Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2020/00901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ...од оршин суух, Ч овогт О.С  

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ...од оршин суух, Б овогт Б.Г   нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ...т оршин суух, Т овогт Г.Э  -д холбогдох,

гэм хорын хохиролд 21.127.086 /хорин нэгэн сая нэг зуун хорин долоон мянга наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00845/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.С, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие О. С  нь нөхөр Г гийн хамт 2020 оны 5 сарын 8-ны өдөр ажлаа тараад гэртээ харихаар явж байтал Орхон аймгийн ...ийн нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” худалдааны төвийн урд зам дээр “Хьюндай” портер маркын **-** БУА улсын дугаартай машин нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин бидний сууж явсан IST маркийн **-** ОРХ улсын дугаартай машиныг мөргөн зам тээврийн осол гаргасан. Энэ талаар зам тээврийн ослын дүгнэлт гарч хариуцагч Г.Э ыг Замын хөдөлгөөний дүрмийн 16.10 дугаар зүйл хэсэг буюу жолооч зүүн гар тийш болон буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн буруутай байна гэж 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн З0 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Уг ослын улмаас О.С  миний бие хүзүүний зөөлөн эд, тархины даралт, савны доргилт... зэрэг хөнгөн гэмтэл авч, өнөөдрийг хүртэл уг гэмтлийн үр дагавар арилаагүй эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар түр алдан хохирч байна. Энэ ослын улмаас мөн ажлаа хийж чадахгүй цалин орлогоо алдлаа. Бид хоёр хоёулаа “Хаан хүнс” ХХК-д ажилладаг. Сард тус тус 680.000, 700.000 төгрөгийн цалин авдаг.

Ингээд Г.Э  нь бидний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан тул гэм хорын хохиролд дараах эмчилгээний, тээврийн хэрэгслийн засварын зардал, ажилгүй байсан хугацааны болон цалин орлого ажлаа хийж чадаагүй зэрэг зардлуудыг нэхэмжилж байна.

Үүнд: О.С  миний хувьд эмнэлэгт хэвтэх үед гарсан шилжилгээ, эмчилгээний зардал, авах ёстой байсан цалин болон бусад зардалд :

1. Хүзүү, нурууны зураг - 50.000 төгрөг,  -59.400 төгрөг, Эм- 15.454 төгрөг, 11,500 төгрөг.

2. Монос Орхон Фарм ХХК-аас хүзүүний бэхэлгээ-37.000 төгрөг.

3 . 05 сарын 09-ний өдөр КТГ-т – 255.000 төгрөг, Цахиур нурам-17.000 төгрөг.

4. 05 сарын 12-ны өдөр БОЭТ-д 94.950 төгрөг.

5. 05 сарын 15-ны өдөр Төлбөртэй палат-100.000 төгрөг,

6. Эм-20.000 төгрөг

7. 05 сарын 08-ны өдөр Ээж ирэхэд- 35.000 төгрөг,  явахад- 40.000 төгрөг, 05 сарын 14-ний өдөр - 11.950 төгрөг, 05 сарын 19нд Газ-7.000 төгрөг.

8. 05 сарын 18-ны өдрөөс 05 сарын 24-ний өдөр хүртэл Их тавт эмнэлэгт- 537.600 төгрөг, 05 сарын 24-ний өдөр - 6.600 төгрөг, 05 сарын 25-ны өдөр Ус- 4.700 төгрөг.

09. 05 сарын 25-ны өдөр УБ хот явахад-89.580 төгрөг.

10. 05 сарын 27-ны өдөр УБ хотоос ирэхэд- 55.500 төгрөг.

11. 05 сарын 26-ны өдөр Эмчийн үзлэг- 25.000 төгрөг.

12. 05 сарын 25-ны өдөр МRI толгой- 315.000 төгрөг, Хүзүү- 270.000 төгрөг, Ус, ундаа- 4.498 төгрөг.

13. 05 сарын 27-ны өдөр Урьхан замд цайнд- 2.950 төгрөг. Хоол 39.100 төгрөг.

14. 3ам ашигласны төлбөрт- 3.000 төгрөг.

15. 05 сарын 21-ний өдөр Хөтөлөөс- 20.000 төгрөг.

16. 06 сарын 02-ны өдөр Хөтөлөөс- 20.000 төгрөг.

17. 06 сарын 02-ны өдөр Газ- 30.000 төгрөг.

18. 06 сарын 10-ны өдөр Эмийн сангаас- 5.100 төгрөг.

1906 сарын 09-ний өдөр Хүнс- 27.100 төгрөг.

20. 06 сарын 10-ны өдөр Идэр ШТС- 21.000 төгрөг

21. 06 сарын 01-ний өдөр Авзага эмийн сангаас- 80.000 төгрөг.

22. 06 сарын 10-ны өдөр Хүнсэнд- 7.000 төгрөг.

23. 06 сарын 13-ны өдөр Шунхлайгаас шатахуун- 15.000 төгрөг.

24. 06 сарын 20-ны өдөр Сод монгол- 15.000 төгрөг.

25. 06 сарын 18-ны өдөр Их тавт эмнэлэг- 550.280 төгрөг.

26. 06 сарын 26-ны өдөр Ус ундаа- 4.948 төгрөг.

27. 06 сарын 29-ний өдөр Эм- 12.500 төгрөг.

28. 06 сарын 09-ний өдөр Эм- 9.600 төгрөг.

29. 06 сарын 12-ны өдөр Сод монгол ШТС-аас- 10.000 төгрөг.

30. 06 сарын 01-ний өдөр Сод монгол ШТС-аас - 20.000 төгрөг.

31. 06 сарын 19-ний өдөр НИК ХХК-ийн ШТС-аас - 20.000 төгрөг.

32. 06 сарын 20-ны өдөр Сод монгол- 43.000 төгрөг.

33. 06 сарын 21-ний өдөр Эм-2.000 төгрөг.

34. 06 сарын 09-ний өдөр Бензин-15.000 төгрөг.

35. 06 сарын 28-ны өдөр Тос-20.000 төгрөг.

36. 06 сарын 26-ны өдөр Сод монгол ШТС-аас - 20.000 төгрөг.

37. 06 сарын 27-ны өдөр Хүнс- 1.800 төгрөг.

38. 06 сарын 28-ны өдөр Хүнс- 9.110 төгрөг.

39. 06 сарын 27-ны өдөр Хүнс-8.200 төгрөг.

40. 06 сарын 27-ны өдөр эм- 20.300 төгрөг.

41. 06 сарын 10-ны өдөр Хүнс- 3.600 төгрөг.

42. 06 сарын 26-ны өдөр Хүнс- 11.850 төгрөг.

43. Сарын цалин- 700.000*2=1.400.000 төгрөг. Үүнээс 5, 6 дугаар сарын листний мөнгө 400.000 төгрөгийг хасаад 1.000.000 төгрөг мөн дээр нь 7 дугаар сарын цалин 700.000 төгрөг нийт 4.471.692 төгрөгийн хохирол учирсан.

Нөхөр Б.Г д: мөн Их Тавт эмнэлэгт хэвтсэн болон хийлгэсэн шинжилгээ хийх ёстой эмчилгээний, машины засварын болон бусад зардалд:

1. 06 сарын 10-ны өдөр Эм-6.349 төгрөг.

2. 05 сарын 10-нд КТГ- 195.000 төгрөг.

3. Их тавт эмнэлэгт-420.000 төгрөг.

4. Авч уух эмийн жороор- 285.200 төгрөг.

5. Эмчилгээний жор- 203.200 төгрөг.

6. 05 дугаар сарын цалин- 680.000 төгрөг.

7. 06 дугаар сарын цалин 11хоног*35789=393.684 төгрөг.

8. Моннис авто засварт -30.000 төгрөг.

9. Машины ачилт -40.000 төгрөг.

10. Машины зөрүү мөнгө - 1.082.000 төгрөг.

11. Машин чирүүлэхэд -80.000 төгрөг, журмын хашаанд 30.000 төгрөг, нийт 3.443.302 төгрөгийн хохирол учирсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 7.914.994 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 13.212.092 төгрөг нийт 21.127.086 төгрөгийг хариуцагч Г.Э аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараах эмийн зардал, төлбөрүүд орж байгаа. Үүнд

1. 7 сарын 4 -ний өдөр эм -2.800 төгрөг.

2. 7 сарын 4 -ний өдөр Эм-9.756 төгрөг.

3. 7 сарын 4 -ний өдөр Эм-12.600 төгрөг.

4. 7 сарын 6 -ны өдөр эм-19.000 төгрөг.

5. 7 сарын 9 -ний өдөр эм -6.400 төгрөг.

6. 7 сарын 25 -ны өдөр эм – 1500 төгрөг.

7. 7 сарын 25 -ны өдөр Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлэхээр явсан вагоны зардал – 8.100 төгрөг.

8. 7 сарын 25 -ны өдөр Эмчийн үзлэг -30.000 төгрөг.

9. Тангийн төлбөр -78.600 төлбар

10. 7 сарын 27 -ны өдөр Хотоос Эрдэнэт руу буцах зардал 30.000 төгрөг.

11. 7 сарын 27 -ны өдөр Урьхан цайны газар хоол -49.200 төгрөг.

12. 7 сарын 28 -ны өдөр эм – 28.386 төгрөг.

13. 8 сарын 29 -ний өдөр эм-118.500 төгрөг.

14. Авч уух эмийн жороор -944.550 төгрөг.

15. 3 жилд улирал дутамд хийх эмчилгээний зардал 3 жил *4 улирал *944550=11.334.600 төгрөг.

16. Сарын цалин -700.000 үүнээс 8 сарын листний мөнгө 200.000 төгрөгийг хасаад 500.000 төгрөг

Нөхөр Г д

17. 7 сарын 25 -ны өдөр Улаанбаатар хот руу үзүүлхээр явсан вагоны зардал 8.100 төгрөг.

18. 7 сарын 25 -ны өдөр Эмчийн үзлэг -30.000 төгрөгийн хохиролууд учирсан гэв.

Хариуцагч Г.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Г.Э д холбогдуулан О.С , Б.Г  нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргаж байна.

2020 оны 05 сарын 08-ны өдөр осол болсны дараа нэхэмжлэгч О.С , Б.Г  бид гурвыг Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж дээр аваачиж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд бидний биеийн байдлыг үзээд гэмтэл бэртэл гайгүй байсан учир надад зөрчлийн хуулиар арга хэмжээ авч, нэг зуун мянган төгрөгөөр торгосон. Бичиг үсэг мэдэхгүй, хүнтэй сайн харьцаж чаддаггүй хөдөөний хүн тул цагдаагийн амаар миний буруу юм байна гэж ойлгоод хүмүүсийн гэмтэл гайгүй байсан тул би машины төлбөр 2.918.000 төгрөгийг  төлсөн.

Түүнээс хойш энэ 2 хүний биеийн байдлыг асуухаар миний ах Батдаваа удаа дараа утсаар залгахад нэг удаа утсаа авч яриад 5 сарын 28-ны үед Улаанбаатар хотод байна гээд түүнээс хойш ер аваагүй гэсэн.

Анх нэхэмжилсэн нэхэмжлэлээс машины эвдрэл гэмтлийг эмчэлгээний дагуу төлсөн тул зөрүү мөнгийг төлөх боломжгүй, эмчилгээний болон бусад зардалд 6.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэлтэй байна. Түүнээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Миний хувьд цөөн хэдэн малтай амьдралын нөхцөл хүнд, бага насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь төлөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.С , Б.Г  нар нь хариуцагч Г.Э д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 21.127.086 /хорин нэгэн сая нэг зуун хорин долоон мянга наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгийг төлж, эвлэрэх саналаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд дэмжсэн боловч нэхэмжлэгч нар хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулахгүй, нэхэмжлэлийн шаардлага 21.127.086 төгрөгийг бүхэлд нь гаргуулна. Хариуцагчтай эвлэрэх саналгүй гэж маргажээ. 

2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт байрлах Хийморь худалдааны төвийн урд зам дээр Ист маркын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х Портер маркын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ист маркын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон осол гарсан болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал /239, 241-242, 246-249-р хуудас/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

Дээрх осол нь Х Портер маркын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Э  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2, 16, 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт зөрчлийн хэрэгт авагдсан байна / 2 дугаар ХХ-ийн  52-р хуудас/. Мөн хариуцагч Г.Э д тус зөрчлийн улмаас 100.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна /2 дугаар ХХ-ийн 57-р хуудас/. Хариуцагч шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй байх бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Энэхүү ослын улмаас нэхэмжлэгч О.С гийн биед гавал, тархины битүү гэмтэл, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хэвлий, баруун зүүн шилбэ, баруун зүүн ташаа, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон болох нь 2 дугаар ХХ-ийн 37-38-р хуудсанд авагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн хуулбараар нотлогдож байна. Осол болоход Ист маркын **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор О.С  нөхөр Б.Г гийн хамт явсан болох нь 2 дугаар ХХ-ийн 8-11-р хуудсанд авагдсан Б.Г , Г.Э  нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч О.С , Б.Г  нар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй. 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 101 ширхэг 4.202.202 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгөний орлогын баримт,  И баримт болон зам ашигласны төлбөрийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн /хэргийн 17-27, 30-35, 37-100, 130-149-р хуудас/.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлсний үндсэн дээр дараах хохирлыг нэхэмжлэгч нарт хариуцагчаас гаргуулж, олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.С д:

-       Хүзүү, нуруу, аарцаг ясны дижитал зургийн үнэ 50.000 төгрөг, 59.400 төгрөг /хэргийн 17-18-р хуудас/

-       Эмний үнэ 306.308 төгрөг, /хэргийн 19,20, 31, 37, 48, 53, 55, 83, 95, 140, 149-р хуудас/

-       Хүзүүний бэхэлгээ 37.000 төгрөг /хэргийн 21-р хуудас/

-       Толгой, хүзүүний томографикийн зурагийн үнэ 255.000 төгрөг /хэргийн 23-р хуудас/

-       Осол болсон өдрийн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацааны болон Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явж, ирэхэд гарсан бензиний зардал мөн галт тэрэгний зардал 208.180 төгрөг /хэргийн 26, 47, 49, 57, 131, /

-       Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардал 194.950 төгрөг  /хэргийн 30, 32, /

-       Үзлэгийн үнэ 80.000 төгрөг /хэргийн 46, 71, 133/

-       Мөнгөн гүүр эмнэлэг Толгой, тархины судастай MRI төлбөр 585.000 төгрөг /хэргийн 59-р хуудас/. нийт 1.775.838 /нэг сая долоон зуун далан таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийн хохиролыг хариуцагч Г.Э аас гаргуулж, нэхэмжлэгч О.С д олгох.

Нэхэмжлэгч Б.Г д:   

-       Эмчилгээний зардал болон эмний мөнгө  405.100 төгрөг /хэргийн 38, 74, 76, 132-р хуудас/

-       Машины журмын хашаанд байсан хугацааны зардал болон машин ачуулж, оношлуулсан зардал, галт тэрэгний зардал 228.100 төгрөг нийт 633.200 /зургаан зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Г.Э аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Г д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 18.718.048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцэж байна.

Учир нь: Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлох үүрэгтэй атал нэхэмжлэгч нар энэ үүргээ биелүүлээгүй буюу дараах шаардлагыг нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

-       Нэхэмжлэгч О.С  нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 3 жилд улирал тутамд хийгдэх эмчилгээний зардалд 11.334.600 төгрөг нэхэмжилж байгаа боловч 3 жил дараалан улирал тутамд ямар төрлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай эмчийн магадлагаа, зайлшгүй хийлгэх эмчилгээний бичилт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар ирээдүйд гарах эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

-       Нэхэмжлэгч Б.Г  нь машины үнийн зөрүү 1.082.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нарын машины зах зээлийн үнэ 4.000.000 төгрөг бөгөөд тухайн машины засварын зардал 2.918.000 төгрөг болох нь Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр нотлогдож байгаа бөгөөд энэхүү хохирлыг хариуцагч Г.Э төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ. Хуульд зааснаас үзвэл эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг арилгахдаа эхлээд эвдэрсэн зүйлийг засаж болох эсэх, харин хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх дарааллыг заасан. Эвдэрсэн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч тус тээврийн хэрэгслийг засагдах боломжгүй гэдгээ нотлоогүй тул хариуцагчаас машины үний зөрүү 1.082.000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

-       Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төлөх үүрэгтэй гэсний дагуу листтэй байх хугацааны цалингийн зөрүү 3.273.684 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч О.С  нь 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зам тээврийн осол болсноос хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд 7 удаа листтэй байсан. Нэхэмжлэгч Б.Г  нь 2020 оны 5 дугаар сард 1 удаагийн листтэй байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан хүнс катеринг ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 01.184, 01.185 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч нар листтэй байх хугацаандаа хэдэн төгрөгийн листийг харьяа орон нутгийн Нийгмийн даатгалын хэлтсээс авсан болон нэг сарын цалингийн зөрүү хэдэн төгрөг болж байгаагаа нотлох баримтаар нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

-       2020 оны 5 дугаар сарын 8-нд ээж ирэхэд 35000 төгрөг, явахад 40.000 төгрөг. Хүнсний зардал баримтаар 210.010 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг , хэвлэлийн зардал 3000 төгрөг, нэр тодорхойгүй бөгөөд эмийн зардал, хэзээ, хашаа ямар шалтгааны улмаас ямар машинд бензин хийсэн нь тодорхойгүй бензиний зардлууд 2.193.154 төгрөг, нийт 2.490.164 төгрөгийн зардлыг зөрчлийн улмаас үүссэн гэм хорын зардалд хамаарахгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл эдгээр зардал нь Иргэний хуульд заасан гэм хороос үүссэн зардалд орохгүй юм.

-       О.С  нь “Их тавт” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 537.600 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч О.С  нь “Их тавт” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ N11 буюу сувганцарын завсрын эдийн архаг нефрит, K82 буюу цөсний хүүдийн бусад өвчин гэсэн онош /1-р ХХ-ийн 73-74-р хуудас/-оор хэвтэн эмчлүүлсэн нь тухайн ослын улмаас түүний эрүүл мэндэд учирсан гавал, тархины битүү гэмтэл, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хэвлий, баруун зүүн шилбэ, баруун зүүн ташаа, цээжинд зөөлөн эдэд цус хуралт гэсэн өвчний оноштой тохирохгүй байх тул тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн зардлыг гаргах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул хариуцагч Г.Э аас 2.409.038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.С д 1.775.838 төгрөг, Б.Г д 633.200 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.718.048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424.110 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Э аас 53.495 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.                                                               

             Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон С.Ганцэцэг шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн материалтай танилцсан боловч шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнтэй төрөл садангийн холбоотой байсан тул энэ тухай зохигчдод мэдэгдэхэд зохигчийн хэн аль нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйгээр хурлыг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаан явуулсан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э аас гэм хорын хохирол 2.409.038 /хоёр сая дөрвөн зуун есөн мянга гучин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.С д 1.775.838 /нэг сая долоон зуун далан таван мянга найман зуун гучин найм/ төгрөг, нэхэмжлэгч Б.Г д 633.200 /зургаан зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.718.048 /арван найман сая долоон зуун арван найман мянга дөчин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424.110 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Э аас 53.495 /тавин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.                                                                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ХИШИГДЭЛГЭР 

                 ШҮҮГЧИД                          Г.МЯГМАРСҮРЭН 

                                                           О.ОДОНЧИМЭГ