Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 743

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Ц*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Ц*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Ц*******ийг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны зэлжит сонгуульд Сүхбаатар дүүргийн А******* намаас Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлэн, 157 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд бүртгүүлэхээр баримт бичгийг хүргүүлсэн.

Дүүргийн сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Д.Ц*******ийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ...”-д, 157 дугаар зүйлийн 157.2.7 “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-д заасныг зөрчсөн буюу дээрх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тухай 2016 оны 03 дугаар тогтоол гаргасныг мэдэгдсэн болно.

Сүхбаатар дүүргийн А******* намаас нэр дэвшигч Д.Ц******* миний бие 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 30 минутад ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатч Ө.М*******гийн баталсан, бүртгэлийн дугаар 244-т бүртгүүлсэн бүртгэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тайлбар зэргээс тодорхой харагдаж байна. Бодит байдал ийм байсаар атал дүүргийн сонгуулийн хороо нь бичиг баримтыг зориудаар мушгин гуйвуулж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Сүхбаатар дүүргийн А******* намаас нэр дэвшсэн Д.Ц******* миний биеийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1, 11.8 дахь заалтыг тус тус зөрчин иргэн миний сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж

Иймд Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Ц*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Ц*******ийг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, өмгөөлөгч Б.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн орон нутгийн сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа А******* намаас нэр дэвшүүлсэн Д.Ц*******ийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан байна.

Д.Ц******* Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 заасан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нүтгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасныг зөрчижээ.

Өөрөөр хэлбэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд өгөөгүй нь Д.Ц*******ийн сонгуулийн хороонд ирүүлсэн баримт материалыг нягтлан шалгахад илэрсэн. Д.Ц*******ийн тус сонгуулийн хороонд ирүүлсэн материалаас үзэхэд түүнийг сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Мөн Д.Ц******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу “сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө дүүргийн Засаг даргад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөгүй, уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө өгснийг нотлох баримтыг бас хавсаргаж ирүүлээгүй. Тэр баримт бол өргөдлийн иж бүрдэл хэсэг юм. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалган, лавлах явцад Д.Ц*******ийн өргөдлийг хүлээн авсан, картын огноо дугаар засвартай, зөрүүтэй, хуурамч баримт нөхөн бүрдүүлсэн болох нь тогтоогдсон болно.

Нэр дэвшигч Д.Ц******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон байх тул тус сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхийн саналаар хуульд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэг “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагуй” гэж, 158.1.3 дахь хэсэг “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхул хуурамч бол” гэж тус тус заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Дээрхээс дүгнэхэд иргэн Д.Ц*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Иймд иргэн Д.Ц*******ийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц******* нь “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Ц*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Ц*******ийг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн А******* Намаас 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн Д.Ц*******ийг Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Хариуцагчаас “Д.Ц******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу “сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө дүүргийн Засаг даргад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөгүй, мөн уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө өгснийг нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлан, маргаж буй юм. 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т орон нутгийн сонгуульд нэр дэвшигч “...орон нутгийн өмчит, ...хуулийн этгээдийн ... захирал, ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх”-ыг шаардсан бөгөөд хуулийн энэ шаардлагатай холбогдуулж нам нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахдаа 157 дугаар зүйлийн 157.2.7-д “...орон нутгийн өмчит хуулийн этгээд, ...захирал, ...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг дүүргийн сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилжээ. 

Сүхбаатар дүүргийн А******* Намаас тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд 13 дугаар тойрогт Д.Ц*******ийн нэрийг дэвшүүлж, дүүргийн А******* Намын хорооны ээлжит бус хурлын 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “2016 оны орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн тухай” 05 дугаар тогтоол, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөргүй, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай тодорхойлолтууд, нэр дэвшигчийн намтар, ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, иргэний үнэмлэх болон цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цаг 46 минутад  дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Д.Ц******* нь орон нутгийн сонгуульд нэр дэвшихийн тулд 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан танаа” гэсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 30 минутад Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан М.О*******д өгсөн байх ба дүүргийн Засаг дарга тухайн өдрүүдэд эзгүй байсаны улмаас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг өргөдөлтэй танилцан цохолт  хийж, Тамгын газрын даргад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан өргөдлийг хүлээн авсан дардасын тэмдэглэл , гэрч М.О*******ын мэдүүлэг , Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр , албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн удирдлагын програм “office.sbd.mn”-ийн дэлгэрэнгүй бүртгэл  зэргээр тус тус тогтоогдож байна.   

Сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан байхад тухайн хугацаанд эзгүй, ажилдаа ирээгүй байсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Дүүргийн сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6, 157.7-д заалтаар нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгахыг үүрэг болгосны зэрэгцээ шаардлагатай тохиолдолд хуулийн 157.9-д заасан хугацаанд нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулах авах боломж хуулиар олгогдсон байгаагаас үзвэл хэрэв нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй нь баттай тогтоогдсон тохиолдолд сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзахаар байна.

Гэтэл дүүргийн сонгуулийн хороо Д.Ц*******ийг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан эсэхийг шалгах зорилгоор /сонгуулийн хороо гишүүн М.А*******/ 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн М.Б*******тай уулзаж, Д.Ц*******ийн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн эх хувь, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн удирдлагын програм “office.sbd.mn”-иас үзэж лавлаж, шалгасан атлаа өргөдлийг хүлээн авсан, бүртгэл хяналтын картын огноо дугаар засвартай, зөрүүтэй, хуурамч баримт нөхөн бүрдүүлсэн гэж дүгнэн, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан 03 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 157 дуугаар зүйлийн 157.2.1-.157.2.7-д “нэр дэвшигчийн бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг”-ийг тусгайлан жагсаасан байх ба 157.2.7-д зааснаар “ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг л дүүргийн сонгуулийн хороонд ирүүлэхийг шаардсан байтал хариуцагчаас “уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гаргаж өгснийг нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй ” гэж Сонгуулийн тухай хуулиар тусгайлан  шаардаагүй баримт бичгийг ирүүлээгүй гэсэн хууль бус шаардлага тавьж, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус шийдвэр болжээ.  

Иймээс Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасан хугацааны дотор буюу бүртгэлийн явцад Д.Ц******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан, хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлсэн, хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан аль нэг үндэслэл бүрдээгүй байхад дүүргийн Засаг даргад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гаргаагүй, баримт бичиг дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ц*******ийг бүртгэхээс татгалзсан дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд, 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “шударга ёсыг сахих” гэж тус тус зааснаас үзэхэд иргэний сонгогдох эрхийг Сонгуулийн тухай хуульд заасан тохиолдолд хязгаарлах бөгөөд сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдээгүй, бүртгэлийн явцад тодруулан нягтлан, шалгасан атлаа нэр дэвшигч Д.Ц*******ийн сонгогдох эрхийг хязгаарласан нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагчаас нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг лавлаж, шалгаад Д.Ц*******ийн өргөдлийг хүлээн авсан, бүртгэл хяналтын картын огноо дугаар засвартай, зөрүүтэй, хуурамч баримт нөхөн бүрдүүлсэн байж болзошгүй гэх боловч хэрэгт авагдсан болон шүүхээс үзлэг хийн баримтуулж авсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, өргөдөл хүлээн авсан дардасын тэмдэглэл, бүртгэл хяналтын карт, гэрч М.Б*******, гэрч М.О******* нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн огноо бүхий “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан танаа” гэсэн өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бичиг хэргийн ажилтан М.О*******д өгсөн болох нь тогтоогдож байна.

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Маргаан бүхий захиргааны акт нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Ц*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, дүүргийн А******* намаас нэр дэвшүүлсэн  Д.Ц*******ийг 2016 оны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 13 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” зарчмыг баримтлан ажилласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Д.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Ц*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Ц*******ийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ЦЭЦЭГМАА