Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2021/00005

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

2021        03             03                                             05

 

                                                                             

                                             А.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Бд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, 83-03 ХӨҮ улсын дугаартай приус 11 маркийн суудлын автомашин, Ланд крузер прадо-95 маркийн автомашин гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Г нь М.Бтай танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд хүү Б.Түвшинзаяаг 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн.

Бид хоёр гэр бүл болсноос хойш М.Б нь архи байнга хэрэглэж үүнээс бидний хооронд хэрүүл, маргаан тасралтгүй үргэлжилж цаашид амьдрах нөхцөлгүй болсон. Нөхрийн байнга архи дарс хэрэглэдэг нь үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Би 2018 оны 02 дугаар сард гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Миний хувьд цаашид М.Бтай хамтран амьдрах боломжгүй болсон тул М.Бгаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Түвшинзаяаг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу хүүхдэдээ тэтгэмж гаргуулна.

Мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашааны хамт, приус 11 маркийн суудлын авто машиныг гаргуулна гэжээ.

 Нэхэмжлэгч А.Г нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: М.Бгаас дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 67-60 ХӨҮ улсын дугаартай      Прадо-95 маркийн автомашиныг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Суудлын авто машинаа 8,000,000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ггийн нэхэмжлэлдээ дурдсан шиг би түүнийг зодож эрх чөлөөнд нь халдаад байнгын хэрүүл маргаан үүсгээд байдаг асуудал байхгүй. Харин эсрэгээрээ А.Г ямар ч шалтгаангүйгээр байнгын уурлаж, уурласан үедээ биеэ хянах чадваргүй болж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний биед байнгын гар хүрч байдаг. Эхнэр бид 2 зах дээр хоёр лангуу ажиллуулан комиссын хувцас зарж амьдрал ахуйгаа авч явдаг ба тэр хавийн наймаа хийдэг хүмүүс намайг ямар хүн болохыг, бидний хоорондын харьцаа ямар байдгийг сайн мэднэ. Миний бие А.Гтай гэр бүл болж албан ёсоор бүртгүүлснээс хойш нэг хүү төрж, бид арав гаруй жил хамтран амьдрахдаа хашаа байшинтай, 2 машинтай, хамтын бизнестэй болсон. Энэ бүхнийг А.Г авах хууль зүйн үндэслэл ч байхгүй байх. Мөн сургуулийн насны хүүхдийг эцгээс нь салгаад хүмүүжил төлөвшилд нь сайн нөлөө үзүүлнэ гэж байхгүй нь ойлгомжтой гэж эцэг миний зүгээс үзэж байна. А.Ггийн хувьд хүүхдийнхээ төрсөн эцгийг мэдэж байгаа гэж бодож байгаа. Надад хэд хэдэн удаа хүүхэд чинь биш гэж хэлж байсан. Тэр хүүхэд надтай төс байдаггүй учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний хариунаас болж өөр хүний цус өгсөн, будлиантуулсан гэх мэтээр намайг доромжилж байсан. Би хүүхдийн төрсөн эцэг биш, тэгээд ч төлбөрийн чадваргүй учраас хүүхдийн тэтгэлэг төлөхгүй.

Иймд нэхэмжлэгч А.Ггийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РГ............., Дархан овогт Аюурзаны, регистрийн дугаар РД.............., Тайж овогт Мөнх-Очирын Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РД09251910, 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, хүү Тайж овогт Бгийн Түвшинзаяаг эх А.Ггийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РД09251910, 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, хүү Тайж овогт Бгийн Тд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Бгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь нэхэмжлэгч А.Г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 8-12 харьцаатай байшин, хашаа,       67-60 ХӨВ улсын дугаартай, прадо 95 маркийн суудлын авто машин зэрэг эд хөрөнгийг авч, Хөвсгөл аймгийн Төрийн банкны Хөвсгөл салбараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан зээл, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан малчны зээл зэргийг нэхэмжлэгч А.Г хариуцан төлөх үүрэг хүлээж, хариуцагч М.Б 83-03 ХӨҮ улсын дугаартай, приүс 11 маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт байх нийт малыг авахаар эвлэрсэн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас 304,864 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Гд олгож,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч М.Б болон өмгөөлөгч Б.Ганчимэг бидний зүгээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2021/00086 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, өмгөөлөгчийн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт явуулаагүй зохигчийн эрхийг зөрчсөн.

2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдааХүү Б.Т нь М.Бгийн дагавар хүүхэд гэж үзэж үндэслэлтэй байна. Иймд хүү Б.Тг сар бүр хойд эцэг М.Бгаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэжээ. Б.Т нь М.Бгийн дагавар хүүхэд гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь дагавар хүүхэд гэдэг тодорхойлолтод дахин гэрлэсэн хүмүүсийн аль нэгийг дагаж ирсэн, түрүүчийн нөхөр болон эхнэрийн хүүхэд гэж тодорхойлсон байдаг. Уг тодорхойлолтоос хүү Т нь эх А.Ггаа дагаж ирсэн хүүхэд биш юм. Миний үйлчлүүлэгч М.Б нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5779 дугаар бүхий дүгнэлтээр Т нь өөрийн нь төрсөн хүүхэд биш гэдгийг мэдсэн. Түүнээс өмнө Тг өөрийнхөө төрсөн хүүхэд гэж итгэж явсан байдаг.

Иймд М.Бгаас дагавар хүүхэд болох Б.Тд хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г нь М.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашаа, приус 11 маркийн суудлын автомашин, Ланд крузер прадо-95 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим”-д нийцээгүй байна гэж дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн байна. Тухайлбал:

1. Нэхэмжлэгч А.Г “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өвлийн сууц, суудлын авто машин /приус-11 маркийн/ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №02258 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамждаа “....хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашааг 15,000,000 төгрөгөөр, приус 11 маркийн 83-03 ХӨҮ улсын дугаартай суудлын авто машиныг 5,000,000 төгрөгөөр тус тус үнэлж гаргуулна....” гэж нэхэмжлэлд дурдсанаас өөрөөр бичиж иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнээ тодорхойлоогүй байхад шүүх өөрийн санаачилгаар дээрх үнийг тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шаардлага хангаагүй байхад хүлээн авч,  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид тохирсон хэмжээгээр 362,364 төгрөг төлсөн гэж дүгнэн иргэний хэрэг үүсгэсэн нь буруу байна.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн №043598, №00082 дугаартай “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргах 10 хоногийн хугацаатай байтал хэргийн

оролцогчдоос “гомдол гаргахгүй” гэх хүсэлт авч гомдол гаргах хугацаа дуусахаас өмнө “шүүх хуралдаан товлон зарлах” захирамж гаргаж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.

3. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №00155 дугаартай “шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжид: Хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлон зарласан байхад шүүх хуралдааны тэмдэглэл  2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр буюу товлон зарласнаас өөрөөр, шийдвэр гаргасан өдрөөс зөрүүтэй байгаагаас хуралдаан хэзээ явагдсан нь тодорхойгүй байна.  Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “хэргийн нотлох баримтад хамаарах, нотолгооны хэрэгсэл” мөн ба мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ... байдлыг бичнэ....” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч А.Г нь “хүү Б.Тдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан байтал шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дүгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэж “хүү М.Тг М.Бгийн дагавар хүүхэд гэж үзэх үндэслэлтэй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйлд дүгнэлт өгч шийдвэрлэсэн, мөн хүүхдийн овгийн эхний үсгийг буруу бичсэн.

5.  Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь нэхэмжлэгч А.Г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 8-12 харьцаатай байшин, хашаа, 67-60 ХӨВ улсын дугаартай, прадо 95 маркийн суудлын авто машин зэрэг эд хөрөнгийг авч, Хөвсгөл аймгийн Төрийн банкны Хөвсгөл салбараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр авсан зээл, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан малчны зээл зэргийг нэхэмжлэгч А.Г хариуцан төлөх үүрэг хүлээж, хариуцагч М.Б 83-03 ХӨҮ улсын дугаартай, приүс 11 маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт байх нийт малыг авахаар эвлэрсэн болохыг дурдаж” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “эд хөрөнгийн үнийг тодорхой бичээгүй, зээлийн талаар зээл олгосон банк шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдээр оролцуулаагүй атал нэхэмжлэлд дурдаагүй зээлийн асуудлыг хамтран зээлдэгч А.Гд хариуцуулсан, мөн А дансанд бүртгэгдсэн малыг хариуцагч М.Бд үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрч болох боловч эвлэрэл нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай тул эвлэрлийг баталгаажуулахдаа холбогдох хуулийн заалтыг зөв баримтлах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын “хүүхдийн тэтгэлэг” төлөхгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,000 /тавин зургаан мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                     ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                          Л.ЭРДЭНЭБАТ