| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2020/0381/Э |
| Дугаар | 761 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 15.2.2.2., 10.1.1, |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 761
2020 6 11 2020/ДШМ/761
М.С, Б.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.ӨсөхБ даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ариунаа,
шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,
шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Д.Халзан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.ӨсөхБ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Д.Халзан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.С, Б.Н нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Мын С, 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,
2. Ц овгийн Бын Н, 1983 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод шалтгаангүйгээр Д.Эын толгойн тус газар нь архины шилээр цохиж, хагарсан архины шилээр цээжний хөндий рүү дүрж, нүүр, биеийн хэсэгт нь хатгаж, зүсэн цээжний баруун хөндийд нэвтэрч, баруун уушгины дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх, баруун уушгины авчилт, нүүр, их бие, мөчдийн олон тооны хатгаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл учруулан Д.Эын амь насыг хохироосон гэмт хэрэгт,
Б.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод Д.Эын цээж, нүүр, их бие, мөчдөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтэл үүссэний улмаас цус алдаж, бусдын туслалцаа шаардлагатай, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Мын Сийг хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Ц овогт Бын Ныг бусдын туслалцаа шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан 12 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Нт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сийн урьд баривчлагдан цагдан хоригдсон нийт 197 хоног, шүүгдэгч Б.Нын баривчлагдсан 1 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сэс 3.393.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жансав овогт Доржпаламын Энхтогтоход олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, урт нь 23 см, өргөн нь 8 см хэмжээтэй 1 ширхэг гутлын мөр бүхий цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 21 см, өргөн нь 10.5 см нүцгэн хөлийн мөр, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, урт нь 22 см, өргөн нь 9 см мөр бүхий цагаан цэнхэр өнгийн хулдаасны хэлтэрхий 1 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй 8 ширхэг, “Эссэ” гэсэн бичигтэй 1 ширхэг, нийт 9 ширхэг тамхины ишнүүд, “ХТЕР” гэсэн бичигтэй цагаан өнгийн, гол хэсгээрээ улаан өнгийн оруулгатай эрэгтэй хүний хос пүүз, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Хандгай” нэртэй архины шилний хагархайн хэсгүүд, цагаан өнгийн даавууны хэсэг, “ЛД клаб” гэсэн бичигтэй 12 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй 1 ширхэг, нийт 13 ширхэг тамхины иш, “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй тамхины хайрцаг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 8.5 см урт хагарсан архины шилний хүзүүний хэсэг мэт зүйл 1 ширхэг, хөлийн мөр бүхий 9х8 см хэмжээтэй хулдаасны хэлтэрхий, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс 12х11 хэмжээтэй хайчилсан даавууны хэсэг 1 ширхэг, Б саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, шар өнгийн аяга 1 ширхэг, Б.Нын өмсөж байсан гэх хар эрээн өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, М.Сийн өмсөж байсан гэх энгэр задгай, товчтой, эрээн өнгийн урт цамц 1 ширхэг, эрээн өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, 39 размерын хар өнгийн ээмэгтэй хүний хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.С гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “удмын сэтгэцийн өвчтэй” бөгөөд тухайн үед өвчин минь сэдэрч Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн байсан. Миний өвчин сэдэрсэн үедээ “өөрийгөө удирдах чадвараа түр зуур алддаг” бөгөөд үйл хөдлөлөө хянаж чадахаа больдог. Тус өвчнөөсөө улбаалж би танихгүй хүмүүстэй нийлэн согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хохирогч болон түүний найз намайг өөр танихгүй хүнтэй гэртээ цоожилж орхисноос ямар нэгэн байдлаар оролдож хоргоох вий гэсэндээ айж, тухайн үед ямар үйлдэл гаргахаа мэдэхгүй маш их балмагдаж, өөрийн мэдэлгүй хийж байгаа үйлдлээ хянаж чадахгүй ухаан санаа самуурч хүний аминд хүрэх үйлдэл хийсэндээ гэмшиж, ухаарч байна. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Миний буруутай үйлдлээс болж нэг гэр бүл эрхэм гишүүнээ алдаж, дөрвөн эмэгтэй дүү нь ганц ахыгаа алдаж, нэг эцэг удам залгах хүүгээ нэг мөсөн алдаж, ямар их гарз уй гашуу нүүрлэснийг би гүнээ ойлгож, хүний хүсэж болох дээд хэмжээгээр хүлцэл өчиж, чин сэтгэлийнхээ гүнээс уучлалт гуйж байна. Би Дундговь аймагт нөхөр, хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд өмнө нь өвчнөөсөө улбаалж Улаанбаатар хотод урт хугацаагаар олон удаа нөхөр хүүхдээсээ холдож, эмчлүүлэхээр ирж байсан. Тэр болгонд төрүүлсэн ганц үр минь эхийгээ санаж бэтгэрч, нөхөр маань биед минь шаналж, санаагаа чилээж хүлээдэг байсан. Үүнд, би өөрийн буруутай үйлдлээс болж нэг өрхийг өнчрүүлж, тухайн үеэс өнөөдрийг хүртэл 7 сар гаруй хоригдож, гэм буруугаа ухаарч хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн гэр бүлээсээ ч мөн холдож өшөө олон жилийн хугацаагаар холдоход хүрсэндээ маш их гэмшиж байна. Иймд хувийн байдлыг минь харгалзан ялыг минь хөнгөрүүлж, тус зүйлийн доод хэмжээгээр хорих ялаар шийтгэж, гэр бүл дээрээ нэг өдрийн ч өмнө болов очих боломжийг анхны болоод эцсийн удаа олгооч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Сийн өмгөөлөгч Р.Уранцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 541 дугаартай шийтгэх тогтоолоор М.Сд 12 жил хорих ял оногдуулсанд туйлын их гомдолтой байна. Учир нь, анхан шатны шүүхээс М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа тухайн зүйл, хэсгийн хүнд хэмжээгээр хорих ялыг оногдуулсан нь бодит дүгнэлттэй хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Гэмт үйлдэлд нь түүний биеийн эрүүл мэндийн байдал буюу сэтгэцийн өвчин нь нөлөөлсөн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалтай тогтоогддог. Тэрээр удамшлын сэтгэцийн өвчтэй, хэдийгээр шинжээч эмчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэдэг боловч биеэ хэрхэн авч яваа болон бусадтай харилцах харьцаа хандлагаас нь өвчнийхөө улмаас өөрөө өөрийгөө ийм нөхцөл байдалд хүргэсэн гэдэг нь тодорхой харагддаг. Анхан шатны шүүх хэт яллах талыг нь баримтлан түүний хувийн байдал болон ар гэр бусад хүчин зүйлүүдийг нь анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр гэмшдэг бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлдэг хэдий ч ар гэр нь нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшнээс доор орлоготой өрх гэдэг нь багийн даргын тодоройлолтоор нотлогддог. Хэрэгт сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн М.Сийн мэдүүлэгт амь хохирогч түүнийг настай эрэгтэй хүнтэй хамт үлдээж гаднаас нь цоожлон гарсанд нь уур хүрсэн гэх ... нөхцөл байдал нь бие махбодын, сэтгэл санааны албадлагын байдлаар зрхшээлд орсон байх болзошгүй байсан зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзэж, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан тухайн зүйлийн хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Д.Халзан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хуулийн зүйл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Н нь анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Тэрээр насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг юм. Иймд Б.Нт оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.С, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч М.Сд 12 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Нт 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр амь хохирогч Д.Эын толгойн тус газар нь архины шилээр цохиж, хагарсан архины шилээр цээжний хөндий рүү дүрж, нүүр, биеийн хэсэгт нь хатгаж, зүсэн цээжний баруун хөндийд нэвтэрч, баруун уушгины дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх, баруун уушгины авчилт, нүүр, их бие, мөчдийн олон тооны хатгаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч М.Сийн “...Намайг гаднаас цоожилсон болохоор нь миний уур хүрээд байсан. Газар матрасны урд байсан хоосон архины шилийг аваад гэрийн эзний толгой руу нэг удаа цохитол дээшээ хараад матрасны урдуур унасан. Тэгэхээр нь дахиад архины шилээр цээж хэсэг рүү нь цохитол архины шил хагарч, нүүр, толгой хэсэг болон баруун цээжний дээд хэсгээс нь цус гарсан. Би уурандаа мөн толгой хэсэг рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Миний баруун гарын алганы хэсэг архины шилэнд зүсэгдсэн, мөн гар хөхөрсөн байсан. ...” /1хх 143-147/,
шинжээч эмч Ц.Ганболдын “...Архины хагархай шилээр хатгах, зүсэх үед үүсгэгдэж болно. ...” /1хх 128-129/
шүүгдэгч Б.Нын “...Амь хохирогчийн гэрт орсон чинь М.С “хаалга түгжлээ” гэж уурлахаар нь “манай найз Ц.Э та хоёрыг гараад явсан гэж бодоод цоожилсон” гэж хэлээд хүргэн ах, М.С бид гурав авсан архиа уугаад би тасраад унасан. Шөнө сэрсэн чинь М.С нэг хүн зодоод байхаар нь би салгах санаатай очоод “чи болиоч ээ, хүн аллаа” гэж хэлсэн чинь намайг “чамд хамаагүй” гэж хэлээд нэг цохихоор нь би манараад унасан. Тэгээд би гэрээс нь хөл нүцгэн зугтаад явсан. ...” /1хх 141-142/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Хараа” гэсэн бичигтэй 0.75 мл хэмжээтэй архины шил, хар өнгийн түрийтэй хос гутал, шар өнгийн канттай цэнхэр өнгийн тэлээ, хөх өнгийн дотоож, хар эрээн өнгийн шорт, Б өнгийн түрийвч, цэнхэр өнгийн ажлын өмд, №1, 2, 3, 6, 7 гэж дугаарласан цагаан цэнхэр өнгийн шалны хулдаасны хэсгүүд, хүрэн өнгийн матрасны хэсэг, бинтэнд бэхжүүлсэн арчдасууд архины шилний хүзүү, архины шилний хагархайн хэсгүүд, шар өнгийн хуванцар аяга, цэнхэр өнгийн хөнжлийн даавуу, цагаан эрээн өнгийн хөнжлийн даавуу, цагаан өнгийн хос пүүз дээр цус илэрсэн. ABO системээр AB(IV) бүлгийн харъяалалтай байна...” гэх 5117 дугаартай /1хх 8284/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “...Талийгаачид цээжний баруун хөндий нэвтэрч баруун уушгины дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх, баруун уушгины авчилт, нүүр, их бие мөчдийн олон тооны хатгаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалганы цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд, шархнууд нь ир үзүүртэй, 0.5-5.0 см урттай зүйлээр хатгах, зүсэх, шүргэх олон удаагийн, баруун бугалганы цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд, бусад шархнууд нь цус алдуулж шоконд оруулсан тул мөн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид тогтоогдсон олон тооны шархнууд нь цус алдуулж үхэлд хүргэжээ. Цус нь 4 дүгээр бүлэг байна. Олон хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна...” гэх 1981 дугаартай /1хх 78-80/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй эрээн цэнхэр өнгийн хормойтой цамц, цоохор эрээн цамц зэрэгт цус илэрч байна. Саарал өнгийн өмд, хар өнгийн пүүз зэрэгт цус илрээгүй. Илэрсэн цус нь хүний цус байна. Цоохор эрээн цамцанд илэрсэн цус нь Д.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цэцэгтэй эрээн цэнхэр өнгийн хормойтой цамцанд илэрсэн цус нь Д.Эын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. ...” гэх 5356 дугаартай /1хх 108/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн зузаан цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн өмд зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цус нь Д.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэх 5357 дугаартай /1хх 110/ дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1294 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч М.С нь 2008 оноос эхлэн одоог хүртэл СЭМҮТөвд нийт 14 удаа хэвтэн эмчлүүлж байсан, одоо “Ds:F20.8-Бусад хэлбэрийн шизофрени” гэсэн оноштой удамшдаг сэтгэцийн өвчтэй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мөн сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай буюу сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй талаар /1хх 91-94/ дүгнэлт гаргаж ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан бусад баримт болох:
шинжээч эмч Д.Дэжидмаагийн “...М.Сийг 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзсэн. Мөн хэргийн болон өвчний түүхийг уншиж танилцсан. Мөн өөрийг нь асууж, өөрөөс нь болон хэргийн талаар өөрөөр нь яриулахад бүх үйл явдлыг ярьж байсан учир, мөн тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг үнэлж, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан. ...” гэх /1хх 124-125/,
шинжээч эмч Б.Энхчимэгийн “...Ямар учраас ийм үйлдэл гаргасан талаар асуухад хоёр эрэгтэй хүний дунд нэг эмэгтэй хүн үлдэхэд намайг оролдох нь тодорхой учир урьдаад цохисон. Манай өвчтөн Бмаатай хамт явж байсан гэж ярьсан. Бмаагаас л боллоо гэж ярина. Ерөнхийдөө өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай явж байсан гэж үзнэ. ...” гэх /1хх 126-127/ мэдүүлгүүдээр дээрх байдал нь давхар нотлогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой бөгөөд хоорондоо зөрүүгүй, анхан шатны шүүх эдгээр баримтад үндэслэн шүүгдэгч М.Сийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Сийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Сийн амь хохирогч Д.Эын цээжин тус газар архины хагархай шилээр олон тооны гэмтэл учруулж, улмаар цус алдаж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч М.Сийн хувьд удамшдаг сэтгэцийн өвчтэй хувийн байдал, үйлдсэн хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж хэргээ хүлээж байсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээг “10 жил хорих” болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хэсгийг хангах боломжтой байна.
Прокуророос шүүгдэгч Б.Ныг “Д.Эыг цээж, нүүр, их бие, мөчдөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас цус алдаж, бусдын туслалцаа шаардлагатай, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт шүүгдэгч Б.Нын “...Тухайн үед тэр эмэгтэй талийгаачийг заамдан цохиж байхад нь би “болиоч, хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд “Чамд хамаагүй” гээд миний нүүрэн тус газар зүүн нүд рүү цохисон. Улмаар цохиход нь би халтираад унасан. Тухайн үед цус гарсан байсан эсэх талаар мэдээгүй. Тэгээд цохиулж унаад айгаад хөл нүцгэн гараад явсан. Намайг гарахад талийгаач, тэр эмэгтэй хоёр л үлдсэн. Айгаад гарч явсан учир цагдаад болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэж чадаагүй. ...” гэх /1хх 142/, гэрч Б.Баянбатын “...Б.Н хөл нүцгэн гуталгүй орж ирсэн. ...” гэх /1хх 73/ мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 41-46/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Хэдийгээр шүүгдэгч М.С давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Н намайг гарахад орон дээр суугаад үлдсэн...” гэж мэдүүлж байх боловч тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Цоожилж явлаа гэж уур хүрээд талийгаачийг цохьсон. Хохирогчийг шилээр цохиход Б.Н гүйгээд гараад явсан... Намайг гарахад Б.Н байгаагүй...” гэж хэргийн талаар болон амь хохирогчийн гэрээс гарахад Б.Н байгаагүй талаар мэдүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, шүүгдэгч М.С нь амь хохирогч Д.Эыг зодож, гэмтэл учруулсан нь талийгаачийг үхэхэд хүргэсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Н тэр үед унтаж байгаад сэрж “Болиоч” гэж шаардлага тавихад нь түүнийг мөн цохиж, улмаар Б.Н уг байшингаас зугтаж гарсан нь тогтоогдсон зэргийг харгалзан хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Н нь амь хохирогч Д.Эыг бусдын туслалцаа шаардлагатай, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
Тухайн хэрэг учрал болох үед шүүгдэгч Б.Н, М.С, амь хохирогч Д.Э нар байсан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг гэрчлэх хүн байгаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С нь “...Би гэрээс шууд гараад алхсан ба гарах үед Б.Н байгаагүй...” гэж мэдүүлсэн, Б.Н нь “...Тэгээд цохиулж унаад айгаад гараад явсан. Намайг гарахад талийгаач, тэр эмэгтэй хоёр л үлдсэн. ...” гэж мэдүүлсэн бол гэрч Б.Баянбат “...Б.Н хөл нүцгэн гуталгүй орж ирсэн...” гэж Б.Нын мэдүүлгийг давхар нотолсноос үзэхэд Б.Н нь тухайн нөхцөл байдалд шүүгдэгч М.Сд цохиулан, улмаар гутлаа өмсөж амжилгүй уг байрнаас зугтаан гарсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүний үйлдлийг хохирогчийн үхэлтэй ямар нэгэн үүрэг зориуд биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, харин Б.Ныг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүний өмгөөлөгч Д.Халзангийн “...шүүгдэгч Б.Нт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Ц овгийн Бын Нт холбогдох заалтуудын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Бын Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолын:
-тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын Сийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
-тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтын түүнд холбогдох хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, цагаатгагдсан этгээд Б.Нын өмгөөлөгч Д.Халзангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Цагаатгагдсан этгээд Б.Ныг нэн даруй сулласугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ