Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0485/З |
Дугаар | 128/ШШ2022/0209 |
Огноо | 2022-03-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0209
2022 03 22 128/ШШ2022/0209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ганбат, шүүгч Н.Дамдинсүрэн нар тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О, Г.Х
Гуравдагч этгээд Ч.С нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч О.А, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Ч.С нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд Ч.С, иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. О.А нь 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус бүр 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр ... дуудлага худалдааны ялагч О.Аад Ч.Сийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд... мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 700 м.кв газрыг эзэмшүүлсэн.
3. Нэхэмжлэгч О.А, Д.Мөнхбат нараас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Д.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0172 дугаар захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.М ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан.
4. Нэхэмжлэгч О.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“2012 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүрэг 18-р хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус тус 97 м.кв-тай 90 хувийн гүйцэтгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан.
Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр Чингэлтэй дүүргийн газрын албанд тухайн эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газрын эзэмших эрхийг Ч.Сээс Д.Мөнхбат, О.А нарт шилжүүлэхийг мэдэгдсэнээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар бидний газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Энэхүү захирамжийг үндэслэн О.Аын нэр дээр 000412935 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон.
Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ч.С нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Ст олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль ёсны хэмээн үзэж бидний шүүхийн журмаар хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Мөн Ч.Сийн нэхэмжлэлтэй газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн газрын албанд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газрын эзэмших эрхийг Ч.Сээс Д.Мөнхбат болон О.А нарт шилжүүлэхийг мэдэгдсэнийг Чингэлтэй дүүргийн газрын алба нь биелүүлэхдээ Д.Мөнхбат болон О.А нарт газар эзэмших эрхийг шилжүүлсэн атлаа Ч.Сийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүйгээс нэг газар дээр 2 гэрчилгээгээр давхардаж газар эзэмших эрх үүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 оны 5 дугаар сарыг 20-ны өдрийн 1107 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар О.А нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн зуслан Билгүүний энгэрт 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан авсан байдаг.
Ийнхүү худалдан авсны дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын бүртгэлийн газар болон Чингэлтэй дүүргийн Газрын алба, холбогдох бүх төрийн захиргааны байгууллагууд руу газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт хүргүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар тухайн 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын доорх 700 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.
Ч.Сийн 2012 онд эзэмшиж буй 700 м.кв газрыг О.А руу шилжүүлэх хүсэлтийг тухайн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас хоёр удаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад илгээсэн боловч 2012 онд шилжүүлээгүйгээс Ч.С, О.А нар хоёр гэрчилгээгээр нэг газрыг эзэмших нөхцөл байдал үүссэн.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад 2020 онд Ч.Сийн зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Аыг тухайн газар болон байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасны дагуу Ч.С гэдэг хүн энэ газар дээр 700 м.кв эзэмшиж байгаа, гэрчилгээтэй юм байна гэдгийг мэдсэн.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэгдээд газар албадан чөлөөлөх үндэслэлгүй гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн энэ шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдсэн.
Үүний дагуу газар албадан чөлөөлөх үндэслэлгүй, энэ хүмүүс дуудлага худалдаа буюу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас энэ газрыг худалдаж авсан ч гэсэн ямар асуудал үүсээд байгаа вэ гэвэл хүчин төгөлдөр хоёр гэрчилгээ нэг газар дээр үүсээд байгаа. Үүний дагуу Ч.Сийн зүгээс газар чөлөөлөхтэй холбоотой ажиллагаанууд хийгдээд байсан болохоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тухайн 90 хувийн гүйцэтгэлтэй байшинг битүүмжлэх тухай Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн битүүмжилсэн тогтоол гарсан байдаг. Яг энэ битүүмжлэх ажиллагаа явагдаж байхад тухайн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хэн дээр ч гараагүй байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэн дээр ч гараагүй байсан. Тэгэхээр мөрдөн байцаагчийн зүгээс тухайн газрыг битүүмжлэх, гэрчилгээ эрх бүхий хүн дээр гараагүй байх тул газрыг битүүмжлэхгүйгээр зөвхөн 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжлэв гэсэн тэмдэглэл болон битүүмжлэх тогтоол үйлдсэн байдаг.
Гэтэл Ч.С нь эрүүгийн журмаар тухайн обьект нь хураагдаад Банк бус, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас ажиллагаа хийж байх явцад энэ газар дээр гэрчилгээг 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан байдаг буюу битүүмжлэх ажиллагаа явагдаад дууссанаас хойш авсан байна.
Хэрвээ тухайн үед Ч.Сийн нэр дээр энэ гэрчилгээ ч юм уу, хэн нэгний нэр дээр байсан бол тухайн албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа мөрдөгчийн тогтоол дээр битүүмжлэгдэх боломж хангалттай байсан гэж үзэж байна. Тийм учраас эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад энэ газар дээр гуравдагч этгээд гэрчилгээ авсан нөхцөл байдлаас болоод мөн 2012 онд энэ асуудалтай холбоотойгоор албан бичгийг биелүүлээгүйгээс болоод газрын албанаас гэрчилгээ давхардах байдал үүссэн.
2012 онд энэ газар болон үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахын өмнө Чингэлтэй дүүргийн Газрын албаны албан тоотын хариу байдаг. Тэр нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба руу 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 488/10 дугаар албан бичгээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд танай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэдэг албан тоотыг өгсөн. Тэгэхээр үүн дээрээс зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээгүй, мэдээллийн санд бүртгэлгүй ийм барилга байна гэдгийг мөрдөн байцаах алба болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба тогтоосон. Тэгэхээр байгаа баримт бичиг буюу байгаа зүйлийнхээ хүрээнд дуудлага худалдааг явуулсан. 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн энэ албан бичгээр ч гэсэн тэр нь ямар нэгэн хүний бүртгэл байхгүй гэдгээр хэлсэн байдаг.
2012 оны Хадгаламж зээлийн хоршоод болон улсын бүртгэл, газрын алба хоорондоо харьцаж байсан 7 албан бичиг байдаг. Энэ албан тоотууд дээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон шинээр газрын гэрчилгээг энэ дуудлага худалдаанд ялсан этгээдүүдэд гаргаж өгнө үү гэж хандсан байдаг.
Тэгэхээр нэхэмжлэгч агаар дээр байр, байшин худалдаж авахгүй. Тухайн үедээ энэ нөхцөл байдлаас шалтгаалаад баримт бичиг гараагүй байсан болохоор энэ 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдаж авснаараа энэ газар мөн хамт шилжигдээд 700 м.кв-ыг шилжигдэх юм гэдэг шинээр энэ хүмүүст энэ эрхийг үүсгэж өгнө үү гэдэг албан тоотуудыг илгээсэн нөхцөл байдал байгаа.
Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх явцад гуравдагч этгээд нь өөр дээрээ гэрчилгээ гаргуулан авсан байна. Маргаан бүхий гэрчилгээн дээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар захирамжийг үндэслэсэн боловч хавтаст хэргийн 105 дугаар хуудас болон нотлох баримтаар ирсэн 237 дугаар захирамжид Ч.Сийн нэр байдаггүй.
Мөн 105 дугаар хуудсанд Чингэлтэй дүүргийн Газрын албаны албан тоот байдаг. Ч.Ст хувийн хэрэг үүсээгүй байна гэж мэдэгдэл өгсөн байдаг. 237 дугаар захирамжийг үндэслэж энэ гэрчилгээ нь гарсан боловч захирамж дээр Ч.Сийн нэр байхгүй гэдэг албан тоотыг өгсөн байдаг. Энэ гэрчилгээг үндэслээд газар эзэмших эрхийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ нь 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, 6.2-т 5 жилийн хугацаатай байгуулагдсан.
Тэгэхээр энэ 5 жилийн хугацаа 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Мөн хувийн хэрэг үүсээгүй, үндэслээд байгаа захирамж нь байхгүй. Хувийн хэрэг байхгүй болохоор 2010 онд 12 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас Банк бус, хадгаламж зээлийн төлбөр барагдуулах алба руу явуулахдаа энэ 90 хувийн гүйцэтгэл бүхий газар дээр ямар нэгэн байдлаар мэдээллийн сан үүсээгүй байна гэдэг албан тоотыг 2010 онд өгсөн байдаг. Тэгэхээр гуравдагч этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр бүртгэлтэй ганц гэрчилгээ байгаа боловч гэрчилгээг үндэслэсэн захирамж нь байхгүй, хувийн хэрэг үүсгэгдээгүй, гэрээ нь 2011 онд дуусгавар болсон нөхцөл байдал байгаа.
Анх газрыг 2012 онд худалдаж аваад хашаалсан чигээрээ өнөөдрийг болтол О.А бодитоор эзэмшиж байгаа. Мөн 2012 онд энэ дуудлага худалдаа ороход Ч.Сийн зүгээс миний газрыг дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэдгээр өөрөө хандаж байсан гэсэн.
Тэгэхээр энэ нөхцөл байдал газар нь бусдын эзэмшил буюу өмчлөл рүү шилжсэн үйл баримтыг гуравдагч этгээдийн зүгээс 2012 онд мэдчихээд өнөөдөр 2020 онд буюу 8 жилийн дараа шүүхэд хандаж байгаа асуудал гараад байгаа юм. Мөн 2011 онд гэрчилгээний хугацаа дуусаад 2020 онд гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан. Тэр газрыг гуравдагч этгээдийн зүгээс бодитоор нэг ч удаа амьдарч, хашаалж газраа эзэмшсэн зүйл байхгүй тул гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Ч.Сийн хувьд нэгэнтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд нэг биш, хоёр, гурван удаа бичиг ирсэн байдаг. Энэ бүгдийг тухайн үед нь шийдвэр гаргаагүй. 700 м.кв газрыг барьцаалж байсан учраас манайх 2012, 2013 онд эрх шилжүүлэх үйл явцыг зөв албан ёсны хийсэн бол шийдэх байсан юм болов уу гэж бодож байна. Ч.Сийн хувьд анх энэ газраа барьцаалахдаа мэдээж 700 м.кв-аар барьцаалсан байгаа байх. Тэгэхээр 700 м.кв-аар хураагдаж, 700 м.кв-аар дуудлага худалдаандаа орсон байх гэж үзэж байна. Иргэн Ч.С шүүхийн шийдвэртэй холбоотой тухайн шүүхийн шийдвэрийн бичгүүд дээр дандаа 700 м.кв-аар даалгасан байдаг. Ч.Сийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь захирамжид нэр байхгүй учраас бид нар иргэн О.А газар эзэмших нь зөв гэж үзэж байна.” гэв.
7. Гуравдагч этгээд Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Энэхүү газрыг 2005 оны 6 дугаар сараас би Чингэлтэй дүүргийн Газрын албанд очиж хөөцөлдөж, бичиг баримтаа ном ёсоор нь бүрдүүлж газрын албанд өгсөн. Газрын алба түүнийг хянаж, шалгаж үзээд энэ нь газар эзэмших боломжтой юм байна гэдэг байдлаар Засаг даргад хүргүүлдэг юм шиг байна. 17 жилийн өмнө гэрчилгээ хэзээ ч түргэн, шуурхай гарч байгаагүй, 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан гээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлээд байна. Үүнийг би 6 дугаар сараас хөөцөлдөөд бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн ч 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой гэрчилгээ гарна гэдэг нь 17 жилийн өмнө овоорсон хавтас дунд Газрын албаныхан суудаг байсан үе. Тэгэхээр хэзээ ч түргэн, шуурхай гэрчилгээ гарч байгаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч намайг 2012 оноос хөөцөлдөж эхэлсэн гэж яриад байна.” гэв.
8.Иргэдийн төлөөлөгч Д.Б дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын алба тухайн иргэндээ хууль журмаа танилцуулж байх хэрэгтэй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч О.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Ст олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч О.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон маргасан.
1/ О.А нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус бүр 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан.
2/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.Аад дуудлага худалдаагаар худалдан авсан зуслангийн сууцны доорх 700 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тул Ч.Ст давхардуулан олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар О.А нь Мөрдөн байцаах газрын 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн зуслан Билгүүний энгэрт 97 м.кв-тай, 90 хувийн гүйцэтгэлтэй зуслангийн сууцыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар худалдан авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/0662, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр “... О.Аад газрын гэрчилгээг шинээр гаргаж өгнө үү.”, “... дуудлага худалдаагаар ... 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай зуслангийн сууцыг О.А худалдан авсан. ... Ч.Сийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх”, талаар Чингэлтэй дүүргийн газрын албанд мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.Аад зуслангийн сууцны доорх 700 м.кв газрыг эзэмшүүлсэн.
4.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжаар О.Аад газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжийг хүчингүй болгосныг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0006 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжийн О.Аад холбогдох хэсгийг хүчингүй болгосноор О.Аын газар эзэмших эрх сэргэсэн байна.
Дээрх маргаан бүхий газрыг газрыг О.Аад эзэмшүүлэхээс өмнө нь хэн нэгэнд эзэмшүүлсэн шийдвэр гараагүй бөгөөд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хүргүүлсэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 488/10 дугаар албан бичгээр уг зуслангийн сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй талаар дурджээ.
5.Ч.С нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар захирамжийг үндэслэн бичигдсэн боловч энэхүү захирамж, түүний хавсралтаар Ч.Ст газар эзэмших эрх олгоогүй байна.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/446 дугаар албан бичгээр “... тус дүүргийн газрын мэдээллийн санд эзэмшил болон өмчлөл бүхий газар бүртгэлгүй. Ч.Ст 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон гэх 047664 дугаар гэрчилгээтэй байгаа боловч уг захирамж дээр нэр байхгүй, хувийн хэрэг үүсээгүй” гэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 1/42, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/1078 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд Ч.С, О.А нарын маргаж буй газрыг 18641328023672 дугаар бүхий нэгж талбар мөн болохыг нотолсон.
Харин Ч.Сийн Чингэлтэй дүүргийн Газрын албатай 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших гэрээнд маргаж буй 18641328023672 дугаар бүхий нэгж талбарын дугаараас өөр 18642323134881 гэсэн нэгж талбарын дугаар бичигдсэн байна.
Үүнээс үзэхэд Ч.С нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу Ч.Ст газар эзэмших эрх олгох шийдвэр гараагүй.
6.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 33 дугаар зүйлийн 33.1.”Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:” 33.1.1.”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана;”, 34 дүгээр зүйлийн 34.1.”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж зааснаар Ч.Ст газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй тул газар эзэмших эрхгүй гэж үзэхээр байна.
7. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.”Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” гэж зааснаар О.Аын худалдан авсан зуслангийн сууц нь 700 м.кв газрын хамт шилжих боломжтой юм.
8. Нэхэмжлэгч О.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсний дагуу эзэмшил газарт нь давхцуулан Ч.Ст олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний улмаас О.Аын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Б Газрын алба тухайн иргэндээ хууль журмаа танилцуулж байх хэрэгтэй гэж дүгнэсэн болно.
Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч О.Аын Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ааас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН