Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/01043

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/00869 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01109 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

Газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг болон гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бямбаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч Н.Болдхүү, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/00869 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 276 дугаар зүйлийн 276.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01109 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/00869 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дугаар бүхий 15200 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Э” ХХК-д уг газрын 000321317 дугаартай гэрчилгээг шилжүүлэхийг даалгасугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2,267,550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Э” ХХК-аас 2,407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э “ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 210/MA2022/01109 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

...Давж заалдах шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь судлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй тухайд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт байрлах 178019/0072, 18640308213869 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Ү-2206007235 бүртгэлийн дугаартай, 15.200 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг “Х” болон “Э” ХХК нарын хооронд 2016.01.25-ны өдөр байгуулсан 2014 оны ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тус банкинд зээлийн барьцаанд тавьсан байгаа бөгөөд тухай газрын эзэмших эрх нь одоог болтол “Э” ХХК-д хадгалагдаж байдаг. Улмаар “Х” болон “Э” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын дээд шүүхийн тогтоол гарсныг шүүх анхаарч үзэх нь зүйтэй юм. “Э” ХХК болон “Э” ХХК нарын хоорондын маргааны тухайд барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө буюу газар дээр байрлах улсын бүртгэлийн Ү-2206007235 тоот гэрчилгээтэй, 14560 м.кв талбай бүхий Нефть бааз үйлчилгээний зориулалттай объектыг хариуцагч “Э” ХХК нь 2007.05.02-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч “Э” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ийнхүү бэлэглэхдээ Бэлэглэлийн гэрээний 1-д 000174654, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай үйлчилгээний зориулалттай 14560 м2 талбай бүхий нефть баазын объектыг бэлэглэсэн бэлэглэлийн зүйл тодорхой байхад бэлэглээгүй бэлэглэлд хамаарахгүй эзэмшил газар, тухайн газар дээрх объектод байрлах төмөр зам, төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформатор зэрэг үндсэн дэд бүтэц нь “Э” ХХК-ийн өмчлөлд өнөөдрийг хүртэл байхад шүүх огт анхаарч дүгнэлт хийгээгүй, нөгөө талаар бэлэглэлийн зүйлтэй зэрэгцэн оршиж бэлэглэсэн нефьт баазыг ашиглахад хэрэглэгддэг объектын үндсэн хөрөнгө болох цахилгааны эх үүсвэр, төмөр зам, эзэмшил газар нь өнөөдрийг хүртэл “Э” ХХК-ийн эзэмшил өмчлөлд байсаар байхад “Э” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө болон хууль ёсны эзэмшлийн газрыг тооцож үзэхгүйгээр газар эзэмших гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж байгаа нь давж заалдах шатны шүүх хууль хэрэглэхдээ үйл баримтад буруу дүгнэлт өгч хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр гаргаж чадаагүй байна.

“Э” ХХК-н хуулийн дагуу энэхүү газрыг бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнө эзэмшиж байсан байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл мөн эзэмшиж газрын төлбөрийг газрын албанд жил бүр төлж ирсэн үйл баримт мөн “Э” ХХК нь бэлэглэлийн зүйлийн доорх дэвсгэр газрыг ашигласны төлбөрийг 15 жилийн хугацаанд “Э” ХХК-д төлсөөр ирсэн, Газрын тухай хуулийн 36-39 дүгээр зүйлд заасан нөхцөл журмын дагуу газрыг эзэмшиж байгаа хууль ёсны эзэмшигч нь “Э” ХХК болох нь тогтоогдсон үйл баримт байхад хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй нь магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

“Э” ХХК-ийн эзэмшлийн 15,200 м.кв газар дээрх “Э” ХХК-ийн нефть бааз, “Э” ХХК-ийн өөрийн 2013.12.18-ны өдрийн 000293923 дугаарын гэрчилгээтэй “Э” ХХК-н өмчлөлийн 12 салаа төмөр замын 8-р салаа төмөр зам, трансформатор нь тус маргаж буй газарт байрладаг бөгөөд “Эсэн трейдинг” ХХК нь дээрх төмөр замыг байнга ашигладаг “Төмөр зам ашиглалтын гэрээг” жил бүр байгуулан төлбөрийг “Э” ХХК-д төлдөг мөн цахилгаан ашиглалтын төлбөрийг cap бүр төлдөг зэргээс харахад “Эм Би Эс Ти” ХХК нь газрыг ашигладаг болох нь нотлогдож байна. Мөн талуудын маргаж буй газрын хэмжээ хоорондоо зөрүүтэй буюу “Э” ХХК-н эзэмшлийн газрын хэмжээ 15,200 м.кв, харин “Эм Би Эс Ти” ХХК-д бэлэглэсэн объектын талбайн хэмжээ 14560 м.кв байхад давж заалдах шатны шүүхээс энэ баримтыг тал бүрээс нь судалж үзээгүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 14560 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Э” ХХК-иас авсан гэж тодорхой дурдсан байхад түүнийг харгалзаж үзэлгүй шууд 15,200 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож “Э” ХХК-д уг газрын 000321317 дугаартай гэрчилгээг шилжүүлэхийг даалгасугай гэж шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Мөн хууль ёсны газар эзэмшигч болох “Э” ХХК-аас уг газрыг давж заалдах шатны шүүх “Э” ХХК-д шилжүүлснээр “Э” ХХК-ийн тухайн газар дээрх хөрөнгө эзэмшил газаргүй үлдээж шийдвэрлэсэн, Бэлэглэлийн гэрээнд байхгүй зүйлийг бэлэглэсэн мэт, бэлэглэсэн зүйл нь бодит байдал дээр худалдан авсан зүйл гэж шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлох эрхэд нь халдсан ноцтой дүгнэлт өгчээ. Гэтэл шүүхээс газрын хууль ёсны эзэмшигч нь хэн болох газрын гэрчилгээ хууль ёсны хүчинтэй эсэх, тус газар нь “Х” болон “Э” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн эсэх болон тус газар дээрх “Э” ХХК-ийн хөрөнгө трансформатор, төмөр зам, төмөр замын зурвас газар хаагуур дайрч өнгөрч байгаа зэрэгт ач холбогдол өгөлгүй шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй тухайд: Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах нефть болон цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг “Э” ХХК-иас даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал Бэлэглэлийн гэрээний дагуу бэлэглэлийн зүйлд хамааруулан шаардсан. Гэтэл давж заалдах шүүхийн магадлалд ...Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн
гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа бэлэглэлийн зүйлд Иргэний хуульд заасан үгийн шууд утгаар газар бэлэглэлийн зүйлд байхгүй байхад “Талууд нефть баазын цогцолбор барилга байгууламж худалдан авахтай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар гэрээний зүйлд багтсан байна” гэж буруу дүгнэжээ. Мөн шүүх Бэлэглэлийн гэрээ хүчинтэй түүнд нийцүүлэн нэхэмжлэгч газар шаардах эрхтэй гэж дүгнэсэн хэрнээ “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болох үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай буюу үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч тал аль аль нь Бэлэглэлийн гэрээн дээр маргадаггүй. Зөвхөн бэлэглэсэн объектын доорх газар дээр маргасан байтал нэхэмжлэлийн шаардлагаас хальж худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хууль хэрэглээний илтэд зөрүүтэй шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа бол Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх боломжгүй Бэлэглэлийн гэрээ худалдах худалдан авах гэрээ нь нэгэн зэрэг гэрээний зүйлд үйлчлэх боломжгүй тус бүрийн зорилго, хариу төлбөр, буцаан дуудах эрх нь өөр өөр харилцааг зохицуулдаг.

Шүүх хэрвээ талуудын хоорондын гэрээг Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэрээний зүйл гэж дүгнэж байгаа бол Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж, үр дагавар шаардах эрх гагцхүү нэхэмжлэгчид байхад шүүх санаачилгаараа оролцож шийдвэр гаргасан нь хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, ИХШХША үндсэн зарчимтай зөрчилдсөн шийдвэр гаргалаа. Учир нь худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юу эсвэл бэлэглэлийн гэрээний дагуу шаардаж байгаа юу гэдэгт ач холбогдол өгөөгүй байна.

Нэхэмжлэгч тал 2007 оноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл бэлэглэгч нь 1 жилийн хугацаанд бэлэглэлийг хүчингүй болгоогүй бол хүчингүй болгох эрхээ алдана. Энэ хугацаа нь хүчингүй болгох шаардах эрх үүссэн цагаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл бэлэглэгч нь бэлэглэлээ хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг мөчөөс эхлэх тул бэлэглэлийн гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа дууссан, мөн худалдах худалдан авах гэрээний шаардах эрх нь худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн тохиолдолд шаардах эрхийг тодорхойлсон тул худалдах худалдан авах гэрээний дагуу шаардах эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлэх хугацаа дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байхад түүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй мөн нэхэмжлэгч гэрээний зүйлийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөөр ирснийг огт дүгнэлт өгөөгүй нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн гаргаагүй байна.

Мөн талуудын хүсэл зоригийн дагуу хийсэн бэлэглэлийн гэрээнээс худалдах худалдан авах гэрээний нөхцөл харагдахгүй байгаа бөгөөд уг бэлэглэлийн гэрээгээр газар шилжүүлж өгсөн зүйл огт байхгүй зөвхөн газар дээр байрлах объектыг бэлэглэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс тодорхой харагдаж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хууль зүйн дүгнэлт өгсөн нь буруу болжээ.

Давж заалдах шатны магадлал биелэх боломжгүй байх тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэхээр зохицуулжээ энэ агуулгаараа шүүхээс гарч байгаа шийдвэр өөр бусад шүүхийн шийдвэртэй зөрчилдөх шийдвэр биелэх боломжгүй болох нөхцөл байдал байгаа эсэхийг шүүх анхаарч шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, Маргааны зүйл болох газар эзэмших эрх нь 2014 онд Хны зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаалах барьцааны зүйл болсон энэ талаар талууд хэн алин нь мэдэж байсан. Х зээлийг эргэн дуудаж Улсын дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж “Э” ХХК-иас 25,0 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж “Хасбанк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 154.6, 154.7 заасны дагуу барьцааны газар эзэмших эрх буюу 15.200 м.кв газраас үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжинд хангуулах давуу эрх “Х” ХХК-д хадгалагдаж байгаа нь давж заалдах шатны магадлал заавал биелэх шинж үгүйсгэгдэж, шүүхийн шийдвэрээр үүрэг ногдуулах хөрөнгийн эрх бусад этгээдэд захиран зарцуулагдахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж тэргүүн ээлжийн үүрэг ногдсонд давж заалдах шатны шүүх зөв дүгнэлтийг өгч чадаагүй
талаар магадлалд ч дурдаагүй орхигдуулсан нь учир дутагдалтай шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх, шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаж гараагүй байна.

Иймд 2022.06.10-ны өдрийн 210/МА2022/01109 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох, “Э” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбай бүхий объектын доорх газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоох, “Э” ХХК-ийн хууль бус эзэмшилд байгаа 14560 м.кв газрыг албадан чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 210/МА2022/01109 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“ХасБанк” ХХК нь “Э” ХХК-тай 2013.03.13-ны өдөр байгуулсан 1410000735 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 5000893598 дугаартай Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2013.03.13-ны өдөр “Э” ХХК-тай 141000735-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд 2013.06.03-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, мөн 2014.10.24-ний өдөр байгуулсан ЗГ1410001252 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014.10.24-ний өдөр “Э” ХХК-тай 1410001252 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж, ХУД, 3-р хороонд байрлах Улсын бүртгэлийн Г-2206006967 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 199739 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан. Барьцааны гэрээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмшигч “Э” ХХК-тай байгуулсан.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.10-ны өдрийн 1519 дүгээр тогтоолоор маргаан бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү гомдлыг гаргах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 21,982,168,422 төгрөг байгаа буюу банкны барьцааны эрх дуусгавар болоогүй болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь өмчлөгч этгээд бус хөрөнгөд суурилсан эрх бөгөөд тухайн хөрөнгийг өмчлөлдөө авсан этгээд гэрээний үүргийг хүлээх талаар Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байдаг билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дугаартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай тогтоолд “Ипотекийн зүйлийн өмчлөл, эзэмшил хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг” гэж дүгнэсэн зэргээс үзэхэд эд хөрөнгийн өмчлөгч нь “Э” ХХК, “Э” ХХК нарын хэн аль нь байхаас үл хамааран нарын банктай байгуулсан Барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ХасБанкны хувьд энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд банкны барьцааны эрхийн талаар огт дурдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хэргийг шийдвэрлэхдээ өмчлөгч нь барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох ХасБанк ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/00874 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан, мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2007.05.02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ний 1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбайтай объектын доорх газрыг “Э” ХХК нь эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг газар эзэмших эрх шилжүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгах гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2007.05.02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 000174654 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаар дугаартай, үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг “Э” ХХК-д шилжүүлсэн. Харин уг гэрээгээр “Э” ХХК-ийн эзэмших эрхтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дугаар бүхий 15200 м.кв газрыг бэлэглэх, шилжүүлэхээр тохиролцоогүй. ...Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан зохицуулалт нь газрын бүрдэл хэсэг буюу газрын өмчлөгч, эзэмшигчид хамаарах зохицуулалт тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж маргасан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хасбанк” ХХК нь хариуцагч “Э” ХХК-ийн, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгааг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэсэн тайлбарууд гаргажээ.

8. Анхан шатны шүүх ...хариуцагч “Э” ХХК нь өөрийн эзэмших эрхтэй, Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дүгээр бүхий 15200 м.кв газар буюу ...улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “Э” ХХК-д бэлэглэсэн, эсхүл бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт нотлогдоогүй... гэж дүгнэн, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 276 дугаар зүйлийн 276.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж “...анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу. Талууд нефть баазын цогцолбор барилга байгууламж худалдан авахтай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар гэрээний зүйлд багтсан байна...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дугаар бүхий 15200 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Э” ХХК-д уг газрын 000321317 дугаартай гэрчилгээг шилжүүлэхийг даалгасан” өөрчлөлтийг оруулжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022.09.16-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн маргаж буй үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

“Э” ХХК, “Э” ХХК-ийн хооронд 2007.05.02-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний 1-д ...бэлэглэгч “Э” ХХК нь бэлэг хүлээн авагч “Э” ХХК-д ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, 000174654 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаарт бүртгэлтэй, 135,006,000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүй бэлэглэж байна, ...3-т Бэлэглэсэн обьектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь Бэлэглэгчийн мэдэлд үлдэх бөгөөд энэхүү бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй гэж тус тус зааж, харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-196 байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай, нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлжээ. 

10. Давж заалдах шатны шүүх ...гэрээний дагуу шилжүүлсэн нефть баазын цогцолбор барилга байгууламж нь газар доорх тоног төхөөрөмж, агуулах зэргээс гадна 14560 м.кв талбай бүхий обьектын доорх газрыг хамт багтсан гэж үзэхээр байна гэж дүгнэн, “Э” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дугаар бүхий 15200 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс ...нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбайтай объектын доорх газрыг “Э” ХХК нь эзэмших эрхтэй гэж, хариуцагч нь ...14560 м.кв талбай бүхий объектыг бэлэглэсэн болохоос түүний оршин байгаа газар, тухайн обьектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформатор зэргийг бэлэглээгүй, газар эзэмших эрх “Э” ХХК-д өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа гэж тус тус маргасан, давж заалдах шатны шүүх зохигчийн маргаж буй эдгээр үндэслэлд дүгнэлт хийлгүй, ...нэхэмжлэгчийг 15200 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон, гэвч ямар баримтад үндэслэн ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй, талууд гэрээндээ тухайн обьектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь бэлэглэлийн зүйлд хамаарахгүй гэж тохирсон, энэ үндэслэлд шүүх нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчжээ.  

11. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, зохигчийн хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний зүйлийг зөв тодорхойлон, талуудын маргаж буй үндэслэлтэй холбоотой, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тухайлбал гэрээний дагуу шилжүүлсэн обьектын доорх газар бодит байдал дээр ямар хэмжээтэй байгаа, гэрээний зүйлд үл хамаарах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө зэрэгт хамаарах газрын хэмжээг тогтоож, энэ талаарх нотлох баримтыг цуглуулж, тэдгээрийг хуульд заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/00869 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01109 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.06-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс 2022.07.07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД