийн чадваргүй бөгөөд хүүхдийн төрсөн эцэг биш, А.Г. нь  хүү Б.Т. миний төрсөн хүүхэд гэж 10 гаруй жил хуурч амьдарсанаас болж би үр хүүхэд ч үгүй хохирч байна, хүүхдийн эцэг хэн бэ? гэдгийг А.Г.мэдэж байгаа учраас тэр хүнээсээ хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах боломжтой, Б.Т. нь миний дагавар хүүхэд биш, бидний үрчилж авсан хүүхэд ч биш гэж тайлбарлан хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ. 

Нэхэмжлэгч А.Г., хариуцагч М.Б. нар нь 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, хүү М.Т. нь 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн боловч хариуцагч М.Б. төрсөн хүүхэд биш болох нь Монгол Улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хүү М.Т. М.Б. дагавар хүүхэд гэж үзэх үндэслэлтэй байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, 21 дүгээр  зүйлийн 21.3 дахь хэсэгт: Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт: “... гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг, сонирхлыг нь хохироохыг хориглоно.” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж, 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хүү Б.Т. сар бүр хойт эцэг М.Б. тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, ... ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын автомашин, Ланд крузер прадо-95 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч А.Г. нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн .дугаар гудамжны .. тоотод байрлах 8х12 харьцаатай байшин, хашаа, ... ХӨВ улсын дугаартай, прадо 95 маркийн суудлын авто машин зэрэг эд хөрөнгийг авч, Хөвсгөл аймгийн Төрийн банкны Хөвсгөл салбараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан зээл, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан малчны зээл зэргийг нэхэмжлэгч А.Г. хариуцан төлөх үүрэг хүлээж, хариуцагч М.Б. нь ... ХӨҮ улсын дугаартай, приус 11 маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Г.. сумын ... багт байх нийт малыг авахаар эвлэрснийг дурдлаа.

Нэхэмжлэгч нь хэрэгт Төрийн банкны хуулбар үнэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн ... тоотод байршилтай, 6712013236 нэгж талбарын дугаартай, 383 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723005422 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 000396015 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн банкны хуулбар үнэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн ...тоотод байршилтай, 88 м2 талбайтай гурван өрөө, гэрчилгээний дугаар 000560845, улсын бүртгэлийн дугаар Ү-1723008908, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн Ү-1723008908 дугаарт бүртгэгдсэн, 000560845 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 онд нөхөр М.Б... зодуулж биедээ гэмтэл авсан гэсэн тайлбар бүхий 2 ширхэг фото зураг, Төрийн банк теллер-545 гэсэн дардас дарагдсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Депозит дансны харилцагчийн монгол хуулга, Төрийн банкны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200000415198 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200000415198 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/427381 дугаар Барьцаат зээлийн гэрээ /малчин/, Авто тээврийн Үндэсний төвийн мэргэжилтэн Н.Д. олгосон ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Д.. олгосон ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Оюу-Ундраа зүрх судасны эмнэлэгийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн өвчтөний картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 97680832223 дугаарын утасны мессежний хэвлэмэл зураг, хэсгийн байцаагч а/д Н.А. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЗШ/411 дугаар шийтгэвэр, 2020 онд архи ууж гэр орондоо агсам тавьж эд хөрөнгөө эвдэж сүйтгэсэн гэсэн тайлбар бүхий фото зураг, галын цогоор хайрах гэж ширдэгэн дээр шидсэн гэсэн тайлбар бүхий фото зураг, 2019 оны өвөл агсам тавьж аяга шидэж хагалсан гэсэн тайлбар бүхий фото зураг, Төрийн банкны хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 200000415198 тоот дансны бичил бизнесийн зээлийн дансны хуулга, Төрийн банкны хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн малчны зээлийн дансны хуулга, регистрийн дугаар РГ..., А.Г. эмнэлгийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын нотариатчдын танхимын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2121 дугаар мөнгөний тасалбар, регистрийн дугаар РД..., М.Б. мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сиди 2 ширхэг,

Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элс багийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14/103 дугааралбан бичиг, Хөвсгөл аймгийн М..н сумын 7-... тоотын хашааны гадна талын байдал гэсэн тайлбар бүхий фото зураг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-... тоотын байшингийн гадна тал гэсэн тайлбар бүхий фото зураг 2 ширхэг,  Хөвсгөл аймгийн М... сумын 7-... тоотын байшингийн дотор тал гэсэн тайлбар бүхий фото зураг 4 ширхэг,  ... ХӨҮ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн ар тал гэсэн тайлбар бүхий фото зураг 1 ширхэг, А.Г., М.Б. нарын бизнесийн үйл ажиллагаа явуулж буй комиссын бараа гэсэн тайлбар бүхий фото зураг 2 ширхэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгч А.Г. нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, нэхэмжлэл гаргах үед хүүхэд 11 нас хүрээгүй байсан тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 34.214 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа байшинг 15.000.000 төгрөгөөр, .... ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын автомашиныг 5.000.000 төгрөгөөр үнэлж, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг, Ланд крузер прадо-95 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлж, нэмж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагадаа 142.950 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нийт 400.900 төгрөг төлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4 дэх хэсэгт: “... зохигч эвлэрч болно.” гэж, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “... улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана.” гэсэн байх тул нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 400.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 200.450 төгрөгийг хариуцагч М.Б... гаргуулж нэхэмжлэгчид олголоо.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ.” гэж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж, 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Б. 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Г. олголоо.

Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч А.Г., хариуцагч М.Б. нарт шүүхээс эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РГ...., Д...овогт А.Г., регистрийн дугаар РД...., Т. овогт М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р...., 2009 оны 5 дугаар сарын ...ний өдөр төрсөн, хүү Т.овогт Б.Т. эх А.Гантуяагийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РД...., 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, хүү Т.. овогт Б.Т. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б..сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь нэхэмжлэгч А.Г.. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..дугаар багийн .. дугаар гудамжны .. тоотод байрлах 8-12 харьцаатай байшин, хашаа, ... ХӨВ улсын дугаартай, прадо 95 маркийн суудлын авто машин зэрэг эд хөрөнгийг авч, Хөвсгөл аймгийн Төрийн банкны Хөвсгөл салбараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан зээл, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан малчны зээл зэргийг нэхэмжлэгч А.Г. хариуцан төлөх үүрэг хүлээж, хариуцагч М.Б .. ХӨҮ улсын дугаартай, приүс 11 маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Г.. сумын ...багт байх нийт малыг авахаар эвлэрсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505.314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б..с 304.864 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Г.. олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн  дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА