Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01095

 

МБШТГХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/02763 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2205 дугаар магадлалтай,

МБШТГХ-ийн нэхэмжлэлтэй,

З.С-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батбаяр, хариуцагч З.С, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч МБШТГХ нь хариуцагч З.Сид холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/02763 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч З.Сид холбогдох, Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан хэлбэрээр залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч МБШТГХийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2205 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/02763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МБШТГХ нь хариуцагч З.Сид холбогдуулан гаргасан Дилав хутагтын барьж байсан хөөргийг Тэргүүн Их хамба Д.Чойжамц зургаан өрөө байраар сольж ашигласан гэх, мөн Тэргүүн хамба Д.Чойжамц өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн гэж ярилцлага өгсөн гэх мэдээлэлд ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийлгэх тухай шаардлагаас татгалзсаныг баталсугай” гэж, “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МБШТГХийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Том билэгдэлгүй зүйл бол Модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэх мэдээллийг уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч З.Сид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч З.Соос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МБШТГХэд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 3.Сийн өмгөөлөгч миний бие нь шуудангаас 2020.11.30-нд мэдэгдсэний дагуу 2020.12.01-нд магадлалыг гардан авсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 2205 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь заалтын дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Магадлалд “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МБШТГХийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Том билэгдэлгүй зүйл бол модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн, Хэзээ ч бурханы мэлмийг модон хохимой өдөр нээдэггүй, харанхуй шөнө, хамгийн бэлгэдэл муутай нь тас харанхуй шөнө, модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал монголд байхгүй, монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэх мэдээллийг, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч 3.Сид даалгаж” шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь:

4.1.1. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар мэлмийг нээсэн өдөр нь бурхан багшийн дүйцэн өдөр буюу 2019.05.18-ны өдөр байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд эдгээр үйл баримт тогтоогдоогүй, эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, үнэлэх боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

4.1.2. Магадлалд гэрч А.Ганбилэг, Б.Сэрээтэрбат нарын мэдүүлгээр 2019.05.18-нд бурхан багшийн мэлмийг нээсэн нь нотлогдсон гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар 2019.05.18-ны өдөр буюу шинийн 15-нд мэлмийг нээсэн гэх байдлыг үгүйсгэсэн нотлох баримтуудыг яагаад үнэлээгүй, тэдгээрийг няцаасан байдлаа шийдвэртээ дурдаагүй орхигдуулсан.

4.1.3. Нэхэмжлэгчийн 2019.05.18-нд бурхан багшийн мэлмийг нээсэн гэдгийг үгүйсгэж няцааж байгаа баримтууд нь: Хариуцагч 3.Соос өөрөө бичсэн гэх бичлэг бүхий цагаан өнгийн CD-д 2020.01.13-ны өдөр үзлэг хийхэд “Бичлэгт харагдаж буй малгайтай хүнээс хэдэн бэ? гэхэд 6 сарын 8-ны өдөр гэв. Чамайг хэн гэдэг вэ? гэхэд Түвшин гэж хариулав. Бичлэг хийж байгаа хүн өнөөдөр бурхан багшийнхаа мэлмийг нээсэн гэхэд нөгөөх нь дуугарсангүй” гэсэн баримт /и/х-83тал/ Бурхан багшийн их дүйцэн өдрийн баярын хөтөлбөрт “Бурхан багшийн мэлмийг нээх талаар дурдаагүй” байгаа баримт /и/х-115тал/ Дахин үзлэг хийсэн 2020.05.28-ны өдрийн тэмдэглэлд “Саравчтай малгайтай сахалтай эрэгтэй хүнээс өнөөдөр хэдэн билээ гэж асуухад 6 сарын 8-ны өдөр гэж хариулав. Бурхан багшийнхаа мэлмийг нээчихлээ тэ гэхэд саравчтай малгайтай эрэгтэй хүн хариулсангүй /Үзлэгийн үед хариуцагч толгой дохисон гэв/. Энийг бас хийсэн үү? Өнөөдөр та нар гэхэд саравчтай малгайтай эрэгтэй хүн бүгдийг нь хийсэн. Чамайг хэн гэдэг вэ гэхэд саравчтай малгайтай сахалтай хүн Түвшин гэв. Гялгар уутаар бүтээсэн шармал өнгийн бурхан харагдаж байна. Нэг хүний сүүмэлзсэн дүрс харагдаж байна. Сэрээтэр гэж нэг хүнийг дуудав. Улаан хүрэн подволктой цагаан саравчтай малгайтай хүн Г хэлбэртэй зүйл барьж гарч ирж гялгар уутыг нь хумьж хаав. Хэн билээ гэхэд улаан хүрэн подволктой хүн Энхтөр гэв. Энхтөр бас бурханч уу гэхэд улаан хүрэн подволктой цагаан малгайтай хүн аан тийн гэв. Өнөөдөр чинь хэдэн бэ 06 сарын? гэхэд улаан хүрэн подволктой цагаан малгайтай хүн найман гэв” гэх баримт /и/х-183тал/ М.Батаа 2020.01.03-нд гэрчээр “Бурхан бүтээх туршлагатай урчуудаас бүрдсэн багаар дийлэнх ажлыг хийлгэсэн” гэх баримт /и/х-80 тал/. Гэрч А.Ганбилэгийн “Г хийдийн Ариунжаргалд үүрэг өгсний дагуу зуны тэргүүн сарын 15-нд өглөөний 4 цагт Идгаа чойжин дацанд сожин /Сахил санваар/ аваад таван цагийн үед мэлмийг нээх үйл ажиллагаа эхэлсэн” гэдэг. Гэтэл бурханы мэлмийг Батцагаан дуганд нээсэн байдаг ба 2 дуган хоорондоо хол зайтай байрладаг байна. /и/х-46 тал/ Гар утсанд үзлэг хийсэн 2020.01.29-ний өдрийн тэмдэглэлд “Утсан дээр 2019.05.19 гэж тэмдэглэсэн 4 цаг 03 минут гэсэн” баримт /и/х-112 тал/-аар шинийн 15 биш 16-нд нээсэн гэх байдал тогтоогддог. Хэрэгт хавсарсан зурхайч Л.Тэрбишийн Монгол зурхайн цаг тооны бичгийн 39 дэх хуудсанд 2019.06.08 модон хохимой өдөр гэж тэмдэглэгджээ. Б.Сэрээтэрбат гэрчээр “Бурханы мэлмийг Цэрэнбилэг нээсэн, 2019.06.08-ны өдөр би лагшингийн алт шүршиж байгаад нүд рүү нь оруулчихсан, тэрийгээ арчаад сууж байсан” гэж мэдүүлдгээс 2019.05.18-нд бүх зүйл дууссаны эцэст бурханы мэлмийг нээдэг жаяг ёсыг үйлдсэнээс хойш бүтэн 20 хоногийн дараа лагшингийн алт шүрших боломжгүй байтал гэрч илт худал мэдүүлэг өгсөн нь тогтоогддог. Мөн 2020.07.05-ны өдөр өмгөөлөгч миний бие хариуцагч 3.Сийн 99250553 дугаарын утсаар гэрч Б.Сэрээтэрбатын 88066175 дугаартай утас руу залган холбогдоход Б.Сэрээтэрбат бурхан багшийн мэлмийг би өөрөө нээсэн гэсэн CD-д үзлэг хийсэн 2020.05.28-ны өдрийн тэмдэглэлд Сэрээтэр гэж 2019.06.08-ны өдрийн бичлэгт дуудагдсан хүн болох нь нотлогддог юм. /и/х-183 тал/

4.1.4. Дээр дурдагдсан баримтуудаар бурхан багшийн мэлмийг 2019.05.18, 2019.05.19, 2019.06.08-ны өдрүүдэд нээсэн, Идгаа чойжин татсанд, Батцагаан дацанд нээсэн, бурханч лам Б.Сэрээтэр, Гандан хийдийн нярав А. Ганбилэг, Цэрэнбилэг нар нээсэн мэт баримтууд авагдсан байгаагаас нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байгаа нь нотлогдож тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үнэн бодитой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

4.2. 3.Сийн 2019.09.10-ны өдөр ТМ телевизийн Контроль комментатор нэвтрүүлэгт оролцохдоо “Бурханы мэлмийг модон хохимой өдөр, шөнийн цагаар нээсэн” гэх өгүүлбэр нь Г хийдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, шашинд итгэх итгэл, Г хийдэд хандах сүсэгтэн олны үнэлэмжийг хэрхэн бууруулсан талаар иргэний хэрэгт авагдсан ямар нэгэн баримт байдаггүй. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан хохирсон гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тогтоогдохгүй, үндэслэлгүй байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.30-ны 2205 дугаартай магадлалыг хүчингүй болгож Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.14-ний өдрийн 184/ШШ2020/02763 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Монголын шашинтны төв Г хийд нь хариуцагч З.Сид холбогдуулан, Зууны мэдээ сонины 2019.10.24-ний өдрийн №211 дугаар болон 2019.09.11-ний өдөр ТМ телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо 1/. ОХУ-ын Буддын шашны хамба лам Дамба Бадмаевич Аюшеев ирсэн. Хамба лам хурал дээр ирэхдээ их л шүүмжлэлтэй хандаж дэндүү бэлтгэл муу байна. Д.Чойжамц хамба гуай та эсвэл удирдлага нь бүгдээрээ огцор. 30 жил хуралдаагүй гэж ширээ цохиж хурлыг орхиод нисэж явсан гэж, 2/. Батцагаан дуганы гол шүтээн нь Бурхан багш Энэтхэгийн Ерөнхий сайд Хамба лам нь бэлэглэсэн. Гэтэл уг бурхан багш нь хар төмрөөр хийсэн. Хар төмрөөр хутга, жад, хүйтэн мэс зэргийг хийдэг. Ямар ч билэгдэлгүй. Хэзээ ч монголчууд шүтээнээ хар төмрөөр хийх уламжлал байхгүй. Тэр бол маш том доромжлол болно. Монгол улсыг модоо бариарай гэсэн шиг тэр төмөрт Монголын ард түмэн, төрийн гурван өндөрлөгийг мөргүүлж болохгүй гэж, 3/. Том билэгдэлгүй зүйл бол модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна гэж, 4/. Дилав хутагтын барьж байсан хөөргийг АНУ-д амьдарч байсан лам Жамбалдорж тэргүүн Их хамба Д.Чойжамцад шашны үйл хэрэгт зориулаарай гэж өгснийг “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатад зургаан өрөө байраар сольсон, тэр байрандаа амьдарч Дилав хутагтын хөөргийг амин хувьдаа ашигласан гэж, 5/. Д.Чойжамц хамба өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн гэж ярилцлага өгөх замаар сөрөг мэдээллийг олон нийтэд тарааж, тус хийдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, тараасан хэлбэрээр залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч З.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...би мэдээллийг баримтад тулгуурлан ярьсан, ...Г хийдийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, миний “Контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо өгсөн ярилцлагын улмаас тус хийдийн үйл ажиллагаанд ямар нэгэн гэм хор учраагүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Тус хийдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо илэрхийлсэн өчнөөн мэдээ, мэдээлэл гарч байдаг, нэхэмжлэгч нь энэ бүхнийг анхааран үзэж, үйл ажиллагаагаа улам сайжруулахын оронд хийдийн ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдлаа гэж үзэж байгаа нь туйлын харамсалтай. ...Би нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд бодит байдалд тулгуурлан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, түүнээс биш Г хийдээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулж, худал зүйл ярьж, ажил хэргийн нэр хүндэд нь халдаагүй... гэсэн тайлбар гаргасан байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч З.Сид холбогдох, Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан хэлбэрээр залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МБШТГХ нь хариуцагч З.Сид холбогдуулан гаргасан Дилав хутагтын барьж байсан хөөргийг тэргүүн Их хамба Д.Чойжамц зургаан өрөө байраар сольж ашигласан гэх, мөн Тэргүүн хамба Д.Чойжамц өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн гэж ярилцлага өгсөн гэх мэдээлэлд ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийлгэх тухай шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МБШТГХийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Том билэгдэлгүй зүйл бол Модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр бурхны мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин маш их харамсаж байна” гэх мэдээллийг уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч З.Сид даалгаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулсан байна.  

Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...магадлалыг зөвшөөрөхгүй. ...хэрэгт Бурхан багшийн мэлмийг 2019.05.18, 2019.05.19, 2019.06.08-ны өдрүүдэд нээсэн, Идгаа чойжин дацанд, Батцагаан дацанд нээсэн, бурханч лам Б.Сэрээтэр, Гандан хийдийн нярав А.Ганбилэг, Цэрэнбилэг нар нээсэн баримтууд авагдсан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...2019.09.10-ны өдөр ТМ телевизийн “Контроль комментатор" нэвтрүүлэгт оролцохдоо “Бурханы мэлмийг модон хохимой өдөр, шөнийн цагаар нээсэн” гэх өгүүлбэр нь Г хийдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, шашинд итгэх итгэл, хийдэд хандах сүсэгтэн олны үнэлэмжийг хэрхэн бууруулсан талаар ямар нэгэн баримт байдаггүй. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан хохирсон гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ... Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй гэж заасан бол Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21 дүгээр зүйлийн 21.9-д “Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана” гэж тус тус заасан.

Хариуцагч З.С нь ТМ телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо “Том билэгдэлгүй зүйл бол Модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэх мэдээллийг олон нийтэд тараасан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигчийн тайлбар, гэрч Б.Сэрээтэрбат, А.Ганбилэг нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтаар нэхэмжлэгч Монголын шашинтны төв Г хийд нь Бурхан багшийн мэлмийг 2019.05.18-ны өдөр буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр нээсэн болох нь тогтоогдсон, харин хариуцагч З.С нь ...Г хийд Бурхан багшийн мэлмийг харанхуй шөнө, модон хохимой өдөр нээсэн талаар нийтэд мэдээлсэн боловч уг үйл баримтыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

10. Иймд, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Том билэгдэлгүй зүйл бол Модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэх мэдээллийг уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч З.Сид даалгаж шийдвэрлэн, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-д заасанд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2205 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                  П.ЗОЛЗАЯА

      Б.МӨНХТУЯА