Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 801

 

 

 

 

 

 

 

2020          6             18                                            2020/ДШМ/801

 

Г.Дд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Гүн овгийн Гүнсэнхоролын Д, 1967 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, уг хорих ялаа эдэлж байгаа;  

Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Эад өөрийн байр мэтээр ойлгуулж, “байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гүн овогт Гүнсэнхоролын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дгийн цагдан хоригдсон 23 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Дд оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Дд оногдуулсан 6 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Дгээс 18.480.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Эад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Жишээ нь, “Эс Си Эм” ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тус компанитай борлуулалтын менежер нь Болд гэдэг залууд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 18.480.000 төгрөгийг тэдний компанийн бэлэн мөнгөний кассын орлогын баримтаар хүлээн авсныг бүрэн нягталж шалгаагүйд гомдолтой байна. Надад холбогдолтой өргөдөл гомдолд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан учраас энэ хэргийг нэгтгэн шалгуулахгүй бол миний эрх зүйн байдал дордож байгаа учир гомдолтой байна. Би гэм буруудаа маш их гэмшиж байна. Цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулах болно. Би залилах санаа зорилго агуулаагүй, хохирогч В.Этай харилцан ярьж тохирсон. Зохиомол байдал зориуд бий болгосон зүйлгүй. Маш их гэмшиж байна. Орон сууц худалдах гэрээг ямар ч аж ахуйн нэгж урьдчилгаа төлбөр авахгүйгээр хийдэггүй учир үүнийг дахин нягтлан шалгуулах, миний тушаасан мөнгөний баримтыг олж хэрэгт авагдаагүйд гомдолтой байна. Надад холбогдох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яллагдагчаар татагдсан хэргийг нэгтгэн шалгаж шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яллагдагчаар татагдсан хэргийн албан тоотыг авч ирсэн. Энэхүү албан тоотыг хэрэгт хавсаргаж, хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дүүрэн хийгдэж тогтоогдсон гэж үзэж байна. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр шийдвэр гаргасан. Харин албан бичигт дурдсанаар 5 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хэрэг байгаа талаар мэдэгдээгүй. Өмгөөлөгчийн шинээр гаргаж байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийг нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Дг “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Эад өөрийн байр мэтээр ойлгуулж, “байрны урьдчилгаа өг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2020/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоол гарган шүүгдэгч Г.Дг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүнд урьд оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шүүгдэгч Г.Д “...надад холбогдох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яллагдагчаар татагдсан хэргийг нэгтгэн шалгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба түүний өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах шатны шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Тус хэлтэст Гүнсэнхорлоогийн Д нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн 1806077510682 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа нь үнэн болно. ...” гэх 27наг/4575 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн тул түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Г.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн ... дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Г.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ