Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 132/ШШ2020/00895

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Булган аймаг, ... од оршин суух, Г овогт С.Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ... од оршин суух, Г  овогт Б.Д -д холбогдох, гэм хорын хохиролд 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Б.Д , иргэдийн төлөөлөгч Б.Зулзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон юм.

Уг хэргийн тухайд би Б ТӨХК-д жолоочоор ажилладаг юм. Орхон аймгаас ирсэн засварчныг хүргэж өгөхөөр явж байхдаа адуу дайрсан. Тэгээд би замын инженерээр цагдаад дуудлага өгүүлсэн. Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж намайг хохирогчоор тогтоон надад учирсан хохирлын талаар тайлбар хуулийн дагуу авсан юм. Дайрагдсан адуу нь Булган сумын иргэн Б.Д  гэж хүний адуу байсныг мэдсэн. Хохирогч Б.Д  Эрүүгийн шүүх хуралдааны явцад зам тээврийн ослын талаар  маргаагүй өөрөө Эрүүгийн шүүх хуралдааныг хүлээн зөвшөөрдөг юм. Адуу дайрагдсан талаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч Б.Ө ын гаргасан тайлбар бий.

Уг тайлбарт: Гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52.1-д, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийн 27.2 дахь хэсэгт зааснаар хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулагагүй мал оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж холбогдогч Д г 20.000 төгрөгөөр торгосон. Гаргасан шийдвэрээ дэмжиж байгаа болно гэсэн байна.

Гэтэл ямар ч гэм буруугүй улсын ажил үүрэг гүйцэтгэж явсан намайг 20.000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна. Дээрхи үйл явдлаас байгууллагын машинд учирсан засвар үйлчилгээний үнэ 1.700.000 төгрөгийг гаргасан. 1.300.000 төгрөг Тэнгэр даатгалаас авсан. Хот руу явж машин засуулсан зардал болон үнийн зөрүүг би өөрөө гаргасан. Шүүхээс хүсэхэд надад учирсан гэм хорын хохирол болох Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр үнэлсэн 1.700.000 төгрөгийг Б.Д гаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би С.Ж ы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тус Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн С.Ж  нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч нартай хуйвалдаж гаргуулсан шийдвэрээ өөрийн итгэл үнэмшил болгон шуналын сэтгэл хөдөлж надаас машин эвдэж засуулсан мөнгөө гаргуулж авах гэж улайран хамсаатангуудтайгаа нийлж гүтгэж байна гэж бодож байна.

С.Ж  нь өөрийн гаргасан зам тээврийн ослыг өөрийн хүү болох замын цагдаагийн тасгийн зохицуулагч, байцаагч одоо Хутаг-Өндөр сумын байцаагчаар ажиллаж байгаа Ж.Э ын заавраар Замын цагдаагийн тасгийн байцаагч Ө  зохиомол хэрэг үүсгэн нуун дарагдуулах ажиллагаа гэж ойлгож байна. Нотлох баримтууд нь надад үүсгэсэн хавтаст хэрэгт байгаа.

Надад үүсгэсэн хавтаст хэрэгт замын цагдаагийн гаргасан шинжээчийн дүгнэлт, надаас авсан байцаалт, бусад материалууд байгаа би бүгдэд нь дээрх шийдвэрүүдийг эөвшөөрөхгүй байгаа, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулъя гэж тайлбар бичиж гарын үсэг зураагүй, хүчээр хэргийг шийдсэн байх. ... Ийм байдлаар дарамталж байхаар нь аргаа бараад аймгийн Прокурорын газарт хандахад прокурор Сувдаа албан бичгээр хариу өгч Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаар шийтгэврээр намайг торгосон шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаанд буцаах тухай шийдвэр гаргасан байхад С.Ж  нь Д  зам тээврийн ослын талаар маргаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөө өөрөө хүлээн эөвшөөрч байгаа гэж худал хэлж, өөрөө гэм зэмгүй улсын ажил хийж яваа намайг 20.000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна гэж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл С.Ж  нь 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Бугат сумын нутаг Хуурайн хөтөлийн цаад талд 50 метр орчимд адуу дайрч зам тээврийн осол гаргаж, ослын газраас зугтаж явсан. Өөрөө маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шар тайлах архи ууя гээд манай хүү Д.Б аас архи нэхэж согтуугаар хүмүүст өөрийгөө зам тээврийн осол гаргаж адуу дайрснаа ярьсан байсан.

Гүүгээ машинд дайруулсанг би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө мэдээд хүн амьтнаас сурч байтал орой нь хүүгээсээ Ж  дайрсан болохыг мэдсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт очиж бүртгүүлсэн. Аймгийн Цагдаагийн газрын жижүүрээс ямар нэгэн мал дайрсан зам тээврийн ослын бүртгэл дуудлага ирсэн үү гэж асуухад сүүлийн хэд хоног тийм дуудлага мэдээлэл ирээгүй, манай бүртгэлд байхгүй байна гэсэн. Ингээд та дайрсан машинаа мэдэх үү гэхэд мэднэ гэсэн. Цагдаагийн жижүүр намайг түр хүлээж бай гээд миний өгсөн өргөдлийг даргадаа танилцуулаад ажлын хэсэг гаргаж шалгуулъя гэсэн. Үүнээс хойш 2 цагийн дараа Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Ө  гэх дэслэгч өрөөндөө дуудсан. Ө  таниас мэдүүлэг авна та өргөдөл бичээд өг гэхэд би дэргэд нь сууж байгаад өргөдөл бичиж өгсөн. Тэр өрөөнд байсан а/х Н  , д/ч Н  2 босч ирээд таны буруу шүү малаа хариулгагүй байлгасан, та жолоочийн хохирлыг төлнө гэсэн. Тэгэхэд нь би та нар эхлээд зам тээврийн ослоо хуулийн дагуу шалгачих тэгээд хэн буруутайг тогтоо, түүнээс шалгаагүй байж хэн буруутайг нь тогтоох боломжгүй гэсэн. ... Би үнэн зөвийг тогтоолгохоор прокурорт хандахад прокурор Ө ад шалгах үүрэг өгөхөд Ө  бүрэлдэхүүнтэй комисс томилж шалгуулна гээд өөрийн хүрээний Н  , Н  нарыг томилж дүгнэлт гаргуулж надад танилцуулахад нь дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. ... надад Замын хөдөлгөөний дүрмийн хатуу хучилттай зам дээр мал хариулсан гээд 20.000 төгрөгний торгууль бичсэн.

Зам тзэврийн осол гаргасан жолоочдоо ямар хариуцлага хүлээлгэв гэхэд тэрийг 20.000 төгрөгөөр торгосон гэсэн. Би шийтгэлийг чинь зөвшөөрөхгүй байна гэхэд таныг зөвшөөрсөн үгүй нь хамаагүй торгуулийн хуудас чинь албадан гаргадаг юм гээд явсан. Би уг шийдвэрийг зөвшөөрөөгүй учир прокурорт өргөдөл өгөхөд Сувдаа прокурор бид нэг хүнээс 2 гомдол авахгүй гээд буцааж өгсөн.

...  Ж  хохирогч биш би хохирогч юм гэж боддог. Ж  зам тээврийн осол гаргасан нь тодорхой, өөрөө ч хэлээд байдаг

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1 6 /.“зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учруулахыг, мөн хуулийн 3.1.7 /3.1.7 “замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар явж байгаа жолооч, тээвриин хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг/ -д зааснаар Ж  машин барьж явсан харин би замын хөдөлгөөнд оролцоогүй. Нөгөө талаар С.Ж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан боловч тэрийг тухайн үед цагдаагийн байгууллага тогтоогоогүй, шалгаагүй.

2. Зам тээврийн осол гаргаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй /2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11 шилжих өдрийн дуудлага мэдээллийн бүртгэлд ороогүй байдаг/.

3. Зам тээврийн осол гаргаад ослын газраас зугтсан зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийг зөрчсөн.

4. Зам тээврийн ослыг нуун дарагдуулж өөрийн хүү болон танил талтай үгсэн хуйвалдаж хуулийг бүлэглэн зөрчсөн

5. Өөрийн төрөл садан танил талаа ашиглан авилга хээл хахуул өгч жирийн иргэнийг сэтгэл санааны дарамтад оруулж зохиомол хэрэг үүсгэн арга хэмжээ авахуулж эд хөрөнгийн хохирол учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэж намайг хохиролгүй болгуулахаар гүүний төлбөр 750.000 төгрөг, хээл 300.000 төгрөг, торгууль 20.000 төгрөг нийт 1.070.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч С.Ж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Б.Д гийн гаргасан хүсэлтүүд нь хуулийн байгууллагын ажилтнуудын нэр төр, албан тушаалтнуудад нь холбогдуулан гүтгэн доромжилсон байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ж  нь хариуцагч Б.Д д холбогдуулан 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.Д  нь С.Ж аас 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргасан.

Хариуцагч Б.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  нэхэмжлэгч С.Ж  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул С.Ж  хохирогч биш харин би хохирогч учир С.Ж аас гүүний төлбөр 750.000 төгрөг, хээл 300.000 төгрөг, торгууль 20.000 төгрөг нийт 1.070.000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ. 

2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Булган аймгийн ...  гэх газарт ПИКАП маркын **-** БУЛ улсын дугаартай нэхэмжлэгч С.Ж ы жолоодож явсан тээврийн хэрэгсэл 1 тооны адуу дайрсан осол гарсан болох нь зохигчийн тайлбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 82-р хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 73-74-р хуудас/-ээр тус тус  нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Ж  нь дээрх ослын улмаас ПИКАП маркын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.700.000 төгрөгийн эвдрэл, засварын зардал үүссэн. Тэнгэр даатгал ХХК-иас даатгалын төлбөрт 1.300.000 төгрөгийг авсан бөгөөд 1.300.000 төгрөгөөс илүү гарсан зардал, хот руу явж машин засуулсан зардлыг гаргасан тул хариуцагч Б.Д гаас “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээний дагуу 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Зам тээврийн ослын улмаас Б Төрийн өмчит хувьцаат компаний өмчлөлийн ПИКАП маркын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч, засварлагдсан болох нь зохигчийн тайлбар, Б төрийн өмчит хувьцаат компаний тус шүүхэд ирүүлсэн тодорхойлолт /хэргийн 94-р хуудас/-оор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Ж  нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн улмаас үүссэн хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.  Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б Төрийн өмчит хувьцаат компаний өмчлөлийн ПИКАП маркын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн засварын зардалд Тэнгэр даатгал ХХК-иас өгсөн даатгалын зардлаас гадна хэдэн төгрөгийн зардал өөрөөсөө гаргаж тус машиныг засуулсан болохоо нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Б.Д д зам тээврийн ослын улмаас 750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ /хэргийн 79-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй гэжээ. Иймээс  автомашиныг эзэмшилдээ байлгах эрх мэдэлтэй этгээдийг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх тул Б.Д  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг С.Ж д холбогдуулж гаргасан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул хариуцагч Б.Д гаас 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, С.Ж аас 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.150 /дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.230 /гучин мянга хоёр зуун гуч/ төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Ж ы нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д д холбогдох 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах, С.Ж д холбогдох 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Д гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.150 /дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.230 /гучин мянга хоёр зуун гуч/ төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР 

                 ШҮҮГЧИД                          Г.МЯГМАРСҮРЭН 

                                                      О.ОДОНЧИМЭГ