Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 267

 

Т.Лх-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар магадлалтай, 201716000076 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сү-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Т.Лх- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Лх-г согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лх-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 4 жил хорих ял шийтгэж, Т.Лх- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Сү- нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лх-д оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6, 7 дахь заалтуудыг нэгтгэж “Т.Лх- нь  2.000.000 төгрөгийг хохирогч Г.Сү-т 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар  хохирогч Г.Сү- нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж” гэж, 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Т.Лх-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж, 8 дахь заалтын 2002 гэсний дараа “оны” гэж тус тус өөрчилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сү-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сү- гаргасан гомдолдоо “...Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нийцүүлж ял шийтгэл оногдуулаагүй гэж үзэж байна. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөөгүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүй. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтуу байсан гэх ял хүндрүүлэх нөхцөл байдалтай байхад яагаад тэнсэж хянан харгалзав. Г.Сү- би монгол, үсэг мэддэггүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авч нотлох баримт болгон ашиглаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Т.Лх-гийн жолоодож явсан авто машины өмчлөгч Э.Оюунболдыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар тодорхойлох байтал хохирогчоор тогтоосон нь хууль зөрчсөн. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Т.Лх-гийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань хэлсэн саналдаа “...Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Оюунболд гэж хүн байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Өмчлөгч өөрийн буруутай үйлдлээс болж тухайн тээврийн хэрэгслийг жолоодох боломжийг шүүгдэгчид олгосон. Тэгэхээр энэ хүн өөрөө иргэний хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой гэж үзэж байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хүнд, хоёр хүний биед хөнгөн хохирол тус тус учирсан. Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний нийгмийн аюулын хэм хэмжээнд тохирсон ял шийтгээгүй гэж хохирогчийн зүгээс гомдол гаргаж байгаа бөгөөд хяналтын шатны шүүхээс ялын бодлогыг сулруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал хэлсэн саналдаа “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сү- нь мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанд мөн оршуулгын зардал 5.000.000 төгрөг гарсан, 2.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байна гэсний дагуу шүүхээс хугацаа авч 3 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэр  гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд хохирол, төлбөртэй холбоотойгоор гомдол гаргаагүй бөгөөд тухайн гомдолд зөвхөн ослын шалтгааныг тогтоож өгнө үү гэж бичсэн байдаг. Анхан шатны шүүхийн шатанд хохирогч 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байдаг бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх мөнгийг нөхөн барагдуулсан.

Бид цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг нотлох баримт байвал төлөхөд болохгүй зүйл байхгүй. Т.Лх- нь дахин нэхэмжлээд байгаа мөнгийг шууд гаргаад өгөх санхүүгийн боломж байхгүй. Т.Лх-гийн хувьд өсвөр настай байхдаа буюу 21 насандаа энэ гэмт хэргийг үйлдсэн, хорих ялыг биечлэн эдлүүлбэл цаашид энэ хүүхдийн ирээдүй юу болж хувирах вэ гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь Т.Лх-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тухайн гэмт хэрэг нь  2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр буюу шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн. Прокурорын зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Лх- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 2300 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Мухар шивэртийн ам” орох замд автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас С.Ир-н амь насыг хохироож, Т.Тү-ы биед /эрүүл мэндэд/ хүнд гэмтэл учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Т.Лх- нь зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд гэмтэл учруулсан байтал анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго болон “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу Т.Лх-д холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын 8, 9 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН