Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 208/МА2021/00005

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 208/МА2021/00005

 

         Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Хэргийн индекс: 148/2020/00693/И

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлоор Б.*******ийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан юм. Гэтэл 2 сарын хүү өгөөд ахин мөнгө өгөөгүй. Мөнгө нэхэхээр хүлээж бай удахгүй өгнө гэж байсаар өдийг хүрлээ. Иймд хариуцагч Т.*******гаас үндсэн зээл болох 2,500,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг нийт 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Т.******* би Б.*******ээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг авсан. Тухайн үед 2 сарын хүү болох 500,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн мөнгөн дүн дээр 1 сарын хүү болох 250,000 төгрөгийг өгөх хүсэлтэй байна... гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар Т.*******гаас 2,750,000 төгрөгийг гаргуулан Б.*******т олгож, үлдэх 2,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 58,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус зааж зохигчид хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч миний бие нь иргэн Т.*******д 2019 оны 10 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай гэрээ хийж өгсөн. Гэтэл Т.******* нь 2 сарын хүү өгөөд дахин мөнгө өгөлгүй 1 жил гаран болсон тул би шүүхэд хандсан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 09-ний өдрийн шийдвэрээр иргэн Т.******* надад 2,500,000 төгрөг 1 сарын хүү 250,000 төгрөг нийт 2,750,000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний 3-т заасны дагуу 1 сарын алданги болох 375,000 төгрөгийг 2,500,000 төгрөгийн 0.5хувь 12,500 төгрөгийг үржих нь 30 хоног тэнцүү 375,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо анхан шатны шүүхээр би үндсэн зээл 2.500.000 төгрөг хүү 2.500.000 төгрөг бүгд 5.000.000 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 2.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул би зээлийн гэрээний 3-д заасны дагуу 1 сарын алданги авах хүсэлтэй байгаа тул 375.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Т.******* нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 2.500.000 төгрөгийг 03 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч 2 сарын хугацаан дахь сарын 10 хувийн хүү буюу 500.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар зохигчид маргаангүй, үлдэх 1 сарын хүүг өгөхийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээг дуусгавар болсноос хойшхи хугацаа буюу 2020 оны 2 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал буюу нийт 9 сарын хүү 2.250.000 төгрөгийг хариуцагч Т.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 03 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний хугацааны 2 сарын хүүг төлж барагдуулсан, үлдэх 1 сарын хүүг төлөөгүй тул анхан шатны шүүхээс үндсэн зээл 2.500.000 төгрөг, 1 сарын хүү 250.000 төгрөг бүгд 2.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 2.250.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргах нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдэлдэг эрх юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй тул шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрээнд талууд гэрээний 3 дахь заалтдаа хугацаанд нь үүргээ төлөөгүй бол алданги төлөхөөр тохиролцсон байгаа боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас алданги тооцон гаргуулахаар шаардлагадаа дурдаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа алдангийн талаар дурдаагүй боловч хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад шүүгч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан алданги нэхэмжилж байгаа эсэх талаар удаа дараа тодруулан асуусан боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэхгүй гэж тайлбарласан тул шүүх алдангийн асуудлыг шийдвэрлээгүй нь хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх нь зөвхөн анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэрэгждэг болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 11900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 Б.ЭРДЭНЭХИШИГ