МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Ц-ийн
Хариуцагч: С.О
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хуульч, өмгөөлөгч Т.Ц*******той иргэн О******* нь ирж уулзаад бусдаас 50 сая төгрөгөөр хувийн сууцны 1 дүгээр давхрын 264 м.кв талбайн хүнсний дэлгүүрийн хэсгийг салган худалдаж авахаар тохирч 40 сая төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэх 10 сая төгрөгийг бэлнээр өгч, талууд нотариатын байгууллага дээр хэлцэл хийж үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан хэсгийг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Тэгтэл уг дэлгүүр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, газрын зөвшөөрөлгүй тул миний нэр дээр шилжих ямар ч үндэслэлгүй юм байна. Гэрчилгээ, зөвшөөрөлгүй эд хөрөнгө болоод байна би залилуулсан байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн боловч хэлцэл хийсэн гэрээтэй тул иргэд хоорондын маргаан байна иргэний журмаар шүүхэд ханд гээд хүлээж аваагүй тул та өмгөөлөөд өгөөч гэж хэлсэн. Ингээд харилцан тохиролцож хууль зүй туслалцаа үзүүлэх гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж гэрээний нийт төлбөрийг 3 сая төгрөгөөр тохирч ажлаа эхлүүлсэн. Өмгөөлөгчөөр оролцож эхэлснээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст болон Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт удаа дараа гомдол гаргасны үр дүнд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэж, цагдаагаас мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд олон давтан үйлдэлтэй оргон зутгаж, оршин байгаа газар нь тодорхойгүй байсан дахин хүсэлт, гомдол гаргасны дагуу олж тогтоон С.О*******г 50 сая төгрөгөөр хохирсон хохирогчоор тогтоон мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж прокуророос гэмт этгээдийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 3 удаа болж миний бие хохирогч С.О*******гийн хамт оролцож, шүүх хуралдаанууд шүүгдэгч нарын хүсэлтээр хойшилж байсан. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгчээс хохирол төлөх хүсэлтээ илэрхийлж С.О*******тай харилцан тохиролцож дэлгүүрийг С.О******* өөрийн эзэмшилд авч үлдэхээр болж талууд баримт үйлдэн нотариатчаар гэрчлүүлсэн. Энэхүү ажиллагаанд ч оролцож эрх зүйн талаас нь зөвлөж байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Дээрх бүхий ажиллагаанд өмгөөлөгчийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2 жил гаран хугацаанд оролцож тус эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн. С.О******* нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзахдаа өмгөөллийн хөлсийг 9 дүгээр сарын 17-ноос өмнө 2 хуваагаад шилжүүлнэ гэсэн боловч түүнээс хойш С.О******* нь төлбөрийн үлдэгдлээ өгөхгүй, улмаар утсаа ч авахгүй болсон. Иймд С.О*******гаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2018.04.19-нд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр н.Эрдэнэдалай, н.Оюунчимэг нарт 50 сая төгрөг залилуулсан эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцож мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд өмгөөлөл өгч оролцохоор тохиролцож, гэрээний үнэ 3 сая төгрөгөөс 1,5 сая төгрөгийг өмгөөлөгчид төлсөн. Үлдсэн 1,5 сая төгрөгийг ажил дууссаны дараа төлөхөөр тохирсон. Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй, шүүх хуралдаанд ороогүй хохирол төлүүлэх ажиллагаа хийгээгүй, харин ч яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгчтэй миний зөвшөөрөлгүй хэлэлцэн тохирч надад ашиггүй санал тавьж байсан өмгөөлөгч ёс зүй, мэргэжлийн дүрмээ зөрчсөн гэж үзэж арга буюу би өөрөө шүүгдэгчтэй уулзаж хохирол 50 сая төгрөгийнхөө оронд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж хохирол барагдуулах арга замыг шийдвэрлэсэн. Энэ ажиллагаанд өмгөөлөгч огт оролцоогүй. Иймд гэрээт ажлыг хуулийн дагуу биечлэн хийж гүйцэтгээгүй, хэрэг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тогтоолыг надад өгөөгүй, хохирол төлж барагдуулах ямар ч ажиллагаа хийгээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ц******* нь хариуцагч С.О*******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 18 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр Эрдэнэдалай, Оюунчимэг нараас 50 сая төгрөг залилуулсан гэх эрүүгийн хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр оролцох, уг асуудлаар хууль зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4 дэх талд/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заасан.
Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний урьдчилгаа хөлсөнд 1,500,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргахгүй байх тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.
Хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ ... өмгөөлөгч эрүүгийн хэргийг шүүхэд хянан хэлэлцэх шатанд биечлэн оролцоогүй, хохирол төлүүлэх ажиллагаа хийгээгүй, харин ч шүүгдэгчийн өмгөөлөгчтэй миний зөвшөөрөлгүй хэлэлцэн тохирч надад ашиггүй санал тавьж, өмгөөлөгч ёс зүй, мэргэжлийн дүрмээ зөрчсөн тул арга буюу би өөрөө шүүгдэгчтэй уулзаж хохирол 50 сая төгрөгийнхөө оронд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж хохирол барагдуулах арга замыг шийдвэрлэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Эрдэнэдалай, Э.Чинзориг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын 23 дугаар талд ... хохирогч С.О*******д 50,000,000 төгрөг хохирол төлбөр тус тус барагдуулсан баримт зэрэг нь хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэжээ. /х.х-ийн 5-17 дахь талд/
Мөн хариуцагч С.О******* нь Ц.Оюунчимэгтэй 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулахтай холбоотой түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээг байгуулахад өмгөөлөгч Т.Ц******* байлцсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 54 дэх талд/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д талууд харилцан тохиролцсоноор ажлын хөлс нийт үнийн дүнгийн 3,000,000 төгрөг болно ... 4.2-д гэрээний үлдэгдэл 1,500,000 төгрөгийн төлбөрийг ажил дуусахын өдөр бүрэн төлж барагдуулна ... гэжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-д ... үлдэгдэл 1,500,000 төгрөгийн төлбөрийг ажил дуусахын өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн тохиролцоог талуудын тайлбар болон гэрээний зорилго, агуулгын хүрээнд тайлбарлахад Ц.Эрдэнэдалай, Ц.Оюунчимэг нарт 50 сая төгрөг залилуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа төлөхөөр тохиролцсон агуулгатай байна.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ зэрэг баримтаас дүгнэхэд Ц.Эрдэнэдалай, Ц.Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан гэж үзэхээр байна.
Иймд талуудын тохиролцсон тохиролцоо болон Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.О*******гаас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О*******гаас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О*******гаас 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчТ.Ц*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ