Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 214/МА2020/00029

 

С.Ж ы нэхэмжлэлтэй, Б.Д д

холбогдох иргэний хэргийн тухай 

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 895 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ж ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д д холбогдох, 1.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Б.Д гийн давж заалдах гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ж, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Б.Д, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч С.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон юм. Уг хэргийн тухайд би Б ТӨХК-д жолоочоор ажилладаг юм. Орхон аймгаас ирсэн засварчныг хүргэж өгөхөөр явж байхдаа адуу дайрсан. Тэгээд би замын инженерээр цагдаад дуудлага өгүүлсэн. Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж намайг хохирогчоор тогтоон надад учирсан хохирлын талаар тайлбар хуулийн дагуу авсан юм. Дайрагдсан адуу нь Булган сумын иргэн Б.Д  гэж хүний адуу байсныг мэдсэн. Хохирогч Б.Д  Эрүүгийн шүүх хуралдааны явцад зам тээврийн ослын талаар  маргаагүй өөрөө Эрүүгийн шүүх хуралдааныг хүлээн зөвшөөрдөг юм. Адуу дайрагдсан талаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч Б.Өнөрбатын гаргасан тайлбар бий.

Уг тайлбарт: Гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52.1-д, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийн 27.2 дахь хэсэгт зааснаар хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулагагүй мал оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж холбогдогч Д г 20.000 төгрөгөөр торгосон. Гаргасан шийдвэрээ дэмжиж байгаа болно гэсэн байна. Гэтэл ямар ч гэм буруугүй улсын ажил үүрэг гүйцэтгэж явсан намайг 20.000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна. Дээрхи үйл явдлаас байгууллагын машинд учирсан засвар үйлчилгээний үнэ 1.700.000 төгрөгийг гаргасан. 1.300.000 төгрөг Тэнгэр даатгалаас авсан. Хот руу явж машин засуулсан зардал болон үнийн зөрүүг би өөрөө гаргасан. Шүүхээс хүсэхэд надад учирсан гэм хорын хохирол болох Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр үнэлсэн 1.700.000 төгрөгийг Б.Д гаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Д  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би С.Ж ы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тус Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэн С.Ж  нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч нартай хуйвалдаж гаргуулсан шийдвэрээ өөрийн итгэл үнэмшил болгон шуналын сэтгэл хөдөлж надаас машин эвдэж засуулсан мөнгөө гаргуулж авах гэж улайран хамсаатангуудтайгаа нийлж гүтгэж байна гэж бодож байна. С.Ж  нь өөрийн гаргасан зам тээврийн ослыг өөрийн хүү болох замын цагдаагийн тасгийн зохицуулагч, байцаагч одоо Хутаг-Өндөр сумын байцаагчаар ажиллаж байгаа Ж.Э ын заавраар Замын цагдаагийн тасгийн байцаагч Өнөрбатаар зохиомол хэрэг үүсгэн нуун дарагдуулах ажиллагаа гэж ойлгож байна. Нотлох баримтууд нь надад үүсгэсэн хавтаст хэрэгт байгаа. Надад үүсгэсэн хавтаст хэрэгт замын цагдаагийн гаргасан шинжээчийн дүгнэлт, надаас авсан байцаалт, бусад материалууд байгаа би бүгдэд нь дээрх шийдвэрүүдийг эөвшөөрөхгүй байгаа, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулъя гэж тайлбар бичиж гарын үсэг зураагүй, хүчээр хэргийг шийдсэн байх. ... Ийм байдлаар дарамталж байхаар нь аргаа бараад аймгийн Прокурорын газарт хандахад прокурор Сувдаа албан бичгээр хариу өгч Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаар шийтгэврээр намайг торгосон шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаанд буцаах тухай шийдвэр гаргасан байхад С.Ж  нь Д  зам тээврийн ослын талаар маргаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөө өөрөө хүлээн эөвшөөрч байгаа гэж худал хэлж, өөрөө гэм зэмгүй улсын ажил хийж яваа намайг 20.000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна гэж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл С.Ж  нь 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Бугат сумын нутаг Хуурайн хөтөлийн цаад талд 50 метр орчимд адуу дайрч зам тээврийн осол гаргаж, ослын газраас зугтаж явсан. Өөрөө маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шар тайлах архи ууя гээд манай хүү Д.Б аас архи нэхэж согтуугаар хүмүүст өөрийгөө зам тээврийн осол гаргаж адуу дайрснаа ярьсан байсан. Гүүгээ машинд дайруулсанг би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө мэдээд хүн амьтнаас сурч байтал орой нь хүүгээсээ Ж  дайрсан болохыг мэдсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт очиж бүртгүүлсэн. Аймгийн Цагдаагийн газрын жижүүрээс ямар нэгэн мал дайрсан зам тээврийн ослын бүртгэл дуудлага ирсэн үү гэж асуухад сүүлийн хэд хоног тийм дуудлага мэдээлэл ирээгүй, манай бүртгэлд байхгүй байна гэсэн. Ингээд та дайрсан машинаа мэдэх үү гэхэд мэднэ гэсэн. Цагдаагийн жижүүр намайг түр хүлээж бай гээд миний өгсөн өргөдлийг даргадаа танилцуулаад ажлын хэсэг гаргаж шалгуулъя гэсэн. Үүнээс хойш 2 цагийн дараа Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Өнөрбат гэх дэслэгч өрөөндөө дуудсан. Өнөрбат таниас мэдүүлэг авна та өргөдөл бичээд өг гэхэд би дэргэд нь сууж байгаад өргөдөл бичиж өгсөн. Тэр өрөөнд байсан а/х Н , д/ч Н  2 босч ирээд таны буруу шүү малаа хариулгагүй байлгасан, та жолоочийн хохирлыг төлнө гэсэн. Тэгэхэд нь би та нар эхлээд зам тээврийн ослоо хуулийн дагуу шалгачих тэгээд хэн буруутайг тогтоо, түүнээс шалгаагүй байж хэн буруутайг нь тогтоох боломжгүй гэсэн. ... Би үнэн зөвийг тогтоолгохоор прокурорт хандахад прокурор Өнөрбатад шалгах үүрэг өгөхөд Өнөрбат бүрэлдэхүүнтэй комисс томилж шалгуулна гээд өөрийн хүрээний Н, Н  нарыг томилж дүгнэлт гаргуулж надад танилцуулахад нь дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. ... надад Замын хөдөлгөөний дүрмийн хатуу хучилттай зам дээр мал хариулсан гээд 20.000 төгрөгний торгууль бичсэн. Зам тзэврийн осол гаргасан жолоочдоо ямар хариуцлага хүлээлгэв гэхэд тэрийг 20.000 төгрөгөөр торгосон гэсэн. Би шийтгэлийг чинь зөвшөөрөхгүй байна гэхэд таныг зөвшөөрсөн үгүй нь хамаагүй торгуулийн хуудас чинь албадан гаргадаг юм гээд явсан. Би уг шийдвэрийг зөвшөөрөөгүй учир прокурорт өргөдөл өгөхөд Сувдаа прокурор бид нэг хүнээс 2 гомдол авахгүй гээд буцааж өгсөн. ...Ж  хохирогч биш би хохирогч юм гэж боддог. Ж  зам тээврийн осол гаргасан нь тодорхой, өөрөө ч хэлээд байдаг

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1 6 /.“зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учруулахыг, мөн хуулийн 3.1.7 /3.1.7 “замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар явж байгаа жолооч, тээвриин хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг/ -д зааснаар Ж  машин барьж явсан харин би замын хөдөлгөөнд оролцоогүй. Нөгөө талаар С.Ж  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан боловч тэрийг тухайн үед цагдаагийн байгууллага тогтоогоогүй, шалгаагүй.

2. Зам тээврийн осол гаргаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй /2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11 шилжих өдрийн дуудлага мэдээллийн бүртгэлд ороогүй байдаг/.

3. Зам тээврийн осол гаргаад ослын газраас зугтсан зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийг зөрчсөн.

4. Зам тээврийн ослыг нуун дарагдуулж өөрийн хүү болон танил талтай үгсэн хуйвалдаж хуулийг бүлэглэн зөрчсөн

5. Өөрийн төрөл садан танил талаа ашиглан авилга хээл хахуул өгч жирийн иргэнийг сэтгэл санааны дарамтад оруулж зохиомол хэрэг үүсгэн арга хэмжээ авахуулж эд хөрөнгийн хохирол учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэж намайг хохиролгүй болгуулахаар гүүний төлбөр 750.000 төгрөг, хээл 300.000 төгрөг, торгууль 20.000 төгрөг нийт 1.070.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч С.Ж  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Б.Д гийн гаргасан хүсэлтүүд нь хуулийн байгууллагын ажилтнуудын нэр төр, албан тушаалтнуудад нь холбогдуулан гүтгэн доромжилсон байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 895 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Ж ы нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д д холбогдох 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах, С.Ж д холбогдох 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Д гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.150 /дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.230 /гучин мянга хоёр зуун гуч/ төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие жолооч Ж ы хууль бус үйлдлийн улмаас миний адууг зам гарч явахад нь дайрч алаад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Харамсалтай нь анхан шатны шүүх Ж ы зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтааж санаатайгаар буюу зохион байгуулалттай нуун дарагдуулсан үйлдлийг хаацайлж  Иргэний хуулийн 499 дүгээр зүйл буюу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гэсэн зүйлээр надад учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Би анхан шатны шүүхэд болон Ж тай зам тээврийн ослын талаар огт маргаагүй. Зөвхөн архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуугаар машин жолоодож яваад миний адууг дайрч алаад надад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан, зам тээврийн ослын газраас зугтааж  замын хөдөлгөөний дүрмийн 3.5а, 3.5г, 3.5д заасан заалтыг зөрчсөн С.Ж аас хохирол барагдуулж өгөхийг хүссэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад учирсан хохирол 1.020.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Ж  нь хариуцагч Б.Д д холбогдуулан гэм хорын хохирол 1.020.000 төгрөг гаргуулах, хариуцагч  Б.Д нь нэхэмжлэгч С.Ж  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул  С.Ж аас гүүний үнэ 750.000 төгрөг, хээл 300.000 төгрөг, торгууль 20.000 төгрөг нийт 1.070.000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 11-гий орой Булган аймгийн Булган сумын нутаг “хуурай “гэх газар нэхэмжлэгч С.Ж  нь  Б төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ПИКАЛ маркийн **-** БУЛ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 1 тооны адуу дайрсаны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд 1,700,000 төгрөгийн эвдрэл  үүссэн байх бөгөөд “Тэнгэр даатгал” ХХК-ниас 1.300.000  төгрөг гаргуулсан, нь сөрөг нэхэмжлэл гаргасан Б.Д д 750.000 төгрөгийн хохирол учирсан нь нь нотлогдож тогтоогдсон байна. /х.х-ийн 11-12, 73-74,82,/

Нэхэмжлэгч С.Ж  нь “Ашид билгүүн” ХХК-ний гаргасан үнэлгээний дагуу 1.700.000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “ ...баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт  хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгч С.Ж аас гүүний үнэ 750.000 төгрөг, хээл 300.000 төгрөг  торгууль 20.000 төгрөг нийт 1.070. 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд: Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хээлтэй гүүний өмчлөгч нь Б.Д  бөгөөд зам тээврийн ослын улмаас 750.000 төгрөгийн хохирол учирсан  байна.

 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т “ Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй.” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Д  нь нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт буюу Монгол улсын замыг хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх “ гэснийг зөрчсөн буруутай байна.  Хариуцагч С.Ж  нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч  биш тул  нэхэмжлэгч Б.Д д учирсан хохирлыг хариуцах  үндэслэлгүй гэж үзсэн нь  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь дээр дурдсан эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Д гийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                       

1. Хариуцагч Б.Д гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч Б.Д гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30230 /гучин мянга хоёр зуун гуч/ төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

   

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

       ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                            М.ХҮРЭЛБААТАР