Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/04058

 

 

 

 

 

                         2020        12          15

    101/ШШ2020/04058

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж,  Твин таур барилгын 11 давхар, 0 тоотод байрлах, “Г-Э ББСБ” ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ 3 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Харчин овогт Чулуунбаатарын О /рд:0/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,208,270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ч.О нь манай байгууллагатай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16/037 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэхээр гол нөхцөлөө тохиролцож, мөн энэхүү гэрээний зайлшгүй хэсэг болох барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-0 улсын бүртгэлийн дугаартай 32.29 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулсан юм.

Зээлдэгч Ч.О нь зээлийн гэрээний хугацаа /2016.06.02-2017.12.02 хүртэл/ дуусахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 625,000 төгрөг, зээлийн хүү 6,521,875 төгрөг төлөхөөс ердөө 2,740,000 төгрөг төлсөн байдаг. Нийт үндсэн зээл 14,375,000 төгрөг, зээлийн хүүнд 3,781,875 төгрөг нийлээд нийт 18,156,875 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна. Үүнээс хойш Оюунтуяа нь байраа зарах гэж байна зараад зээлээ төлнө хөдөө байна, өвчтэй байна, мөн өөр хүнд өр төлбөртэй байгаа, байраа бас Бэлхэд байдаг газраа зарж бүх өр төлбөрөө дуусгана гэх мэтээр бидэнд итгүүлэн явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Өнөөдрийг хүртэл зээлдэгч Ч.О нь үндсэн зээл 14,375,000 төгрөг, зээлийн хүү 15,641,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,192,020 төгрөг нийт 33,208,270 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 47.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 16/037 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 33,208,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хэрэв гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээг талууд харилцан тохиролцож байгуулдаг. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.2-т зааснаар зээлийн гэрээнд зээлдэгчийн мэдээллийг зайлшгүй тусгадаг. Ингэж тухайн гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэл бүрддэг. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох 4 нөхцөл /зээлдэгчийн мэдээлэл тодорхой байх, гарын үсэг зурсан байх, үндсэн нөхцөл тодорхой байх, мөнгө шилжүүлсэн байх/ бүрдэж байж зээл байгуулсан гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан 2016.06.02-ны өдрийн зээлийн гэрээний “Талууд” хэсгээс харвал зээлдэгч тал нь Харчин овогт Чулуунбаатарын О гэсэн байгаа. М.Б гэх хүний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Мөн мөнгийг Ч.О өөрөө бэлнээр аваад явсан байдаг. Тиймээс М.Б гэх хүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн хуулиар олгосон энэ эрхэнд халдах шинжтэйгээр өөр хүнийг хариуцагчаар татах ёстой  гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөх ёстой үүргийг зээлдэгч хүлээдэг. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн сард төлөх ёстой байсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг 20 хувиас  хэтрэхгүйгээр тооцож төлөх үүрэг хүлээдэг. Энэ талаар  “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 51.3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл сар бүр үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийг илт гуйвуулсан байдлаар тайлбар хэлж байна. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 33,208,270 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 байр, 0 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Г-Э ББСБ-аас 16/037 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энтайваны өргөн чөлөө гудамж, 0 тоот хаягт байршилтай өөрийн өмчлөлийн 32.29 мкв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалан 15,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан бөгөөд одоогоор үндсэн зээлд 625,000 төгрөг, зээлийн хүүнд 2,115,000 төгрөг, бүгд 2,740,000 төгрөг төлсөн байна. Түрээсээр ажиллуулж байсан Applle нэртэй пабд шөнийн цагаар, хүнгүй үед дулааны шугамын хоолой задарч ус алдсанаас шалтгаалан Пабын сандал ширээ тоног төхөөрөмж, эд хогшил гэмтэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ажиллуулах зөвшөөрлийг цуцалсан учир зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болж дампуурсан ББСБ болон зээлдэгч бидний 2 тал харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг сунгаагүй мөн зээлийн гэрээний 2.4-т Зээлдэгч нь 2.2-т заасан хуваарьт өдөр төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээнд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцоно гэж заасан, мөн зээл зээлийн хүү төлөх хувиар гэж 2 талаас батлан 18 сараар тооцоолсон албан ёсны бичиг баримт байгаад байтал нэхэмжлэгч Г-Э ББСБ нь нэхэмжлэлдээ зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг 48 сараар тооцон гэрээнд тусгагдаагүй 30 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү нэхэмжилсэн байна. ББСБ-аас зээлдэж авсан 15,000,000 төгрөгийг миний хамтран зээлдэгч Э.Б бид 2 адилхан хувааж дундаа хэрэглэсэн. Гэтэл ББСБ нь иргэн Э.Б-г миний адил хариуцагчаар таталгүйгээр ганц надаас зээл хүүгийн бүх төлбөрийг нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Миний бодож байгаагаар ББСБ-д төлөх учиртай төлбөрөөс үндсэн зээлд төлсөн 625,000 төгрөгийг хасаад 14,375,000 төгрөг зээлийн хүүнд 18 сараар тооцсон зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу нийт 4,066,667 төгрөгийн хүүнээс төлөгдсөн 2,115,000 төгрөгийн хүүг хасаад үлдэгдэл 1,951,667 төгрөг, үүнээс тооцож нэмэгдүүлсэн хүү 20 хувь буюу 390,333 төгрөг гээд  бүгд 16,717,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ мөнгийг хамтран зээлдэгч иргэн Э.Б бид 2 адилхан хэрэглэсэн учир яг тэнцүү хувааж тавь тавин хувиар төлөх ёстой. Миний хувьд өөрт ногдох 8,358,500 төгрөгийг Г-Э ББСБ-д төлөхөд татгалзах зүйлгүй байна. Тайлбарт зээл, зээлийн хүү төлөх хувиар хавсралт 1 гэсэн эх хувь баримтыг хавсаргав гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний нүүрэн талд “зээлдэгч Ч.О” гэж байгаа ч гэрээний сүүлийн хуудсанд зээлдэгчийг төлөөлж Ч.О, М.Б нар гарын үсэг зурсан байгаа. Мөн гэрээний хавсралт буюу зээл эргэн төлөх хуваарьт  мөн л хоёулаа  гарын үсэг зурсан байна. Гэтэл энэ хоёр хүнээс асуулгүйгээр банк бус санхүүгийн байгууллага өөрөө дур мэдэн зээлийн хугацааг 48 сараар тооцож нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. 48 сараар тооцсон уг баримтад зээлдэгчийн гарын үсэг байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г-Э ББСБХХК нь хариуцагч Ч.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,208,270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээнд тусгагдаагүй 30 сарын хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү илүү нэхэмжилсэн, мөн хамтран зээлдэгч Э.Б-тэй хамтран төлөх ёстой гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн 16/037 дугаар гэрээгээр зээлдүүлэгч Г-Э ББСБ ХХК нь зээлдэгч Ч.О-д 15,000,000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө авах зориулалтаар зээлдүүлж, зээл эргэн төлөлтийн хуваарь гаргаж, мөн өдрийн барьцааны 16/037 дугаар гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040641, 000386452 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр 0 тоот, 32.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-5-10 тал/

 

Нэхэмжлэгч Г-Э ББСБ” ХХК нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг Ч.О-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан кассын зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-43 тал/

 

Нэхэмжлэгч Г-Э ббсб ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл бүхий, Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-15-16 тал/

 

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлсэн байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Зээлийн гэрээний 2.4-т Зээлдэгч энэхүү гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу хуваарьт өдөр төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс заасан үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцно, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуустал хүчин төгөлдөр үргэлжилнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлд 625,000 төгрөг, хүүнд 2,740,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,000 төгрөг, нийт 3,395,000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлийг 2016 оны 10 дугаар сараас, зээлийн хүүг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн болох нь тогтоогдож байна. /хх-13-14 тал/

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн тооцож нэхэмжилсэн хугацаа  болох 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлж, хэнд холбогдуулан шаардлага гаргах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах ба зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө хүлээн авсан баримт зэргээс үзэхэд хариуцагч Ч.О үндсэн үүрэг гүйцэтгэгч байна.

 

Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээл 14,375,000 төгрөг, зээлийн хүү 15,641,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,192,021 төгрөг, нийт 33,208,270 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Ч.О-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 33,208,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-Э ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Ч.Оюунтуяагийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0, 000386452 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр 0 тоот, 32,29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.О-аас зээл 14,375,000 төгрөг, хүү 15,641,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,192,021 төгрөг, нийт 33,208,270 /гучин гурван сая хоёр зуун найман мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж Г-Э ББСБ ХХК-д олгосугай.

           

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.О шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ч.О-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040641, 000386452 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр 0 тоот, 32.29 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394,192 /гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ