Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2021/00036

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.*******ийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох Зээл, зээлийн хүү 5000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, Төмөр замын дан байрны 9-4 тоотод оршин суух, тэтгэвэрт гэх

******* овгийн *******гийн *******

регистрийн дугаар МЮ- *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буурын гол 4 дугаар баг, 4-ийн 405 тоотод / цахим үнэмлэхийн хаяг Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 18 дугаар гудамж, 15 г тоот/ оршин суух, эрхэлсэн ажилгүй

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар МЮ- *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Т.******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр 2020 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэл албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан юм. Гэтэл 2 сарын хүү өгөөд ахин мөнгө өгөөгүй. Мөнгө нэхэхээр хүлээж бай удахгүй өгнө гэж байсаар өдийг хүрлээ. Иймд хариуцагч Т.*******гаас үндсэн зээл болох 2.500.000 төгрөг, хүү 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! ... гэжээ.

Нэхэмжлэгч: Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******г өмнө таньдаггүй байсан. Тэгсэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд над руу утсаар яриад би танаас мөнгө зээлмээр байна гэж 3-4 удаа ярьсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүүтэй мөнгө зээлсэн. Тухайн үед би Т.*******д найдвартай юм уу? хүмүүс мөнгө зээлээч гээд аваад буцааж өгөхдөө асуудалтай байдаг шүү гэхэд Т.******* та санаа зоволтгүй би дэлгүүр ажиллуулдаг зээлсэн мөнгөө хугацаандаа төлнө гэж хэлээд бид хоёр нотариат дээр ирж гэрээ байгуулаад надаас 2.500.000 төгрөг зээлсэн. Тухайн үед гэрээний дагуу мөнгөө өгөөрэй гэхэд ойлгож байна гээд авсан. Зээл авснаас хойш надад 12 дугаар сарын 1-ний өдөр 262.000 төгрөг, түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 250.000 төгрөг хүү гэж төлсөн. Түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Дараа нь би утсаар залгахад ах аа түр хүлээж байгаарай би удахгүй мөнгөтэй болоод зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг алга болчихсон. Тэгэхээр нь би дахиад залгасан чинь манай нөхөр удахгүй мөнгөтэй болно тэгэхээр нь би шууд таны мөнгийг өгнө гэж хэлээд бас л өгөөгүй. Тэгээд би нэг хэсэг хүлээсэн. Утсаар залгах болгонд өөдөөс нэг шалтаг хэлдэг. Сүүлдээ би аргаа бараад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би үндсэн зээл, зээлээ төлөөгүй байгаа хугацаанд хүү тооцож нэхэмжилсэн. Алданги тооцоогүй. Хүү л тооцож байгаа юм... гэв.

Хариуцагч: Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа...

Т.сувдмаа би Б.*******ээс 2019.10.31-ний өдөр 2500.000 төгрөг авсан. Тухайн үед хоёр сарын хүү болох 500.000 төгрөгийг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн мөнгөн дээр 1 сарын хүү болох 250.000 төгрөгийг өгөх хүзсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч: Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

... Би 2019 оны 09 дүгээр сараас түрээсийн дэлгүүр ажиллуулсан. Тухайн үед би Б.******* ахаас 2.500.000 төгрөг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан нь үнэн. Тэгээд тэр дэлгүүр маань их алдагдалтай ажилсан. Тэгээд өөрөө өрөнд ороод их хэцүү байсан. Одоо Б.******* ахын хэлж байгаа нь үнэн. Би үнэн учраа хэлээд утсаар ярьдаг байсан. Сүүлдээ бид хоёр муудалцаад та явдаг газраараа яв гэж хэлсэн. Хамгийн сүүлд манай гэрт ирээд том охин руу маань дайрч хашгирсан. Түүнээс хойш бид хоёр ойлголцоогүй. Тухайн үед би болон манай нөхөр бид хоёр ажилгүй байсан учраас ийм асуудал бий болсон. Үндсэн зээлийг төлнө. Би энэ тухайгаа шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн гаргасан

тайлбар зэргийг шинжлэн судлаж Үндэслэх нь :

 

Нэхэмжлэгч Б.******* нь Т.*******д холбогдуулан Зээл, зээлийн хүү 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчидын хооронд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан Т.******* нь Б.*******ээс 2500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн, зээлсэн мөнгөний үнийн дүн, гэрээний нөхцлийн талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч ...Т.*******гаас үндсэн зээл болох 2.500.000 төгрөг, хүү 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг... нэхэмжилж, хариуцагч ...үндсэн зээл дээр 1 сарын хүү өгнө... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2019 оны 10-р сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан, ...2500.000 төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй... гэсэн нөнхцөлтэйгээр, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацааг 3 сар байхаар харилцан тохиролцсон зээлдүүлэгч нь 2500.000 төгрөгийг зээлдэгчид өгсөн, зээлдэгч Т.******* нь гэрээний дагуу эхний 2 сарын хүү болох 562.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу Зээлийн гэрээ-нд талууд зээлийн гэрээний хугацааг 3 сараар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанаас илүү хугацаагаар хүү шаардах боломжгүй, хариуцагч нь гэрээний хугацаагаар хүү төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь ...үндсэн зээлээ төлөөгүй нэг жил гаруй болсон гэх үндэслэлээр үндсэн зээл, зээлийн хүү 5000.000 төгрөг нэхэмжилж, харин алданги нэхэмжлэхгүй гэжээ.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Т.*******гаас зээл 2500.000 төгрөг, гэрээний дагуу зээлийн хүү 250.000 төгрөг, бүгд 2750.000 төгрөгийг гаргуулан Б.*******т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас 2750.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 58.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар Т.*******гаас 2750.000 төгрөг гаргуулан Б.*******т олгож, үлдэх 2250.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 58.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

 

.