Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 117/ШШ2022/0016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хотгорын өндөр Найнаа овогт Ганжууржавын Нямсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Жамъяндагва

Хариуцагч: Дундговь аймаг дахь Цагдаагийн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, Н.Өлзийжаргал нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, Н.Өлзийжаргал, иргэдийн төлөөлөгч Г.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.Нямсүрэн нь Дундговь аймаг Цагдаагийн газарт холбогдуулан ... Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Нийтийн хэв журмын тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 12915500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч анх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус Цагдаагийн газрын даргын Б/33 тоот тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч жижүүр, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх, саатуулах баривчлах байрны жижүүрийн цагдаагаар тус тус томилогдсон.

Ийнхүү Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 тоот тушаалаар ... Өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахлагч цолыг хураах шийдвэр гаргажээ.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүлээн авч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/1202 дугаартай албан бичгээр Та асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг авсан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Миний бие ажил үүргийн хуваарийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө үүрэгт ажлаас бууж, томилгоот хуваарийн дагуу мөн өдрийн 16 цагаас 21 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажлаас буусан. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу 24/48 гэсэн ээлжийн хуваарийн дагуу хуваарьт амралтаа эдэлж байсан бөгөөд тухайн өдөр өөрийн төрсөн өдөр гэж цагдаа Н.Буджавтай уулзаж пиво ууж байгаад гэртээ ирж амраад 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу 24 цагийн ээлжийн ажилдаа гарч, ямар нэгэн зөрчил алдаа дутагдал гаргалгүй үүрэгт ажлаа гүйцэтгэсэн.

Миний бие Цагдаагийн байгууллагын албан тушаалд томилогдсоноос хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэлх хугацаанд өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар намайг жижүүрийн амралттай өдөр өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж, гадуур / хувийн машин дотор/ 1 пиво уусныг гуйвуулж, согтолтын зэрэг тогтоогүй байхад албан үүргээ гүйцэтгэх албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж /Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.5/-д зааснаар хууль бусаар Ковид-19 тахлын үед ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тушаал дээр хэд хэдэн байж боломгүй ноцтой алдаатай зүйл бичигдсэн учраас хууль зөрчсөн акт гаргасан гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэл гаргах гол үндэслэл. Үүнд 1-т Цагдаагийн албаны тухай хуулийн 5-р зүйлд зааснаар цагдаагийн байгууллага нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байна гэсэн зарчмыг зөрчсөн. Тушаал дээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргана гэж заасан байдаг. Үүний дагуу гомдол гаргахад харьяаллын дагуу манай маргаан биш байна, шүүхэд нэхэмжлэлээ гаргаж эрхээ хамгаалуул гэсэн хариуг албан бичгээр өгсөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 5-р зүйлд зааснаар дээд шатны албан тушаалтан доод шатны албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох гэж байдаг. Үүнийг зөрчсөн.

2-т Цагдаагийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ тусгай албан хаагч. Гэвч Төрийн албаны тухай хуулийг үндэслэж тушаалыг гаргаагүй.

3-т Надад олгогдоогүй ахлагч цолыг олгоод халчихсан байдаг. Би дэд ахлагч цолтой. Энэ цолыг 4 жил зүүж, болзол журмыг хангаж байж энэ цолыг зүүх ёстой. Үүнийг албаны хүмүүс сайн мэднэ.

4-т Маргаан бүхий тушаал дээр нэгдүгээр зэрэг гэж байхад хариу тайлбар дээр хоёрдугаар зэрэг гэж байдаг. Энэ хоёрын аль үед нь ажиллаж байсан бэ? гэдэг маргаантай асуудал бий. Үүн дээр сүүлд баримтууд ирсэн.

5-т Тушаалын огноо хариу тайлбартайгаа зөрүүтэй байдаг. Хариу тайлбар дээр Зөвлөлийн хуралдааны 5-р тогтоолоор 04 дүгээр сарын 12-ны өдөр халах сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг. Тушаал нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал байдаг. Би зөвлөлийн хурлаар 04 дүгээр сарын 30-ны өдөр орсон, 12-ны өдөр ороогүй. Ийм зөрүүтэй асуудал байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговьд тэг зогсолт хийгээд би тэр үед албан үүргээ гүйцэтгэж байсан. Үүнийг сайн санаж байна. Ирцийн бүртгэл, томилгоон дээр ч байгаа.

6-т Хариуцагч ноцтой зөрчил гэж үзэх үндэстэй гэж тайлбарладаг. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан байхыг шаардаж байдаг. Тухайн үед надад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 тоот тушаалаар үнэт цаас дутаасан гэсэн үндэслэлээр сануулах шийтгэл оногдуулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Ингээд би шийтгэл авсан юм байна. Ёс зүйн дүрмийн 1.3.2-т зааснаас харахад согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн зөрчлөөс хойш дахиад нэг зөрчил үйлдсэн байхыг шаардаж байна. Гэвч цагдаагийн алба 03 дугаар сарын 18-наас хойш 2 зөрчил гаргасан гэж үзсэн. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг надад өөрт гардуулж өгөөгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй, танилцаагүй мэдээгүй. Энэ тушаалыг би хэрэгт авагдсан баримтаас үзсэн. Зөвлөлийн хурлаас сануулах шийтгэл оногдуулах гэж байгаа юм байна гэдгийг мэдсэн Энэ тушаал нь код 812-ыг үндэслэсэн, надаар үнийн дүнг 3 нугалуулж 1250000 төгрөгийг төлүүлсэн. Код 812-ыг уншиж судлахад үнэт цаасыг дутаасан бол балансны үнийн дүнгээр төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Анх гарсан тушаал хууль бус байсан учраас цагдаагийн албаны тусгай дугаар луу залгаж гомдол гаргасан. Үүний дагуу Нарантогосыг шалгаад алдаатай шийдвэр гаргасан байна гэж үзээд 1250000 төгрөгийг надад буцааж төлсөн. Мөнгө буцаасан баримт болон Нарантогостой холбогдох баримтыг хэрэгт өгсөн. Үнэт цаасыг хадгалах тухай 2019 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн тогтоол байдаг юм билээ. Ямар үнэтэй нь тодорхойгүй байхад надаар 1250000 төгрөг төлүүлсэн. 2,3 нугалж илүү төлсөн нь буруу гэж гомдол гаргасан. Би үнийн дүнгээр нь төлье гэсэн. Гэвч надаас үнийн дүнгээр суутгаж авалгүй шууд 1250000 төгрөгийг бүгдийг хийчихсэн байсан. Архи, согтууруулах зүйл хэрэглэсэн нь үнэн, маргаагүй. Хамгийн гол нь надад оногдуулсан шийтгэл хүндэдсэн. Тухайн үед рапортод орж байгаагүй. Хаалттай группээр л мэдээлэл авч байсан. Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлд нэмэгдэл баталгааг зааж өгсөн. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт судлаагүй. Дэд ахлагчаасаа дэд хурандаа хүртэл нэг хуулийн дор амьдармаар байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа нь ганцхан бага бүрэлдэхүүнд байгаа биш. Дарга нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодоод явж байдаг. Газрын дарга нь мэдэж л байдаг. Ямар ч арга хэмжээ авдаггүй ажлаа хийгээд явж байдаг гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь илт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дах заалтыг баримталсан байдаг. Нямсүрэнгийн тухайн өдөр гаргасан зөрчил нь энэ заалтад хамаарахгүй. Энэ заалтаас үзвэл албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг шаарддаг. Нямсүрэнгийн тухайд дүрэмт хувцас өмсөөгүй, ажлын байран дээрээ байгаагүй. Энэ хүнийг архи уусан гэдэг боловч согтолтыг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогоогүй. Болсон явдал гэвэл эхнэр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Наранбаатарыг шалгаад зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч прокурор хэрэгсэхгүй болгосон. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Нямсүрэн бол тэр үед өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээд хуулиараа 48 цаг амарч байсан. Болсон явдал амралтын өдөр байсан. Иймээс Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтыг барьж халсан нь үндэсгүй. Захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байх ёстой.

Хувь хүнийхээ хувьд төрсөн өдрөө тэмдэглэж ганц 2 пиво уусан. Үүнийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байхад албаны шалгалт нэртэй шалгалт явуулаад Зөвлөлийн хурлаар хэлэлцээд халж байгаа нь өөрөө хууль бус юм.

Хариуцагч тушаалыг техникийн алдаатай гэж тайлбарладаг боловч жил гаруйн хугацаанд буюу одоог хүртэл залруулаагүй байгаа нь тухайн акт хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл юм. Захиргааны ерөнхий хуульд заавал сонсгол явуулахыг шаарддаг боловч огт явуулаагүй. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тушаал хууль бус болох нь тогтоогдсон. Энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36/3311 дугаартай албан бичиг бий. Уг баримтад дээд байгууллага хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд 1250000 төгрөгийг буцаан олгосон. Иймээс 2 ба түүнээс дээш зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Өмнөх тушаал нь хүчингүй байна. Мөн халах асуудлаар сонсголын үйл ажиллагаа огт явуулаагүй.

Төрийн албаны тухай хуулийг УИХ-аас баталдаг. Энэ хуульд нийцүүлэн дүрэм, журмыг гаргах ёстой. Г.Нямсүрэн бол төрийн албан хаагч. Гэтэл Дундговь аймгийн Цагдаагийн газар хуулиас давсан дүрэм, журам баримталж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 47-р зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол /3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол/ гэж тодорхой заасан. Тэгэхээр 3 ба түүнээс дээш зөрчил гаргасан байхыг шаардана. Нямсүрэнгийн зөрчил бол халах хэмжээний зөрчил биш. Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлд нэмэгдэл баталгааг заасан. Энэ нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөхгүй, халагдахгүй байх ёстой. Үүгээр уг тушаал бүрэн үгүйсгэгддэг. Уг нь бол дүрэм журамдаа эсрэгээр нь албан хаагчдынхаа баталгааг хангаж өгөх ёстой. Гэтэл эд нар ийм дүрэм, журмаар олон хүнийг халж, мянга мянган залуус хохирсон. Төрийн албаны тухай хуулийг барьж халах ёстой. Өндөржүүлсэн бэлэн байдал гэдгийг энэ хүний тайлбараар нэг газарт бөөнөөрөө байх юм болов уу. Энэ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тушаал нь өөрөө Ковидтой холбоотой гарсан.

Мөн байхгүй цолыг хураасан. Өндөржүүлсэн бэлэн байдал бол Г.Нямсүрэн ажлын байран дээрээ байх эсхүл дээд шатны болон бусад албан тушаалтны дуудсан цагт бэлэн байж үүрэг хүлээхийг хэлнэ гэж ойлгож байна. Хариуцагч ноцтой зөрчлөө тодорхойлж чадахгүй мушгин гуйвуулдаг. Мөн тухайн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа зөрчил гаргасан бол зөрчил гэж үзнэ. Цагдаагийн албаны нэр хүндийг ашиглаагүй, цагдаагийн байгууллагад хохирол учруулаагүй. Нямсүрэнгийн гаргасан зөрчил ноцтой зөрчил биш. Дундговь аймгийн Цагдаагийн даргын тушаалыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга хүчингүй болгох эрхтэй л юм бол тушаал дээрээ заагаад өгөх хэрэгтэй байсан. УИХ-аас баталдаг хуулийг хэрэглэх үү, эсхүл Засгийн газраас томилогддог даргын баталсан шийдвэрийг хэрэглэх үү гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөн Нямсүрэнд сахилгын шийтгэл оногдуулахдаа ар гэрийн нөхцөл байдлыг судалж, энэ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байсан. Энэ талаарх баримт хэрэгт бий. Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

7.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Тус газрын жижүүрийн шуурхай албанд 2021.03.31-ний өдөр иргэн Н.Дэлгэрцэцэгээс манай нөхөр Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Нямсүрэнг Дэлгэрхангай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Наранбаатар зодсон байна гэх мэдээлэл ирсний дагуу тухайн өдөр цагдаагийн газрын ёс журмын эргүүл дээрх албан хаагчдын согтуурлын хэмжээг зориулалтын хэмжих багаж, /драйгер/-ээр шалгахад Б.Наранбаатар 0,34 хувийн согтолттой, Г.Нямсүрэн би үлээхгүй, миний төрсөн өдөр болсон, архи уусан нь үнэн гэж шалтаглан согтуурлын зэргээ шалгуулахгүйгээр гарч явсан байна.

Г.Нямсүрэн, Б.Наранбаатар нарын дээрх үйлдэлд албаны шалгалт явуулахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай А/260 дугаар тушаал, мөн даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн бууруулах тухай А/55 дугаар тушаалууд цуцлагдаагүй /хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд/ байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн албаны бэлэн байдлыг хангаж ажиллаагүй болох нь албаны шалгалтын хүрээнд Г.Нямсүрэнгийн өөрийн гаргасан тайлбар, хамт байсан хүмүүсийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон.

Г.Нямсүрэнгийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7 дахь хэсэгт заасан Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт заасан Албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2-т заасан Нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх, 2.3.2-т Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэсэн төрийн албан хаагчийн болон цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код101/ журам-ын 101.5 дугаар зүйлийн 101.5.1 дэх хэсэгт зааснаар Албаны бэлэн байдал гэдгийг цагдаагийн байгууллага, албан хаагчдаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар өөрт ногдсон үүргийг ердийн нөхцөл байдалд хангалттай биелүүлэх чадвартай байхыг Албаны өндөржүүлсэн бэлэн байдал гэдгийг эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байхыг хэлнэ гэж тодорхойлсон.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаанд Г.Нямсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Г.Нямсүрэн. Б.Наранбаатар нарт явуулсан албаны шалгалтын дүнг цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцээд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна ... гэжээ.

Түүнчлэн Г.Нямсүрэнд Цагдаагийн газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх зүйлийн 81.4.1 дэх хэсэгт зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмийн 1 дүгээр хэсгийн 1.3.2 дахь хэсэгт заасан Ноцтой зөрчил-д тооцох үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасны дагуу Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн Б/67 дугаартай тушаалыг тус газрын хүний нөөцийн ажилтан, цагдаагийн дэслэгч Л.Мөнхчимэг Г.Нямсүрэнд өөрт нь гардуулсан.

Харин цагдаагийн дэд ахлагч Г.Нямсүрэн нь цагдаагийн дэд ахлагч Б.Наранбаатарт зодуулсан гэх гомдол мэдээллийг Цагдаагийн газрын ГМ-263 дугаарт бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн. Цагдаагийн газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуулийн хугацаанд Г.Нямсүрэнд Төрийн албаны тухай хуульд заасан цагдаагийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Энэ хэрэг жил тойрох гэж байна. Нямсүрэн, Наранбаатар хоёрын хооронд ганц хоёр цохилцсон асуудал гараад 2 тал санал, гомдолгүй гэснээр хаагдсан асуудал байдаг. Үүнтэй хэн ч маргаагүй. Согтуу байсан уу, үгүй юу гэдэг асуудал байна. Энэ асуудал өөрийнх нь болон түүний эхнэр, хажууд байсан Буджав нарын тайлбар мэдүүлгээр тогтоогддог. Тийм ч учраас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7-т Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2-т нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх, 2.3.2-т цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн тул Цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Ноцтой зөрчил мөн үү биш үү гэдэг асуудал яригдаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний болон эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах, мөн Ёс зүйн дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална гэж бий. Сахилгын дүрмийг хэрэгжүүлэх нь өөрөө цагдаагийн албаны даргын бүрэн эрхэд олгогдсон зүйл. Ёс зүйн дүрмийн 1.3.2-т ... сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон. Үйл явдал болсон тухайн өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын 1-р зэрэгт байсан. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 33 тоот тушаалтай маргасан үгүйг мэдэхгүй юм. Энэ тушаал хэрэгт байсан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар тухайн баримттай танилцаад гарын үсэг зурсан учраас гомдол гаргах 30 хоног нь дууссан буюу энэ сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр хүчинтэй. Мөн Нарантогосод буруу бодсон гэдэг үндэслэлээр арга хэмжээ авагдсанаар Нямсүрэнгийн үнэт цаас дутаасан үйлдэл үгүйсгэгдээгүй. Ингээд 2 дахь зөрчлөө гарсан. Иймээс энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 тоот тушаалаас хойш ажиллагаа үргэлжлээд байгаа мэтээр дүгнэсэн байдаг. Хэргээс харвал өөр өөр ойлголтууд. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баримт дутаасан гэсэн үндэслэлээр шийтгэл хүлээсэн. Дараа нь торгуулийн мөнгийг хугацаанд барагдуулаагүй гэж тайлбар авсан байдаг. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Цагдаагийн албаны тухай хуулийн 82-р зүйлд өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, 66-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн, Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн гэж дуусгавар болох 4 үндэслэлийг зааж өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та цагдаагийн байгууллагатай дахин харилцаа үүсгэж болохгүй гэсэн ойлголт. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч халсан гэж яриад байна. Бид энэ хүнийг халаагүй. Бид бол Цагдаагийн албаны тухай хуулийн 81-р зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэг төрлийг сонгож оногдуулж байгаа юм. Энэ нь ямар онцлогтой вэ гэхээр 1 жилийн хугацаа нь дууссаны дараа тухайн иргэн энэ албанд ажиллая гэж өргөдлөө гаргаж ажиллах эрхтэй ойлголт. Энэ хоёрын ялгааг ойлгуулъя. Халах гэдэг ойлголт илүү хүнд юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 4-р зүйлд зааснаар цагдаагийн алба төрийн тусгай алба. Захиргааны ерөнхий хуульд тавигдсан шаардлагын дагуу Төрийн албаны зөвлөлд хандахаар зааж өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т шүүх маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эндээс юу хэлэх вэ гэхээр Төрийн албаны тухай хууль ерөнхийлөн зохицуулсан хууль. Цагдаагийн албаны тухай хуульд тусгайлан заасан заалтууд нь байгаа учраас бид энэ заалтаа баримталж сахилгын шийтгэл оногдуулсан. Сонсох ажиллагааны тэмдэглэл 89, 90-р хуудсанд бий.

Өндөржүүлсэн бэлэн байдалд Монгол Улс ямар байсныг эргэн саная. Энэ хүн төрсөн өдрөө тэмдэглээд юун архи уух манатай байсан. Гэхдээ орон нутагт тийм байсан байх. Харин Улаанбаатар хотод ямар байсныг мэдэхгүй байна. Хурандаа, генералгүй постод гараад маргааш нь ажиллаад дахиад тулаанд гараад явж байсан. Цус харвасан асуудал ч гарч байсан. Залуучууд үнэхээр шантраад хаяад явах гээд байсан болохоор нийтэд мэдээлээгүй. Дундговь аймгийн Цагдаагийн газар төрсөн өдөр тэмдэглээд архи уугаад яваад бай гэж үүрэг чиглэл өгөөгүй байх. Албаны бэлэн байдал гэдэг нь хэзээд үүрэг гүйцэтгэх чадвартай байхыг хэлнэ. Заавал дуудаж ирээд үүрэг өгөхийг хэлэхгүй. Ямар ч үед байнга албаны бэлэн байдалд байна. Г.Нямсүрэнгийн зөрчлийн шинж байдалд нь тохирсон шийтгэлийг оногдуулсан. Тухайн өдөр албаны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Иймээс Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасан албаны бэлэн байдал зарласан үед гэдэгт хамаарна. Албаны бэлэн байдалд өндөржүүлсэн бэлэн байдал өөрөө ороод явна. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/131 тоот тушаалаар цагдаагийн дарга нарт өгсөн үүрэг даалгаврын 6-т байгууллага, алба хаагчдын албаны бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулж гэж бий. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар илэрхий алдааг засах эрхтэй. Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргад дамжуулж өгье гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа ... Сануулах сахилгын шийтгэлийг Г.Нямсүрэнд зөвлөлийн хурлаар мэдэгдсэн. Бид Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах ёстой. Энэ хүн өнөөдөр ийм маргаан үүсгээд байж байгаад харамсаж байна гэв.

10. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Нямсүрэнг буцааж ажилд нь оруулахыг зөв гэж үзэж байна. Ажлын бус цагаар, амралтын өдөр явсан учраас буцааж ажилд нь оруулах нь зөв гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 тоот тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 81 дүгээр зүйлийн 81.4.5, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5 дугаар зүйлийн 5.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан Байгууллагын даргын тушаал гаргах /код-136/ журам-ын 136.5.2-ын г-д заасныг үндэслэн, Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Нямсүрэнг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Г.Нямсүрэнг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахлагч цолыг хураахаар шийдвэрлэсэн.

3. Маргаан бүхий захиргааны акт болон хэргийн үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс ... маргаан бүхий тушаал дээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахаар заасан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 5-р зүйлд заасан зарчмыг зөрчсөн, ... Төрийн албаны тухай хуулийг үндэслэж тушаалыг гаргаагүй..., ... Надад олгогдоогүй ахлагч цолыг олгоод халчихсан байдаг..., ... тушаал дээр нэгдүгээр зэрэг гэж байхад хариу тайлбар дээр хоёрдугаар зэрэг гэж байдаг..., ... тушаалын огноо нь тайлбартаа зөрүүтэй байдаг. Хариу тайлбарт зөвлөлийн хуралдааны 5-р тогтоолоор 04 дүгээр сарын 12-ны өдөр халах сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг боловч тушаал нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тушаал байдаг. Би зөвлөлийн хурлаар 04 дүгээр сарын 30-ны өдөр орсон, 12-ны өдөр ороогүй ..., ... Ёс зүйн дүрмийн 1.3.2-т зааснаас үзвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн зөрчлөөс хойш дахиад нэг зөрчил үйлдсэн байхыг шаардаж байна. Гэвч цагдаагийн алба 03 дугаар сарын 18-наас хойш 2 зөрчил гаргасан гэж үзсэн. Энэ тушаалыг надад өөрт гардуулж өгөөгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй, танилцаагүй мэдээгүй ..., ... согтууруулах зүйл хэрэглэсэн нь үнэн маргаагүй, хамгийн гол нь надад оногдуулсан шийтгэл хүндэдсэн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалт нь албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг шаарддаг. Г.Нямсүрэнгийн тухайд дүрэмт хувцас өмсөөгүй, ажлын байран дээрээ байгаагүй ..., ... 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тушаал хууль бус болох нь тогтоогдсон. Энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36/3311 дугаартай албан бичиг байгаа учраас 2 ба түүнээс дээш зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй ..., ... Өндөржүүлсэн бэлэн байдал бол Нямсүрэн ажлын байран дээрээ байх эсхүл дээд шатны болон бусад албан тушаалтны дуудсан цагт бэлэн байж үүрэг хүлээхийг хэлнэ, Дундговь аймгийн Цагдаагийн газар хуулиас давсан дүрэм, журмыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 47-р зүйлийн 47.1.1-д зааснаар 3 ба түүнээс дээш зөрчил гаргасан байхыг шаардана, халах шийдвэрт сонсох ажиллагааг огт явуулаагүй зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлж, маргана.

4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/272 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварт /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах тухай А/131 дугаар тушаалаар нэгдүгээр зэргийг бууруулсан байна. /2-р хавтас хэргийн 184-186-р хуудас/

5. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Цагдаагийн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно гээд 69.1.5-д албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх ийг хориглохоор, уг хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд /зөрчлийн шинж байдлыг харгалзан/ тус хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасны дагуу цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж болохоор; тус тус зохицуулсан байна.

6. Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь цагдаагийн албан хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох нөхцөл гэдэгт: а/ албан үүргээ гүйцэтгэх үед, б/албаны (өндөржүүлсэн) бэлэн байдал зарласан үед, в/ ажлын байранд, г/ дүрэмт хувцас өмссөн үед гэх тохиолдол тус бүр хамаарах ба эдгээр нөхцөлийг бүгдийг нэгэн зэрэг, хамтад нь шаардах бус; хэд хэдэн, эсхүл аль нэг нөхцөл хангагдсан нь хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

7. Хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хийгээд хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт дурдсан маргааны үйл баримтыг харьцуулан дүгнэвэл Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх, саатуулах баривчлах байрны жижүүрийн цагдаа Г.Нямсүрэн нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн өдөр тэмдэглэх нэрийдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тус хуулийн ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэх үед, дүрэмт хувцас өмссөн үедээ гэдэгт тус тус хамаарахгүй боловч албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлсэн байх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь дангаараа Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.

8. Хэрэгт цуглуулсан Ш.Жавхлантөгс, Б.Наранбаатар нарын илтгэх хуудас болон тайлбар, Г.Нямсүрэнгийн 2 удаагийн мэдүүлэг, Н.Буджав, Э.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Н.Дэлгэрцэцэг нарын мэдүүлэг, албаны шалгалт явуулсан тухай Д.Баясгалангийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн илтгэх хуудас /1-р хавтаст хэргийн 23-47, 80-84-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл, Г.Нямсүрэн нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, энэ үед албаны бэлэн байдал зарласан буюу цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

9. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журмын 101.5 дугаар зүйлийн 101.5.1-д Албаны бэлэн байдал гэдэг нь цагдаагийн байгууллага, албан хаагчаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар өөрт ногдсон үүргийг ердийн нөхцөл байдалд хангалттай биелүүлэх чадвартай байхыг, Албаны өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил, албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг, шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байх гэж тодорхойлсон тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан эрх бүхий албан тушаалтнаас дуудаж, ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй, хуваарьт амралттай байсан гэх тайлбарыг зөвтгөн, хүлээн авах үндэслэлгүй.

10.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, ... сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг, 2.1.2-т Нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх, 2.3.2-т Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэж тус тус тодорхойлсон, хариуцагчаас тухайн тохиолдолд ноцтой зөрчилд хамааруулан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д ... албаны бэлэн байдал зарласан үед ... согтууруулах ундаа хэрэглэх гэж заасны дагуу, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

11. Түүнчлэн, Г.Нямсүрэнд маргаан бүхий А/67 дугаар тушаалаар дээрх сахилгын шийтгэлийг оногдуулахдаа Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасны дагуу цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад зөрчил гаргасан зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, сахилгын шийтгэлийн төрлийг сонгохдоо харгалзсан нь захиргааны байгууллагын сонгох эрхийг хэтрүүлээгүй байна.

12. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар ... Г.Нямсүрэн нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 812/-ын 812.4.1, 812.4.11, 812.4.18 дахь хэсэгт зааснаар тооцоот маягтыг дутааж, тогтоосон хугацаанд торгуулийн мөнгийг тушаагаагүй тул үнийг төлүүлж, ... сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

13. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36/3311 дугаар албан бичгээр Г.Нямсүрэнд /2-р хавтаст хэргийн 135-р хуудас/ цагдаагийн ахмад Ц.Нарантогосод Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15-д /... төв байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журмыг зөрчсөн/ заасан үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2-т зааснаар түүний албан тушаалын цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, шийтгэлийн хуудасны төлбөрийг илүү мөнгөн дүнгээр төлсөн төлөлтийг буцаан олгуулахаар шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд ... илүү төлсөн нь буруу гэж гомдол гаргасан. Би үнийн дүнгээр нь төлье гэхэд надаас үнийн дүнгээр суутгаж авалгүй шууд 1250000 төгрөгийг бүгдийг хийчихсэн байсан... гэх тайлбараас үзэхэд уг тушаалд дурдсан, гаргасан зөрчлөө үгүйсгээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалтай холбогдуулан маргаан үүсгээгүй тул уг тушаалын хууль зүйн үндэслэлд тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

14. Нэхэмжлэгч Г.Нямсүрэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар төрийн тусгай албан хаагч байх ба түүний албаны харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдана.

15. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана, 81.2-т Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална, 81.3-т Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно, 81.4-т Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна, 81.4.5-д цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж цагдаагийн алба хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилд холбогдуулан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн нь хуулиас давсан дүрэм, журмыг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул төрийн жинхэнэ албан хаагч байхад Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

16. Нэхэмжлэгчээс согтууруулах зүйл хэрэглэсэн нь үнэн, маргаагүй, гол нь надад оногдуулсан шийтгэл хүндэдсэн гэх тайлбарыг гаргах боловч Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэлийн төрлийг сонгох боломжийг хуулиар олгосон тул шүүх энэ эрх хэмжээнд халдаж Г.Нямсүрэнд оногдуулсан шийтгэлийн төрлийг өөрчлөх боломжгүй, нөгөөтэйгөөр хариуцагчийн Г.Нямсүрэнг ажлаас халаагүй, нэг жилийн хугацаа дууссаны дараа тухайн иргэн энэ албанд ажиллах өргөдөл гаргах эрхтэй гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч тус албанд дахин ажиллах эрх нь нээлттэй байна.

17. Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан нь доод шатны цагдаагийн байгууллага, албан хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 72 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2.2-т цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр цагдаагийн цолыг хураах талаар тус тус зохицуулжээ.

18. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 тоот тушаалдаа цагдаагийн ахлагч цолыг хураах, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй талаар дурдаж шийдвэрлэсэн нь нэг талаас нэхэмжлэгчийн харьяалах дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхийг хязгаарласан байх боловч нөгөө талаас энэ нь түүний гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болж чадахгүй тул нэхэмжлэгчийн Цагдаагийн албаны тухай хуулийн 5-р зүйлийг зөрчсөн, надад олгогдоогүй ахлагч цолыг олгоод халчихсан гэх тайлбараар маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

19. Нэхэмжлэгчээс хариу тайлбарт зөвлөлийн хуралдааны 5-р тогтоолоор 04 дүгээр сарын 12-ны өдөр халах сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг. Тушаал нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийнх байдаг. Би зөвлөлийн хурлаар 04 дүгээр сарын 30-ны өдөр орсон, 12-ны өдөр ороогүй. Ийм зөрүүтэй асуудал байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговьд тэг зогсолт хийгээд би тэр үед албан үүргээ гүйцэтгэж байсан гэж маргадаг ч Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баясгалан Г.Нямсүрэнгээс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тайлбар авсан, мөн өдөр Г.Нямсүрэн баталгаа гаргаж бичгээр өгсөн, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр албаны шалгалтын материалтай танилцаж санал хүсэлтгүй болохоо илэрхийлж Г.Нямсүрэн гарын үсэг зурсан /1-р хавтаст хэргийн 79-р хуудас/, албаны шалгалт явуулсан тухай илтгэх хуудас нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой /1-р хавтаст хэргийн 80-84-р хуудас/ зэргээс дүгнэвэл маргаан бүхий тушаалын огноог хариу тайлбар дахь албаны шалгалтын дүнг цагдаагийн газрын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцээд /1-р хавтаст хэргийн 17-р хуудас/ гэж дурдсан үндэслэлээр зөрүүтэй гэж үзэх нь үндэслэлгүй байна.

20. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хуудас, 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл нь /1-р хавтаст хэргийн 88-89-р хуудас/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн халахдаа сонсох ажиллагааг огт явуулаагүй гэх шаардлагын үндэслэлийг үгүйсгэж байхын зэрэгцээ захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагаа явуулаагүй /тохиолдолд/ гэх шаардлагын үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгоход хүрэлцээтэй хууль зүйн үндэслэл болохгүй.

21. Нэгтгэн дүгнэвэл, Г.Нямсүрэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу албаны бэлэн байдал зарласан үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед архи уусан гэдгээ үгүйсгэж, маргаагүй, түүний гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас сонгох боломжийг хуульд нийцүүлэн хэрэглэж, сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан сахилгын шийтгэл хүндэдсэн гэх тайлбарыг хүлээн авч, оногдуулсан сахилгын шийтгэлийн төрлийг өөрчлөх зэргээр захиргааны байгууллагын сонгох эрхэд шүүхээс халдах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх нь хууль зүйн үндэслэл бүхий маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэл дээрх байдлаар тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсанчлан Г.Нямсүрэнг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзлээ.

22. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан Г.Нямсүрэн ажлын бус цагаар, амралтын өдөр явсан учраас буцааж ажилд оруулах нь зөв гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй тул Г.Нямсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5-т заасныг тус тус баримтлан Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцагдах, Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Нийтийн хэв журмын тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 12,915,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА

 

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА