Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00397

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00397

 

 

ГЭ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/04058 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ГЭ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 33 208 270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.О- нь манай байгууллагатай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16/037 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэхээр гол нөхцөлөө тохиролцож, барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-2204040641 улсын бүртгэлийн дугаартай 32,29 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулсан юм. Зээлдэгч Ч.О- нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 625 000 төгрөг, зээлийн хүү 6 521 875 төгрөг төлөхөөс ердөө 2 740 000 төгрөг төлсөн байдаг. Нийт үндсэн зээл 14 375 000 төгрөг, зээлийн хүүд 3 781 875 төгрөг, нийт 18 156 875 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна. Үүнээс хойш Ч.О- нь байраа зарах гэж байна зараад зээлээ төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч Ч.О- нь үндсэн зээл 14 375 000 төгрөг, зээлийн хүү 15 641 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 020 төгрөг, нийт 33 208 270 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 33 208 270 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр, 2 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ГЭ ББСБ ХХК-аас 16/037 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энтайваны өргөн чөлөө гудамж, 84-2 тоот хаягт байршилтай өөрийн өмчлөлийн 32,29 мкв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалан 15 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан бөгөөд одоогоор үндсэн зээлд 625 000 төгрөг, зээлийн хүүд 2 115 000 төгрөг, нийт 2 740 000 төгрөг төлсөн байна. Түрээсээр ажиллуулж байсан  газарт шөнийн цагаар, хүнгүй үед дулааны шугамын хоолой задарч ус алдсанаас шалтгаалан сандал ширээ тоног төхөөрөмж, эд хогшил гэмтэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ажиллуулах зөвшөөрлийг цуцалсан учир зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болж дампуурсан. Зээлдэгч бидний 2 тал харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээний 2.4-т заасан, мөн зээл зээлийн хүү төлөх хувиар гэж 2 талаас батлан 18 сараар тооцоолсон атал нэхэмжлэлдээ зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг 48 сараар тооцон гэрээнд тусгагдаагүй 30 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү нэхэмжилсэн байна. 48 сараар тооцсон уг баримтад зээлдэгчийн гарын үсэг байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Миний бодож байгаагаар үндсэн зээлд төлсөн 625 000 төгрөгийг хасаад 14 375 000 төгрөг зээлийн хүүд 18 сараар тооцсон зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу нийт 4 066 667 төгрөгийн хүүнээс төлөгдсөн 2 115 000 төгрөгийн хүүг хасаад үлдэгдэл 1 951 667 төгрөг, үүнээс тооцож нэмэгдүүлсэн хүү 20 хувь буюу 390 333 төгрөг, нийт 16 717 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Ч.О-, М.Батсүрэн нар гарын үсэг зурсан байгаа. Энэ мөнгийг яг тэнцүү хувааж тавь тавин хувиар төлөх ёстой. Миний хувьд өөрт ногдох 8 358 500 төгрөгийг ГЭ ББСБ ХХК-д төлөхөд татгалзах зүйлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.О-гаас зээл 14 375 000 төгрөг, хүү 15 641 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 021 төгрөг, нийт 33 208 270 төгрөг гаргуулж ГЭ ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.О- шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ч.О-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040641, 000386452 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр 2 тоот, 32,29 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394 192 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж асуудлыг шийдсэн тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ГЭ ББСБ ХХК нь хариуцагч Ч.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 208 270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16/037 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ГЭ ББСБ ХХК нь зээлдэгч Ч.О-д 15 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, эргэлтйн хөрөнгө зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгий үүргийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. / хх-ийн 5, 6 /

Зохигчид мөн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байр 2 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040641 дугаартай, 32.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. / хх-ийн 7-10 /

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ч.О- хүлээн авсан эсэх талаар маргаагүй / хх-ийн 42 / байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Ч.О- нь зээлийн гэрээний дагуу зээлд 625 000 төгрөг, хүүд 2 740 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30 000 төгрөг, нийт 3 395 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, хүү тооцооллын баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн13-14 /

 

Зээлийн гэрээний 2.2-т Зээлдэгч нь гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.6-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.4-т заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ...төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ГЭ ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Хариуцагч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч тал буруу тооцоолсон, мөн зөвшөөрөл цуцлагдсаны улмаас бизнесийн үйл ажиллагааг явуулж чадаагүй нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг няцаасан тооцоолол гаргаж өгөөгүйгээс гадна гадна бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 14 375 000 төгрөг, хүү 15 641 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 021 төгрөг, нийт 33 208 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/04058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ