Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 759

 

 

 

 

 

 

 

2020          6              11                                            2020/ДШМ/759

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/336 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Лын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Мд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Бн М, 1997 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Лыг үүрч унагасны улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагирагын урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн Бгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мэс 947.115 төгрөг гаргуулан хохирогч Д.Лт олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Л гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор,  шүүгч нар хэргийн бодит үнэнийг тогтоох чиг үүрэгтэй байтал гэмт этгээдүүдийн бүлэглэн үйлдсэн явдлыг шалга гэж анхан шатны шүүхээс 2 удаа, давж заалдах шатны шүүхээс 1 удаа буцаасныг мөрдөгч, прокурорууд үл тоомсорлож, хэргийн бодит үнэнийг тогтоохын төлөө “хилийн цэргээс лавлагаа авсан”-аас өөр ямар ч ажиллагаа хийлгүй үүрэгт ажилдаа туйлын хариуцлагагүй хандлаа. Хэргийн материалаас үзэхэд шөнө дөл болсон байхад миний дүү М.Энхтайваныг хэдэн уулзвар дамжин хөөж ирсэн, хөл нь хугархай байсан түүнийг манай гэрийн гадаа заамдан авсан байхад нь гарч ирэн салгах гэхэд 2 согтуу этгээд бүлэглэн миний биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан байхад Б.Мтэй бүлэглэн надад хүндэвтэр гэмтэл учруулсан Б.Батчулуун, тэднийг унаа машинаараа зөөн авч ирсэн С.Алтангэрэл нарыг эрүүгийн хариуцлагад татаагүй нь буруу байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 336 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, түүнтэй бүлэглэн намайг заамдан авч надад хүндэвтэр гэмтэл учруулахад хамжин оролцсон Б.Батчулуун, тэднийг гэмт хэргийн газар хүртэл унаа машинаараа зөөн авч ирсэн үйлдлээрээ мөн хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэхэд мөн хамжин оролцсон С.Алтангэрэл нарыг эрүүгийн хариуцлагад татуулах, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвтгөн зүйлчлүүлэх арга хэмжээ авахуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Лын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс яг энэ үндэслэлээр буцаж байсан. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бодит үнэнийг тогтоох ажиллагаа хийгээгүй. Хэрэг прокурорт буцсанаас хойш нэмэлт ажиллагаа хийлгүй дахин хэргийг шүүхэд шилжүүлж, анхны яллах дүгнэлтээ хуулбарлаж бичсэн байсан. Шийтгэх тогтоолд улсын яллагч А.Марал гэж бичсэн байсан. Гэтэл бодит байдал дээр улсын яллагч С.Батгэрэл шүүх хуралдаанд оролцож “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг үл хэрэгсэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн. Гэтэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдээгүй. Мөн үүрч унагаагүй, үүрч шидсэн юм. Эдгээр нөхцөл байдал болон архи уусан байсан зэргийг нь харгалзаж үзэлгүй дүгнэлт хийсэн. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж, гэмт хэргийг зөв зүйлчлэн, гэм буруутай хүмүүсийг ял завшихгүй байхаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Мд холбогдох хэрэг миний хяналтад байсан. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед шүүгч Отгонбаяр шүүх хуралдааныг даргалсан. Шүүх хуралдааны явцад хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрч Энхтайван, Алтангэрэл, Батчулуун нар оролцож биечлэн мэдүүлэг өгсөн. Хохирогч Лын дүү болох Энхтайван болсон үйл явдлын талаар бодитоор мэдүүлсэн. Тодруулбал, “Алтангэрэл нь бүлэглэж Лд хүрсэн асуудал байхгүй. Цохиж, зодоогүй. Мөн Батчулуун нь тухайн үйлдэлд оролцоогүй” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд буюу хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа Л тархины MRI зураг авч ирж “үүнд шинжээч томилж өгөөч” гэх хүсэлт гаргасан. Тэгэхээр нь би “яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа баримтаа анхан шатны шүүхэд өг” гэсэн. Үүний дагуу хохирогч анхан шатны шүүх хуралдаанд MRI зургаа авч ирсэн. Анхан шатны шүүхээс уг зургийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж дүгнэн дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тэгээд дахин шинжээчийн дүгнэлт гарахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүндэвтэр хохирол учирсан байсан. Үүнээс хойш би ээлжийн амралтаа авч, хяналтын прокурор А.Марал уг хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан болох үед прокурор А.Марал давж заалдах шатны шүүхэд хуралтай байсан тул би томилолтоор орсон. Анхан шатны шүүхээс “Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Харин бүлэглэж үйлдсэн болох нь гэрч Алтангэрэл, Энхтайван, Батчулуун нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Прокурорын зүгээс “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна” гэх санал хэлсэн. Гэтэл үүнийг хохирогчийн өмгөөлөгч буруу ойлгосон байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг баримталж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Алтангэрэл, Батчулуун нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан хамжигчаар оролцсон болох нь тогтоогдохгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Лыг үүрч унагасны улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Д.Л анх цагдаагийн байгуулагад гомдол гаргахаас эхлээд, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шат, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ “...намайг хоёр хүн бүлэглэж зодсон” гэж мэдүүлсэн болон гэрч М.Энхтайваны “...Нэг нь “Би яахаараа чиний дүү байдаг юм” гээд маргалдаад надтай барьцалдаад авсан. Хамт байсан нэг эрэгтэй нь миний уруул руу гараараа цохьсон. ... Надтай маргалдаад байсан өндөр эрэгтэй Л ахтай зууралдаад үүрээд машин руу шидсэн. ... Салгасан эрэгтэй “Нэг нэгээрээ үзье” гээд байсан” гэх /1 хх-18/, гэрч С.Янжмаагийн “...Өндөр шар царайтай эрэгтэй Л ахыг өргөж аваад хажуу талын машин руу шидсэн, ...Таксины жолооч нь “Мөнхөө боль оо” гээд байсан. ...” гэх /1хх-23/ мэдүүлгүүд, “Мурано” загварын 41-68УНХ тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 350.000 төгрөгөөр тогтоосон баримт, хохирогч Д.Лын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаар Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1хх-71/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хэрэгт холбогдсон этгээдүүдийн сэдэлт, санаа зорилгыг тогтоолгүйгээр, хэд хэдэн этгээд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн эсэхэд үндэслэлтэй, хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлэн, улмаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт өгөлгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн Б.М, М.Алтангэрэл нар нь Б.Батчулууны жолоодож явсан автомашинаар зорчиж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэрлэн дохиотой уулзвар дээр жолооч М.Энхтайвантай маргалдаж, улмаар “Автомашинаар шахсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний араас хөөн очиж, автомашинаас буулган заамдан авч улмаар хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд болон гэмт хэргийн хохирогч нь хэн болохыг зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.

Өмнө нь энэ хэргийг давж заалдах шатны шүүх хянан үзээд “...Б.М нарын ... үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд, хэргийн хохирогч хэн болохыг зөв тогтоох” зэрэг ач холбогдолтой байж болох нөхцлүүдийг шалгуулахаар прокурорт хэргийг буцаасан байхад мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчмын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий баримтуудыг дахин нягтлан шалгалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/336 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,          Б.Мд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ