Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00585

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00585

 

 

 

А.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00168 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч 2015.6.30-ны өдөр 12 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Бид сайн найзууд байсан учир барьцаа аваагүй. Б.О нь хэд хэдэн удаа надаас мөнгө зээлж аваад буцаад тохирсон хугацаандаа өгдөг байсан. Тухайн үед Б.От итгэсний үндсэн дээр зөвхөн зээлийн гэрээ хийсэн. Үндсэн зээлийн төлбөрөө төлөх хүртэл сар бүр зээлийн хүүгээ хийгээд яваад байхаар тохиролцсон. Б.О нь зээл авснаасаа хойш хэдэн сар тохирсны дагуу хүүгээ хийгээд сунгаад явж байсан ба үндсэн зээлээс 2 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 1 дүгээр сараас эхлэн тасалдсан. Асуухад найз нь одоогоор боломжгүй байна, боломжтой болохоороо хүү, алдангийг төлөх болно санаа зоволтгүй гээд хүлээлгэж байсан. Б.О элдэв шалтаг, зовлон ярьж хүлээлгэдэг байсан ба 2017 оны 8 дугаар сараас найз нь боломжоороо бага багаар өгч байя гээд 20 000 төгрөг, 30 000 төгрөг, 50 000 төгрөг, 100 000 төгрөг ганц хоёр удаа өгөөд алга болсон. Сүүлийн төлөлтийг 2018 оны 3 дугаар сард 100 000 төгрөг төлсөн. Утас руу нь залгахаар холбогдохгүй. Тухайн үед миний нөхөр түнхэндээ ээлжлэн үе шилжүүлэн суулгах хагалгаанд орж протез тавиулсан учир нөхрөө асран аймагт байсан. Орон зайн хувьд маш хол байсан учир нөхрөө орхин хотод ирэх боломжгүй байсан. Шүүхэд хандах гэснээ эхлээд Б.Отэй уулзаад учрыг нь асууж байгаад больё гэж бодоод өгөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 10 000 000 төгрөг,  алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.Б-с 2014 оны 1 дүгээр сараас 2015.4.24-ний өдөр хүртэл 2 удаа 2 000 000 төгрөг, түүнээс хойш 1 000 000 төгрөгөөр цувуулан нийт 12 000 000 төгрөг авсан нь үнэн. Мөнгө авахдаа гэрээ хийгээгүй. Түүнтэй утсаар, дансаар харьцдаг байсан. Би 2014 оноос 2015 онд авсан мөнгөний 7,5 хувийн хүүг 2014 оноос 2016 он дуустал сар бүр хийдэг байсан. Эхний 2 сар 5 хувийн хүүтэй байсан. Сүүлийн 10 000 000 төгрөг 7,5 хувийн хүүтэй байсан. Нэхэмжлэгчид 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 1 160 000 төгрөг, 1 000 000 төгрөгөөр 4 удаа зээл төлж байсан. БиА.Бд хангалттай мөнгө төлсөн учраас одоо болсон. Нэхэмжлэгчийн 12 000 000 төгрөгт 17 000 000 төгрөг, 18 000 000 төгрөг өгсөн байна. Сүүлд авсан 10 000 000 төгрөгийг 12 000 000 төгрөг болгож өгсөн. Тухайн үедА.Б үндсэн мөнгөө чадах ядахаараа төлөөд явчих, хүү, алдангийг зогсоолоо гэж хэлж байсан. Би гарын үсэг зурсан гэрээний талаар мэдэхгүй. Би бэлнээр мөнгө авч байгаагүй, дандаа дансаар авсан ба нийт 12 000 000 төгрөг зээлж авсан. Би 2014 оноос хойш 3 жил хангалттай хүү төлсөн. Дансаар 12 367 500 төгрөг төлсөн, нийтдээ 15 350 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оээс 4 650 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс 89 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчА.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөлөөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2014 оноос 2015 оны хооронд 1 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгөөр хуваан өгсөөр нийт 12 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг олгохдоо 7.5 хувийн хүүг хасан 2 000 000 төгрөг зээлэхдээ 7 хувь 150 000 төгрөгийг хасан 1 850 000 төгрөгийг шилжүүлж 2 000 000 төгрөг болгон буцаан авч байсан бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч хариуцагч хүүг хүлээн зөвшөөрч буцаан нийтдээ 12 367 500 төгрөгийг нэхэмжлэгчид олгож үндсэн зээл, хүүг давуулан төлөлт хийж талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсон байдаг. Гэвч энэ талаар зөв дүгнэлт хийж нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийг хүүгийн хамт бүхэлд нь төлж барагдуулан талууд 2017 оны сүүлээс эхлэн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож огт харьцаагүй байдаг. Гэвч хариуцагч хамгийн сүүлд зээлийн гэрээний үүрэгт 2017.8.27-ны өдөр төлбөр төлж байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тэрээр нэхэмжлэгчид 2017.9.27-ны өдөр зээл утгаар төлбөр төлж байсан байх тул хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 3 сард бэлнээр 100 000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг үндэслэн хариуцагчаас 4 650 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс уг үйл явдал 4 жилийн өмнө болсон тул 1 сарын өмнө хойно оруулж будилах нь хэвийн зүйл бөгөөд гагцхүү үүнийг үндэслэн хариуцагчийн тайлбарыг худал хэмээн дүгнэх нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хариуцагч гагцхүү 2 000 000 төгрөг төлсөн өөр төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байсан боловч талуудын дансны хуулгаар худал болох нь тогтоогдож 2015.6.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш ч 7 725 000 төгрөгийг төлсөн гэдэг нотлогддог хэдий ч нэхэмжлэгчийн 2018 онд бэлнээр мөнгө төлсөн гэх нотлогдоогүй тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар талууд бүх төлбөрийг гагцхүү дансаар үйлдэж байсан нь нотлогддог. Мөн Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний шаардах эрхийг хугацаа 3 жил байна хэмээх хуулийн заалтыг хэрэглээгүй байх бөгөөд хариуцагчийн зүгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

НэхэмжлэгчА.Б нь хариуцагч Б.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

НэхэмжлэгчА.Б нь Б.От 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс цувуулан нийт 12 000 000 төгрөг зээлдүүлсэн. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж өмнөх зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулж нотариатаар баталгаажуулсан үйл баримтын хувьд маргахгүй байна.

Зохигчдын хооронд 2014 оноос 2015 оны хооронд 7 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүсч, нийт 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлжээ.

Анхан шатны шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрээндА.Б нь 12 000 000 төгрөгийг шилжүүлэх, Б.О нь 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх агуулга бүхий гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан. Гэрээг тооцоо нийлж нөхөж хийсэн гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь зөв болжээ./хх 4/

Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 30-наас нийт 7 725 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар, нэхэмжлэгчийн эгчийн дансанд 1 165 000 төгрөгт тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. /хх 16-32,34-45,58-90/

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 4 650 000 төгрөгийг хангаж, 10 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх 106-110/

Нэхэмжлэгчийн төлөх ёстой зээл 10 000 000 төгрөг үлдсэн. Алдангид 5 000 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч 2014 оноос 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 12 000 000 төгрөг зээлээр авч, 2014 оноос хойш 3 жил хангалттай төлсөөр дансаар 12 367 500 төгрөг төлсөн. Бичгээр гэрээ байгуулаагүй байх хугацаанд хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлд оруулж тооцно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү шаардах эрхээ алдана гэж маргажээ. /хх 101/

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 4 650 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв боловч хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан дүгнэснийг зөвтгөх нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс хуульд хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдах боловч төлбөрийг гүйцэтгэсэн тохиолдолд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахыг шаардахгүй гэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс цувуулж нийт 12 000 000 төгрөгийг зээлдүүлж, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлээд зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцэх юм.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

 

Гэвч талууд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Гэрээнд зээлдэгч зээлдүүлэгч нар гарын үсгээ зурсан.

 

Талууд хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. Хэдий хүү тохиролцсон хэлцлийг хуульд бичгээр байгуулахыг заасан ч гэсэн бичгээр гэрээ байгуулахаас өмнө зээлдэгчийн хүлээн зөвшөөрч төлсөн хүүг зээлээс хасч тооцох, талуудын гэрээ байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи гэрээний үүргээс хасч тооцох тус тус үндэслэлгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Нэхэмжлэгчийн зээлдэгч нь хугацаа хэтрүүлж байсан, хүү төлж байсан гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

 

Талуудын бичгээр гэрээ байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацаанд хүлээн зөвшөөрч хүү төлсөн гэх үйлдэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д болон талуудын диспозитив зарчимд нийцэх юм.

 

Түүнчлэн талууд бичгээр гэрээ байгуулах үедээ өмнө нь төлөгдсөн төлбөрийн талаар заагаагүй. Харин өмнө нь төлөгдсөн төлбөр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт зааснаар тохирсон хүүгийн агуулгатай учир үндсэн зээлээс хасч тооцох талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Талуудын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд анзын талаар тохиролцсон. Анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 3 100 000 төгрөгөөр тодорхойлон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хязгаарлан анз тооцсон нь үндэслэлтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүхийн шийдвэрт 2017 оны 9 дүгээр сарын 27-нд зээл утгаар төлбөр төлж байсан. /хх43/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2018 оны 3 дугаар сард хамгийн сүүлд 1 000 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөөрөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД