Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2018/00058

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр баг Хөшөөтөд оршин суух, С овогт М-н Е-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сургууль /захирал Ж.А,/-д холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Е-ын өмгөөлөгч Я.С, хариуцагч Ц сургуулийн захирал Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ц сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Е- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай “М.Е-ыг ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилогдсон билээ. Гэтэл ажил олгогч нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 52 дугаартай тушаалаар намайг тус сургуулийн биеийн тамирын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн явдлыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1.Миний бие хууль ёсоор хуулийн хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот шийдвэрийг ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд томилогдон ажлын байранд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан юм. Ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээнд намайг дээд боловсролгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай ямар нэгэн заалт тусгагдаагүй байсан юм. 2.Ер нь миний бие анх 2004 онд биеийн тамирын багшийн ажилд орсон ба анх ажилд ороход хуурамч диплом ашиглаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2017 оны 2 дугаар сарын үед шалгасан материалууд буюу Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоор батлагдаж байна. Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч намайг хуурамч диплом ашиглаж биеийн тамирын багшийн ажилд орсон талаар гурван шатны прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан боловч гомдлыг хангахаас татгалзсан шийдвэр гарч байсан юм. Ингэхээр ажил олгогчийн намайг хуурамч диплом ашигласан гэж байгаа нь хууль зүйн үндэс үндэслэлгүй гэж үзэж байна. 3.Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл буюу хуурамч дипломтой буюу дээд боловсролгүй гэх асуудалд гарсан аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг урьд нь надад танилцуулаагүй болно. Ингэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг- хөдөлмөрийн магадлалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэсэнтэй нийцэхгүй байна. Нөгөө талаас ажил олгогч болон боловсролын салбарын байгууллагаас М.Е- намайг эрхэлсэн ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа тухайн албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй юм. Миний бие тамирын мэргэжлээр 13 дахь жил ажиллаж байгаа мэргэшсэн, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлын дадлага туршлагатай багш юм. Харин олгогч намайг биеийн тамирын багшийн ажлаас гэнэт чөлөөлсөн, ажлаас чөлөөлөхөөс өмнө ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй байгаа явдалд гомдолтой байна. 4.Миний оронд орсон биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 677 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа болно. Иймд   Ц сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал Ж.А шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч М.Е- нь 2007 оноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тус сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Тэрээр Үндэсний биеийн тамирын Дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх D200212301 дугаартай хуурамч диплом ашиглан биеийн тамирын багшаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаар тогтоол, УЕПГ-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдсон. 2002 онд олгогдсон Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх  D200212301 дугаар диплом нь Монгол Улсын БСШУСЯ-ны төгсөгчдийн мэдээллийн санд Лхагвадоржийн Чинзориг гэх хүний нэрд бүртгэлтэй, М.Е- нь Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаагүй болох нь тус яамнаас ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдсон юм. М.Е- нь Ц сургуульд биеийн тамирын багшаар олон жил хуурамч диплом ашиглаж ажилласан. 2011 онд сургуулийн тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор багш нарын баримт бичгийг бүрдүүлэхэд дээд боловсролтой гэж хуурамч дипломыг гаргаж өгч улмаар хуурамч дипломыг ашиглан 2009 онд багшлах эрх авсан үйлдлээс үзэхэд тэрээр 13 жилийн турш сургуулийн удирдлагыг хуурч мэхлэн бусдын дипломыг ашиглан өөрийгөө дээд боловсролтой хэмээн итгүүлэн ирсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх” үүргээ хэрхэн биелүүлж ирсэн нь тодорхой байна. 2.Хуурамч бичиг баримт ашиглах нь Эрүүгийн хуулийн (өмнөх Эрүүгийн хууль) 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэрэг бөгөөд М.Е-ын дээрх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээгээгүй ч хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон юм. Сурагчдыг сурган хүмүүжүүлэх, хүүхдүүдэд хүмүүжил олгох нь багш хүний нэн тэргүүний үүрэг бөгөөд дээд боловсролтой хэмээн сурагчид, хамт олон сургуулийн удирдлагуудад итгүүлэн олон жил хуурч мэхлэн ирсэн нь багш хүний хувьд байж боломжгүй үйлдэл юм. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “дээд боловсрол  эзэмшүүлэх бакалаврын сургалт 120-оос доошгүй багц цагийг хангаж байж дээд боловсрол буюу бакалаврын зэрэг олгох талаар” заасан. Гэтэл М.Е-ад бакалаврын зэрэг олгосон гэх D200212301 дугаар диплом өөрийнх нь биш мөн МХГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046\74 дугаартай актаар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх D200212301 дугаар дипломыг хүчингүй болгож, БСШУСЯамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институудаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1\399 дугаартай албан бичгээр М.Е- нь 2009 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн багшлах эрх авсан гэж үзэж С14211368 дугаартай багшлах эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцох болсноо мэдэгдсэн юм. Нэгэнт М.Е- нь хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан нь тогтоогдсон, мөн түүний хуурамч дипломыг хүчингүй болгосон, багшлах эрхийг хүчингүйд тооцохоо мэдэгдсэн учраас тэрээр Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ерөнхий боловсролын сургуулийн багш нь багш бэлтгэдэг их сургууль, дээд сургуульд коллежид бэлтгэгдсэн байх, мөн хуулийн 21.2 “багшлах эрхтэй” байх багшид тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй болсон мөн ажилтантай байгуулсан 56 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн юм. 3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэнчлэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Мөн М.Е-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөөгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж- шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Ц сургуулийн Биеийн тамир эрүүл мэндийн багш ажилтай миний бие тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тушаалаар биеийн тамир, эрүүл-мэндийн багшаар томилогдсон билээ. Тус сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан М.Е-ыг тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн тул түүний оронд намайг биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ажилд бүр орон тоонд намайг томилсон болно. Хэрэв М.Е-ыг шүүхийн шийдвэр эргүүлэн томилсон тохиолдолд миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөх учраас намайг бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж- шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Баян-Өлгий аймгийн Ц сургуульд гарсан орон тоонд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Аймгийн боловсрол соёл урлагийн газрын даргын баталсан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдсан. Уг сонгон шалгаруулалтад ороод миний бие нэгдүгээр байранд орсон. Улмаар сургуулийн захирал намайг уг албан тушаалд томилсон. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад уг албан тушаалаас намайг чөлөөлсөн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгч Маней овогтой Е-ыг ажилд томилсон. Уг албан тушаалд томилсон Е- нь Их, Дээд сургууль төгсөөгүй, Биеийн тамирын багш гэх мэргэжлийн дипломгүй, боловсролгүй байна. Энэ таларх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Тийм учраас Бага дунд боловсролын тухай хуулийн 21.1-д ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэх  их дээд сургууль, коллежид бэлтгэнэ гэсэн заалт байгаа. 2-рт нотлох баримтаар гаргаж өгсөн багшлах эрх байгаа. Дараа нь Их, Дээд сургууль төгсөөгүй, Биеийн тамирын багш гэх мэргэжлийн дипломгүй, боловсролгүй гэх үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 52 тоот тушаалаар сургуулийн захирал Е-ыг ажлаас чөлөөлж оронд нь намайг эгүүлэн томилсон. Багш мэргэжил дээшлүүлэх институтээс Е-ын багшлах эрхийг хүчингүй болгосон байгаа. Би өнөөдрийн энэ шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа шалтгаан маань ямар ч дипломгүй их, дээд сургууль төгсөөгүй боловсролгүй хүн дамжааны 4 дүгээр курсийн оюутан гэж нэг тодорхойлолт аваад ажилд эргүүлэн орно гэж нэхэмжлэл гаргасан байна. Би 2009 онд ховд их сургуулийг биеийн тамир эрүүл мэндийн  багшаар төгссөн. Төгсөөд 2017 оны багшлах эрх олгох шалгалтад орж тэнцсэн. Гэтэл ямар ч дипломгүй багшлах эрхгүй, боловсролгүй боловсролын салбарт шаардагдах ямар ч бичиг баримт гарт байхгүй хүн ажилд орно гэж нэхэмжлэл гаргасан байна. Ийм байдлаар Е- нь Бага дунд боловсролын тухай хуулийг зөрчиж байгаа учраас миний эрх бас зөрчигдөж байгаа. Энэ 4 дүгээр дамжааны оюутан гэсэн тодорхойлолт мэргэжлийн дипломын дайтай болсон байгаа юу. Энэ тодорхойлолтоор ажилд орж болдог юм уу. Эсвэл бид нарын 4 жил сурч байж авсан диплом тодорхойлолтын дайтай болсон уу. Ийм байдлаар миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан захирлын тушаалыг хүчингүй болгуулах Е-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч М.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот шийдвэрийг үндэслэн хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал Ж.А 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай “М.Е-ыг ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшаар томилсон байна. 

Улмаар  хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал болон болон нэхэмжлэгч (ажилтан) М.Е- нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан байна. Энэ гэрээний 3.2-т “хөдөлмөрийн гэрээг хугацаатай 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл” гэж заасан нь “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан, харилцан тохиролцсон нөхцөл байдлын талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал Ж.А нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 52 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 тоот тогтоолоор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-06-046/74 дугаартай актыг тус тус үндэслэн Үндэсний биеийн тамирын Дээд сургуулийг төгссөн гэх Д200212301 дугаартай Диплом нь хуурамч болох нь тогтоогдож, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул тус сургуулийн биеийн тамирын багш М.Е-ыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

-Нэхэмжлэгч М.Е-ын Үндэсний биеийн тамирын Дээд сургуулийг төгссөн гэх Д200212301 дугаартай бакалаврын  Диплом нь Үндэсний биеийн тамирын багш мэргэжлээр 2002 онд төгссөн Л.Чинзоригийн нэр дээр салбарын мэдээллийн баазад бүртгэгдсэн болох нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/811 дугаартай лавлагаа, мөн  Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/10324 дугаартай албан бичигт тус тус дурдсан байна.

Гэвч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаар тогтоол, УЕПГ-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын “Гомдол шийдвэрлэх тухай” 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн биеийн тамирын багш М.Е- нь Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгсөөгүй мөртлөө тус сургуулийн бакалаврын дипломыг хуурамчаар үйлдэж ашигласан тогтоогдсон боловч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэсэн байна.

Энэ талаар тухайн үед Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүхийн “Гомдолд хариу өгөх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 5/20 дугаартай албан бичиг болон УЕПГ-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын “Гомдол шийдвэрлэх тухай” 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг тус тус хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал Ж.Ад мэдэгдсэн байна.

Улмаар  Баян-Өлгий  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Диплом хүчингүй болгох тухай” 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-06-046/74 дугаартай актаар Цэнгэл сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш Манейн Е-ын Үндэсний биеийн тамирын Дээд сургуулийг төгссөн гэх Д200212301 дугаартай, 02053 бүртгэлтэй бакалаврын Дипломыг хавсралтын хамт хүчингүй болгож энэ тухай мөн хариуцагчид мэдэгдсэн байна.

Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор нэхэмжлэгч М.Е-ад сахилгын арга хэмжээ аваагүй ба хуульд заасан хугацаа өнгөрүүлсэн байна.

Иймд хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал Ж.А нь нэхэмжлэгч М.Е-ын хуурамч дипломыг хавсралтын хамт хүчингүй болгосон гэдгийг мэдсээр байж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г шинэчлэн байгуулах нэрийдлээр 56 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, шинэчлэн байгуулсан гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний 7.4-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил” гэдэгт: ...16-д ”хуурамч диплом, мэргэжлийн үнэмлэх ашиглан ажилд орсон нь тогтоогдсон, захиргааны арга хэмжээ авахуулж зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол” гэж нэмж оруулсан нь бодит байдалтай нийцээгүй тул нэхэмжлэгч М.Е- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

БСШУСЯамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал А.Туяа нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/399 дугаартай албан бичгээр М.Е- нь 2009 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн багшлах эрх авсан гэж үзэж С14211368 дугаартай багшлах эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцох болсноо Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирал Ж.Ад мэдэгдсэн боловч тухайн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон С14211368 бүртгэлийн дугаартай “Багшлах эрхийн үнэмлэх”-ийг хүчингүйд тооцсон эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч М.Е- нь дээд боловсролгүй, мэргэжлийн үнэмлэхгүй боловч Баян-Өлгий аймгийн Ц сургуульд биеийн тамирын багшаар 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс тасралтгүй 13 жил ажиллаж байсан нь зохигчдын тайлбар, тус сургуулийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  болон 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын протоколоор нотлогдож байгаа ба энэ хугацаанд нэхэмжлэгч М.Е- нь ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцээгүй талаарх эрх бүхий байгууллагаас дүгнэлт гарч байгаагүй гэдэгт талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч М.Е- нь Улаанбаатар хотод “Аварга” Дээд Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд багш, биеийн тамирын боловсрол мэргэжлээр 4 дүгээр дамжаанд суралцаж байгаа нь тус сургуулийн сургалтын албаны даргын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2/169 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Е-ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын  сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 52 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн биеийн тамирын багшаар эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 52 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн биеийн тамирын багшаар эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сургуулийн санхүүгээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК