Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01258

 

 

 

Г.Х, Х.З нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02504 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 252 дугаар магадлалтай,

Г.Х, Х.З нарын нэхэмжлэлтэй

“Г” ХХК-д холбогдох

Оюуны өмчийн зүйлийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөг болон эдгээр оюуны өмчийг ашиглаад олсон орлого 324,442,668 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хамтын ажиллагааны явцад гарсан алдагдлын тал хувь болох 174,983,453 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Хишигдаваа, өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Л.Нинжбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, өмгөөлөгч Э.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Г.Х нь “Г” ХХК-ийн хувьцааг эзэмших зорилгоор хөрөнгө оруулалт болгон шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, Х.З нь 40-00016448, 40-00115651, 40-0013993 улсын бүртгэлийн дугаар бүхий барааны тэмдгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, Г.Х, Х.З нар нь 20-0004483, 20-0002476 улсын бүртгэлийн дугаар бүхий ашигтай загварууд, 10-0004483 улсын бүртгэлийн дугаар бүхий патентын эрхийг буцаан шилжүүлэх, оюуны өмчийг ашиглаж олсон орлого болох 324,442,668 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “Г” ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, хамтын ажиллагааны явцад гарсан алдагдлын 50 хувь болох 174,983,453 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02504 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 20-0002569, 20-0002476 дугаар бүхий улсын бүртгэлтэй ашигтай загвар, 10-0004483 дугаар бүхий улсын бүртгэлтэй патентыг “Г” ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Зд, 40-0016448, 40-00115651, 40-0013993 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгүүдийг “Г” ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Х, Х.З нарт тус тус олгон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу “Г” ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд, 65,585,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х, Х.З нарт тус тус олгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 258,857,668 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөг, нэхэмжлэгч Х.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч нарын хамтран төлсөн 1,639,714 төгрөг, хариуцагч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Зд, 556,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х, Х.З нарт олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 252 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02504 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу гэснийг 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийг үндэслэн гэж, мөн заалтын 65,585,000 төгрөгийг гэснийг 40,352,000 гэж, 258,857,668 төгрөгт гэснийг 284,090,668 төгрөгт гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 556,075 төгрөгийг гэснийг 429,910 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 585,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Хишигдаваа, өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-н 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр ИХШХШТХ-н 40.2-д заасныг зөрчиж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг эрх зүйн үүднээс зөв дүгнэж чадаагүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон учраас доорхи үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1.1 Давж заалдах болон анхан шатны шүүх нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг хоёр өөр байдлаар зүйлчлэн дүгнэж, маргааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын ханган шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан ““Г” ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ”-г Компанийн тухай хуулийн 13.3-т заасан компани үүсгэн байгуулах гэрээ гэж дүгнэн, Иргэний хуулийн 492.1.1,493.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн хэрэглэсэн дээрх хуулийн заалтуудыг өөрчилж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний агуулгыг зөв дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч зохигчдын хооронд компани үүсгэн байгуулах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь, мөн хийсвэрлэлийн зарчмыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон” гэж дүгнэн агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн гэрээний агуулгыг зөв дүгнэсэн гэсэн атлаа “хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон” гэдэг ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хуулинд байхгүй үг хэллэг хэрэглэн дүгнэлт хийхдээ нэг асуудлаар агуулгын хувьд нийцэхгүй 2 өөр дүгнэлт хийсэн нь хууль бус болсон төдийгүй ойлгомжгүй байна.

Давж заалдах шатны шүүх “оновчгүй” гэх үндэслэл заан анхан шатны шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхдээ холбогдох хуулийн заалтыг хэрэглэлгүй, харин “оновчгүй” гэсэн хууль зүйн бус үг хэрэглэсэн нь алдаатай болсон юм.

Давж заалдах шатны шүүх иргэн Г.Х, С.Хишигдаваа нарын хооронд үүссэн хамтран ажиллах харилцааг зохицуулсан 2019.10.02-ны өдөр байгуулагдсан ““Г” ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах,хамтран ажиллах гэрээ”-г Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэж зүйлчлэн талуудыг уг гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос улбаалаад хуулийг буруу хэрэглэн хууль бус шийдвэр магадлал гаргасан байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үүссэн маргааныг дүгнэхдээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд ИХ-н 492.1.1-т заасан “үүрэг хожим дуусгавар болсон “үндэслэлээр буюу “Г” ХХК-с 20,000,000 төгрөг, оюуны өмчийн бүтээлийн эрхээ шилжүүлснийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна гэж магадлалын үндэслэх хэсэгт нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн.хоорондоо уялдаагүй, зөрүүтэй, хууль хэрэглээний хувьд илтэд алдаатай дүгнэлт хийсэн байдаг.

Мөн “... Нэхэмжлэгч тал өөрсдийн оюуны өмчийн бүтээлийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагч компанид шилжүүлсэн бөгөөд анхнаасаа бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзэх боломжгүй бөгөөд бусдын оюуны өмчийг зөрчих замаар орлого олсон гэж үзэхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох талаар зөв зүйтэй үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байгаа нь дээрх дүгнэлтээ үгүйсгэж, зарчмын хувьд хоорондоо зөрчилдөж байна. Шүүх ийнхүү нэг асуудлаар 2 өөр агуулгатай дүгнэлт хийсэн нь ИХ-н 492.1.1, 493.6-г буруу хэрэглэсэн болохыг тодорхой харуулж байна. Хэрвээ нэхэмжлэгч тал өөрсдийн оюуны өмчийн бүтээлийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагч компанид шилжүүлсэн юм бол хариуцагчийг анхнаасаа бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзэх боломжгүй.улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх ИХ-н 493.6-г хэрэглэсэн нь алдаатай болж, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх ИХШХШТХ-н 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг үүсээгүй байдлаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн ИХ-н 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх уг хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэл гэж дүгнэсэн боловч магадлалын тогтоох хэсгийн 1-р заалтаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “492 дугаар зүйлийн 492.1.1,493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу” гэснийг өөрчлөн “493 дугаар зүйлийн 493.6 дах хэсгийг үндэслэн” гэж өөрчилсөн байгаа учраас хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзэх боломжгүй байна.

4.1.2 Хоёр шатны шүүх хэргийн зохигчдын хооронд ИХ-н 476-д заасан “хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан байгааг зөв зүйлчлэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байгаа болно.

Хариуцагч хуулийн этгээд “Г” ХХК-г иргэн С.Хишигдаваа нь 2018.09.14-ний өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан байдаг ба үүнээс хойш 1 жил 1 сарын дараа буюу 2019.10.02-ны өдөр нэхэмжлэгч Г.Х нь хамтран ажиллах зорилгоор иргэн С.Хишигдаваатай “”Г” ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах,хамтран ажиллах гэрээ” байгуулсан байна.

Нэхэмжлэгч Г.Хаас урьд өмнө хийж байгаад зогссон байсан талхны үйлдвэрлэлээ дахин сэргээж зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлээч, хөрөнгө оруулаач, хамтран ажиллая гэсэн санал гаргасныг иргэн С.Хишигдаваа хүлээн авч, өөрийн үүсгэн байгуулсан “Г”ХХК-г түшиглэн талхны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Г.Хтай хамтран явуулахаар тохиролцсон байдаг.

““Г” ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах,хамтран ажиллах гэрээ”-ний зорилгыг гэрээний 2.1-д “Талууд “Г” ХХК-н хувьцааг хамтран эзэмшиж тус компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд, амжилттай явуулж, ашиг олох зорилгын хүрээнд компанид хөрөнгө оруулж, хамтарч ажиллана” гэж тодорхойлсон ба гэрээний 1.3-д зааснаар гэрээний хугацаа 5 жил байхаар гэж тохиролцсон байна.

Энэхүү хамтран ажиллах тохиролцоо болон Хамтран ажиллах гэрээний агуулга байгуулагдсан цаг хугацаа, энэ гэрээний дагуу явагдсан үйл ажиллагааны талаар талууд маргахгүй, зөвшөөрч байхад шүүх холбогдох нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс талуудын хооронд үүссэн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадалгүй, буруу зүйлчлэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байгааг хянан үзэж.хууль хэрэглээний хувьд зөвтгөж талуудын хооронд ИХ-н 476-д заасан Хамтран ажиллах гэрээний дагуу харилцаа үүссэн учраас зөв зүйлчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

Хамтран ажиллах гэрээний 1.3-д заасанчлан бид 5 жилийн хугацаатай хамтран үйл ажиллагаа эрхлэх зорилготой байсан боловч Г.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хамтран ажиллах гэрээний дагуу явагдаж байсан компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бүтээгдхүүний борлуулалт буурч, тэр хэмжээгээр орлого багасаж компанийн үйл ажиллагааг ихээхэн эрсдэлтэй байдалд оруулсан ба өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас олсон орлого нь гаргасан зардлаа нөхөж чадаагүй,2019, 2020 онд алдагдалтай тайлан баланс гараад явж байгаа, Г.Хы үүргээ биелүүлээгүйгээс болоод төлөвлөсөн ажил зохих ёсоор явагдах боломжгүй нөхцөл байдал үүсч,түүний энэ байдлаас шалтгаалж их хэмжээний алдагдал,хохирол үүссэн болно.

Манай компани нь 2019 оны жилийн санхүүгийн тайлангаар бусдад өгөх өглөг 181,701,633 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 127,777,777 төгрөг, тайлант үеийн алдагдал 40,437,496 төгрөг гэж гарсан ба нийтдээ 349,966,906 төгрөгийн алдагдалтай байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Г” ХХК-н 2019 оны жилийн санхүүгийн тайлан, ЗЦН Аудит ХХК-н тус санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нотлогддог.

Г.Х нь 5 жилийн хугацаанд хамтарч ажиллахаар тохирсон байсан боловч эхний жилийн ажлын үр дүнгээр ашиг олоогүй болохоор зорилгоосоо ухарч, няцаж, шалтаг заан хамтран ажиллахаас татгалзсан байгааг анхаарах нь зүйтэй байна. Талхны бизнес богино хугацаанд ашиг олох боломж огт байхгүй бөгөөд Г.Х бид нар эхний 2-3 жилд хөрөнгө оруулалтаа нөхөөд сүүлийн 2 жилдээ ашиг олоод салбар байгуулж 5 жил хамтарч ажиллахаар төлөвлөж тохирсон байсан .

Иймд хэргийн зохигчдын хооронд үүссэн маргаан нь Хамтран ажиллах гэрээний дагуу явуулсан хамтын үйл ажиллагаанаас хамааралтайгаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байгаа учраас маргааны зүйлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоон,нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

4.1.3 Давж заалдах шатны шүүх талууд гэрээнээс татгалзсантай холбоотой, үүрэг хожим дуусгавар болсны үр дагавраар үндэслэлгүйгээр олж авсан оюуны бүтээлийг ашигласны үр шимийг шаардах ИХ-н 493.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна гэж дүгнэснийг нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх “...тухайн оюуны өмчийн бүтээлийг ашигласнаас үүссэн үр шим буюу ашиг,тодруулбал,олсон орлогоос зардлыг хассаны эцэст үлдэх үр шимийг үндэслэлгүйгээр олж авснаа мэдсэнээс хойш шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ...”гэж магадлалын үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа хамтарсан үйл ажиллагааны үр дүнд буй болсон бүтээгдэхүүн болох талхыг үйлдвэрлэхэд гарсан зардлыг огт тооцохгүйгээр далхны борлуулалтын орлогоос ашиг гөж тооцсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын оюуны өмчийн бүтээлийг ашиглан үйлдвэрлэл явуулаад өөрөө зардлаа хариуцаад тэдэнд борлуулаад, борлуулалтын орлогыг нь өгье гэж тохиролцоогүй ээ.

Шүүх энэ асуудлаар амьдралаас хэг тасархай байдлаар дүгнэлт хийж, хэт нэг талыг барин бодит амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаа. Хариуцагч талаас талх үйлдвэрлэж.хэрэглэгчид хүргэхийн тулд ямар зардал гардаг болохыг хангалттай нотлосон анхан шатны санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад энэ баримтуудыг хэрэг маргаанд хамааралтай талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа. Талхыг үйлдвэрлэхийн тулд түүхий эд материалаа худалдан авах, үйлдвэрлэл явуулах байрны түрээсийн төлбөр, цахилгаан эрчим хүчний төлбөр тоног төхөөрөмжийн зардал.ажиллах хүчний цалин хөлс, сав баглаа боодлын өртөг, дэлгүүрүүдэд түгээлт хийн хүргэдэг тээврийн хэрэгслийн шатахууны зардал.жолоочийн цалин хөлс гээд олон төрлийн зардал гарсан болохыг сар бүрээр нь тооцон гаргасан санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд өгсөн байгааг шүүх судлан үзэж зөв зүйтэй дүгнэх ёстой.

Гэтэл шүүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан бодит зардал нэхэмжлэлд хамаарах хугацаанд хэд байсныг нотлох баримт байхгүй мэтээр дүгнэснийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн магадлалд “..анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахдаа орлогоос зарлагыг хасч тооцсон  нь зөв боловч..” гэж дүгнэсэн атлаа зардал тооцохгүйгээр зөвхөн талх худалдан борлуулсан орлогыг ашиг гэж тооцоод байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх “Г” ХХК нь нэр бүхий 6 төрлийн оюуны өмчийг ашиглаж 2019 оны 4-р сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд 324,442,668 төгрөгийн борлуулалтын орлого хийсэн гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал эргэлзээгүй нотолж чадаагүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн 2020 оны үйл ажиллагаанаас олсон ашиг гэх нэхэмжлэлийн шаардлагыг өмнө жилийн буюу 2019 оны санхүүгийн тайланд үндэслэн тогтоож илт хууль бус дүгнэлт хийж,илтэд нэхэмжлэгч талд үйлчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үйлдвэрлэсэн талхаа худалдан борлуулаад харилцагч нараас дансаар орж ирсэн орлого нь ашигтай ажилласан гэдгийг тодорхойлох хэмжүүр биш бөгөөд орлого зарлагын зөрүүгээр тухайн компани ашигтай ажилласан уу гэдэг нь тодорхойлогдоно.

Хамтран ажиллах гэрээний талууд хамтын үйл ажиллагааг хамтарч явуулаад гарсан үр дүнг хүртэх зорилготой.үр дүн, ашиг гараагүй байхад ашгийг нэхэмжлэх үндэслэлгүй .талуудын хамтарсан үйл ажиллагааны явцад ашиг гэж тооцох.хуваарилах үр дүн гараагүй тул ИХ-н 478.11-д заасан хуулийн заалтыг хэрэглэн оюуны өмчийг ашигласны ашиг буюу үр шим гэж тооцон 40,352,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

Гэрээний талууд “Г” ХХК-н хувьцааг худалдах.нөгөө тал нь худалдан авах тохиролцоо хийгээгүй,харин тус компанийн үйл ажиллагаан дээр суурилан талхны үйлдвэрлэл хамтран явуулж.ашиг олох, улмаар ашиг олвол хамтын үйл ажиллагаанд зориулан талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан авах, гэрээний хугацаанд тогтвортой ажиллаж тодорхой үе шатны дараа компанийн хувьцаанаас эзэмших хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцсон байгааг шүүх анхаарч үзэх ёстой байсан.

4.1.4 Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах тухай гэрээг Хувьцаа худалдах.худалдан авах гэрээ гэж зүйлчлэн,улмаар уг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гэрээнээс татгалзсан гэж үзэж дүгнэлт хийсэн байна. Мөн анхан шатны шүүх талууд гэрээний үүргээ зөрчсөний улмаас талууд цаашид ойлголцох,хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн байгаа.

Г.Х нь гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ С.Хишигдавааг “Г ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах.хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ буюу түүнийг “Г” ХХК-н хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй мөн талуудын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байдлаар тайлбарласан байдаг.

Хоёр шатны шүүхүүд талуудын хооронд гэрээний үүргийн биелүүлээгүй учраас маргаан гарсан гэж дүгнэсэн атлаа гэрээний татгалзлаас үүссэн үр дагаврыг ИХ-н 493.6-д заасныг хэрэглэн шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Үүрэг зөрчсөнөөс гэрээний талууд гэрээнээс татгалзахыг зохицуулсан ИХ-н 225, гэрээнээс татгалзах журам, үр дагаврыг зохицуулсан мөн хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэж шийдвэрлэх ёстой учраас шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

4.1.5 Шүүх “нэхэмжлэгч нь хувьцааны тодорхой хувийг худалдан авахаар мөнгөн болон биет бус хөрөнгийг компанид оруулсан боловч гэрээ биелэгдээгүй.хувьцаа эзэмшигч болоогүй тул компанийн үйл ажиллагааны алдагдлыг хувааж үүрэг үүсэхгүй,хариуцагч шаардах эрхгүй” гэж дүгнэн хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгэнт нэхэмжлэгч нар “Г” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, мөн хамтарсан үйл ажиллагаа нь тус компанийн үйл ажиллагааг түшиглэн явагдсан учраас Хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн алдагдлыг ИХ-н 476,478-г үндэслэн нэхэмжилсэн болно.

Талуудын хооронд байгуулсан “Г ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах,хамтран ажиллах гэрээ”-ний 4.2,4.3,4.4 дэх заалтуудад гэрэний талуудын хамтран ажиллах үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө, цаашид оруулах хөрөнгөдус компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Хыг бүртгүүлэх тухай асуудлыг зохицуулсан байна.

Уг гэрээний 4.3-д “Талууд энэ гэрээний 4.1 дэх хэсэгт заасан хөрөнгө оруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор компанид оруулах бөгөөд талуудын компанид оруулсан материаллаг,оюуны,хөдөлмөрийн хөрөнгө,оруулалтын хэмжээг харгалзан компанийн хувьцааг дор дурьдсан хувь,хэмжээгээр эзэмшихээр тохиролцсон болно.” гэж заасан байна. Гэтэл Г.Х нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн тус гэрээний 4.2-д заасан 40,000,000 төгрөгөөр үнэлсэн ашигтай загвар.барааны тэмдгийн гэрчилгээ зэргээр хөрөнгө оруулах үүргээ 2019.10.14-ний өдөр биелүүлсэн болох нь Оюуны өмчийн газрын даргын 2019.10.14-ний өдрийн А\162 дугаар тушаалаар нотлогддог.

Уг гэрээний 4.4-д “Талууд энэ гэрээний 4.2 дахь хэсэгт заасан үүрэг буюу хөрөнгө оруулалтыг компанид бүрэн оруулснаар энэ гэрээний 4.3 дахь хэсэгт заасан хувь,хэмжээгээр компанийн хувьцааг эзэмших хувьцаа эзэмшигчээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.” гэж талууд тохиролцсон байна.

Г.Х нь ашигтай загвар,барааны тэмдгийн гэрчилгээ зэргээр хөрөнгө оруулах хүсэлтээ 2019.10.04-ний өдөр гаргасны дараа С.Хыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үүрэг С.Хишигдаваад үүссэн болно. Ингээд 2019.10.17-ны өдөр Г.Хыг “Г” ХХК-н хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд Үүсгэн байгуулагчийн шийдвэр,Компанийн эрх шилжүүлэх гэрээ.Хувьцаа худалдаж худалдан авах гэрээ байгуулан нотариатаар 2019.10.17-ны өдөр гэрчлүүлэн баталгаажуулж улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад С.Хишигдаваа хандсан байдаг.

Улмаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь компанийн тухайн жилийн санхүүгийн эцсийн тайланг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулдаг заалтын дагуу 2019 оны жилийн санхүүгийн тайланг гарсны дараа бүртгэл хийх боломжтой гэсэн үндэслэлээр УБГ татгалзсан тул Г.Хыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх боломжгүй байсан.

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22.1.7-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд... “ хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл" гэсэн баримт бичгийг бүрдүүлнэ гэж заасны дагуу тухайн үед шинээр байгуулагдаад 2 сар үйл ажиллагаа явуулсан байсан.тухайн жилийн санхүүгийн тайлан гаргах хуулиар заасан хугацаа болоогүй байсан учраас Г.Хыг тухайн үед хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй нь С.Хишигдаваагийн буруутай үйлдэл биш бөгөөд хуулийн дагуу бүртгүүлэх нөхцөл үүсээгүй хүндэтгэн үзэх шалтгаан байна.

С.Хишигдаваа нь 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийсэн учраас Хамтран ажиллах гэрээний зорилго хэрэгжиж, талхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байсан С.Хишигдаваа нь 2019.10.02-ны өдөр “Г ХХК-н хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах.хамтран ажиллах гэрээ” байгуулахаас өмнө эхэлчихсэн байсан хамтарсан үйл ажиллагаанд 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа оруулсан болохыг энэ гэрээний 4.2 дахь заалтанд маш тодорхой заасан байдаг.

Хамтын үйл ажиллагаа явуулж,үйлдвэрлэл,үйлчилгээ явуулахад хөрөнгө оруулалт хамгийн чухал байсан ба “Г” ХХК-н хувьд банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн. Г.Х нь “миний нэрээр зээл гарах боломжгүй, барьцаа хөрөнгө байхгүй, зээл авч үзээгүй тул зээл гарсны дараа, Хамтран ажиллах гэрээ гэрээ байгуулагдсаны дараа компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлье” гэсэн учраас иргэн С.Хишигдаваа нь “Г” ХХК-г үүсгэн байгуулж, өөрийн хөрөнгийг барьцаалж, өөрийн хувьцааг нь 100 хувь дангаар эзэмшдэг Гоо сараана ХХК-аар батлан даалт гарган 150 сая төгрөгийн зээлийг Хас банкнаас авч Г.Хтай хамтран ажиллаж эхэлсэн.

Мөн С.Хишигдаваа нь Хас банкны зээлээс гадна Д.Сүхбаатараас 35,000,000 төгрөгийн зээл,найз Цогзолмаагаас 30,000,000 төгрөгийн зээл.дүү.С.Пүрэвдуламаас 150,000,000 төгрөгийн зээл авч хамтарсан үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан ба энэ өр зээлийн “Г” ХХК-н 2019 оны жилийн санхүүгийн тайланд бусдад өгөх өглөг 181,701,633 төгрөг гэж тусгасан байдаг.

Уг гэрээг байгуулах үед иргэн С.Хишигдаваагаас хамтын үйл ажиллагаанд оруулсан 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Г.Хы сонголтоор БНСУ-с үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авсан байсан.үйлдвэрийн тоног төхөөрөмж.түүхий эдээр талхны үйлдвэрлэлээ явуулж далуудын хамтын үйл ажиллагаа тогтвортой явагдаж эхэлсэн байсан.

Г.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хамтран ажиллах гэрээний дагуу явагдаж байсан компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бүтээгдэхүүний борлуулалт буурч.тэр хэмжээгээр орлого багасаж компанийн үйл ажиллагааг ихээхэн эрсдэлтэй байдалд оруулсан ба өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас олсон орлого нь гаргасан зардлаа нөхөж чадаагүй.одоогоор алдагдалтай тайлан баланс гараад явж байгаа, Г.Хы үүргээ биелүүлээгүйгээс болоод төлөвлөсөн ажил зохих ёсоор явагдах боломжгүй нөхцөл байдал үүсч,түүний энэ байдлаас шалтгаалж их хэмжээний алдагдал,хохирол үүссэн болно. Манай компани нь 2019 оны жилийн санхүүгийн тайлангаар бусдад өгөх өглөг 181,701,633 төгрөг,банкны зээлийн үлдэгдэл 127,777,777 төгрөг.тайлант үөийн алдагдал 40,487,496 төгрөг гэж гарсан ба нийтдээ 349,966,906 төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг.

Ийм учраас ИХ-н 478.11-д заасны дагуу иргэн Г.Хтай Хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдал болох 349,966,906 төгрөгийн тал болох 174,983,453 төгрөгийг хариуцагч Г.Хаас гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шүүхийн шийдвэр.магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.

Нэхэмжлэгч тал нь “Г” ХХК-д холбогдуулан тус компани нь “Соёолсон үрийн гурилгүй талх үйлдвэрлэх арга”-ын 4483 дугаартай патент,”Соёолсон бүхэл үр.соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга”-ын ашигтай загварын 2569 дугаар гэрчилгээ,”Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм,шанзтай гурилгүй талх”-ны ашигтай загварын 2476 дугаар гэрчилгээ,”Сэмбэгэр”, “Үзэмжийн чанар” барааны тэмдгийн гэрчилгээнүүдийг хэрэглэн 2019.04 сараас 2020.09 сарын хооронд олсон бүх орлого болох 324,442,668 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба уг шаардлагын хууль зүйн үндэслэл нь Патентын тухай хуулийн 16.1,5,Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 12.3.6-д зааснаар тодорхойлогдоно гэж шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ “...нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл байх боломжгүй ,нэхэмжлэлийн агуулгад нь нийцэхгүй” гэсэн зөв дүгнэлтийг хийсэн боловч шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж,хэт нэг талыг барьж.маргааны талуудын тохиролцоодэдний гэрээний чөлөөт эрх рүү халдаж дүгнэсэн нь илтэд хууль бус брлсон байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь хуулинд нийцэхгүй байна.

Иймд хяналтын гомдолд дурьдсан үндэслэлээр магадлалыг хянан үзэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж шүүхийн шийдвэр, магадалалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1 “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээний тухай

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг Компанийн тухай хуулийн 13.3-т заасан компани үүсгэн байгуулах гэрээ гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. “Г” ХХК-ийг иргэн С.Хишигдаваа 2018.09.14-ний өдөр ганц хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж улсын бүртгүүлсэн тухай “Г” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар хэрэгт авагдсан хэрэгт байна. “Г” компаниас өөр шинэ компани байгуулагдсан үйл баримт хэрэгт байхгүй байна. Ер нь үүсгэн байгуулсан компанийг дахин үүсгэн байгуулах тухай эрх зүйн ойлголт байдаггүй. Харин компанид хөрөнгө, оруулах, хамтран ажиллах үйл ажиллагаа явагдах боломжтой юм.

“Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг гэрээнд заасан гэрээний шууд утгаар нь тайлбарлаж ойлговол зохилтой. Тодруулбал, дээрх гэрээ нь компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллаж, хувьцаа эзэмших зорилгоор байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ нь ИХ-н 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан хамтран ажиллах гэрээ мөн байна. Энэ гэрээнд ИХ-н 476.3-т заасан зүйлс тусгагдсан байна.

Энд нэг ноцтой зөрүүг зориуд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан тохиролцоог компани үүсгэн байгуулах гэрээ гэж тодорхойлсон бол давж заалдах шатны шүүх хувьцаа худалдах, худалдах авах гэрээ гэж тодорхойлсон байгаа нь зөрчилтэй байна.

Ямар ч гэрээ байсан гэрээний үүргийн эрх зүйн харилцааны маргааныг Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлгээр зохицуулдаг гэрээнээс үүсдэггүй “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэх зохицуулалтын зүйл, заалтыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэдгийг тэмдэглэж байна.

5.2 Нэхэмжлэгч Х.Зын шаардах эрхийн тухайд

Нэхэмжлэгчээр өөрийгөө тодорхойлсон Х.З нь “Г” ХХК-тай мар нэгэн эрх зүйн болон гэрээний харилцаанд ороогүй байна. Өөрөөр хэлбэл “Г” ХХК нь иргэн Х.Зын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, түүний дотор өөрийн компанийн үйл ажиллагаанаас олсон ашиг, орлогоос хуваалцах, хувиарлах үүрэг хүлээсэн нотлох баримт энэ хэрэгт байхгүй байна.

Х.З нь Г.Хтай оюуны өмчийг хамтран дундаа өмчилдөг байдал нь ИХ-н 492.1-д зааснаар “Г” ХХК-иас оюуны өмчөө буцаан шаардах эрхтэй байж болох боловч “Г” ХХК-иас ашиг, орлого шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл шүүхээс Х.Зд “Г” ХХК-ийн олсон ашиг, орлогоос хувиарлаж шийдвэрлэсэн нь алдаа болжээ.

5.3 Нэхэмжлэгч Г.Хы гэрээнээс татгалзах эрхийн тухайд.

Хариуцагч талын зүгээс Г.Хыг гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар маргаагүй. Гагцхүү гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх үйл явц ИХ-н 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан журмаар яваагүй байна. Г.Хы гэрээнээс татгалзах саналд С.Хишигдаваа гэрээнээс татгалзах хугацаа тогтоох ёстой. С.Хишигдаваагийн зүгээс гэрээнээс татгалзах хугацааг тогтоогоогүй тул Г.Хы гэрээнээс татгалзах татгалзах хуульд заасан журмын дагуу хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, Г.Х өөрийнх нь гэрээнээс татгалзсан татгалзалд С.Хишигдаваагаас гэрээнээс татгалзах хугацаа тогтоох үйлдлийг хийгээгүй тохиолдолд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан байна. Нэхэмжлэгч Г.Хы зүгээс шүүхэд хандаж гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

5.4 Нэхэмжлэгч Г.Хы шаардах эрхийн тухайд

Дээр дурдсанаар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ ИХ-н 476.1-д гэрээ мөн байна. Тийм ч учраас нэхэмжлэгч Г.Хы шаардах эрх ИХ-н 476.1-р тодорхойлогдоно. Шүүх ИХ-н 492-р зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн явдал юм. Гэрээний үүргийн эрх зүйн харилцааны маргааныг Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлгээр зохицуулдаг Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зохицуулалтаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэдгийг зориуд тэмдэглэж байна.

5.5 Ашиг, орлогыг хуваарилж шийдвэрлэсэн тухайд

Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүх холион бантан хутгасан байна гэдгийг тэмдэглэж байна.

Юуны түрүүнд ойлголтуудыг тодорхой болгох шаардлагатай байна. “Ашиг” гэж юу вэ? “Орлого” гэж юу вэ? Аль ойлголт нь хаана хэрэглэгдэх вэ?

Тайлант хугацааны олсон орлого гаргасан зардлын зөрүүгээс татвар суутгасны дараах ашгийг цэвэр ашиг гэдэг.

Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон хөрөнгийн дотогш урсгалыг орлого гэдэг.

Маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхийн зүйлчилснээр буюу ИХ-н 493.1-д зааснаар шийдвэрлэвэл талуудын хооронд үүссэн маргааныг “Г” компанийн олсон орлогыг хуваах зарчим баримтлана.

Бид энэ маргааныг хамтран ажиллах гэрээний маргаан гэж үзэж байгаа тул ИХ-н 476 дах хэсгийн 3.5-д зааснаар зүйлчилж талуудын хооронд үүссэн маргааныг олсон ашиг, алдагдлыг хуваах зарчмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Санхүүгийн тайлан гэж гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, зздийн өмч, өр төлбөр), санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний) - ийн талаарх мэдээллээр хангасан баримт бичгийг хэлдэг. Санхүүгийн тайлан, үүний дотор татварын байгууллагад тайлагнасан, аудитаар баталгаажсан тайлан бол үндэслэж болох гол нотлох баримт мөн юм.

Гэтэл анхан шүүх “Г” ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлангийн тоо, баримтуудыг үндэслэж олсон орлого, ашиг, алдагдлыг тооцохын оронд татварт тайлагнаж амжаагүй байсан, аудитаар баталгаажаагүй 2020.04 сараас 2020.10 сарыг хүртэл орсон борлуулалтын орлого гэх тоог үндэслэн өмнөх оны буюу 2019 онд олсон ашиг, орлогыг тооцоолж гаргасан нь ойлгомжгүй хийгээд үндэслэлгүй байна. Үүнийгээ “... Тус орлогыг олоход зарцуулсан зардлыг дүйцүүлэх хандлагыг баримтлан өмнө жилийн буюу 2019 оны санхүүгийн тайланд үндэслэн тогтоох боломжтой гэж шүүх үзэв” гэжээ. Магадгүй, ирээдүйд олох байсан ашиг, орлого, зардлыг өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тоо, баримтад тулгуурлан тооцоолон гаргаж болох юм. Харин өмнө баталгаажсан тайлангаар тодорхойлогдсон санхүүгийн тайлангийн орлого, зардлыг одоогийн орлого, зардлын жишгээр тогтооно гэдэг байж боломгүй зүйл юм.

Ийм ойлгомжгүй аргачлалаар “Г” ХХК-ийн зардлыг тооцоолохдоо 2019 оныг бүтэн буюу 12 сарын туршид үйл ажиллагаа явуулсан гэж үзэж 12 сард хувааж нэг сарын зардлын хэмжээг тооцож гаргасан нь буруу байна. Учир нь талууд шүүхэд 2019 оны 5 дугаар сараас хамтын ажиллагаагаа эхэлж он дуустал буюу 8 сарын хугацаатай явуулсан гэсэн тайлбарыг аль аль талаас гаргасан нь хэрэгт нотлох баримтаар баталгаажсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...“Г” ХХК-ийг 2019 онд 185,815,300 төгрөгийн зардалтай ажиллажээ” гэж дүгнэсэн байдаг. Энэ тоог хаанаас, юунаас авч тавьсныг ойлгоогүй. Ийм тоо хаана ч байхгүй.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... “Г” ХХК нь ... 2020.01 сараас 09 сар хүртэлх борлуулалтын цэвэр орлогыг 226,168,000 төгрөг гэж тодорхойлсон баримтыг шүүхэд гаргасан...” гэжээ. Энэ чухам ямар баримт, хавтаст хэргийн аль тал дээр байгааг хайгаад олоогүй. Бидний зүгээс ийм баталгаагүй тоо, баримт гаргаж өгөөгүй. Давж заалдах шатны шүүх энэ тоог хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй байна. Улмаар энэ тоогоо үндэслээд тооцоолол хийгээд байгаа нь ч ойлгомжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хууль хэрэглээний алдаа гаргаж хэргийг буруу зүйлчилсэн, нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ алдаа гаргасан, тооцооллын аргачлалыг нотлох баримтад үндэслэх гэхээс илүүтэй хийсвэрээр дүйцүүлэн гаргасан гэх ХХША-ны ноцтой зөрчлүүд гаргасан тул шийдвэр, магадлалыг хүчингүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү хэмээх гомдлыг үүгээр гаргаж байна.

Бид нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэхээс илүүтэй хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах үндэслэл гаргаж буй нь “Г” ХХК-ийн 2020 оны санхүүгийн тайлан саяхан татварын байгууллагад илгээгдэж, аудитаар баталгаажсан байгаа тул энэ маргааныг шүүхээс үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэрлэхэд дээрх нотлох баримтад бодитой дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн болно.

Хэрэв санхүүгийн тайлангуудыг үндсэн нотлох баримт гэж дүгнэж, тайланд тусгагдсан орлого, зардлын тооцоог зөв хийвэл “Г” ХХК нь 2019 болон 2020 онуудад ямар нэгэн ашиг олоогүй болох нь тодорхой болох юм гэжээ.

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбатын хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэв. 

 

         7. Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан “Г” ХХК-ийн хувьцааг эзэмших зорилгоор хөрөнгө оруулалт болгон шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч Х.З нь түүний өмчлөлд байсан 40-0016448, 40-00115651, 40-0013993 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгүүдийн өмчлөх эрхийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч Г.Х, Х.З нар нь хамтран тэдгээрийн дундын өмчлөлд байсан 20-0002569, 20-0002476 улсын бүртгэлийн дугаартай ашигтай загварууд, 10-0004483 улсын бүртгэлийн дугаартай патентыг буцаан гаргуулах, тэдгээрийн дангаар болон дундаа өмчилж байсан оюуны өмчийг ашиглаж олсон орлого болох 324,442,668 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...нэхэмжлэгч нар дангаар болон дундын өмчлөлийн оюуны өмч болох ашигтай загвар, барааны тэмдэг, патент, 20,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтаар тооцож “Г” ХХК-ийг үүсгэн байгуулалцсан боловч С.Хишигдаваа нь хамтын ажиллагааны гэрээнд тохирсон 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бодитой хийгээгүй, тус компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Хыг өнөөдрийг хүртэл бүртгүүлээгүй тул “Г” ХХК-аас оюуны өмч болон 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн тус компани нь бидний өмчлөлийн 6 төрлийн оюуны өмчийг ашиглан 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд олсон бүх орлого 324,442,668 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тодорхойлсон байна. 

          8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарт холбогдуулан “Г” ХХК-ийн хүлээсэн алдагдлын тал хувь болох 174,983,453 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, ...хамтын гэрээний үүргээ зөрчөөгүй, 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Г” ХХК-ийг үүсгэн байгуулсан, талуудын хэнээс нь ч үл хамаарах шалтгаанаар Г.Хыг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж болохгүй нөхцөл байдал үүссэн тул тус компанид нэгэнт хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн оюуны өмч, 20,000,000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй, бидний хамтын үйл ажиллагааны улмаас тус компани 349,966,906 төгрөгийн алдагдалтай ажилласан...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 20-0002569, 20-0002476 дугаар бүхий улсын бүртгэлтэй ашигтай загвар, 10-0004483 дугаар бүхий улсын бүртгэлтэй патентыг “Г” ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Зд, 40-0016448, 40-00115651, 40-0013993 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгүүдийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Х, Х.З нарт тус тус олгон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд, 65,585,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х, Х.З нарт тус тус олгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 258,857,668 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон “...хариуцагчаас 40,352,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон” өөрчлөлтийг оруулсан байна. 

10. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн маргаж буй үндэслэл, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

         11. Хэргийн баримтаас үзэхэд Г.Х, С.Хишигдаваа нарын хооронд 2019.10.04-ний өдөр “Г” ХХК-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээнд “Г” ХХК-ийг нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, хожим Г.Хыг хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлэхээр, мөн А тал буюу С.Хишигдаваа нь 280,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалт хийж, “Г” ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг эзэмших, нөгөө талаас Г.Х нь 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий оюуны өмч, 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, нийт хувьцааны 20 хувийг эзэмшихээр харилцан тохиролцжээ. Улмаар тус компанийг байгуулагдах үед Г.Х нь 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгө болон дундын болон нөхөр Х.Зын өмчлөлийн оюуны өмчийн зүйлээр хөрөнгө оруулалт хийсэн, харин гэрээний А тал болох С.Хишигдаваа нь гэрээгээр тохирсон 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бодитой хийсэн эсэхээс үүссэн үл ойлголцлоос болж марган, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

         12. Нэхэмжлэгч нараас ...хамтран байгуулсан “Г” ХХК нь бидний дундын болон нөхөр Х.Зын дангаар өмчлөлийн нэр бүхий 6 төрлийн оюуны өмчийг ашиглан 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд 324,442,668 төгрөгийн орлого олсон, энэ орлогыг шаардах эрхтэй гэж, хариуцагчаас ...энэ хугацаанд бид ашиг олоогүй, тус компани 349,966,906 төгрөгийн алдагдалтай ажилласан, алдагдлыг хамтран хариуцах ёстой гэж тус тус маргажээ.

 13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

 

         Анхан шатны шүүх ...зохигчийн 2020 оны 04 дүгээр сараас 2020.09.30-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд олсон орлого болох 145,256,000 төгрөгөөр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан шаардлагын хэмжээг тогтоох нь учир дутагдалтай. Тус орлогыг олоход зарцуулсан зардлыг дүйцүүлэх хандлагыг баримтлан өмнө жилийн буюу 2019 оны санхүүгийн тайланд үндэслэн тогтоох боломжтой, ...энэ хугацаанд дунджаар 79,671,000 төгрөгийн зардал гарсныг мөн хугацааны нийт орлого гэх 145,256,000 төгрөгөөс хасч, ...65,585,000 төгрөгийн ашигтай ажилласан гэж, харин давж заалдах шатны шүүх ...шүүхэд ирүүлсэн баримтын хэмжээнд нотлох баримтыг үнэлбэл, “Г” ХХК-ийн аудитаар баталгаажуулсан 2019 оны мөнгөн гүйлгээний тайланд үндсэн үйл ажиллагааны зарлагын дүнг 185,815,300 төгрөг гэж тодорхойлсноор ашиг буюу үр шим нь 40,352,000 төгрөг байна гэж тус тус дүгнэснээс үзвэл шүүхүүд олсон ашиг орлогыг харилцан адилгүй дүгнэсэн, ийнхүү дүгнэхдээ ямар нотлох баримтад үндэслэн, хэдий хугацаанд хамаарах ашиг орлогыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, тооцоолол эргэлзээтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцэхгүй байна. 

 

14. Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулан, эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, талуудын маргаж буй үндэслэл болох “Г” ХХК-ийн, хамтран ажиллах хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд ажиллаж олсон ашиг орлого, алдагдлыг нотлох баримтад үндэслэн эргэлзээгүй байдлаар тогтоож, эдгээр үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

15. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын “...үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбатын “...шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02504 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 252 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.26-ны өдөр төлсөн 459,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧИД                                     Г.БАНЗРАГЧ                                                                                                                                                                         П.ЗОЛЗАЯА 

                                                   Б.МӨНХТУЯА                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД