| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0330/Э |
| Дугаар | 758 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 758
2020 6 11 2020/ДШМ/758
Б.Б, М.Б, Т.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, М.Б, Т.М нарт холбогдох 1903012420556 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Б.Б, 1978 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгийн цахилгаан машины цехийн илчит тэрэгний засварчнаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 72 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИБ78022017/;
2. Төлек кадир овгийн М.Б, 1984 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш, илчит тэрэгний туслах машинч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгийн цахилгаан машины цехийн илчит тэрэгний засварчнаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжны 493б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:БЭ84041411/;
3. Цулын тав овгийн Т.М, 1977 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгийн дуудагч жолоочоор ажиллаж байсан, одоо Нийслэлийн Төр захиргааны авто баазад жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 29 дүгээр гудамжны 338 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХЙ77090312/;
Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 494 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 25.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
1. Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15, 23-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.170.750 төгрөгийн хохирол учруулсан,
М.Б, Т.М нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс 572.250 төгрөгийн үнэ бүхий ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт,
2. М.Б, Т.М нар нь Б.Бтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс 572.250 төгрөгийн үнэ бүхий ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, М.Б, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М, М.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,
Боржигон овогт Б.Бг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, мөн машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, прокурорын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор битүүмжилсэн Улаанбаатар төмөр замын Татах хэсгийн эзэмшлийн 2015 оны Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн хар өнгийн “Хьюндай” загварын Старекс 67-49 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 40.300.000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд цагдан хорих, М.Б, Т.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд намайг “бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсан боловч тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...албаны 6749 УБЯ улсын дугаартай автомашины үнэ болох 40.300.000 төгрөгийг улсын төсөвт оруулсугай. ...” гэж бичсэн. Миний бие 3 хүүхэдтэй, өрх толгойлсон, ганц бие эцэг хүний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж, надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан албаны машины үнэ болох 40.300.000 төгрөгийг Б.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гагцхүү гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Энэ машин нь Б.Бгийн өмчлөлийн машин биш, Төмөр замын байгууллагын өмчлөлийн машин юм. Б.Б нь бусдад 1.700.000 төгрөгийг хохирол учруулсан. Гэтэл машин нь 40.300.000 төгрөгийн үнэтэй машин. Энэ зүйлийн зорилго нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах гэж үзэж байна. Б.Б нь 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг. Эхнэр нь 2019 онд хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох зорилгоор хулгайн гэмт хэрэгт холбогдсон байсан. Б.Б нь 800.000 төгрөгийн үндсэн цалинтай. Гэтэл гэмт хэрэгт холбогдсоноос хойш ажлаасаа халагдсан, насны хувьд залуу хүн. Энэ хүний хувьд 40.000.000 төгрөг гэдэг нь хэдэн жил төлж барахааргүй мөнгө болчихоод байна. Хүн гэдэг нийгэмд амьдрах урам зоригтой байх ёстой. Гэтэл 40.000.000 төгрөгийн өртэй байна гэдэг нь амьдрахад үнэхээр хэцүү. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс Б.Бгийн гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Б.Б нь өөрийн ажиллаж байсан вагон татах хэсгээс 3 удаагийн үйлдлээр эд зүйл авч гарсан. Энэ эд зүйлүүд нь хоёрдогч түүхий эд буюу цэвэр зэс юм. Үндсэн туйл нь ойролцоогоор 48 килограмм, туслах туйл нь 28 килограмм жинтэй. Овор хэмжээний хувьд 60-40 сантиметр хэмжээтэй эд зүйлүүдийг 3 удаагийн үйлдлээр авч гарсан. Сүүлийн удаагийн үйлдэл нь зөвхөн ажилчдыг зөөх зориулалттай “Старикс” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа нь камерын бичлэгт орсон. Үүнийг зөөвөрлөж өгсөн хүны болон зөөсөн машины жолооч нь, түүнчлэн тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь байгаа. Улмаар энэ үйлдлийг таслан зогсоож, шалгасан харуул хамгаалалтын ажилтны мэдүүлэг зэргээр машин механизм ашигласан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б, М.Б, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.М, М.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Б.Бг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “машин механизм ашиглаж, мөн машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.
Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалах бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүй бол ...хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...машин механизм ашиглаж...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах санаа зорилгоор машин механизм ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
1. Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15, 23-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.170.750 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгээс 572.250 төгрөгийн үнэ бүхий ЭД-118-ын үндсэн болон туслах туйлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туулын “...2019 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Улаанбаатар татах хэсгээс засварчин Батдаваа нар нь ЭД-118 загварын цахилгаан хөдөлгүүрийн 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг тээврийн хэрэгсэлд хийж гарах гэж байгаад баригдсан үйлдлийн 2 ширхэг туйлыг манайх хүлээж авсан. Мөн Батдаваа нь ганцаараа 2019 оны 8 дугаар сард 2 удаа ЭД-118 загварын цахилгаан хөдөлгүүрийн 4 ширхэг туйлыг хулгайлж авсан талаараа цагдаад хэлсэн байдаг бөгөөд дээрх 4 ширхэг туйлын үнэ болох 1.170.750 төгрөгийг Улаанбаатар татах хэсгийн 405010816 дугаарын дансанд тушаасан. Улаанбаатар татах хэсэгт ЭД-118 загварын цахилгаан хөдөлгүүр шатсан, дахин ашиглах боломжгүй болсон үндсэн, туслах туйлууд нь ямар нэг бүртгэл байдаггүй болохоор Батдаваа нь үүнийг нь далимдуулан хулгай хийсэн байх боломжтой юм. Улаанбаатар төмөр замын зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ...” /1хх7-13/,
гэрч Г.Эрдэнэцэцэгийн “...Миний утас руу нэг хүн залгаад “зэс авч байгаа юу, зэс өгье” гэж залгасан. Би “авч байгаа” гээд хаягаа зааж өгсөн. Тухайн зэсийн том нь 48 кг, жижиг нь 28 кг болсон ба 494.000 төгрөгөөр худалдаж авсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахин нэг удаа том нь 48 кг, жижиг нь 28 кг болсон ба 494.000 төгрөгөөр нөгөө залуугаас авсан. ...” /1хх23-25/,
гэрч Н.Буманбаярын “...Батдаваа “татах цахилгаан хөдөлгүүр дотор байгаа зүйлийг шуурхай албаны машинд хийгээд өг, миний нуруу өвдөөд байна” гэж хэлсний дагуу татах цахилгаан хөдөлгүүр дотор байсан төмөртэй төстэй зүйлийг өргөж машинд тавьж өгсөн. Тэгээд Батдавааг “араа халаасан ажлын карт дээр тэмдэглэл хийлгүүлж гарын үсэг зураад өг” гэсэн. Батдаваа туслах Бекболатыг надтай хамт явуулж гарын үсэг зуруулсан. ...” /1хх26-28/,
гэрч Г.Даваадоржийн “... Би 2019 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Улаанбаатар татах хэсгийн гармын жижүүрээр ажиллаж байсан. Жижүүрийн шуурхай удирдлагын машин 04 цаг 30 минутад дотогш нэвтэрч орсон. Камерт харж байхад машин руу юм зөөж хийж байгаа харагдсан. Тухайн машин гарахгүй байж байгаад 07 цаг 10 минутад гарах гээд гармын харуул дээр гарах гээд ирэхэд нь шалгаж үзэхэд зөвшөөрлийн бичиг байхгүй, үндсэн туйл 1 ширхэг, туслах туйл 1 ширхэгийг авч гарах гэж байсан. ...” /1хх31-33/,
гэрч О.Эрдэнэбаярын “...Манай агуулахад байсан ЭД-118 болон ЭД-113-ын туйлуудыг бүгдийг нь хуучин сэлбэгийн агуулахад өгч байсан. Тухайн үед туйлуудыг баранк гээд акт тавьсан байсан болохоор хуучин сэлбэгийн агуулахаас хайлах агуулахад өгсөн байх. ...” /1хх-40-42, 2хх9-11/,
гэрч Л.Энхбаярын “...Туйл байгууллагаас гарахад тээврийн хэрэгсэлтэй гардаг. Уг тээврийн хэрэгсэл нь гарахдаа надаас бичгээр зөвшөөрөл авч байж гардаг. Албан бичгээр хүсэлт ирсний дагуу би зөвшөөрөл бичгээр өгч, харуул шалгаж, зөвшөөрлийг авч гаргадаг. ...” /1хх46-48, 49-51/,
гэрч Ц.Бямбадоржийн “...Дуудлагын жолооч бид нар өдөр тутмын үйл ажиллагаандаа засварчидтай ажил үүргийн хувьд харилцахгүй, тийм ч шаардлага ч байхгүй. Бид нар машинч нарыг гэр орноос нь очиж авах, хүргэж өгөх, зайлшгүй галт тэрэг эвдэрсэн, гацсан үед засварчдыг аваад тухайн эвдрэл гэмтэлтэй галт тэргэнд хүргэж өгдөг л чиг үүрэгтэй байсан. ...” /1хх65-67/,
Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед ашиглалтын явцад ашиглахаа больсон 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг би ганцаараа авч гарсан. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед ашиглалтын явцад шатаад ашиглахаа больсон 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйлыг би мөн ганцаараа авч гарсан. Харин 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн үүрээр 1 ширхэг үндсэн туйл, 1 ширхэг туслах туйл авч гарсан. Тухайн үед би Мөнхтөр, Бекболат нарт зааварчилгаа өгсөн. Тэр хоёр намайг хууль бус зааварчилгаа өгч байгаа гэдгийг мэдээгүй. Тэр өдөр дээрх зүйлийг хашаанаас авч гараагүй. Тээврийн хэрэгслээр тээвэрлэн зөөвөрлөсөн зүйл байхгүй. ...” /1хх188-190, 191-193, 194-197/,
Т.Мийн яллагдагчаар өгсөн “...Батдаваа тэр өдөр миний албаны машинд хоёр эд зүйл ачаарай гэсэн. Миний машинд авч ирж ачсан. Би ачсан зүйлийг юу гэдгийг мэдээгүй бөгөөд өгсөн үүрэг даалгаврын дагуу ачсан. Үүдний жижүүр шалгаж, бичиг баримт байхгүй гээд буцааж ухарч уг эд зүйлийг буулгасан. ...” /хх202-204, 205-207/,
М.Бын яллагдагчаар өгсөн “...Ээлж ахалж байсан Батдаваагийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн. Хууль бус үүрэг өгсөн талаар мэдээгүй. Миний хувьд Батдаваатай бүлэглэж хулгай хийсэн зүйл байхгүй. Машинаар зөөж тээвэрлэсэн зүйл байхгүй. ...” /1хх212-214, 215-217/гэх мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх82-83/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх84, 85-87, 88-92/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1хх94-95/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх96/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх97-101/, эд мөрийн баримтаар тооцсон тухай /1хх104-106/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1хх107/, хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-110-111, 116-118, 124/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх124/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх125-126/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бг “хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь гэм бурууд нь тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Боржигон овогт Б.Бг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, мөн машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Боржигон овогт Б.Бг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ