Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 757

 

 

 

 

 

2020           6              11                                             2020/ДШМ/757                                 

У.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч У.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн У.Бд холбогдох эрүүгийн 1908058850562 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн У.Б, 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний Их Сургуулийн барилгын инжинерийн ангийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 52 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УП01292013/;

У.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 34 дүгээр гудамжинд Г.Отгонжаргалтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйн үенд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт У.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг У.Бд үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Бд мэдэгдэж, У.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, баримтаар нэхэмжилсэн 497.500 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч хамрын эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдаж, У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч У.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй, уг гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн” гэж дүгнэсэн атлаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар тусгагдсан байхад шүүх уг шинжийг орхигдуулж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүхээс дүгнэсэн хэрнээ тогтоох хэсэгт тусгаагүй. ...” гэв.

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

У.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 34 дүгээр гудамжинд Г.Отгонжаргалтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйн үенд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Отгонжаргалын “...Баясаа гэх залуу намайг “хоёулаа зодолдъё” гээд шанаа руу цохихоор нь би “ахын дүү лай болно, би ах нарыг чинь бүгдийг нь танина” гэж хэлтэл миний хамар руу гараараа 2 удаа цохихоор нь би манараад газарт унатал дээрээс дэвсээд байсан. Би босох гэтэл миний толгой манараад байсан бөгөөд тэр гүйгээд явсан. Миний гар утас, куртика, халаасанд байсан 25.000 төгрөг болон жолооны үнэмлэхийг авч явсан байсан. Би тухайн үед куртикаа тайлаад хашааны буланд тавьсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Баясгалан учруулсан, харин зүүн бугуйнд цус хуралт, баруун өвдөгний зулгаралтыг би газар унахдаа өөрөө өөртөө учруулсан. Би эмчилгээний зардалд 497.500 төгрөгийг бэлнээр авсан. Цаашид хамраа эмчлүүлэхэд 2.870.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх11-14, 15-17/,

гэрч Х.Эрдэнэбатын “...Отгонжаргал гэх залуу миний толгой руу чулуугаар цохихоор нь би хавирч унагасан бөгөөд цохиж, зодоогүй. Баясгалан л Отгонжаргалтай зодолдож байсан. ...” /хх18-19/,

гэрч Д.Сумъяабатын “...Баясаа гэх залуу Отгонжаргалын нүүрэн тус газар нь 2-оос 3 удаа цохихоор нь би гүйж очоод Баясаатай зодолдоод байж байтал Амараа гэх залуу нь хажуу талаас татаж намайг цохисон. ...” /хх22-23/,

гэрч О.Амаржаргалын “...Баясгалан л Отгонжаргалтай зодолдоод салж байх шиг байсан. Тухайн үед манай найз Чинзориг, Эрдэнэбат хоёр ирээд Баясгаланг салгаад байсан. ...” /хх29-30/,

У.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би Отгонжаргалын шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Мөн мөрнөөс нь татаж унагаасан. Надаас өөр хүн Отгонжаргалыг цохиж, зодоогүй. Би Отгонжаргалд эмчилгээний зардал гэж 497.500 төгрөг өгсөн. Би өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. ...” /хх76-77, 112/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Отгонжаргалын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруул, хамрын үзүүрт зулгаралт, зүүн бугуйн үенд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”  13607 дугаартай /хх35-37/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх9-10/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх41-42/ эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх80, 89/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч У.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч У.Бгийн хохирогч Г.Отгонжаргалын нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч У.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Дээд шатны прокурор Д.Отгонбаярын “...Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар тусгагдсан байхад шүүх уг шинжийг орхигдуулж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...Шүүгдэгч У.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.” гэж тухайн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн болохыг зөв дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох;” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овогт У.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Иймд Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгтээ “санаатай” гэж дүгнэсэн атлаа, “тогтоох” хэсэгтээ “санаатай” гэж бичилгүй орхигдуулсаныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ