Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/2021/00168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. Булбулын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Б. Оюундэлгэрт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Булбул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагч Б.Оюундэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Б.Оюундэлгэр нь нэхэмжлэгч А.Булбул надаас 2015 оны 6-р сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөгийг бэлнээр зээлсэн юм. Зээлсэн үед Б.Оюундэлгэрээс тодорхой барьцаа аваагүй. Барьцаа аваагүй шалтгаан нь Б.Оюундэлгэртэй сайн найзууд байсан. Б.Оюундэлгэр нь хэд хэдэн удаа надаас мөнгө зээлж аваад буцаад тохирсон хугацаандаа өгдсөн байсан. Тухайн үед Б.Оюундэлгэр нь Би баталгаатай урьдынх шигээ хугацаандаа баталгаатай буцаана, бараа татах гэсэн юм гэхээр нь итгэсний үндсэн дээр барьцаа аваагүй зөвхөн зээлийн гэрээ хийгээд зээлсэн юм. Б.Оюундэлгэртэй үндсэн зээлийн төлбөрөө төлөх хүртэл сар бүр зээлийн хүүгээ хийгээд яваад байхаар тохиролцсон. Б.Оюундэлгэр нь авснаасаа хойш хэдэн сар тохирсны дагуу хүүгээ хийгээд сунгаад явж байсан ба үндсэн зээлээс 2,000,000 төгрөгийн төлсөн. Тэгж байгаад дараа нь 2016 оны 1 сараас эхлэн доголдуулаад тасалдуулсан. Асуухад найз нь одоогоор боломжгүй байна. Боломжтой болонгуут хүү, алданги энэ тэр гээд бүгдийн төлөх болно санаа зоволтгүй гээд хүлээлгээд байсан. Мэдээж найдвартай найз маань болохоор нөхцөл байдлыг ойлгоод, бас хүлээцтэй хандан шүүх цагдаа гэхгүйгээр хүлээсэн. Асуух болгонд өгнөө өгнө, би хайчих билээ дээ банкнаас зээл хөөцөлдөөд байна. Бүтэнгүүт чамаас зээлсэн мөнгөө бүгдийг төлөх болно гэдэг байв. Б.Оюундэлгэр нь иймэрхүү элдэв шалтаг, зовлон ярьж хүлээлгэдэг байсан ба 2017 оны 8 сараас найз нь боломжоороо бага багаар өгч байя гээд 20 ,30 ,50, 100 мянгаар ганц хоёр удаа өгөөд бас л алга болов. Хамгийн сүүлийн төлөлтийг 2018 оны 03 сард 100,000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш бас л таг алга болсон. Утас руу нь залгахаар холбогдохгүй байсан. Зах дээр гардаг лангуун дээр хайгаад яваад очъё гэсэн чинь А.Булбул миний нөхөр тухайн үед явж чадахааргүй байдалтай хүнд өвчтэй байсан ба хоёр түнхэндээ ээлжлэн үе шилжүүлэн суулгах хагалгаанд орж протез тавиулсан учир нөхрөө асран хөдөө орон нутагт буюу Баян-Өлгий аймагт байсан. Орон зайн хувьд маш хоол байсан учир нөхрөө орхин хотод ирэх боломжгүй байсан. Шүүхэд хандах гэснээ эхлээд Б.Оюундэлгэрийн өөрт нь уулзаад учрын асууж байгаад нэг мөсөн больё гээд өгөөгүй. Оюундэлгэр нь сураггүй алга болсон болохоор нь саяхан хотод хайж ирээд зах дээр гардаг лангуун дээр яваад очсон чинь, аль хэдийн лангуугаа зарсан байв. Одоогийн байдлаар Б.Оюундэлгэрийн үндсэн зээл 10,000,000 төгрөг алданги нь үндсэн зээлийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг юм. Гэрээ ёсоор Б.Оюундэлгэрээс тус хугацааны алданги нэхвэл маш их дүн гарах учир, хуулийнхаа хүрээнд нэхэж байгаа юм. Иймээс Б.Оюундэлгэрээс тус 15,000,000 төгрөгийн зээлийг төлүүлж өгч тус болно уу гэв.

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би А.Булбултай 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 удаа 2,000,000 төгрөг, түүнээс хойш 1,000,000 төгрөгөөр нийт 12,000,000 төгрөг авсан нь үнэн. Мөнгө авахдаа гэрээ хийгээгүй. Утсаар, дансаар харьцдаг байсан. Би 2014-2015 онд авсан мөнгөний 7,5 хувийн хүүг 2014-2016 дуустал сар бүр хийдэг байсан. Эхний 2 сар 5 хувийн хүүтэй байсан. Сүүлийн 10,000,000 төгрөг 7,5 хувийн хүүтэй байсан. Цаг давчуу учраас А.Булбулын дансны хуулгыг сайн харж амжихгүй байна. 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,160,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр 4 удаа зээл төлж байсан. Би А.Булбулд хандаж мөнгийг чинь хангалттай төлсөн учраас одоо болсон. Хэрэв 12,000,000 төгрөгөөр ярих юм бол чамд 17,000,000, 18,000,000 төгрөг өгсөн байна. Сүүлд авсан 10,000,000 төгрөгөөр ярих юм бол 12,000,000 төгрөг болгоод өгчихлөө. Тийм учраас шүүхэд ханд гэж хэлж байсан. Тухайн үед А.Булбул үндсэн мөнгөө чадах ядахаараа төлөөд явчих, хүү, алдангийг зогсоолоо гэж хэлж байсан. Би гарын үсэг зурсан гэрээний талаар сайн мэдэхгүй. Би бэлнээр авч байгаагүй, дандаа дансаар авч байсан. Би А.Булбулаас нийт 12,000,000 төгрөг зээлж авсан. Би 2014 оноос хойш 3 жил хангалттай төлсөн. Дансаар 12,367,500 төгрөг төлсөн. Ойролцоогоор нийтдээ 15,350,000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Булбул нь хариуцагч Б.Оюундэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2014 оноос 2015 оны хооронд нийт 12,000,000 төгрөгийг зээлдүүлж, үлдэгдэл мөнгөн дүнд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, алдангид 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ ... нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримттай маргахгүй боловч 2014 оноос хойш дансаар болон бэлнээр ойролцоогоор 15,000,000 төгрөгийг төлж тооцоо дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2014 оноос 2015 оны хооронд 7 удаагийн зээлийн гэрээний харилаа үүсч, нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

Хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-нд нэг талаас зээлдүүлэгч А.Булбул нь 12,000,000 төгрөгийг шижүүлэх, нөгөө талаас зээлдэгч Б.Оюундэлгэр нь 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх агуулга бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/

Дээрх бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр тухайн өдөр 12,000,000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй 2014 оноос хойш хариуцагчийн нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний үлдэгдэл тооцоолол гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч уг гэрээнд гарын үсэг зурсантай маргаагүй.

Хэдийгээр, нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бодитоор 12,000,000 төгрөгийг шилжүүлээгүй боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2014 оноос хойш үүссэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ гэх нэртэй тооцооны баримтыг үйлдсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь 2014 оноос 2015 онд нийт 12,000,000 төгрөгийг зээлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зохицуулсан.

Хуульд хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү авах эрхээ алдах боловч төлбөрийг гүйцэтгэсэн тохиолдолд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахыг шаардахгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд буюу зээлийн гэрээний үлдэгдэлийн талаар тооцоо хийсэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 4,375,000 төгрөгийг хүү, зээлийн хүү, зээл төлөлт гэсэн утгаар шилжүүлж байсан нь тогтоогдож байх тул хариуцагч уг хугацаанд зээлийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /х.х-ийн 76-87 дахь талд/

Зохигч талуудын хооронд тооцоо нийлсэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 1-д ... 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Оюундэлгэр нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээнэ гэж тохиролцжээ.

Тус гэрээг байгуулсан өдрөөс хойш хариуцагч нь нийт 7,725,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар, нэхэмжлэгчийн эгчийн дансанд 1,165,000 төгрөгийг шилжүүлсэнтэй нэхэмжлэгч маргахгүй байхаас гадна эдгээр үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 16-32, 34-45, 58-90 дахь талд/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэлийн тооцоо хийсэн тохиролцоогоор 12,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн төлсөн 8,900,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг үндсэн зээлд, үлдсэн төлбөрийг зээлийн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн нийт төлсөн 8,900,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үндсэн үүрэгт 3,100,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Зохигч талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримтын 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад тус тус заасантай нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үндсэн үүрэг болох 3,100,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 1,550,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зохицуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлж байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тэрээр нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээл утгаар төлбөр төлж байсан байх тул хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 43 дахь талд/

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2018 он 3 дугаар сард хамгийн сүүлд 100,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг үгүйсгээгүй, энэ талаарх татгалзалын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оюундэлгэрээс 4,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Булбулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюундэлгэрээс 89,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Булбулд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ