Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01284

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02229 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01712 дугаар магадлалтай,

Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Б.М-Э, Б.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 115,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч  Б.М-Э, Б.А, хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.М-Э, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 115,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Г-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02229 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар Б.А, Б.М-Э нараас зээлийн гэрээний үүрэг 115,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.А, Б.М-Э нарын Б.Г-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 735,450 төгрөг, хариуцагч нарын төлсөн 544,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Г-аас 544,950 төгрөг гаргуулан Б.А, Б.М-Э нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01712 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А, Б.М-Э нараас 80,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,650,000 төгрөг гаргуулах хэсгийг, нэхэмжлэгч Б.Г-д холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.А, Б.М-Э нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...56.1” гэснийг “...56.2” гэж, “...Б.Г-аас 544,950 төгрөг гаргуулан Б.А, Б.М-Э нарт олгосугай.” гэснийг “...Б.А,  Б.М-Э нараас 562,200 төгрөг гаргуулан Б.Г-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,280,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяа 2022.10.17-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.18-ны өдрийн 001/ШХТ2022/01309 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5.1. Хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг тус тус зөрчсөн. Тодруулбал, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар дүгнэж, улмаар нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль зүйн үүднээс хянан үзэж хэргийг шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэж чадсангүй, бодит үйл баримт болон холбогдох хуулийг хэрэглэсэнгүй. Иргэний хэргийн шүүх зохигчдын маргаж буй үйл баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын зарчмыг баримталдаг. Гэвч талуудын маргааны үйл баримтын зүйл нь хэлцэл байвал уг хэлцэл “хуульд нийцэж буй эсэх”-ийг шүүх хэнээс ч асуухгүйгээр өөрийн эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд “шүүхийн хяналт”-ыг хэрэгжүүлж, шалгах үүрэгтэй. Учир нь хууль тогтоомж зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үр дагавартай хэлцлийг шүүх талуудын зарчмаар хүчинтэй гэж тооцох, эсхүл хүчин төгөлдөр бус байдлыг нь хянахгүйгээр хэлцлийн эрх, үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэлцэл байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг хянах “шүүхийн хяналт”-ыг хэрэгжүүлээгүй. Үүнээс гадна хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхээс үзэж буй бол тухайн үүргийг биелүүлэх боломжтой байх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой юм. Хариуцагч нар маргааны зүйл болсон 50,000,000 төгрөгийг өмчлөлдөө аваагүй, хараа ч үгүй. Энэ бол бодит үнэн. Хөрөнгө шилжүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзсэн нь үндэслэлгүй, илт нэг талыг барьсан, хатуухан хэлбэл, өмгөөлөгчийн байр сууринаас дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

5.3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулах, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Давж заалдах шатны шүүх “50,000,000 төгрөгийг аваагүй гэх хариуцагч нарын тайлбарыг ганц гэрчийн мэдүүлгээс өөр баримтаар нотлогдоогүй” гэж дүгнэх нь учир дутагдалтай, хууль хэрэглээний алдаа гаргасан бөгөөд маргаан бүхий үйл баримтыг буруу дүгнэсэн, дүгнэвэл зохих үйл баримтыг орхигдуулсан. Тухайлбал, зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг шаарддаг. Б.А, Б.М-Э нар нь 50,000,000 төгрөгийг аваагүй гэж маргадаг, энэ нь хэрэгт авагдсан СД-нд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, СД-ийг хөрвүүлсэн баримт,  Б.Б-Э,  Б.А нарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, “С Ф” ХХК-ийн дүрмийн хуулбар, дүрэмд өөрчлөлт орсон дүрмийн хуулбар, бэлэглэлийн гэрээ,  Б.М-Э-д өгсөн зээлийн гэрээний эх хувь, Өмнөговь аймагт ажил эхлүүлсэн байдлыг харуулсан фото зураг зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар няцаагдаж байгаа болно.

5.4. Үйл баримт, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар 50,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэдэг нь няцаагдаж байхад шүүх тэдгээр баримтын аль хэсгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа тодорхой тусгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж буй хүн гэрч байж болохоор заасан ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан  Б.Б-Э,  Б.А нар нь амьд гэрч, тэд бодит үнэнийг гэрчилсэн. Түүнчлэн гэрч  Б.А тухайн өдөр бидэнд “бензин авах ч мөнгө байгаагүй” гэж хэлснийг магадлалд “бизнесийн ч мөнгөгүй явж байсан” гэж илт гуйвуулсан. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасантай нийцсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилсан.

5.5. Нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон. Хэрэгт 2019.02.21-ний өдөр 50,000,000 төгрөг зээлдүүлсэн мэт зээлийн гэрээ байгуулж, мөнгө олгосон гэх баримт байгаа ба бодит байдалд нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.А, Б.М-Э нарт мөнгийг шилжүүлж өгөөгүй нь зээлийн гэрээ хэрэгжээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар “шаардах эрхтэй” гэж хуулийг буруу хэрэглэж, дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэснийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь тухайн 50,000,000 төгрөгийг хаанаас, хэрхэн бүрдүүлсэн нь тогтоогдоогүй, ямар санхүүгийн баримтаар өөрийн мөнгөн хөрөнгө болохыг нотлоогүй, зээлүүлсэн гэх мөнгөний эх үүсвэрээ нотолж чадахгүй байсаар хэрэг шийдвэрлэгдсэн төдийгүй 50,000,000 төгрөг шилжүүлсэн зүйл огт байхгүйг анхаарна уу. Хариуцагчийн зээл хүссэн хүсэл зориг тогтоогдоогүй үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа болно.

5.6. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөөгүй. Тэд нэхэмжлэгчид 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрийн эргэн төлөлт огт хийгээгүй, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн эсэх талаарх хэргийн үйл баримтад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ 2019.02.29-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд уг гэрээ нь 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр байгуулагдсан байх бөгөөд цаг хугацааг гэрч  Б.Б-Э тодорхойлсон. Тэрээр “4 дүгээр сарын 12-нд манай аавын төрсөн өдөр болдог” тийм болохоор цаг хугацааг би маш сайн санаж байна. Аавын төрсөн өдрөөс хойш дүү  Б.М-Э “Б.Г, Б.А бид хоёроор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулчихлаа” гэж утсаар ярихаар нь би дүүгээ загнаж байсан” гэж мэдүүлдэг. Гэрч  Б.Б-Э шүүх дээр ирээд зээлийн гэрээг өмгөөлөгч надаас авч хараад 2 дугаар сарын 21-ний өдөр дүү гэрээ хийгээгүй, 4 сарын сүүлээр гэрээнд гарын үсэг зуруулчихлаа гэж над руу ярьж байсан гэж өмгөөлөгч надад хэлсний дагуу Б.А, Б.М-Э нар гэрээний 2 дугаар сарын 21-ний өдөр гэсэн цаг хугацааг анзаарч, гэрээ хийсэн өдөр Б.Г шорттой байсан шдэ” гэж ярьснаа шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан.

5.7. Гэвч  Б.А “Тэр өдөр Б.А, Б.М-Э хоёр мөнгөгүй гарч ирсэн, 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулчихлаа шдэ гэж ярьж байсан, бензин авах ч мөнгөгүй байсан” гэх мэдүүлэг, 2019.02.21-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээнд “...харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулав” гэсэн нь 2018 оноос эхлэлтэй “С Ф” ХХК-д хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор нэхэмжлэгч Б.Г-ын хүнд машин механизм эзэмшигч н.Эрдэнэбилэгт бэлнээр 50,000,000 төгрөгийг “Хьюндай 5000 маркийн экскаватор”-ын урьдчилгаанд өгсөн, “үлдэгдэл 50,000,000 төгрөгийн санхүүжилт авахын тулд энэ гэрээг ашиглах гэж байгаа юм” гэж Б.А, Б.М-Э нарыг хуурч байгуулсан нь энэхүү нэмэлт гэрээ гэгч нотолно. Б.Г нь 50,000,000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Б.А, Б.М-Э нарт шилжүүлсэн бол 3 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй, тэдэнд хүү, алдангитай мөнгө зээлэх шаардлага ч байгаагүй болно. Нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд гаргаж өгсөн “Зээлийн гэрээ”-ний ар талд Б.А, Б.М-Э нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг хэвлэсэн байдаг.  Б.М-Э-д өгсөн 1 хувь “Зээлийн гэрээ”-ний ар талд  Б.М-Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар байхгүй. Энэ нь тухайн үед  Б.М-Э иргэний үнэмлэхгүй, иргэний үнэмлэхээ хаячихсан байсан үе юм.

5.8.  Б.М-Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хаанаас авч гэрээнд канондсон байх вэ, түүнчлэн Б.А, Б.М-Э нар нь Б.Г, Б.Тамир, Б.Пүрэвням нарыг хувьцаа эзэмшигчээр оруулж “С Ф” ХХК-ийн дүрэмдээ 2019.03.06-ны өдөр өөрчлөлт оруулсан ба тухайн үед компанийн асуудлаарх бичиг баримт  Б.М-Э-ийн машин дотор явж байсан, бусад нь байнга машинд суудаг байсан. Тэр үед Б.А, Б.М-Э нарын гарын үсэг бүхий цаасыг ашиглах боломж тэдэнд байсан, гарын үсэг бүхий цаасыг ашиглаж мөнгө хүлээлцсэн акт гэгчийг үйлдсэн байх гэж хэлсний дагуу шинжээч томилуулж, “гарын үсэг нь 1 цаг хугацаанд зурагдсан эсэхийг" тодруулахыг хүссэн боловч энэ талаар тодорхой дүгнэлт гараагүй болно, үүгээрээ цаг хугацааг тодруулахыг хүссэн юм. Учир нь Б.Г нарыг компанийн хувьцаа эзэмшигчээр оруулснаас хойш дээрх 2019.02.21-ний өдрийн зээлийн гэрээг хийсэн нь уг гэрээг тухайн цаг хугацаанд хийгээгүйг нотолно. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасныг болон мөн хуулийн 6.5-д заасан “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэснийг тус тус зөрчигдсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч Б.Г-аас хариуцагч Б.М-Э, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 115,500,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулж 2019.02.21-ний өдрийн зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тус тус шаардсаныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 80,850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 34,650,000 төгрөг гаргуулах хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Б.Г нь 2019.02.21-ний өдөр Б.М-Э, Б.А нартай зээлийн гэрээ байгуулж, 9 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр 50,000,000 төгрөг зээлүүлсэн. Хариуцагч нар зээл авснаасаа хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөг, алданги 38,500,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч “... Зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын зориулалтаар хийсэн. Нэхэмжлэгч нь аавдаа зээлийн гэрээг үзүүлж, хөрөнгө оруулалт авах зорилготой гэсэн тул гарын үсэг зурсан. 50,000,000 төгрөг Б.Тамирын дансанд орсон. Дараа нь н.Эрдэнэбилэгийн дансанд орсон. Уг 50,000,000 төгрөгийг бид аваагүй. 5 жилийн хугацаанд уг мөнгийг биднээс нэхээгүй. Нэхэмжлэгч нь хуурч мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ “... Б.Г нь 2019.02.20-ны өдөр Б.А болон  Б.М-Э нартай утсаар яриад хуулийн фирм дээр дагуулж очоод хүнтэй уулзуулсан. Зээлийн гэрээг хүнд үзүүлж хөрөнгө оруулалт авах зорилготой гэж гарын үсэг зуруулсан. Бид хоёр 2018.10.17-ны өдөр “С Ф” ХХК-ийн хувь эзэмшигчид болж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Б.Тамир, Б.Г, Б.Пүрэвням нартай ярилцан компанийн хувь эзэмшигч болж, эхний ээлжид тал талаасаа хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Б.Ам, Б.Тамир, Б.Пүрэвням бид нар орон нутгийн таван толгой ХХК-д хөрс хуулалтын ажил эхлүүлэхийг зорьж эхний ээлжид дээрх компанийн 4 дүгээр амны урд байрлах кемпүүдийн дэргэд 19 ширхэг гэр барьж, техникүүд, контейнер, ажилчид зөөх каунти автобус, инженер, техникийн ажилчдаа зөөх Ланд-80 маркийн автомашин зэргийг бэлэн болгож байршуулсан. н.Эрдэнэбилэгээс техник түрээслэхээр болж Б.Г эхний ээлжид хөрөнгө оруулалтын урьдчилгаа болох 50,000,000 төгрөгийг н.Эрдэнэбилэгт өгөхөөр болж Б.Тамир, Б.Пүрэвням, Б.Г нар явсан. Бид хоёр хамт яваагүй. Үлдэгдэл 50,000,000 төгрөгөө өгөхгүй удаасан, ковид цар тахлын улмаас үйл ажиллагаа эхлээгүй. Улмаар 2019.03.06-ны өдөр ярилцаж тохиролцсоноор хувьцаа эзэмшигчээр Б.Тамир, Б.Г, Б.Пүрэвням нар нэмэгдэж, дүрэмд өөрчлөлт орсон. Хууран мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан... энэ хугацаанд нэг ч эргэн төлөлт хийгээгүй явдал нь мөн уг гэрээг үгүйсгэж байна. Зээлийн гэрээнд “...харилцан тохиролцож энэхүү нэмэлт гэрээг байгуулав...” гэсэн нь н.Эрдэнэбилэгт урьдчилгаа болгож өгсөн экскаватор машины түрээсийн 50,000,000 төгрөгөөс улбаалан байгуулсан болохыг баталж байна... Б.Г-аас үнэхээр мөнгө аваагүй. Иймд зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэснийг,

нэхэмжлэгч эс зөвшөөрч “... хариуцагч нар нь 2019.02.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг зээлж авсан. Б.Тамир, Б.Г, Б.Пүрэвням, Б.А, Б.М-Э нартай холбоотой “С Ф” ХХК-ийн хувьцаа эзэмшил, хөрөнгө оруулсан гэх асуудал нь дээрх зээлийн гэрээтэй холбоогүй. Хариуцагч нар нь зээлийн гэрээг үгүйсгэх зорилгоор янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, шинжээчийн дүгнэлт хүртэл гаргуулсан боловч гарын үсгээ өөрсдөө зурсан болох нь тогтоогдсон... Иймд сөрөг нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн байна.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдэгч нь 50,000,000 төгрөгийг зээлдүүлэгчдийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасны дагуу шаардах эрхгүй, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хариуцагч нар нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй, хариуцагч нар нь гэрээний зүйл болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн аваагүй, талууд тухайн үед зээлийн гэрээ байгуулах зорилгогүй байсан, компанидаа хөрөнгө оруулалт авна гэж ойлгож гэрээнд гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчээс хариуцагч нарт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн болон мөнгө хүлээлцсэн актаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч нар нь мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй тул үндсэн зээл 50,000,000 төгрөгийг, мөн хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. Хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Зээлийн гэрээнд алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байх боловч 38,500,000 төгрөгийн алданги нь илт их байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу үнийн дүнгийн 10 хувь болох 3,850,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтууд нь зээлийн гэрээг хууран мэхлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлийг бий болгохгүй байхад анхан шатны шүүх дээрх баримт болон хариуцагчийн тайлбарыг үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

11. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг хангалттай хэрэгжүүлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөрүүтэй буюу буруу тайлбарласнаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

12. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн талаар зөв дүгнэлт өгсөн боловч сөрөг нэхэмжлэлийн хувьд хуулийг буруу хэрэглэсэн байна.

13. Иймд хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

13.1. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан 50,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

13.2. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн актыг үнэлж, хариуцагч нарыг 50,000,000 төгрөгийг авсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь эдгээр баримт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, тухайлбал нэхэмжлэгч мөнгийг бэлнээр өгсөн гэх боловч хариуцагч нартай хамт явж байсан гэрч Б.А-ийн мэдүүлгээр үгүйсгэгддэг, мөн “бид хамтарч үйл ажиллагаа явуулахаар тохирч тал талаасаа хөрөнгө оруулсан, “С ф” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь тухайн 50,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын урьдчилгаа болгож экскаваторын түрээсийн төлбөрт н.Эрдэнэбилэгт өгсөн, бид ямар ч мөнгө аваагүй” гэсэн хариуцагч нарын татгалзлыг нэхэмжлэгч “тус компани болон н.Эрдэнэбилэгт өгсөн мөнгө нь тусдаа асуудал” гэсэн тайлбар өгснөөс өөрөөр баримтаар няцаагаагүй. Харин хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Б.А нь “С ф” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 495 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж нэхэмжлэгч нь тус компанийн хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэгдсэн, мөн зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 2018.11.22-ны өдөр “С ф” ХХК болон н.Эрдэнэбилэг нарын хооронд байгуулагдсан хүнд машин механизм түрээслэх гэрээнд экскаваторын түрээсийн төлбөрийг 50,000,000 төгрөг байхаар тохиролцсон зэрэг баримтаар (хавтаст хэргийн 159-165, 173-176 дахь талд) хариуцагч нарын татгалзал илүүтэй нотлогдож байна.

13.3. Иймээс талуудын хооронд хэлбэрийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан ч нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг хариуцагч нарт шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тухайн гэрээг бодит байдалд байгуулагдсанд тооцохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч мөнгө шилжүүлээгүй тул шаардах эрхгүй.

13.4. Харин анхан шатны шүүх “... дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол” хэлцэл хийсэн гэж үзэх хуульд заасан шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийг хангасан нь зөрчилтэй болсон. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч уг гэрээг хууран мэхлэн хийсэн гэх үндэслэл хангалттай нотлогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна.

14. Иймд “... Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулах, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01712 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/02229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” гэснийг хасаж, “...тогтоосугай.” гэснийг “...тогтоох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч  Б.М-Э-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар  хариуцагч   талаас   хяналтын   журмаар   гомдол   гаргахдаа  улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 1,072,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Б.МӨНХТУЯА