Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0660

 

Д.Цоожийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Цоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Цоожийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Д.Цоожийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Цоожид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Цоожийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:              “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Д.Цоожийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь хэсгийг зөрчсөн байх тул олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан. Д.Цоож нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд илэрхийлээгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хугацаандаа өгөөгүй нь Д.Цоожийн сонгуулийн хороонд ирүүлсэн баримт /Д.Цоожын нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн материалын “Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”/ материалыг нягтлан шалгахад илэрсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Энэ хуулийн хугацаад өөрөөр хэлбэл Сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тогтоогдсон тул сонгуулийн хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхийн саналаар хуульд заасан үндэслэлээр, өөрөөр хэлбэл тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, 158.1.3-т нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэж заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Гэтэл шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157.2.7 дахь заалтуудыг буруу хэрэглэж орон нутгийн сонгуулийн хороонд Д.Цоожийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Цоожийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэн шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн давж заалдах журмаар гомдол гаргалаа. Д.Цоож Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасныг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд илэрхийлээгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хугацаандаа өгөөгүй нь Д.Цоожийн сонгуулийн хороонд ирүүлсэн баримт материалыг шалгахад илэрсэн бөгөөд дээрх байдал нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний хүлээн авсан огноо дугаар болон өргөдлийн огноо, дугаар хуурамчаар үйлдэж, хэд хэдэн удаа засварласан тухай М.Оюунжаргал, М.Баянзул нарын гэрчүүдийн мэдүүлэг болон бүртгэлийн хуудас, бүртгэлийн дэвтэр зэргээр  нотлогддог. Мөн бичиг хэргийн ажилтны цахим бүртгэлд бүртгэсэн огноо дугаар нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэж бүртгэсэн байдаг. Энэ хуулийн хугацаанд өөрөөр хэлбэл Сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон тул сонгуулийн хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхийн саналаар хуульд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, 158.1.3-т нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэж заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангуулах хүсэлтийг хангалгүй, хэргийн бүхий л материалтай 1 цагийн дотор танилцаж шүүх хуралд бэлдэн ор хэмээн шүүх хуралдааныг 1 цагаар хойшлуулж тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж заасан өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчлөө. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хуулийн болон бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Цоожийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Цоож нь “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Цоожид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Цоожийг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хооронд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгсөн, мөн уг хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг хуулийн хугацаанд сонгуулийн хороонд хүргүүлсэн атал бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж тайлбарласан.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий этгээдэд өгөөгүй нь сонгуулийн хороонд ирүүлсэн баримтыг шалгахад илэрсэн” гэж маргажээ.

Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн шаардлагыг хангасан байх ба нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д зааснаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг сонгуулийн хороонд хүргүүлэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч Д.Цоож “Сүхбаатар Дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12.30 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Цоожийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй. 

Тодруулбал, хариуцагч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг ...эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” гэж зааснаар хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж эрх бүхий этгээдээс холбогдох баримт шаардах эрхтэй ч тухайн байгууллагын Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн бүртгэлтэй, Д.Цоожийн бичгээр гаргасан хүсэлт хадгалагдаж байгааг шалгасан атлаа огноо дугаар засвартай, хуурамч баримт бичиг нөхөн бүрдүүлсэн гэж дүгнэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл болно.

Хэдийгээр нэхэмжлэгчийн хүсэлт цахим бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байх боловч өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картад бичигдсэн 2016.3.29 гэсний он, сар засваргүй, харин 9-ийн тоо засвартай тул 3 дугаар сард хүсэлтээ өгснийг бүртгэсэн гэж үзэх боломжтой, мөн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүсэлтээ өгсөн талаар бичиг  хэргийн ажилтан нотлон мэдүүлжээ.

          Харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэж заасныг тухайлан шаардсан баримт бичиг бүрэн эсэхийг шалгах чиг үүргийг хариуцагчид олгосон зохицуулалт гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Д.Цоож нь мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Цоожыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул 158.1.3-т заасан “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Д.Цоожид холбогдох хэсэг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэснээс хойш хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарласан, хариуцагч хариу тайлбараа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж өгсөнөөс хойш шүүх хуралдааныг товлон зарлах хүртэл өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжит хугацаа өнгөрсөн, энэ эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдаан товлогдсон өдөр ирсэн өмгөөлөгчид нэг цагийн хугацаанд хэргийн материалтай танилцах боломж олгосон үйл баримтуудад дүгнэлт хийвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1 дэхь заалт зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтыг буруу хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаагүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                  

                                     ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН   

                                     ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН    

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН