Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00252

 

 

 

 

 

 

 

 

Г.Х-, Х.З- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02504 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Х-, Х.З- нарын хариуцагч “ГО” ХХК-д холбогдуулан гаргасан оюуны өмчийн зүйлийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, хөрөнгө оруулсан 20 000 000 төгрөг болон эдгээр оюуны өмчийг ашиглаад олсон орлого 324 442 668 төгрөгийг гаргуулах үндсэн, хамтын ажиллагааны явцад гарсан алдагдлын тал хувь болох 174 983 453 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Х-, Х.З- бид эхнэр, нөхөр бөгөөд олон жилийн судалгаа, туршилтаар оюуны өмчийг бүтээн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бид хамтдаа Соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:2569/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанзтай, гурилгүй талх /ГД:2476/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга 4483 тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрхийг хамтдаа эзэмшдэг байсан. Харин нөхөр Х.З- Үзэмжийн чанар барааны тэмдэг /УБД 40-0016448/- эзэмших эрх, Боржингоны Бор талх 201700115 тоот гэрчилгээний дугаар бүхий барааны тэмдгийг эзэмших эрх, Сэмбэгэр /УБД13993/ барааны тэмдгийг ганцаар эзэмших эрхтэй байсан. Бид эдгээр оюуны өмчөө ашиглан талх, нарийн боов үйлдвэрлэх, худалдах зорилгоор иргэн С.Х-тай хамтран ажилласан. Бид шинэ бүтээл, ашигтай загварын технологиороо 3 төрлийн талх үйлдвэрлэдэг бөгөөд уг 3 төрлийн талхаа 3 ширхэг барааны тэмдэг бүхий уутанд савлан худалддаг болохоор эдгээр 6 ширхэг оюуны өмчийн эрхээрээ хамтран ажиллахаар болсон. Харин С.Х- нь талх, нарийн боов үйлдвэрлэх, худалдах чиглэл бүхий “ГО” ХХК-ийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ганц хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Г.Х- миний зүгээс “ГО” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт болгож 20 000 000 төгрөгөө тус компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд С.Х- тус компанийнхаа нэр дээр “ХБ” ХХК-аас 150 000 000 төгрөг зээлсэн гэж надад хэлсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бидний оюуны өмчийн бүтээлд суурилсан талх, нарийн боовны үйлдвэрлэл маань эхэлж, хүнсний их дэлгүүр, мини маркетууд болон С.Х-гийн “Гoo сараана” ХХК-ийн кофе шопуудаар өнөөдрийг хүртэл худалдаалагдаж байна. Мөн олон төрлийн кэйк /мини бялуу/, нарийн боовнуудыг үйлдвэрлэж С.Х-гийн 2 кофе шопод нийлүүлдэг болно.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Х-, Х.З- бидний хамтран өмчлөх дундын эрх болох Соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:2569/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй талх /ГД:2476/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга 4483 тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх, Х.З-ын нэр дээр бүртгэлтэй Үзэмжийн чанар барааны тэмдэг /УБД 40-0016448/-ийг эзэмших эрх, “Боржингоны Бор талх” 201700115 тоот гэрчилгээний дугаар бүхий Барааны тэмдгийг эзэмших эрх, Сэмбэгэр / УБД13993/ барааны тэмдгийг эзэмших эрхүүдийг “Гoo органик” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн. Харин хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан тогтоох саналыг С.Х- гаргаснаар бид тохиролцоог бичгээр хийсэн бөгөөд С.Х- нь бидний оюуны өмчийн бүтээлийг 40 сая төгрөгөөр үнэлье гэснээр энэ үнэлгээгээр гэрээнд тусгасан. Би тухайн үед нь оюуны өмчийн эрхүүдээ үнэлгээний компаниар үнэлүүлье гэдгээ хэлэхэд ажлын хөлсөнд их мөнгө зарцуулах юм байна, тэгж мөнгө үрэх шаардлагагүй гэж эрс татгалзсан. Харин өөрийн оруулсан нийт хөрөнгө оруулалтыг 280 000 000 төгрөг гэж надад хэлсний дагуу тухайн үед гэрээнд тусгасан. Энэхүү бичгэн гэрээ нь иргэн Г.Х-, иргэн С.Х- нарын хооронд байгуулагдсан “Гoo органик” ХХК /РД:6348505/-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ байсан.

“Гoo органик” ХХК 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс талх, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эхэлснээс хойш зөвхөн Г.Х-, Х.З- бидний оюуны өмчийг ашиглан бий болсон бүтээгдэхүүнүүдээр л үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, орлого олсоор байгаа болно. Иймд цаашид хамтран үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Г.Х-, Х.З- бид дараах зүйлсийг “Гoo органик” ХХК-аас нэхэмжилж байна. Үүнд,

1. Г.Х-, Х.З- нарын Соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:2569/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй талх /ГД:2476/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга 4483 тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх бүхий оюуны өмчийг буцаан гаргуулж Г.Х-, Х.З- нарт олгох,

2. Х.З-ын Үзэмжийн чанар барааны тэмдэг /УБД 40-0016448/-ийг эзэмших эрх, Боржингоны Бор талх 201700115 тоот гэрчилгээний дугаар бүхий Барааны тэмдгийг эзэмших эрх, Сэмбэгэр / УБД13993/ барааны тэмдгийг эзэмших эрх бүхий оюуны өмчийг буцаан гаргуулж Х.З-д олгох,

3. Г.Х-аас “Гoo органик” ХХК-д хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах,

4. Г.Х-, Х.З- Соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:2569/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй талх /ГД:2476/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга 4483 тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх бүхий оюуны өмчийн эрх, Х.З-ын Үзэмжийн чанар барааны тэмдэг /УБД 40-0016448/-ийг эзэмших эрх, Боржингоны Бор талх 201700115 тоот гэрчилгээний дугаар бүхий Барааны тэмдгийг эзэмших эрх, Сэмбэгэр /УБД13993/ барааны тэмдгийг эзэмших эрх бүхий оюуны өмчийн эрхүүдийг тус тус ашиглан “Гoo органик” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх орлого болох 324 442 668 төгрөгийг гаргуулж, Г.Х-, Х.З- нарт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Гoo сараана” ХХК-ийг үүсгэн байгуулж 11 жил худалдаа, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, зах зээлд үйл ажиллагаагаараа танил болж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, салбартаа зохих хэмжээний нэр хүндтэй болсон байсан ба Г.Х- нь энэ талаар сайн мэддэг байсан. Улмаар Г.Х- нь өмнө хийж байгаад зогссон талх, нарийн боовны үйлдвэрлэлээ дахин сэргээж зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлээч, хөрөнгө оруулаач, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. С.Х- миний бие нь иргэн Г.Х-ы хамтран ажиллах саналыг хүлээн авч “ГО” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан бөгөөд Г.Х-ы хамт “Гoo органик” ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж, тус компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай явуулж, ашиг олох зорилгын хүрээнд компанид хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаар тохиролцсон болно.

Хамтын үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хөрөнгө оруулалт хамгийн чухал байсан ба “ГО” ХХК-ийн хувьд банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн. Г.Х- нь миний нэрээр зээл гарах боломжгүй, барьцаа хөрөнгө байхгүй, зээл авч үзээгүй тул зээл гарсны дараа, хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлье гэсэн учраас “Гoo органик” ХХК-ийг миний бие үүсгэн байгуулж, өөрийн хөрөнгийг барьцаалж, өөрийн “ГС” ХХК-аар батлан даалт гарган зээл авч Г.Х-тай хамтран ажиллаж эхэлсэн. Миний бие Хан-уул дүүрэгт өөрийн худалдан авсан шинэ байрандаа кафе, кофе шоп шинээр нээн ажиллуулахаар төлөвлөсөн байсан ба уг байранд хамтарсан үйл ажиллагааг явуулахаар тохиролцож, Г.Х-ы хүссэн загвар, дизайнаар үйлдвэрийн байрыг засварлан тохижуулж, Г.Х-ы саналын дагуу түүний хүссэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглож хамтарсан үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бид хамтран ажиллаж эхэлснээс хойш 1 жил 2 сарын дараа Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээний 4 дэх заалтаар талуудын хамтарсан үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг дурдаж өгсөн болно. Гэрээний уг заалтад А тал буюу иргэн С.Х- нь 280 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эргэлтийн мөнгөн хөрөнгө, түүхий эдийн нөөц зэргээр хөрөнгө оруулсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэрээнд заагдсанаас гадна үйл ажиллагаа эхэлсэн ч орлого олж эхлээгүй байсан тул банкны зээл, цалин, өдөр тутмын зардлууд, зар сурталчилгааны зардлуудыг үйл ажиллагааг зогсоохгүйн тулд С.Х- миний бие өөрийн ойр дотны хүмүүс болох аав, дүү, найз нөхдөөсөө зээл хэлбэрээр авч санхүүжүүлж байсан. Энэ нь ойролцоогоор 100 гаруй сая төгрөг болсон. Мөн Б тал буюу иргэн Г.Х- нь компанид 20 000 000 төгрөгийн эргэлтийн мөнгөн хөрөнгө оруулсны зэрэгцээ 40 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий Соёолсон үрийн гурилгүй талх үйлдвэрлэх арга-ын 4483 дугаартай патент, Соёолсон бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга-ын ашигтай загварын 2569 дугаар гэрчилгээ, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм,шанзтай гурилгүй талх-ны ашигтай загварын 2476 дугаар гэрчилгээ, Сэмбэгэр, Үзэмжийн чанар барааны тэмдгийн гэрчилгээнүүд зэргээр хөрөнгө оруулахаар тохиролцож нийт 60 000 000 төгрөгийн хөрөнгө хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан болно.Энэхүү хөрөнгө оруулалт хийсний дагуу Г.Х- нь “Гoo органик” ХХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсоны дагуу Г.Х-ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан боловч тухайн жилийн эцсийн тайланг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулдаг журмын дагуу 2019 оны жилийн эцсийн тайланг гаргасны дараа бүртгэл хийх боломжтой гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газар татгалзсан тул өнөөдрийг хүртэл бүртгэл хийгдээгүй. Энэ учир байдлыг Г.Х- мэдэж байсан хэрнээ тайлангийн хугацаа болоогүй байхад ажлаа орхиж маргаан үүсгэсэн.

“ГО” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрлэлээ явуулахын тулд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хас банкнаас 150 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн мөнгөөр Солонгос улсаас үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал худалдан авсан ба үйлдвэрийн байранд шаардлагатай засварын ажлыг санхүүжүүлсэн. Миний хувьд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Г.Х- нь “ГО” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг дангаар удирдаж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба түүний саналаар компанийн санхүүгийн ажилтанг авч ажиллуулсан. Бидний эхлүүлсэн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа ашиг орлого олох боломжит цаг хугацаа болоогүй бөгөөд түүний нэхэмжлэлдээ бичсэн шиг хамтран ажиллах гэрээний талууд ашиг хүртэх хэмжээнд хүрсэн бизнес болоогүй байна, одоогоор гаргасан зардлаа нөхөж авч чадаагүй байгаа болно. Иймд Г.Х-, Г.Золжаргал нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хамтын үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хөрөнгө оруулалт хамгийн чухал байсан ба "Гоо органик ХХК-ийн хувьд банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн. Г.Х- нь миний нэрээр зээл гарах боломжгүй, барьцаа хөрөнгө байхгүй, зээл авч үзээгүй тул зээл гарсны дараа, хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлье гэсэн учраас “Гoo органик” ХХК-ийг миний бие үүсгэн байгуулж, өөрийн хөрөнгийг барьцаалж, өөрийн “ГС” ХХК-аар батлан даалт гарган 150 000 000 төгрөгийн зээлийг Хас банкнаас авч Г.Х-тай хамтран ажиллаж эхэлсэн. Мөн банкны зээл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад хангалтгүй байсан тул миний бие аав Сүхбаатараас 30 000 000 төгрөг, дүү Пүрэвдуламаас 137 000 000 төгрөг, Япон улсад ажиллаж амьдардаг найз Цогзолмаагаас 30 000 000 төгрөгийг тус бүрээс нь 1.5 хувийн хүүтэйгээр зээлж авч үйл ажиллагаандаа зарцуулсан болно. Хамтран ажиллах гэрээний 1.3-д заасанчлан бид 5 жилийн хугацаатай хамтран үйл ажиллагаа эрхлэх зорилготой байсан боловч Г.Х- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хамтран ажиллах гэрээний дагуу явагдаж байсан компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бүтээгдэхүүний борлуулалт буурч тэр хэмжээгээр орлого багасаж компанийн үйл ажиллагааг ихээхэн эрсдэлтэй байдалд оруулсан. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас олсон орлого нь гаргасан зардлаа нөхөж чадаагүй, одоогоор алдагдалтай тайлан баланс гараад явж байгаа, Г.Х-ы үүргээ биелүүлээгүйгээс болоод төлөвлөсөн ажил зохих ёсоор явагдах боломжгүй нөхцөл байдал үүсч түүний энэ байдлаас шалтгаалж их хэмжээний алдагдал, хохирол үүсээд байна. Манай компани нь 2019 оны жилийн санхүүгийн тайландаа залруулга хийлгэж баталгаажуулсан ба уг тайлангаар бусдад өгөх өглөг 181 701 633 төгрөг. банкны зээлийн үлдэгдэл 127 777 777 төгрөг, тайлант үеийн алдагдал 40 487 496 төгрөг гэж гарсан ба нийтдээ 349 966 906 төгрөгийн алдагдалтай байна. Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасны дагуу бидний хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдал болох 349 966 906 төгрөгийн тал болох 174 983 453 төгрөгийг хариуцагч Г.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Гoo органик” ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, Г.Х- нь анх С.Х-тай хамтран ажиллахаар тохиролцохдоо Г.Х-, Х.З- нарын оюуны өмчийн эрхээр хөрөнгө оруулах, С.Х- нь үйл ажиллагаа явуулах ажлын байр, тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л хөрөнгө оруулалтыг хийж ашгаа тэнцүү хэмжээтэй хуваахаар тохиролцсон. С.Х- нь анх энэхүү хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрөхдөө өөрийн шинэ кофе шопоо байгуулах гэж байгаа байранд нь зэрэгцээд Кафе бене кофе шоп орж байгаа болохоор Г.Х-, Х.З- нарын оюуны өмчийн бүтээгдэхүүнээр онцлогоо болгох нь гэж олзуурхан хүлээн авч байсан бөгөөд энэ зорилгодоо ч хангалттай хүрсэн юм. Тухайн үедээ С.Х- нь өөрөө Солонгос улсруу явж үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч ирж, түүний Хан-Уул дүүрэгт байрлах Суруга центрт талх, нарийн боовны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн. Г.Х-, С.Х- нарын хамтын үйл ажиллагааны тооцоо, С.Х-гийн “Гoo сараана” ХХК-ийн кофе шопын тооцоог ч бас түүнтэй олон жил ажилласан хүмүүс хариуцдаг. 2020 оны 10 дугаар сард тус тусын хөрөнгө оруулалтыг “Гoo органик” ХХК-д оруулсан гэдгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх болоход хуулийн этгээдийн бүртгэлийн газар уг гэрээг бүртгэхгүй байсан. Үүнээс шалтгаалан Г.Х- нь нарийвчилсан тооцоо хийж үзэхэд С.Х- нь хамтын үйл ажиллагаанд 280 000 000 төгрөг оруулаагүй болох нь харагдсан. Тухайн үедээ С.Х- нь өөрийн өмчлөлийн нөгөө нэг компани болох “Гoo сараана” ХХК буюу кофе шопынхоо зардлуудыг хамтын үйл ажиллагаатай холилдуулж, түүнийгээ хамтын ажиллагаанд зарцуулсан мэтээр төөрөгдүүлж байснаас Г.Х- 2020 оны 2 сард харилцан тооцоо нийлэхийг шаардаж, уулзалт хийсэн боловч тооцоо нийлэхгүй байсаар дахин 2 cap гаруйн хугацаа өнгөрсөн. Ийнхүү харилцан тооцоо нийлэх замаар тохиролцоонд хүрэхгүй байсан болохоор Г.Х-, Х.З- нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Гoo органик” ХХК-д Г.Х- нь өнөөдрийн байдлаар ямар ч хувьцаа эзэмшдэггүй тул 349 966 906 төгрөгийн алдагдлыг хариуцах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 20-0002569, 20-0002476 дугаар бүхий улсын бүртгэлтэй ашигтай загвар, 10-0004483 дугаар бүхий улсын бүртгэлтэй патентыг “ГО” ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.З-д, 40-0016448, 40-00115651, 40-0013993 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгүүдийг “ГО” ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Х-, Х.З- нарт тус тус олгон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу “ГО” ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д, 65 585 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-, Х.З- нарт тус тус олгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 258 857 668 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөг, нэхэмжлэгч Х.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын хамтран төлсөн 1 639 714 төгрөг, хариуцагч “ГО” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 032 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГО” ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.З-д, 556 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-, Х.З- нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Х- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  

Талуудын хооронд байгуулсан “ГО” ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ”-ний 4.2,4.3,4.4 дэх заалтуудад талуудын хамтран ажиллах үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө, цаашид оруулах хөрөнгөд компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Х-ыг бүртгүүлэх тухай асуудлыг зохицуулсан байна. Уг гэрээний 4.3-д “Талууд энэ гэрээний 4.1 дэх хэсэгт заасан хөрөнгө оруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор компанид оруулах бөгөөд талуудын компанид оруулсан материаллаг, оюуны, хөдөлмөрийн хөрөнгө, оруулалтын хэмжээг харгалзан компанийн хувьцааг дор дурьдсан хувь, хэмжээгээр эзэмшихээр тохиролцсон болно” гэж заасан байна. Гэтэл Г.Х- нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн тус гэрээний 4.2-т заасан 40 000 000 төгрөгөөр үнэлсэн ашигтай загвар, барааны тэмдгийн гэрчилгээ зэргээр хөрөнгө оруулах үүргээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр биелүүлсэн болох нь Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/162 дугаар тушаалаар нотлогддог. Г.Х- нь ашигтай загвар,барааны тэмдгийн гэрчилгээ зэргээр хөрөнгө оруулах хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасны дараа Г.Х-ыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үүрэг С.Х-д үүссэн болно. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.Х-ыг “ГО” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд Үүсгэн байгуулагчийн шийдвэр, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдаж худалдан авах гэрээ байгуулан нотариатаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчлүүлэн баталгаажуулж улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад С.Х- хандсан. Улмаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь компанийн тухайн жилийн санхүүгийн эцсийн тайланг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулдаг хуулийн заалтын дагуу 2019 оны жилийн санхүүгийн тайланг гарсны дараа бүртгэл хийх боломжтой гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газар татгалзсан тул Г.Х-ыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх боломжгүй байсан. Шүүх С.Х-г үүргийн хэлцэлд заасан 280 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн байх ба энэ үүргээ зөрчсөний улмаас Г.Х-ыг хувьцаа эзэмшигчээр бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн,улмаар хамтран ажиллах боломжгүй болсон, иймд Г.Х- нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Х.З-аас олгосон итгэмжлэлийг үндэслэн Г.Х- нь Оюуны өмчийн газарт хандан барааны тэмдгийн өмчлөх онцгой эрхийг “ГО” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргасан ба өнөөдрийг хүртэл “ГО” ХХК нь патент болон барааны тэмдгийн онцгой эрхийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болно. Х.З- нь иргэн С.Х-тай ямар нэгэн хэлцэл хийгээгүй учраас түүний аливаа нэгэн эрхийг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, иргэн Г.Х-, С.Х- нарын хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааны оролцогч байх боломжгүй.нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Шүүхээс С.Х- болон Х.З- нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад эдийн бус хөрөнгийг шилжүүлэх өмчийн харилцаа хэлцэл хийгджээ гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Хамтран ажиллах гэрээний 4.2-т С.Х- нь хөрөнгө оруулах үүргээ биелүүлсэн байдлыг талууд хүлээн зөвшөөрсөн байгаа ба үүнээс гадна хэрэгт нотлох баримтаар авагдсан “ГО” ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан, “ЗЦН Аудит” ХХК-ийн тус санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нотлогддог.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ шүүх гагцхүү нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж, улмаар хэрэгт нотлох баримтаар авагдсан “ГО” ХХК-ийн санхүүгийн баталгаажсан тайланг үнэлэлгүйгээр, нөгөө л нэг Иргэний эрх зүйн хийсвэрлэх зарчим гэх зүйлээ удирдлага болгон,хэний тогтоосон ямар аргачлалыг үндэслэн шийдвэрлэж буйгаа шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. “ГО” ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайланд компанийн үндсэн хөрөнгө 167 287 511 төгрөг, бусдад өгөх өглөг 181 701 633 төгрөг, банкны богино хугацаат зээлийн үлдэгдэл 127 777 777 төгрөг, өр төлбөрийн нийт дүн 309 479 410 төгрөг .хуримтлагдсан алдагдал 80 487 496 төгрөг.ашиг гэх хөрөнгө үүсээгүй, 2019 онд 40 477 496 төгрөгийн алдагдалтай ажилласан тухай санхүүгийн үйл ажиллагааны үзүүлэлтийг тодорхой тусгасан. Энэ тайлан нь үнэн зөв,бодитой болох нь “ГО” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар батлагдсан байдлыг шүүх үнэлэх ёстой байсан. Г.Х- нь 5 жилийн хугацаанд хамтарч ажиллахаар тохирсон байсан боловч эхний жилийн ажлын үр дүнгээр ашиг олоогүй болохоор зорилгоосоо ухарч,няцаж,шалтаг заан хамтран ажиллахаас татгалзсан байгааг анхаарах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Х- нь иргэн С.Х-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний явцад түүний эрх зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа уг гэрээнд оролцоогүй “ГО” ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн хууль бус болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.З-ын хувьд хариуцагч “ГО” ХХК болон иргэн С.Х-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Г.Х-.Х.З- нарын “ГО” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгэнт нэхэмжлэгч нар “ГО” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, мөн хамтарсан үйл ажиллагаа нь тус компанийн үйл ажиллагааг түшиглэн явагдсан учраас хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн алдагдлыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжилсэн болно. Анхан шатны шүүх уг иргэний хэрэг маргааны талаарх бодит байдал, болсон асуудлын бодит үнэнийг илтэд гуйвуулан дүгнэж, “Иргэний эрх зүйн хийсвэрлэх зарчим” гэх ойлгомжгүй, хуулиар тогтоогоогүй зарчмыг баримтлан холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд үүссэн харилцааг зөв зүйлчилж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, уг шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.Х- нь “ГО” ХХК-ийн хувьцааг эзэмших зорилгоор хөрөнгө оруулалт болгон шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч Х.З- нь 40-00016448, 40-00115651, 40-0013993 улсын бүртгэлийн дугаар бүхий барааны тэмдгүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, Г.Х-, Х.З- нар нь 20-0004483, 20-0002476 улсын бүртгэлийн дугаар бүхий ашигтай загварууд, 10-0004483 улсын бүртгэлийн дугаар бүхий патентын эрхийг буцаан шилжүүлэх, оюуны өмчийг ашиглаж олсон орлого болох 324 442 668 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “ГО” ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, хамтын ажиллагааны явцад гарсан алдагдлын 50 хувь болох 174 983 453 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Х-, иргэн С.Х- нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “ГО” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ”-ээр А болон Б тал нь хамтран “ГО” ХХК-ийг үүсгэн байгуулах, А тал буюу С.Х- нь 280 000  төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эргэлтийн мөнгөн хөрөнгө, түүхий эдийн нөөц зэрэг хөрөнгө оруулах, Б.Тал буюу Г.Х- нь 20 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгон, Г.Х-, Х.З- нарт үүссэн патент, ашигтай загвар, барааны тэмдэг оюуны өмчийн бүтээлийг 40 000 000 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулж, компанийн хувьцааны 80 хувийг С.Х-, 20 хувийг Г.Х- эзэмшин, компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцжээ.

 

“ГО” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1 гишүүнтэйгээр /С.Х-/ байгуулагдан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх-35/ байх ба талууд компанийг үүсгэн байгуулахаас өмнө хамтран ажиллаж эхэлсэн, улмаар компанид хөрөнгө оруулалт хийснээ 2010 оны 10 дугаар сард бичгээр хэлбэржүүлсэн гэж зохигчид тайлбарласан байна.

 

Гэрээний “Б” тал буюу Г.Х- нь гэрээнд заасны дагуу 20 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид оруулсан, мөн Х.З-, Г.Х- нар нь дангаар болон хамтран өмчлөх эрхтэй “соёолсон үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга” шинэ бүтээлийн патент, “соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга”, “улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанзтай, гурилгүй талх” ашигтай загвар, “Үзэмжийн чанар”, “Боржигоны бор талх”, “Сэмбэгэр” барааны тэмдгийн эзэмшигчийн бүртгэл нь Гоо органик ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжин бүртгэгдсэн баримтууд хэрэгт авагдсан /хх45-76/, энэ талаар зохигчид маргаагүй.

 

            Гэрээний агуулга, талуудын гэрээгээр хүлээсэн үүргээс үзвэл “ГО” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Х- нь компанийн хувьцааны тодорхой хувийг хариу төлбөртэйгээр Г.Х-д шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд 20 хувийн хувьцааг шилжүүлэн авах төлбөрийн үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, харин С.Х- нь компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Х-ыг бүртгүүлэх  гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

 

            Гэрээний үүргийн зөрчлийн улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн талууд маргаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, хугацаа тогтоосон мэдэгдлийг харилцан аль алиндаа хүргүүлсэн боловч үр дүн гараагүй, гэрээнээс татгалзах саналаа харилцан илэрхийлсэн баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-230-249, хх2-1-22/

 

            Дээрхээс үзвэл талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан “үүрэг хожим дуусгавар болсон” үндэслэлээр буюу “ГО” ХХК-аас 20 000 000 төгрөг, оюуны өмчийн бүтээлийн эрхээ шилжүүлснийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

            Иймд хариуцагч “ГО” ХХК-ийг 20 000 000 төгрөг болон патент, ашигтай загвар, барааны тэмдгийн өмчлөх эрх шилжсэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд эдгээрийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний агуулгыг зөв дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч зохигчдын хооронд компани үүсгэн байгуулах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь, мөн хийсвэрлэлийн зарчмыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг дээрх байдлаар залруулан дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн дансны хуулга дахь борлуулалтын орлого нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 324 000 000 төгрөг байгааг үндэслэн “ГО” ХХК-аас оюуны өмчийн бүтээлийг ашиглан олсон орлогыг гаргуулна гэжээ. /хх2-132/

 

            Шүүх 324 442 668 төгрөгийн шаардлагаас 65 585 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч уг шаардлагатай холбоотой нотлох баримтыг зохигчид шүүхэд гаргасан, уг асуудлаар хангалттай мэтгэлцсэн байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийж 40 352 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч тал өөрсдийн оюуны өмчийн бүтээлийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагч компанид шилжүүлсэн бөгөөд анхнаасаа бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзэх боломжгүй бөгөөд бусдын оюуны өмчийн эрхийг зөрчих замаар орлого олсон гэж үзэхгүй тул 2019 оны 4 дүгээр сараас эхлэн олсон орлогыг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй.

 

            Харин гэрээнээс татгалзсантай холбоотой, үүрэг хожим дуусгавар болсны үр дагавраар үндэслэлгүйгээр олж авсан оюуны бүтээлийг ашигласны үр шимийг шаардах  Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар бусдын эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх үүрэгтэй. Иймд тухайн оюуны өмчийн бүтээлийг ашигласнаас үүссэн үр шим буюу ашиг, тодруулбал, олсон орлогоос зардлыг хассаны эцэст үлдэх үр шимийг үндэслэлгүйгээр олж авснаа мэдсэнээс нь хойш шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

 

Хариуцагч “ГО” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан патент, ашигтай загвар, барааны тэмдгийг ашиглан үйлдвэрлэсэн талхны 2020 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх борлуулалтын цэвэр орлогыг 226 168 000 төгрөг гэж тодорхойлсон баримтыг шүүхэд гаргасан нь сар тутмын борлуулалт, буцаалтын тайланг нэгтгэсэн, маргааны зүйлд хамаарах баримт байна.

 

Харин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан бодит зардал нэхэмжлэлд хамаарах хугацаанд хэд байсныг харуулах нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн аль нь гаргаагүй, уг зардлыг тогтоохтой холбоотойгоор дүгнэлт гаргуулах зэрэг шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.

 

Иймд зохигчдын нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд шүүхэд ирүүлсэн баримтын хэмжээнд нотлох баримтыг үнэлбэл, “ГО” ХХК-ийн аудитаар баталгаажуулсан 2019 оны аудиталсан мөнгөн гүйлгээний тайланд үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлагын дүнг 185 815 300 төгрөг гэж тодорхойлсноор ашиг буюу үр шим нь 40 352 000 төгрөг /226 168 000-185 815 300/ байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа орлогоос зарлагыг хасч тооцсон нь зөв боловч компанийн авсан зээлийн хүүг зардалд тооцон хассан нь үндэслэлгүй болно.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хувьцааны тодорхой хувийг худалдан авахаар мөнгөн болон биет бус хөрөнгийг компанид оруулсан боловч гэрээ биелэгдээгүй, хувьцаа эзэмшигч болоогүй тул компанийн үйл ажиллагааны алдагдлыг хувааж үүрэх үүрэг үүсэхгүй, хариуцагч шаардах эрхгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02504 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу” гэснийг “493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийг үндэслэн” гэж, мөн заалтын “65 585 000 төгрөгийг” гэснийг ”40 352 000” гэж, “258 857 668 төгрөгт” гэснийг “284 090 668 төгрөгт” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “556 075 төгрөгийг” гэснийг “429 910 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 585 875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ