Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0438

 

“Ц э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М,

Нэхэмжлэгч: “Ц э” ХХК,

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2020/0734/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 21.2, 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц э” ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Б.Энхболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.“Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2/967 дугаар албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/532 дугаар албан бичиг, шүүхээс томилогдсон шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/120 дугаар дүгнэлтээр маргаан бүхий актаар иргэн Д.Эод олгосон газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд нийслэлийн газрын хил хязгаарын хүрээнд хамаарч байгаа тул хууль бус гэж үзэх боломжгүй гэж гол дүгнэлтээ хийсэн байдаг ба нэхэмжлэгчээс шийдвэрийн ҮНДЭСЛЭХ Хэсгийн 1, 2, 4, 7, 8-д дурдсан үндэслэлээр маргасан гэж анхан шатны шүүхээс тодорхойлсон байдаг.

Уг шүүхийн дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шууд үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ашиглах эрх олгох газар, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий газар гэдэг агуулгаар хууль зөрчсөн үйлдлийг нь хамгаалж энэ тохиолдолд үүссэн асуудлыг шийдвэрлэх нь илтэд үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан дараах хэд хэдэн баримтуудаар нотлогдоно.

2.2.Юун түрүүнд цаг хугацааны хувьд авч үзэхэд нэхэмжлэгч “Ц э” ХХК-ийн хувьд 2011 онд газар ашиглах эрх үүссэн, уг газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх үүднээс гэрээгээр нотлогдож байгаа 451,400,000, нийтдээ 953,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бусад этгээдийн хууль бус үйлдлээс газраа хамгаалах үүднээс хашаа барьж Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий Үнэлгээ, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-ийн ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслөө боловсруулж Архитектур төлөвлөлтийн даалгавар, УСУГ, УБЦТХК, МЦХХК, УБДДХК-аас техникийн нөхцөлүүдээ авч, эрчим хүч, дулаан, цэвэр бохирын шугамаа татсан, орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн, барилгын ажлаа төв замаас орц, эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгын суурийн газар шорооны ажлаа Нийслэлийн Засаг даргын харьяа болон бусад төрийн эрх бүхий байгууллагуудын дээрх зөвшөөрөлтэйгөөр хийсэн бөгөөд хууль зөрчсөн нэг ч үйлдэл үйл ажиллагаа байгаагүй.

2.3.Түүнчлэн уг компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай газрын төлбөрийн асуудлаар маргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган газар ашиглах эрх, хууль ёсны дагуу үүссэн тухай дүгнүүлж өөрсдийн гарсан нэхэмжлэлээ хангуулан шийдвэрлүүлж байсан үйл баримтыг нотлох бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтуудыг үнэлээгүй шийдвэрийн ҮНДЭСЛЭХ ХЭСГИЙН 8-д хохирлоо буруутай байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэх эрх нээлттэй гэсэн "хэнийг уг асуудалд буруутгасан нь тодорхой бус" дүгнэлт хийж зүгээр л орхисон.

2.4.Нэхэмжлэгчийн хувьд эдгээр баримтуудыг нотлох баримтаар өгсөн гол үндэслэл нь Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэж хөрөнгө оруулалт, цаг хугацаа, үйл ажиллагаануудыг хийсэн үүнд нэхэмжлэгчийг хохироох байдлаар анх газар ашиглах эрхтэй болсон 2011 оноос эхлэн 2020 оны хүртэл нийтдээ 9 жилийн хугацаанд хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эзэмшиж, ашиглаж байгаа газартай нь давхцал үүсээгүй хуулийн дагуу газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс сүүлд бий болсон үйл баримтыг үндэслэж хэрэгжүүлж эхлэх цаг хугацаа болоогүй илтэд бусдын ашиглаж байгаа газарт бусдад давуу байдал үүсгэх замаар газар эзэмших эрхийг бусдад давхцуулан олгосон нь үндэслэлгүй.

2.5.Нөгөө талаас нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэдгийг нотлох гол ач холбогдолтой байхад шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үнэлж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасантай холбогдуулан тайлбарлан хэрэглэх ёстой байсан боловч уг хуулийн заалтыг тайлбарлан хэрэглээгүй нь буруу болсон. Учир нь хуулийн заалтад гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмших хүсэлт гаргаж байгаа тохиолдолд тухайн газар нь бусад этгээдийн "...ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх" шаардлагыг хангасан байх урьдчилсан нөхцөл зөрчигдсөн, нэхэмжлэгчийн зүгээс маш олон жилийн хугацаанд ашиглаж хөрөнгө оруулалт хийн ашиглаж байгаа байдал маш тодорхой нотлогддог.

2.6.Анхан шатны шүүхийн зүгээс эдгээр үйл баримтыг анхаарч үзээгүй, Гэтэл төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Газар шинэтгэлийн үндэсний хорооны зүгээс дээрх асуудалд анхаарч шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл "газар ашиглах эрх үүсэж хөрөнгө оруулалт хийсэн, хилийн цэсийн маргаантай хэсэгт байгаа газар ашиглах эрхтэй этгээдүүдийн эрхийг хамгаалах, үүссэн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор дараах хэд хэдэн албан бичиг, шийдвэрүүдийг гаргасан байхад шүүхээс үнэлж дүгнээгүй.

Газар шинэтгэлийн үндэсний хорооны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэл, шийдвэр,

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/3433 дугаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2659 дүгээр албан бичиг,

Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх талд "Газрын шинэтгэлийн үндэсний хороо"-ны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн үр дүнг Газрын кадастрын улсын мэдээллийн нэгдсэн санд шинэчлэн оруулж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг даалгасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэгдсэн системд баталгаажуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна" гэж дурдсан хэсэг,

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2315 ... Богдхан уулын Дархан цаазат газрын хил заагийг тодруулж зурагласантай холбоотой үүссэн зөрчлийг шийдвэрлэх асуудал Газар шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанд танилцуулагдаж, шийдвэрлэгдээгүй байна” гэж дурдсан албан бичиг

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар "Ажлын хэсэг байгуулах тухай" тушаалаар олон жилийн хугацаанд үргэлжилсэн хилийн цэсийн маргааныг нэг мөр шийдвэрлэх, бодит байдал дээр бий болсон шинээр тодруулсан хил заагийн хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын давхардлыг арилгах, байршил өөрчлөх, хил заагт дамнан олгогдсон иргэн, хуулийн этгээдийн газрын маргаан, зөрчлийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг “Нийслэлийн Засаг дарга, ГХГЗГ, БОАЖЯ, Сангийн яам зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэй байгуулагдан асуудлыг шийдвэрлэхээр болсон байхад анхан шатны шүүхээс тус асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр дүгнэлт хийж байгаа нь буруу уг үйл баримт бол энэхүү хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байдлыг үүсгэсэн байхад эдгээр нотлох баримтуудыг анхааран үзэж шийдвэрээ гаргаагүй.

Эдгээр баримтууд нь гомдлын 1-т дурдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаар нотлохыг зорьсон үйл баримтыг өөр эх сурвалжаар давхар нотолж байгаа үйл баримт бөгөөд олон жилийн хугацаанд бий болсон маргаантай асуудлыг "өөр өөрсдийн газар олгох хилийн цэсийн хүрээнд шинээр газар олголтууд хийж маргалдсан талууд нь шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой гэж" шийдвэрлээгүй харин захиргааны байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж хэлэлцэн судлах замаар бий болсон асуудлыг шийдвэрлэхээр “нэгэнт ашиглах эрх үүсэж газраа ашиглаж олон жилийн хугацаанд төлбөр төлсөн, ажил хийж, хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуй нэгжүүдийн” эрхийг хамгаалах асуудлыг тохиролцсон байгаа үйл баримтыг уг тохиолдолд ямар ч хамааралгүй мэтээр орхигдуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32.3.5-д заасантай нийцээгүй.

2.7.Хариуцагчийн зүгээс нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагааг явуулаагүй, хээрийн болон суурийн судалгаа хийгээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бусдын ашиглаж байгаа газартай илтэд давхцаж байхад эдгээрийг зохицуулсан хуулийн заалтыг шүүх тайлбарлан хэрэглээгүй, Нийслэлийн Засаг даргын зүгээс "нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол"-ыг үл тоож гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснийг шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 7-д дурдан хэрэглэсэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтаар зөвтгөгдөхгүй нь нотлох баримтаар маш тодорхой нотлогддог тул анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

2.8.Газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ шүүхээс маргаж буй газрын байдлыг бодитоор үзлэг хийн баримтжуулах ажиллагааг энэ тохиолдолд хийгээгүй нь ийнхүү шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв:

1.Нэхэмжлэгч “Ц э” ХХК-аас “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий А/676 захирамжаар[1] гуравдагч этгээд Д.Э-оос газар шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний өмнө нь эзэмшиж байсан 500 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож, шинэ байршилд “үйлчилгээний зориулалт”-аар 3673 кв.м газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс “манай компанийн 2011 онд газар ашиглах эрх олж авсан газартай 9 жилийн дараа нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд газрын хэмжээ, байршлыг өөрчлөх нэрээр давхцуулан олгосон, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хээрийн болон суурин судалгааг хийгээгүй нь Газрын тухай хуулийг болон манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж, эрчим хүч, дулаан цэвэр, бохирын шугам татсан, машины төв замаас орц, гарцыг гаргасан, барилга барих үйл ажиллагааны зөвшөөрлүүд, зураг төсөл, дулааны шугам сүлжээний зэрэг холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан, газрын шорооны ажил хийгдсэн, хилийн заагийн маргааныг Ажлын хэсгээс шийдвэрлээгүй байхад гуравдагч этгээдэд газар олгосон нь үндэслэлгүй” гэж маргадаг.

4.Хариуцагчаас “УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор хил заагийг тогтоож өгчихөөд байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дур мэдэн газрыг хэтрүүлж газар ашиглах эрх  олгосон нь хуульд нийцээгүй, нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд газар ашиглах эрх олгосон, газар олгохдоо хээрийн судалгаа хийж, цэг хатгаж, зураг гаргасны үндсэн дээр хурлаар орж шийдвэрлэсэн” гэж маргажээ.

5.Гуравдагч этгээдээс “Байгаль орчны сайд өөрийн тусгай хамгаалалттай газарт газар олгох эрх хэмжээгээ хэтрүүлээд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд олгогддог газар нутаг руу давуулж газар олгосон, хүсэлт гаргах үед нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй байсан тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт А/676 захирамжаар олгогдсон газар хамааралгүй” гэж маргасан.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч компаниас 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар ашиглах хүсэлт[2] гаргасны дагуу  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 тушаалаар[3] Хан-Уул дүүргийн Арцатын аманд “аялал жуулчлалын” зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар 2011/158 дугаар гэрчилгээ[4] олгосныг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар сунгажээ.

7.Мөн нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн А/676 захирамж гарахаас өмнөх цаг хугацаанд ашиглалтын газар  дээрээ барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, эрчим хүч, дулаан, цэвэр, бохирын шугам татсан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас төв замаас /орох, гарах/ орц, гарцын зөвшөөрөл авсан, Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлүүлсэн, газрыг ашиглаж байсан гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас[5] тогтоогдож байна. 

8.Нэхэмжлэгч “Ц э” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг дарга,  Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд холбогдуулан “газрын төлбөртэй” холбоотойгоор нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 560 дугаар шийдвэрээр[6] нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт мөн тогтоогдов.

9.Маргаан бүхий А/676 захирамж гарсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар маргаан бүхий газрын байршил нь Богдхан уулын дархан цаазат газар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн хилийн цэсийн маргаантай хэсэгт багтаж байсан.

10.Мөн энэ цаг хугацаанд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Богдхан уул”-ын дархан цаазат газрын хилийн заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, маргаантай хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга нарын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад давхардуулан олгосон газар ашиглах, эзэмших, өмчлөх шийдвэрүүдийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, холбогдох арга хэмжээг авахаар эрх бүхий байгууллагууд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байжээ.

Харин уг асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд эрх бүхий этгээдээс газрын зөрчлийг арилгасан, өмнө нь олгогдсон газар ашиглах эрх олгосон шийдвэрийг цуцалсан шийдвэр гараагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[7] тогтоогдож байна.

11.Түүнчлэн маргаан бүхий А/676 захирамж гарсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч “Ц э” ХХК-д газар ашиглах эрх олгож, хугацааг сунгасан шийдвэрүүдийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

12.Нэхэмжлэгч газар ашиглах эрх авснаас хойш 9 жилийн дараа хариуцагчаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон бөгөөд нэхэмжлэгчийн ашиглалтын 19.964 м.кв газартай гуравдагч этгээдийн газар эзэмших эрх авсан 3472 м.кв газар нь давхцалтай гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр[8] тогтоогдов.

13.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “..., нийслэл, ...ийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, -...ийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т ..., зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”,

31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”,

32  дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ...нийслэл,...ийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.”,

41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.”,

Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заажээ.

14.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын  5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд:”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах”,

6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ. 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.1. Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх; 6.2.2. Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”,

 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсаны дараа ажлын файлд үр дүнг оруулна.” гэжээ.

15.Дээрх хууль, журамд зааснаар хариуцагчаас гуравдагч этгээд Д.Эын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, түүний хүсэлтэд дурдсан газар нь бусдын ашиглалтын газартай давхцалтай эсэхийг шалгаж, бусдын ашиглалт үүссэн газартай давхцалтай тохиолдолд энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгөхөөр байсан.

16.Мөн хариуцагч нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, газрын зөрчлийг арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээдийн хувьд 9 жилийн өмнө бусдад ашиглалт үүссэн нөхцөл байдлыг судлан тогтоож, уг газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ашиглалтын эрх олгох хил заагт хамаарахгүй тохиолдолд өмнөх үүссэн ашиглалтын эрхийг газар эзэмших эрх олгосон төрийн байгууллагад болон газар ашиглагчид мэдэгдэх,  зөрчлийг арилгах чиглэлээр арга хэмжээ авахаар байна.

Тодруулбал, өмнөх газар ашиглах эрх хуулийн дагуу дуусгавар болж, уг газрыг хуульд заасан журмын дагуу бүрэн чөлөөлсний эцэст нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газарт бусдад газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах эрхтэй болохыг хуульд тодорхой зохицуулжээ.

17.Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компаниас 2011 онд газар ашиглах эрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас авч, мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагууд болох Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон бусад этгээдээс барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, эрчим хүч, дулаан, цэвэр, бохирын шугам татсан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас төв замаас /орох, гарах/ орц, гарцын зөвшөөрөл авсан, сансрын зургаар тухайн газарт ашиглалт үүссэн бодит нөхцөл байдлуудыг шалган тогтоогоогүй, хээрийн судалгааг хийгээгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хуульд заасан журмын дагуу дуусгавар болоогүй байхад бусдын ашиглалтын газарт гуравдагч этгээд Д.Э-д газар эзэмших олгосон үйлдэл нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна.

18.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар олголт, газар зохион байгуулалтыг хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд давхардуулан олгосноор газрын хууль тогтоомжийн зөрчил гаргасныг шүүхээс зөвтгөх үндэслэлгүй байх тул маргаан бүхий А/676 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.

19.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компанийн газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, бодитойгоор газар ашиглалтыг хэрэгжүүлж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад “...А/676 захирамж нь нэхэмжлэгч “Ц э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ц э” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/676 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 68-69, 2-р хавтас 156-168 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 147 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 175, 177 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 17,18 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 27-35, 45, 200-204, 3-р хавтас 94-96 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 36-42 дахь тал

[7] Хэргийн 2-р хавтас 52, 54, 113, 120, 151, 222, 223, 3-р хавтас 32 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтас 111-115 дахь тал