Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0233

 

 

  

 

 

      2022         03          28                                    128/ШШ2022/0233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц э ХХК /РД: /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.М,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б,

Гуравдагч этгээд: Д.Э,

          Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нарын хооронд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ц э ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Г.У, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ц э ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.

          2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Ц э ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2011/158 дугаар гэрчилгээ олгож, уг гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2011/158 дугаар газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан.

          Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар Д.Эод  үйлчилгээний зориулалтаар нэгж талбарын 1781000426 дугаар бүхий 500 м.кв газрыг эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар уг газрын байршил хэмжээг өөрчилж, 1781110779 нэгж талбарын дугаар бүхий 3673 м.кв газрыг эзэмшүүлсэн.

          3. Нэхэмжлэгч Ц э ХХК-иас тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Д.Эод газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан давхцал бодит эзэмшилд байгаа эсэхийг хянаж шалгаагүй, суурин судалгаа хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8551 дүгээр захирамжаар уг нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар тогтоосон хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй тул 2021 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9040 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг буцаасан байна.

          4.Нэхэмжлэгч Ц э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг Богдхан Уулын Дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг олгосон байдаг.

          Уг газраа ашиглах үүднээс Нийслэлийн Хот Төлөвлөлтийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт байгаль орчны нарийвчилсан байдлын ерөнхий үнэлгээ болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хэрэгжүүлэх төслөө танилцуулж Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ийн ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслөө боловсруулж Архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах Газар, Улаанбаатар цахилгаан түгээх ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Улаанбаатар дулаан дамжуулах ХК-аас техникийн нөхцөлүүдээ авч зургаа хийлгэж өөрсдийн зардлаар эрчим хүч, дулаан, цэвэр бохирын шугамаа татсан.

          2018 онд төсөл хэрэгжүүлэх газар луугаа төв замаас орц гаргах хүсэлт гаргаж Нийслэлийн захирагчийн албаны даргаас зөвшөөрөл авч зургийн дагуу орох орц гаргасан. Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газраар зургаа батлуулж Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраас барилгын ажлаа эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлэн үйл ажиллагаа явуулж зардал мөнгө гөргөж олон жил болсон байхад Хан-Уул дүүргийн газрын кадастрын зургийн санд манай компанийн ашиглаж буй газрыг өөрчилж хашаан дотор өөр газрын зургийг оруулсныг мэдэж энэ талаар судалж үзэхэд нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар газрын хэмжээ байршлыг өөрчлөх нэрээр манай компанийн ашиглах эрхтэй, үйл ажиллагаа явуулж байгаа газартай давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.3.5-д Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасныг тус тус зөрчсөн.

          Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмуудыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасан захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдал, холбогдох нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж нэхэмжлэгч компанийн хувьд өөрсдийн ашиглах эрх бүхий газрынхаа тодорхой хэсэгт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

          Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц э ХХК нь Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын  2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг Арцатын амын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалатаар буюу одоогийн байршилд 2га газрыг ашиглах эрх олгосон ба уг тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хэвээр байгаа. Мөн газар ашиглах эрхийн хүрээнд 2011 оноос хойш тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

           Нийслэлийн Засаг дарга өөрсдийнхөө мэдээллийн сан дахь зургаа өөрчлөөд Байгаль орчины мэдээллийн санд дахь зурагтай давхцуулах байдлаар иргэн Д.Э гэж хүнд газар олгосон асуудал үүссэнээс болоод нэхэмжлэгчийн 2011 онд газар ашиглах эрх үүсэн газар дээрээ үйл ажиллагаа явуулах, зураг төслийн дагуу барилга байгууламж барих эрх нь зөрчигдөж байгаа юм. Үүнтэй холбоотой асуудлыг судлаад үзэхээр Д.Э гэдэг хүн тухайн газрын хэмжээ, байршлыг өөрчлөх нэрээр тухайн координат дээр давхцуулах байдлаар авсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3.5, 33 дүгээр зүйлийн 33.4 дэх заалтууд болон мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтууд, Нийслэлийн Засаг даргын зүгээс Д.Э гэх хүний газрын байрлалыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ бусад этгээдиийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх тухайн үйл ажиллагааг тогтоох,  хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг зөрчсөн.

          Мөн Захиргааны ерөнхий  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны акт гаргахдаа тухайн асуудлаар судалгаа нотлох баримт болон нөхцөл байдлыг тогтоож, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байвал сонсох ажиллагаа буюу оролцоог нь хангаж тухайн актаа гаргах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл бодит байдал дээр Нийслэлийн Засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын алба зэрэг газруудаас тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчихөөд үйл ажиллагаа явуулаад эхлэхээр зөвшөөрөл өгөөд хянаж шалгалт хийгээд явж байсан тэр бүх ажлуудаа мэдсэн ч мэдээгүй юм шиг үр дагавар нөхцөл байдлыг бий болгож бусад этгээдэд газар олгоод иргэн аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсгэж байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам гэж байдаг.

          Үүнд  газрыг эзэмшүүлж ашиглуулахдаа хээрийн болон суурин судалгаа хийсэн байх ёстой ба хээрийн судалгаа нь тухайн газар иргэн Д.Э гэж хүний хүсэж байгаа газар нь нэгдүгээрт газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, хоёрдугаарт бусад иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын бодитоор ашиглаж байгаа газартай нь давхцаж байгаа эсэх, эсхүл бусад этгээдийн  хүсэлт гаргасан газартай нь болон эзэмших эрхтэй нь давхцаж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг ойлгох юм. Гэтэл уг ажиллагаа хийгдээгүй ба суурин судалгаа мөн адил хийгдээгүй гэдгийг хариуцагч байгууллагаас шаардсан нотлох баримтаар нотлогдож байна. 

        Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

          6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

   “Д.Эод 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1026 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 мкв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар талбайн хэмжээг 3673 мкв байршлыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт болгон өөрчлөн эзэмшүүлсэн.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 болон Монгол Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дархан цаазат газрын хилийн заагийн дагуу Д.Эод газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болно.

Иймд Ц э ХХК нь маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор гомдол гаргаагүй, урьдчилсан журмаар шийдвэрлүүлээгүй, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар Д.Эод олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар олгосон газартай давхцуулж олгосон гэж байна. Энэ нь Монгол Улсын Их хурлын 1996 оны 26  дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа ба уг тогтоолоор дархан цаазат хилийн газрын зааг хэмжээг тогтоосон ба тухайн тогтоосон хэсгээр Ниийслэлийн Засаг дарга иргэн Д.Эод Нийслэлийн Засаг даргын 2020 оны 676 дугаар захирамжаар 3673 м.кв газрыг олгосон бөгөөд Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар олгосон. Ийнхүү олгохдоо хээрийн судалгаа хийсэн баримт хадгалагдаагүй байна.

Хээрийн судалгаа хийлгүй нүдэн баримжаагаар газар олгох асуудал байхгүй. Газар олгох асуудал нь хээрийн судалгаа хийж цэг хатгаж, зураг гаргасны үндсэн дээр хурлаар орж шийдвэрлэгддэг учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тийм учраас Нийслэлийн Засаг даргын А/676 дугаар захирамжийг хүчингүй болгуулах ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Газрын тухай хууль, Компаний тухай хуулийг зөрчиж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхэд халдаж, мөн өөрийн Тусгай хамгаалалттай газар нутагт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж Төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их  хурлаас тогтоосон дархан цаазат Богд-Хан уулын хилийн заагийг ноцтойгоор зөрчиж улмаар Монгол Улсын иргэний өмчлөх эрхэд халдсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дахь хэсэг буюу ...бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл гол утга агуулга нь тухайн  бусдын эзэмшиж буй газартай давхцаж буй этгээдийн газар нь хууль ёсны газар учраас нийслэлийн Засаг дарга өөрийн эрхлэх асуудал болон чиг үүргийн хүрээнд олгогдох ёстой газар дээр дахин газар олгож болохгүй, харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны А/491 дугаар захирамж бол Байгаль орчны сайд өөрийн тусгай хамгаалалттай газар, газар олгох эрх хэмжээгээ хэтрүүлээд Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд олгогддог газар нутаг руу давуулж оруулаад улмаар 3673 м.кв хэмжээтэй газрыг алгасаад зөвшөөрөлгүй өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж газар олгосон асуудал юм.

 Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт сонсох ажилалгаа явуулаагүй, сонгох боломж олгоогүй гэж  тайлбарладаг ба нийслэлийн Засаг даргын өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд олгох Нийслэлийн газрын кадастрын зургийн мэдээллийн санд А/676 дугаар захирамжаар олгосон 3673 м.кв газар нь мэдээллийн санд хэн нэгэн этгээдэд өмчлөгдөөгүй, эзэмшигдээгүй, ашиглагдаагүй мэдээллийн статустай байсан. Ийм тохиолдолд гуравдагч этгээд болон өөр хэн нэгэн этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй. Тийм учраас хууль тогтоомжыг гуйвуулж өөрт хэрэгтэй байдлаар ашиглаж байгаа байдалд шүүх үнэн зөв дүгнэлт хийх байх гэж найдаж байна.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3.1 дэх хэсэгт Улсын тусгай хэрэгцээт газар нутгийг ангилсан  байх ба мөн хуулийн 25 дугаар зүйлд дархан цаазат газарт улсын хууль ямар эрх эдлэх вэ гэдгийг тодорхойлсны дагуу  Монгол Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоож өгсөн.

 Богдхан уулын дархан цаазат хилийн заагт Нийслэлийн Засаг даргын А/676 дугаар захирамжаар олгогдсон газар нутаг хамааралгүй байна. Үүнтэй холбооотой холбогдох эрх бүхий дээд байгууллагуудын албан бичиг тодорхойлолт, лавлагаа, мэдээлэл,  шүүхийн журмаар томилсон шинжээчийн дүгнэлт зэргээс маш тодорхой харагдана. Мөн нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг маш  зөв  тайлбар гэж үзэж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А/491 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг давуулан олгосон хууль бус газар буюу иргэн Д.Эод Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/676 дугаар захирамжаар олгогдсон хууль ёсны газар нь Богдхан уулын дархан цазат газрын хилийн заагт хамааралгүй. Харин Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй газар болох нь холбогдох байгууллагуудын лавлагаа мэдээлэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллагын хууль бус шийдвэр үйл ажиллгаанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалах ёстой байтал хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын А/676 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн болох нь тодорхой бус 2 жил гаруй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх явцад А/676 дугаар захирамж нь Ц э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримт нэхэмжлэгчээс  төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид болон шүүхийг зүгээс нотлох баримт огт байдаггүй.

Мөн Ц э ХХК-д ноцтой хохирол учруулсан этгээд нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд түүний хууль бус шийдвэр юм гэдгийг Ц э ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ойлгоосой гэж хүсэж байна. Ийм учраас Богдхан уулын дархан цаазат газар хилийн заагийг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлэн нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж, Төрийн эрх барих дээд байгууллагаас тогтоосон хилийн заагийг ноцтой зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн үл хөдлөх эд хөрөнгө олж авах, эзэмших ашиглах, баталгаатай эдлэх эрхэд ноцтой халдсан үйлдлийг шалган тогтоож нэхэмжлэгчиийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

                                               

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц э ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шүүхэд маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.

          1/ Нийслэлийн Засаг дарга манай компанийн ашиглах эрхтэй, үйл ажиллагаа явуулж байгаа газартай давхцуулан Д.Эод газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.3.5-д Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасныг тус тус зөрчсөн.

          2/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасанчлан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмуудыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасан захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдал, холбогдох нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, газрын суурин судалгаа хийгээгүй.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий акт хууль бус болох үндэслэл тогтоогдсонгүй.

          Нэхэмжлэгч Ц э ХХК нь Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын  2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг ашиглах эрхтэй болсон.

          Гуравдагч этгээд Д.Эод нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 3673 м.кв газар нь нэхэмжлэгч Ц э ХХК-д  Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын  2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон 2 га газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 2/3449, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/532 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын зургаар нотлогдож байна.

          Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2490 дүгээр захирамжийн дагуу томилогдсон Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/120 дугаар дүгнэлтээр “... нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар олгосон 1781110779 нэгж талбарын дугаар бүхий 3673 м.кв газар нь Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын  2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар ашиглуулсан газартай давхцалтай болох нь тогтоогдсон боловч  нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар Д.Эод эзэмшүүлсэн 3673 м.кв газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамаарахгүй.” гэж дүгнэжээ.

            4. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.”Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргасан.

           

Гэтэл нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1.нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;”, 21 дүгээр зүйлийн 21.2.3.”... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасан эрх хэмжээний хүрээнд нийслэлийн газрын хил хязгаарын дотор Д.Эод газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

            Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2/967 дугаар албан бичгээр “... хүсэлтэд дурдсан солбилцлын утгуудыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сантай давхцуулан шалгахад тус газар нь Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нутаг дэвсгэрт байршиж байна.” гэж маргаан бүхий газрын байршлыг тодорхойлжээ.

5.Нэхэмжлэгч Ц э ХХК-д Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын  2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон 2 га газар нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Эод олгосон 3673 м.кв газартай давхцалтай боловч энэхүү маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамааралгүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх боломжтой газар болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нийслэлийн Засаг даргаас Д.Эод Ц э ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Д.Эод газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамж нь нэхэмжлэгч Ц э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулыг дархан цаазат газарт хамааруулж, хилийн заагийг тогтоосон нь хүчин төгөлдөр байгаа боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгохдоо давхардуулан газар ашиглуулж, эзэмшүүлсэн зөрчил маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар байгуулж ажилласан.

Энэ ажлын хүрээнд хилийн цэсийг хэтрүүлэн газар эзэмшүүлж, ашиглуулсан талаарх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул Ц э ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/145 дугаар албан бичгээр хариу өгсөн, өөрөөр хэлбэл, Ц э ХХК-ийн газар ашиглах эрх сунгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

          7.Нэхэмжлэгчээс Д.Эод газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурин судалгаа хийгээгүй бодит нөхцөлд тохироогүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, холбогдох нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргасан.

          Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02-04/7225 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжаар Д.Эод олгосон 3673 м.кв газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийсэн баримт авагдаагүй.” гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

          8.Нэхэмжлэгч Ц э ХХК-иас ашиглаж буй газартаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ерөнхий үнэлгээ, зураг төсөл, архитектор төлөвлөлтийн даалгавар, цахилгаан, дулааны шугам сүлжээний техникийн нөхцөлүүд, барилга барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрчим хүч, дулаан цэвэр бохирын шугам татсан, мөн тухайн байршил дээр авто машины төв замаас орц гарц гаргах зэрэг ажлыг хийж зардал гаргасан талаараа дурдсан бөгөөд эдгээр хохирлоо буруутай байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэх эрх нээлттэй.

            9.Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Ц э ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц э ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН