Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2205

 

 

М х-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/02763 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М х-ийн  хариуцагч З.С-д холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Хариуцагч: З.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.С нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ТМ телевизийн Контрол комментатор нэвтрүүлгийн 60 минутын бичлэгт М х-ийн талаар илтэд худал мэдээлэл бодит үнэнд нийцэхгүй, баримтгүйгээр шашны байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан. Тус нэвтрүүлэгт ярихдаа 14 минут 10 секундээс ...Ч  хамба гуай та эсхүл удирдлага нь бүгдээрээ огцор, 30 жил хуралдаагүй гэж ширээ цохиж хурлыг орхиод нисэж явсан гэж илтэд худал мэдээлэл таарааж, 15 минут 24 секундээс эхлэн Батцагаан дуганы хамгийн гол шүтээн Бурхан багшийг Энэтхэгийн Ерөнхий сайд Хамба лам нь бэлэглэсэн. Гэтэл уг бурхан багш нь хар төмрөөр хийсэн. Хар төмрөөр хутга, жад, хүйтэн мэс зэргийг хийдэг. Ямар ч бэлэгдэлгүй, ... Монгол улсыг модоо бариарай гэсэн шиг тэр төмөрт Монголын ард түмэн, төрийн гурван өндөрлөгийг мөргүүлж болохгүй гэж хэлсэн. Бурхан бүтээж өргөхдөө Монгол түмнийг доромжилсон зүйл огт байхгүй бурхан багш, Богд зонхова нарыг бүтээхдээ ...БНЭУ-ийн Ерөнхий сайд гуулиар хийж өгсөн. 15 минутаас 19 минутын хооронд хариуцагч З.С нь үргэлж ирсэн бурхныг салгаад хэсэг хэсэг болгож гагнуураар салгаж дуганд оруулаад бүгдийг нь гагнасан гэж, ... М х-ийн зүгээс дээрх бурхан багш нарын дүрийг тайрсан зүйл байхгүй Энэтхэг улсаас ирсэн бүтнээр нь залсан болно. Мөн модон хохимой өдөр мэлмийг нь нээсэн. Хэзээ ч бурхны мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Энэ сөрөг худал ташаа мэдээллээс улбаалан буддын шашин, түүнийг тэргүүлэн авч яваа шашны байгууллагын нэр хүндийг гутаасан мэдээ тарааснаар шашинд итгэх итгэлийг үгүй хийж байна. Бурхан багшийн мэлмийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн арван тавны Бурхан багшийн их дүйчин өдөр нээсэн. Бурхан багшийн мэлмий нээнэ гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал бурхан багшийн нүдийг будахыг ойлгодог юм. Бичлэгийн 40 минут 55 секундээс 41 минут 55 секундэд Дилав хутагт гуай Монголоос гарахдаа Ч  хамбад итгээд миний энэ хөөргийг Монголдоо өгөөрэй гээд явуулсан. ... Дилав хутагтын хөөрөг Эрдэнэбатад байна. Тус хөөргийг бусдад 2002 оны 02 дүгээр сарын 28-ны өдөр 3 сая төгрөгөөр худалдаж мөнгийг нь Өмнөговь аймгийн Маанийн хийдийн шинэ дуганы бүтээн байгуулалтад зориулан шилжүүлсэн. Дээрх хөөрөг нь хамба ламд хамааралгүй байхад илтэд худал ташаа мэдээллийг бусдад тараасаар ирлээ. Бичлэгийн 44 минут 10 секундээс 44 минут 28 секундэд Хамба номуун хан гэдэг өргөмжлөлийг ... ямар эрх мэдэл, эрх вэ гэхээр аль нэг богдыг тодруулах эрхийг олж авч байгаа юм гэжээ. ... Монголын шашинтны төв Гандантэгчэнлин хийд шашны байгууллагын тэргүүний хэргэм нь ИХ хамба, Гавж гэж өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. Монголын бурхан шашинтны төв байгууллагын зүгээс Их хамба лам, гавж Д.Ч  хамба ламд Хамба номуун хаан гэдэг хэргэмийг хүртээсэн зүйл байхгүй. Иймд үндэслэлгүйгээр байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдаж гаргаагүй шийдвэрийг гаргасан, олгоогүй хэргэмийг олгосон мэтээр ярьж илтэд худал ташаа мэдээлэл тараасан гэж үзэж байна. Одоо байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэрээр залруулга хийхийг хариуцагч З.С-д даалгуулах шаардлага гаргаснаас шүүх хуралдааны шатанд Дилав хутагтын барьж байсан хөөргийг Тэргүүн Их хамба Д.Ч  зургаан өрөө байраар сольж ашигласан гэх, Мөн Тэргүүн хамба Д.Ч  өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн гэж ярилцлага өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 3 шаардлагыг дэмжиж байна.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын бурханы шашны тэргүүн Д уг хурлын ажиллагааг дуусгаагүй нутаг буцсан. Батцагаан дуганд зөөвөрлөж оруулах үед нь би өөрийн биеэр дэргэд нь хараад зогсож байсан учраас үзсэн харсанаа үнэн бодит байдлыг ярьсан болно. Бурхан багшийн мэлмийг 2019 оны 5 дүгээр сарын 18-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдөр нээгээгүй учраас би энэ талаар баримтад тулгуурлан ярьсан. Монголын нэр алдартай хутагт хүний хөөргийг Д.Ч  хамба бэл бэнчин харж бизнесмен хүнд бэлэглэж өвлүүлсэнд хувь хүнийхээ хувьд одоо хүртэл харамсаж явдаг. Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн хэд хэдэн удаагийн ярилцлагадаа ... Дилав хутагтын хөөргийг Д.Ч  хамбыг Монгол улсын соёлын өвд тооцуулах ёстой хосгүй үнэт эдлэлийг бэлэг сэлт, арилжааны хэлбэрт оруулан захиран зарцуулсныг илтгэж байна гэж үзэж өөрийн байр суурыг илэрхийлсэн билээ. Гандантэгчэнлин хийдийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, миний контрол комментатор нэвтрүүлэгт оролцохдоо өгсөн ярилцлагын улмаас тус хийдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ямар нэгэн гэм хор учраагүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Үнэн зөвийг бодит байдалд тулгуурлан би нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Түүнээс биш Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг мушгин гуйвуулж, худал зүйл ярьж ажил хэргийн нэр хүндэд халдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно, ... ажил хэргийн нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл ямар хэмжээнд тарсан, хэдэн хүн үзсэн, хэн хохирсон, ямар хэмжээний хохирол хүлээсэн зэргийг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчээс зөвшөөрөл авч байж мэдүүлэг өгнө гэдэг бол үнэн мэдүүлсэн гэж үзэх боломжгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул хийдийн нэр төрийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.С-д холбогдох, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан хэлбэрээр залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М х-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Иргэн З.С нь ТМ телевизийн Контрол комментатор нэвтрүүлэгт оролцож, Гандантэгчэнлин хийдийн үйл хэрэг, зохион байгуулсан хурал зөвлөгөөн, тус хийдэд төрөөс барьж өгсөн Батцагаан дуганы бурхан шүтээний талаар илтэд худал зүйлийг ярьж хийдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, сүсэгтэн олон түмэнд буруу ойлголт төрүүлсэн билээ. Нотлох баримтыг дутуу үнэлсэн. Үүнд: З.С 2019 оны 9 дүгээр  сарын 10-ны өдөр ТМ телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын 15 минут 19 секундээс Энэтхэгээс ирсэн бурхан багшийг хар төмрөөр хийсэн, Гэхдээ арай л хар төмрөөр хийнэ гэдэг ёсонд билэгдэл муутай, Хэзээ ч монголчууд шүтээнээ хар төмрөөр хийх уламжлал байхгүй тэр бол маш том доромжлол, буцааж өгөх ёстой. Мөн бичлэгийн 31 минут 07 секунд-31 минут 30 секунд хооронд Далай ламын өгсөн Богд зонхова бас хар төмрөөр хийсэн гэж маш тодорхой яригдсэн байхад хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зууны мэдээ сонины №211 дугаарт хэвлэгдсэн, мөн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ТМ телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлгийг эвлүүлсэн мэтээр шүүхэд мэдүүлсэн байдаг. Мөн шүүх Бурхан багшийн суурийг нь хар төмрөөр хийсэн тухай ярьсан гэж дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй байна. Учир нь З.С бурхан багшийг бүхлээр нь хар төмрөөр хийсэн бас Богд зонховаг хар төмрөөр хийсэн гэж нэвтрүүлэгт орохдоо ярьсан байдаг. ОХУ-ын буддын шашны тэргүүн хамба лам НД ын талархлын бичиг, гэрч М.Батаа, А.Ганбилэг нарын бурхан багшийг гуулиар хийсэн, зуны эхэн сарын шинийн 15-ны Бурхан багшийн их Дүйчин өдрөөр мэлмийг нь нээсэн, Богд Зонховаг хүрлээр хийсэн гэх мэдүүлэг нь 2019 оны 5 дүгаар сарын 19-ны өдөр мэлмийг нь нээсэн байдалтай байгааг нотолсон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургаар давхар нотлогддог. Энэ нь З.Санждоржийн 2019 оны 6 дугаар сарын 08-ны модон хохимой өдөр бурхан багшийн мэлмийг нь нээсэн гэж ярьсныг хангалттай үгүйсгэж байна. Бурхан багш суудал, сэнтий, жавил, лагшин гэх мэтээр салангад ирснийг М х-ийн Батцагаан дуганд тус хийдийн лам ажилтнууд өөрсдөө байрлуулж, мэлмийг нь нээж залсан тухай фото зураг нотлох баримтаар ирүүлсэн, мөн тухай үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай мэдээлсэн тул нийтэд илэрхий болсон үйл баримт гэж үзэх үндэслэлтэй. ТМ телевизийг хэдэн хүн үзсэн талаар нэхэмжлэгч талын зүгээс тодорхойлох ямар ч боломж байхгүй билээ. Гэтэл шүүх ямар хүрээнд тараасныг баримтаар нотлоогүй гэсэн хэтэрхий нэг талыг барьсан үйл явдал гэж үзэж байна. Мөн хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн уг ажил хэргийн нэр хүндийг гутаасан буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагчийн гэм буруу, гэм хорын хооронд шалтгаант холбоогүй байна гэжээ. З.С ийнхүү худал мэдээлэл тарааснаар олон нийт, сүсэгтэн олны өмнө Гандантэгчэнлин хийд шашны ёс жаягаа дагадаггүй, олон түмнийг хуурдаг, бурхан шүтээн нь хар төмөр юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байгаа нь учирч байгаа гэм хор юм. Өөрөөр хэлбэл сүм хийд нь сүсэгтэн олны сүсэг бишрэлийн үндсэн дээр оршин тогтнодог бөгөөд сүсэгтэн олны сүсэг бишрэл буурснаар оршин тогтнох боломжгүй болно. Хариуцагч нь нэхэмжлэгч М х-ийн нэрийг дурдан ярилцлага өгсөн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан зүйлийнхээ үнэн зөвийг нягтлан шалгах үүрэг нь хариуцагчид байгаа ба хэн нэгэн этгээдийн тухай ярьж байгаа бол тухайн зүйлээ үнэн бодит эсэхийг мэдээгүй, нягтлан шалгаагүйгээс нөгөө талд ямар хор хохирол учирч болох талаар мэдэх ёстой мэдэх боломж З.С-д байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М х-ийн ажил хэргийн нэр үндийг сэргээж, гаргасан видео хэлбэрээр залруулга хийлгэхийг З.С-д даалгаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Монголын шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь хариуцагч З.С-д холбогдуулан “Зууны мэдээ” сонины 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №211 дугаар болон 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ТМ телевизийн “Контрол комментатор” нэвтрүүлэгт оролцохдоо 1/. “ОХУ-ын Буддын шашны хамба лам Д ирсэн. Хамба лам хурал дээр ирэхдээ их л шүүмжлэлтэй хандаж дэндүү бэлтгэл муу байна. Удирдлагын сонголт Д.Ч  хамба гуай та эсвэл удирдлага нь бүгдээрээ огцор. 30 жил хуралдаагүй ширээ цохиж хурлыг орхиод нисэж явсан” гэж, 2/. “Батцагаан дуганы гол шүтээн нь Бурхан багш Энэтхэгийн Ерөнхий сайд Хамба лам нь бэлэглэсэн. Гэтэл уг бурхан багш нь хар төмрөөр хийсэн. Хар төмрөөр хутга, жад, хүйтэн мэс зэргийг хийдэг. Ямар ч билэгдэлгүй. Хэзээ ч Монголчууд шүтээнээ хар төмрөөр хийх уламжлал байхгүй. Тэр бол маш том доромжлол болно. Тэрийг нь буцаах л ёстой. Тэрийг нь бүтэн төмрөөр хийчихэж болно доо. Гэтэл хэд хэд хуваагаад таллаад гагначихсан байх жишээтэй. Тэрийг нь энд монголчууд гагнаад шүрүүпдээд байрлуулж болохгүй. Тэгээд бурхандаа Монгол улсыг модоо бариарай гэсэн шиг тэр төмөрт Монголын ард түмэн, төрийн гурван өндөрлөгийг мөргүүлж болохгүй” гэж, 3/. “Том билэгдэлгүй зүйл бол модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нь нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэж, 4/. “Дилав хутагтын барьж байсан хөөргийг АНУ-д амьдарч байсан лам Жамбалдорж Тэргүүн Их хамба Д.Ч ад шашны үйл хэрэгт зориулаарай гэж өгснийг “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатад зургаан өрөө байраар сольсон тэр байрандаа амьдарч Дилав хутагтын хөөргийг амин хувьдаа ашигласан гэж, 5/. Хамба Номун хаан гэдэг өргөмжлөлийг бүр хөдөө орон нутагт 4 жил хуралдаад хамба лам чинь сайн ажилласан бол юу гэж дээ, Оросын ерөнхийлөгч биш дээ. 4 жил болоод тэргүүнээ сонгох ёстой биз дээ. Тэр дүрмийг уландаа гишгээд хязгааргүй эрхтэй хаан болоод тэрийгээ улам бүр баталгаажуулах зорилгоор өөрийгөө Хамба Номун хаан гэдгээр өргөмжлөөд дахиад ямар эрх мэдэл вэ гэхээр аль нэг Богдыг тодруулах эрхийг олж авч байгаа” гэж, “Д.Ч  хамба өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн” гэж ярилцлага өгөх замаар сөрөг мэдээллийг олон нийтэд тарааж тус хийдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, тараасан хэлбэрээр залруулга хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч З.С эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батбаяр нь  “Дилав хутагтын барьж байсан хөөргийг АНУ-д амьдарч байсан лам Жамбалдорж Тэргүүн Их хамба Д.Ч ад шашны үйл хэрэгт зориулаарай гэж өгснийг “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатад зургаан өрөө байраар сольсон тэр байрандаа амьдарч Дилав хутагтын хөөргийг амин хувьдаа ашигласан” гэх, мөн “Д.Ч  хамба өөрийгөө Хамба Номун хаанаар өргөмжилсөн” гэх нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Д.Ч ад хамаатуулсан тул уг шаардлагаас татгалзсан хэмжээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “... Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэгт “энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд заасан аливаа этгээд бусдын талаар мэдээлэл тарааж байгаа бол тухайн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээхээр зохицуулагджээ. Хариуцагч З.С нь “ТМ” телевизийн “Контрол коммениатор” нэвтрүүлэгт оролцохдоо “Том билэгдэлгүй зүйл бол Модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд харанхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэх мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хэргийн 50-52 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг.

 

Хариуцагч З.С нь нэхэмжлэгч М х-ийн үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодлоо илэрхийлэн шүүмжилж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, буруу ташаа агуулгатай байх ёсгүй.

 

Нэхэмжлэгч байгууллага Бурхан багшийн мэлмийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу Бурхан багшийн дүйчэн өдөр нээсэн гэх байдлаа нотолж А.Ганбилэгийг гэрчээр асуулгасан бөгөөд уг гэрчээс шүүгч “Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гандантэгчэнлин хийдэд өгсөн бурханы мэлмийг та нээсэн үү” гэж асуухад “Гандантэгчэнлин хийдийн н.Ариунжаргал үүрэг өгсний дагуу зуны тэргүүн сарын шинийн 15-нд өглөөний 4 цаг 00 минутад Идгаа чойжин дацанд сожин аваад 5 цаг 00 минутын үед мэлмийг нээх үйл ажиллагаа болсон” гэж, “энэ өдөр нь ямар өдөр вэ” гэж асуухад “аргын тооллоор 5 дугаар сарын 18, билгийн тооллоор зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр байсан” гэж, “аргын тооллын шинийн 15-ны өдөр ямар өдөр вэ” гэж асуухад, “Бурхан багшийн их дүйчэн өдөр. Гандантэгчэнлин хийдээс энэ өдөр эхлүүлье гэж үүрэг өгсөн тэгээд эхлүүлсэн” гэж, “энэ өдөр модон хохимой өдөр таарсан уу” гэж асуухад “Бурхан багшийн мэндэлсэн өдөр болохоор уг өдрийг сонгосон байгаа. Календарь харахад тэр өдөр муу өдөр буюу модон хохимой өдөр гэж харагдаагүй” гэж мэдүүлэг өгчээ./хх-46-48/

 

Хариуцагч нь бурхан багшийн мэлмийг харанхуй шөнө модон хохимой өдөр нээсэн, би өөрөө харж байсан гэх байдлаа нотлохоор гэрчийн мэдүүлэг Б.Сэрээтэрбатаас авахуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн тавьсан “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр та тэнд өөрийн биеэр Бурхан багшийн мэлмийг будаж байсан бичлэг байна энэ ямар учиртай вэ” гэж асуухад гэрч Б.Сэрээтэрбат “би лагшингийн алт шүршиж байгаад нүд рүү оруулчихсан тэрийгээ арчаад сууж байсан” гэж мэдүүлжээ.

 

Дээрх гэрч нарын хэн алинд шүүхээс худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуулийн дагуу хүлээх хариуцлагын талаар хууль сануулсан. /хх-/ 45, 49/ Иймд эдгээр гэрчүүдийн мэдүүлэг маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотолгооны хэрэгсэлд хамаарна. Гэрч Б.Сэрээтэрбат нь бурхан багшийн мэлмийг өөрөө нээгээгүй талаар харин гэрч А.Ганбилэг нь “бурхан багшийн мэлмийг нээсэн, тэрээр бурхан багшийн мэлмийг нээсэн өдөр нь модон хохимой өдөр биш, өөр өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байсан” гэх зэргээр мэдүүлсэн байна.

 

Хэргийн 183-184 дүгээр талд хариуцагч З.Санждоржийн хүсэлтээр түүний хийсэн Си Ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Уг тэмдэглэлээс үзвэл Бурхан багшийн мэлмийг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр буюу модон хохимой өдөр нээсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүй нотлохгүй байна. Бичлэгээр уг өдөр дээрх шашны зан үйлийг хийж байгаа гэх нөхцөл байдлыг буулгасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, тодорхой биш байна.

 

Хариуцагч З.С нь “нэхэмжлэгч Гандантэгчэнлин хийдийг нэр дурдаж яриагүй, Батцагаан дуган тус хийдийн бүртгэлд байдаггүй” гэж тайлбарласан боловч түүний дээрх нэвтрүүлэгт өгсөн ярилцлага, Батцагаан дуганд залагдсан бурханы мэлмийг модон хохимой өдөр нээсэн гэсэн мэдээллийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь дээрх нэвтрүүлгийн ярилцлагад М х-ийн  хашаан дотор Батцагаан дуган байрлалтай, уг дуганд залагдсан бурхантай холбоотой мэдээлэл тул Гандантэгчэнлин хийдэд хамааралгүй гэж үзэхгүй.

 

Хариуцагч З.С нь бурхан багшийн мэлмийг харанхуй шөнө, модон хохимой өдөр нээсэн талаар нийтэд мэдээлэхдээ уг үйл баримтыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч М х-ийн  ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч З.С-д уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М х-ийн Батцагаан дуганд 2019 оны 6 дугаар сарын 21-24-ний хооронд Азийн буддистуудын Энхтайваны бага хурал болсон, “уг хуралд ирсэн ОХУ-ын Бурханы шашны тэргүүн Д Азийн буддистуудын Энхтайваны бага хурлын удирдлагуудыг бүрэлдэхүүнээр огцрох ёстой гэж хэлсэн, хурлын үйл ажиллагаанд сэтгэл гонсгор байсан, ширээ цохиод хурлыг орхин гараад шууд нисээд явсан” гэж нийгэмд сөрөг ойлголт төрүүлсэн гэх мэдээллийг хариуцагч З.С олон нийтэд тараасан байна. Гэвч уг мэдээлэл нь ОХУ-ын иргэн Дамба Бадмаевич Аюшеевын талаар ярьсан буюу уг этгээдтэй холбоотой мэдээлэл болохоос шууд М х-ийн  нэр хүндийг гутаасан мэдээлэл гэж үзэх боломжгүй тул үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Мөн хариуцагч З.С нь БНЭУ-ын ерөнхий сайд Бурхан багшийг хоёр шавьтай нь өргөсөн талаар дурдаж, уг бурханыг “хүйтэн зэвсэг хийдэг зэвтэй хар төмрөөр хийсэн, монголчууд хэзээ ч хар төмрөөр бурхан бүтээдэггүй, ийм бурханыг шүтэж болохгүй, буцааж өгөх ёстой, мөн бурханаа цонхоор оруулахдаа багтахгүй болохоор хэдэн хэсэг тасдаж оруулсан” гэх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тараасан байна.

 

Хариуцагч Санждорж нь “...Батцагаан дуганд зөөвөрлөж оруулах үед нь би дэргэд нь зогсож байсан учраас харсан зүйлийнхээ талаарх үнэн бодит байдлын талаар нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан болохоос М х-ийн нэр хүндэд халдаагүй, өөрийн бодитой харсан зүйлийн талаар санал шүүмжлэл хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн” гэж маргасан. Хариуцагч нь “бурхан багшийн суудлыг төмрөөр тагласан” гэх байдлаа нотлохоор фото зураг ирүүлсэн, уг зургаас үзвэл бурхан багшийн суудлыг төмрөөр тагласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул уг мэдээллийн үнэн зөвийг нотолсон гэж үзнэ. Хариуцагчийн шүүхэд гаргах уг фото зургийг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй. Иймд дээрх мэдээллийн талаар няцаалт хийх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/02763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь хариуцагч З.С-д холбогдуулан гаргасан Дилав хутагтын барьж байсан хөөргийг Тэргүүн Их хамба Д.Ч  зургаан өрөө байраар сольж ашигласан гэх, мөн Тэргүүн хамба Д.Ч  өөрийгөө Хан Номун хаанаар өргөмжилсөн гэж ярилцлага өгсөн гэх мэдээлэлд ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийлгэх тухай шаардлагаас татгалзсаныг баталсугай” гэж, “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М х-ийн  ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Том билэгдэлгүй зүйл бол Модон хохимой өдөр мэлмийгээ нээсэн. Хэзээ ч бурханы мэлмийг Модон хохимой өдөр нээдэггүй. Тэгээд ёхаранхуй шөнө. Хамгийн билэгдэл муутай нь тас харанхуй шөнө Модон хохимой өдөр мэлмийг нээдэг уламжлал Монголд байхгүй. Монголын бурхан шашин бол маш их харамсаж байна” гэх мэдээллийг уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч З.С-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч З.Санждоржоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ