Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/00219

 

 

 

 

                                               2021        01          20

                     101/ШШ2021/00219

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 21 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Хатгид овогт Т.С /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Роял кэстл хотхон 103 дугаар байр, 0 тоотод оршин суух, Мэдээ овогт Б.Б-Э /рд:0/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Цогц 9б байр, 0 тоотод оршин суух, Мэдээ овогт Б.Б /рд:0/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол, 69а байр, 0 тоотод оршин суух, Рашаант овогт М.Б /рд:0/,

2015 оны 10 сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, Д.Д, А.А, хариуцагч Б.Б, хариуцагч Б.Б-Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 онд Л ХХК-ийг үүсгэн байгуулсан. Компанийн үйл ажиллагааг жигдрүүлж хөл дээр нь босгохоор компанийн нэр дээр өөрийн болон ах дуү найз нөхдийн хөрөнгийг барьцаалан, банкны зээл авч санхүүжилт босгож нийт 3,6 тэрбум төгрөгний өртөгтэй арматур төмрийн үйлдвэр барьж байгуулан 80 гаруй хүний ажлын байр бий болгосон. 2015 оны байдлаар Л ХХК-ийн балансад тусгагдсан өөрийн хөрөнгө 1,454,182,400 төгрөг ба компанийн бизнесийн үнэлгээ нь 12,5 тэрбум төгрөг, хөрөнгийн үнэлгээ 2,4 тэрбумаар үнэлэгдэж байсан болно. Үйлдвэр маань 2015 оны 9 дүгээр сард ашиглалтанд орж, эхний бүтээгдэхүүн гарч эхэлсэн ба бүтээгдэхүүнүүд маань Барилга хот байгуулалтын яамны лабораторын хяналтаар чанарын шаардлага хангасан бүрэн ажиллагаатай шинэ үйлдвэр байсан. Уг үйлдвэрийг босгоход 3,6 тэрбум төгрөг орсон ба балансад тусгагдсан 1,3 тэрбум төгрөгний урт ба богино хугацааны өглөгтэй байсан. Ингээд урт ба богино хугацааны зээлийн хүү төлөх шаардлага гарсанаар зээл авах хэрэгцээ үүссэн. Ингээд Б-У М ББСБ-ын менежер гэх Б.Б-Ө нь /2015 оны 5 дугаар сараас өөрийн болон найз нөхдийн байр, газар, машин тавьж зээл авч байсан бөгөөд манай үйлдвэрийн эдийн засгийн судалгааг өөрийн биеэр авч судалж байсан хүн юм/ Б гэдэг хүнээс арматур тал үнээр аваад арматур үйлдвэрлээд зарчих, тэгээд хүүгээ төлнө биз, би өөрийн төрсөн ах Б.Б-Эээс чамд тал мөнгийг нь зээлээд өгье гээд Б.Б-Этэй танилцуулсан. Б.Б-Э нь Бтэй зээлийн гэрээ байгуулаад мөнгө ав, их хэмжээний мөнгө учраас барьцаанд нь компанийхаа хувьцааг тавьчих гэсэн. Ингээд Т.С би М.Бтэй зээлийн гэрээ байгуулан, зээлсэн мөнгөө Ганбаяр гэдэг дансаар дамжуулан Байгальмаагийн данс руу хаягдал төмрийн урьдчилгаа төлбөр болгон 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл мөнгө 300,000,000 төгрөгийг шилжүүлээгүй саатуулсан бөгөөд Лел метал ХХК-ийг барьцаа болгон шилжүүл, дараа нь үлдэгдэл мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. Үүний дагуу нотариат орж компанийн хувьцааг барьцаалах гэрээ хийх гэтэл Б.Б-Э болон нотариатч нь “хувьцааг барьцаалж болдоггүй, худалдан авах гэрээгээр түр шилжүүлчих, дараа нь буцаагаад авчих” гэж хэлсний дагуу компанийн хувьцааг шилжүүлсэн. Харин барьцаалуулсан хугацаандаа Т.С би өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллаж үйлдвэрээ удирдахаар тохиролцсон болно.  Гэвч төмөр нийлүүлэхээр гэрээ байгуулан мөнгө хүлээн авсан н.Б гэгч нь төмрөө нийлүүлээгүй Т.С намайг залилан мэхэлсэн тул Б.Б-Эээс зээлсэн мөнгөө хугацаандаа өгч чадаагүй, н.Байгалмаад залилуулсан асуудлаараа цагдаагийн байгууллагад хандсан. н.Б нь улсын хилээр гарч явсан тул мөнгөө ч төмрөө ч одоо болтол авч чадаагүй, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаагаа түдгэлзсэн байдалтай байна.

Ингээд тус мөнгийг алдсаныг хэлээд хавар үйлдвэр ажиллахаар зээлийн төлбөрөө төлөхөөр тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үйлдвэр ажиллаж эхлэхэд хамгаалалтын албаны хүмүүсээр хамгаалуулж Т.С намайг үйлдвэр рүү оруулахгүй хориглосон ба Б.Б-Э нь “компани чинь над дээр байгаа шүү, аятайхан байхгүй бол чи юу ч олж долоохгүй, миний хэлсэнээр бай” гэж хэлсэн. Т.С намайг миний үйлдвэрт оруулахгүй байгааг эсэргүүцэн олон удаа уулзахыг шаардсан боловч хүлээж аваагүй, хамгийн сүүлд Л ХХК-иас авлагатай хүмүүсээ дагуулан очиж энэ хүмүүсийн мөнгийг яаж өгөх вэ гэхэд Б.Б-Э 2016 оны 5 дугаар сарын 23- ны өдөр баталгаа бичиж өгсөн. Тус баталгаанд “Т.С тус үйлдвэрийн ашгийн 50 хувийг авна, ашгийн 50 хувиас өрийг дарна, Б.Б-Э тус үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтаа өөрийн 50 хувийн ашгаас гаргуулан авна” гэсэн агуулагтай байсан болно. Үүнээс хойш cap болгон очиж уулзахад нэг ч төгрөг өгөөгүйгээр зогсохгүй Л ХХК-ийг төлөөлөн баталгаа бичиж өгөхөөс 2 сарын өмнө өөрийн төрсөн ах Б.Бд компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлсэн байсныг мэдээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандан Т.С намайг залилан компанийг минь булаан авсан тухай гомдол өгсөн. Гэвч Чингэлтэй дүүргийн прокуророос "... зээлийн гэрээгээр халхавчлан Л ХХК~ийн хувьцаа, түүний эрхийг залилан мэхэлж авсан гэх Т.Сийн өргөдөл гомдолтой Б.Б-Эд холбогдох эрүүгийн 201725030527 дугаартай хэргийг шалгуулахад тус үйлдвэрийг худалдаагүй барьцаанд тавьсан болох нъ тогтоогдож байгаа тул иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн ...” 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай тогтоол гарч хэргийг хаасан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Арматур төмрийн үйлдвэрлэл улирлын чанартай хэдий ч эрэлт ихтэй, эргэлт хурдан байдаг тул өндөр дүнтэй зээлүүдийг богино хугацаанд барагдуулах боломжтой байдаг. Л ХХК-ийн нэр дээр Чингис хаан банк ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 600,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд компанийн газар, объектоос гадна Т.С миний болон найз нөхдийн өмчлөлийн орон сууц, үл хөдлөх хөрөнгүүд барьцаалагдсан байдаг. Тус зээлээр компанийн дутуу тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад зөвшөөрөл дэд бүтцийг татаж дууссан. Ингээд хаягдал төмөр худалдан авч арматур болгон барилгын компаниудад борлуулж олсон ашгаар М.Бээс авсан зээлийг төлж Б.Б-Эээс компаниа буцаагаад авахаар байсан. Гэтэл Б.Б-Э нь Т.С намайг үйлдвэрт нэвтрүүлэхгүй хориглож, бүх тайлан тооцоо санхүүгийн үйл ажиллагааг нууж, Т.С миний бусдаас зээлээр авсан 1,000 тонн хаягдал төмрийг үйлдвэрийн хашаанд буулгаад байсныг бүгдийг нь арматур үйлдвэрлэн ашиг олж өөртөө авсан болно. Эю нөхцөл байдлаас болж би бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах боломжгүй болгосон. Б.Б-Э болон түүний ах Б.Б нар нь Т.С миний компанийг булааж, гүйцэтгэх захирлаас болиулаад зогсохгүй, үйлдвэрээс хүчээр хөөн гаргаж улмаар Л ХХК-ийн хувьцааг хэлбэрийн төдий гэрээ байгуулан хоорондоо шилжүүлэн өөрийн хууль ёсны өмч хөрөнгө мэт захиран зарцуулж их хэмжээний ашиг олж хувьдаа завшиж байгаад гомдолтой байна. Б.Б-Э, Т.С нарын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь дараах байдлаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Үүнд:

Б.Б-Э нь Л ХХК-ийн хувьцааг Т.С болон М.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн барьцаанд шилжүүлэн авсан болох нь эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоно.  Т.С би Л ХХК-ийн хувьцааг Б.Б-Эд худалдан борлуулах, хувьцааг худалдан борлуулж үр шимийг хүртэх хүсэл зорилго байгаагүй бөгөөд гагцхүү М.Бтэй байгуулсан зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тус компанийн үйл ажиллагааны зардалд өөрийн болон найз нөхдийнхөө эд хөрөнгийг оролцуулсан, мөн өөрийн нэр дээр бусдаас зээл авч түүхий эд, материал аван хөрөнгө оруулсан ба Л ХХК нь 12,5 тэрбум төгрөгийн бизнесийн үнэлгээтэй, 2,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй бизнесийн ашиг өндөртэй компани болсон байсан. Иймд өндөр ашигтай компаниа бусдад 500,000,000 төгрөгөөр худалдах ямар ч шаардлага, шалтгаан байгаагүй болно. Хэрэв хувьцаа худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа байгуулагдсан гэж үзвэл Б.Б-Э гэрээнд заасны дагуу хувьцааны төлбөрт 500,000,000 төгрөг төлөх ёстой, гэвч хувьцаа худалдан авсан төлбөрт мөнгө огт өгөөгүй, худалдах зорилгогүй байсан тул Т.С би нэхээгүй болно. Энэхүү үйл баримт нь бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй болохыг тов тодорхой нотолно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн хуулийн 231 дүгээр зүйлд заасан аргуудыг хэрэглэж барьцааны эсвэл фидуцийн гэрээ байгуулах ёстой байтал Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн болно. Иймд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Компанийн хувьцаа худаддах, худалдан авах гэрээ” нь барьцааны гэрээ байгуулах хуульд заасан шаардлагыг зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.З, 56.1.8 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.10 дахь зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Б.Б-Э, Б.Б нарын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь дараах байдлаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Үүнд: Б.Б-Э нь зээлдэгч М.Б, Б.Б, Б.Б-Ө нарын үйл ажиллагааг удирддаг нэг гэр бүлийн хүмүүс болох нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгээс тогтоогдоно. 2016 оны хавар болмогц үйлдвэрлэл явуулах бүх бэлтгэлийн хангаж, бусдаас хаягдал төмөр зээлээр авч үйлдвэрийн хашаанд буулгаад байхад Б.Б-Э нь намайг үйлдвэрээс хөөн гаргаж, удирдлагыг авсан. Энэ цагаас эхлэн маргаан эхэлсэн бөгөөд Т.С би хууль хяналтын байгууллагад хандсан. Б.Б-Э нь маргааны зүйл болсон компанийн хувьцааг бусад этгээдэд дамжуулан шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төөрөгдүүлэх, саатуулах, өөрийн ах Б.Бийг шударга эзэмшигч болгож харагдуулах хууль бус үйл ажиллагаа явуулсан болох нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтуудаар нотлогддог.  Б.Б-Э, Б.Бд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэвч тус гэрээнд компанийн хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж шилжүүлсэн тухай дурдаагүй байдаг. Хувьцаа худалдан борлуулсны татвар хураамж төлсөн баримт байхгүй. Б.Б-Э, Б.Б нар нь тус хувьцаа худалдах, худалдан авах гэрээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад огт гаргаж өгөөгүй, шүүгчийн захирамжаар гаргуулахаар шаардсан боловч шүүхийн шаардсаныг үл биелүүлж гаргаж өгөөгүй байж байгаад хэрэг үүссэнээс хойш 1 жил гарангийн дараа, эхний анхан шатны шүүх хуралдаан болоод давах хяналтын шатнаас буцаагдсаны дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Ингэхдаэ тус хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхдөө Б.Б-Э, Б.Б, М.Б нар нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулан Т.Сийн өрийг түүнд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь төлөх хэлбэрээр компанийнх нь хувьцааг шилжүүлэн авч хувьцааны үнийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, шүүхийг төөрөгдүүлэх зорилготой, хуурамч нотлох баримт үйлдсэн шинжтэй тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн Б.Б-Э, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь өмнө Б.Б- Э Т.С нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан тул Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "... Энэ    56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан           өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ...” гэж заасны дагуу Б.Б, Б.Бат-Э нар нь Л ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул хууль ёсны өмчлөгч эзэмшигч Т.С надад хувьцааг бүхэлд нь буцаан шилжүүлэн өгч хохиролгүй болгох үүрэгтэй болно.

Иймд Б.Б-Э, Т.С нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г болон Б.Бат-Эрдэнэ, Б.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоон Л ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгч Т.С надад шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Б.Б-Э нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б-Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.С нь Б.Б-Ө гэх хүнтэй танилцаад Б.Б-Ө нь Б.Б-Этэй нэхэмжлэгчийг танилцуулаад н.Баас арматур аваад мөнгөө эргэлдүүлээд буцаагаад төлөхөөр зээл хүссэн гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан ба уг үйл баримтыг тогтоосон прокурорын тогтоол мөн хэрэгт байгаа болно. Гэвч Т.С болон М.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага байхгүй. Т.Сийн хувьд М.Бтэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 600,000,000.00 төгрөгийг зээлсэн ба уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй буюу залилан мэхэлсэн гэдэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын тогтоол хэрэгт авагдсан бөгөөд зээлийн гэрээг 100 хувь Б.Б-Э гэх хүний нэр дээр байгуулсан зүйл байхгүй. Маргааны гол зүйл болох 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагын үндэслэлийг барьцаанд "Л" ХХК-ийн хувьцааг тавьсан, шилжүүлэх гээгүй гэдэг зүйл ярьж байна. Гэтэл бид хэлцэл байгуулагдах үеийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг ярих шаардлагатай, өөрөөр хэлбэл, Т.С компанийн хувьцааг худалдах, бусдад шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн болохыг онцгойлон дурдмаар байна. Нэхэмжлэгч тал М.Бээс зээл авчхаад урт цагаанд байрлах ажлын байран дээр ирээд Б.Б-Э-ээс та манай компанийг шилжүүлээд авчих, шилжүүлж авсан юм чинь хөрөнгө оруулаад яв, би энэ компанийг байгуулсан буюу төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр мэдлэгтэй учир гүйцэтгэх удирдлагаар ажиллаад явъя гэсэн хүсэл зоригийг илэрхийлэхэд Б.Б-Э хүлээн авч, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан. Үүнийг нотолж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр урт цагааны Хаан банк ХХК-ийн салбарын хажууд байрлах дүүргийн тойргийн нотариатч н.О гэх хүн талуудад гэрээний эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарласан ба зохигчид Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлж, бичгээр үйлдсэн. Барьцааг Иргэний хуульд зааснаар тусдаа зохицуулдаг бөгөөд энэхүү гэрээнд анхнаасаа "Л" ХХК-ийг Ч х б ХХК-иас 600,000,000 төгрөгийн өртэй болохыг дурдаж, мөн компанийн гүйцэтгэх удирдлагаар Т.Сийг ажиллуулахаар тохиролцсон. Т.Сийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл буюу та миний компанийг худалдаад ав, би гүйцэтгэх удирдлагаар ажиллана, хамтран ажиллаж ашиг ольё гэсэн хүсэл зоригийг баталгаажуулаад тухайн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан юм. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар үндэслэлээр барьцаа гэж тайлбарлаад байгаагаа тодруулаагүй, хэрэв барьцаа байсан бол тухайн үед барьцааны гэрээ хийх ёстой байсан, энэ төрлийн гэрээг бичгээр хийх зохицуулалттай. М.Бээс авсан зээлийн гэрээний барьцаа шүү, буцаагаад би авна шүү, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх юм бол буцаагаад өгөөрэй гэх тохиролцоо байсныг нотлох баримт байхгүй, харин өөрийнхөн хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах зорилго байсан бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу компанийн эзэмших эрхийг шилжүүлсэн тул эдгээр гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч тал 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот прокурорын тогтоолыг үндэслэл болгож байна. Гэтэл Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зааснаар прокурор нь онцгой эрх эдэлдэг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оноож, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох чиг үүрэг бүхий хууль цаазын зөвлөх хүмүүс байтал яагаад залилсан гэх гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа энэ бол барьцааны гэрээ шүү гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Прокурор иргэд хооронд үүссэн хэлцлийг мөрдөн байцаагчаар дамжуулан мэдүүлэг, нотолгоо, үзлэг хийж байгаад энэ бол барьцааны гэрээ шүү хүчин төгөлдөр бус тооцуулах гэрээ биш шүү гэх байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй юм. Харин уг тогтоолд зээлийн гэрээ, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Т.С нь сайн дурын үндсэн дээр хийсэн, бусдад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан, мөн зээлсэн мөнгөө буцаан авч чадаагүйгээс үүссэн иргэд хоорондын иргэний маргаан буюу гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн байгааг анхаарах хэрэгтэй байна. Нэхэмжлэгч Т.С анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлэхдээ та хөрөнгөтэй хүн компанийг худалдаад авчих би гүйцэтгэх удирдлагаар ажиллаад таны хөрөнгө оруулалтыг хэд нугалж ашиг олж өгнө, ирээдүйд өөртөө хувь өгөх асуудал байж болно биз дээ, би өр зээлээ дармаар байна гээд талууд тохирсныг гэрчийн мэдүүлгүүд нотолдог. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.10 дугаар зүйлүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд хүчин төгөлдөр бус хэлцлийг тусгаж өгсөн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.10 дугаар зүйлүүд тус бүртээ өөр өөр үр дагавартай, өөр хэлцэл шаарддаг хуулийн зохицуулалт юм. Гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэгчийн зүгээс “Б.Б-Э гэдэг хүн намайг лувардчихаад гадаад руу зугтсан” гэж хэлж  байна. Бодит байдал дээр Т.С хуурамчаар тамга тэмдэг үйлдсэн тэр нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон байдаг. Мөн хуурамчаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр зэргийг нотлох баримтаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8 дахь заалтуудын яг алинаар нь үндэслэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж байна вэ. Талуудын хооронд байгуулсан хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дугаар зүйлд заасан үндэслэл шаардагдана. Хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дүгээр зүйлд заасан үндэслэл хамаарна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамааруулж хэлэх тайлбар байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор талууд хэлцэл байгуулсан гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Тэгэхээр халхавчлагдаад байгаа хэлцэл нь яг аль нь юм бэ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад байхгүй, хариуцагчийн зүгээс ийм хэлцэл байхгүй гэж үзэж байна. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа хуулийн хүрээнд гэрээг төлөөллөөр байгуулах гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох хуульд заасан эрх үүрэг байдаг. 2015 онд гэрээ байгуулахдаа Чингэлтэй дүүргийн тойргын нотариатч н.О гэдэг хүн дээр очоод тухайн гэрээг батлуулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл компанийн эрх шилжих эрх зүйн үндэслэл нь өөрөө компанийн хувьцааг худалдан авах гэрээний үндсэн дээр компанийн хувьцааг шилжүүлдэг. Эдгээр гэрээнүүд дээр Т.С гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Нотариатаар гэрээг батлуулахын эрх зүйн үндэс юу вэ гэхээр компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг шаарддаг өөрөөр хэлбэл “би энэ гэрээг хийх шаардлагагүй байсан андуурсан, эрх зүйн үр дагаварыг нь ойлгоогүй байсан” зэрэг асуудлыг авч үздэггүй юм. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээр зүлйд зааснаар үйлчлүүлэгчид тухайн үйлдлийнх нь эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгөх байдлаар тусгасан байдаг. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн нотариатч н.О эрх үүргийг тайлбарласан гэж үзэж байна. Тухайн гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Т.С Б.Б-Эээс ямарч мөнгө аваагүй юм шиг тайлбарлаж байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад мөнгө төлбөр авч байсан нь харагдаж байна. Т.Сийн хүсэл зориг юу вэ гэхээр компанийн хувьцааг худалдах сонирхолтой байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Т.Сид 10 дугаар сарын 20-ны өдөр М.Б Т.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 600,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн байдаг энэ талаар талууд маргадаггүй. 5429120713 тоот дансаар 297,027,000 төгрөг шилжүүлсэн талаар 2 дугаар хавтас хэргийн 21 дүгээр хуудаст тусгасан байдаг. Бэлнээр 57,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн талаар гэрчийн мэдүүлэг дээр тусгасан байдаг. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн акт гэж байдаг. Энэ актаар 1,294,202,700 төгрөгийн санхүүжилтийг авсан зэрэг баримтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт авагдсан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн баталгааны баримтаар үйлдвэрт хэдэн төгрөгийн төлбөр хийсэн талаарх баримт бас хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлдвэрийг огт мөнгөгүйгээр шилжүүлж авсан зүйл байхгүй нь эдгээр үйл баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарласан хариуцагч Б.Б-Э залилсан асуудал байхгүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор тухайн хэлцлийг талууд хоорондоо байгуулсан гэж тайлбарлаж байна. Тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр уг хэлцлийг гадаад хэлбэрийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болох халхавчилж болохгүй байх хоёр хэлцэл хийгдсэнээр болох төөрөлдүүлсэн хэлцлийн нэг төрөл байхаар тайлбарлаж байна. Барьцааны гэрээг талуудын хооронд байгуулсан гэж тайлбарладаг. Барьцааны гэрээ хаана байна вэ. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар компанийг 12,000,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж байна. Бодит байдал дээр 12,000,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн зүйл байхгүй. Энэ бол компанийн хувьцааны үнэтэй шууд хамааралтай юм. Өнөөдөр тэрбум төгрөгийн үнэтэй өөрийн хөрөнгөтэй компани хувьцаагаа зарж ч болно зарахгүй байж ч болно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний баталгаанд хураагдсан гэх асуудал нь өөрөө Т.С 600,000,000 төгрөгөө төлсөн талаарх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байгаа. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд Б.Б-Э тухайн компанийн 1 ширхэг ч хувьцааг эзэмшдэггүй иймд буцаан шилжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Бтэй холбогдуулсан шаардлага нь 2015 оны буюу Т.Соос Б.Б-Эд шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаас үүдэлтэй гэж байгаа учир Б.Б-Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатай юм бэ.  Компанийн тухай хуулиар хувьцаанд хамааралтай эрх, үүргүүдийг шилжүүлж өгсөн, хувьцаа нь барьцаа байсан бол үүнийг шилжүүлэх ямар ч шаардлага байгаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл үргэлжлээд, хэн, хэн нь хүлээн зөвшөөрөөд явж байсан нэг чухал үйл баримт Т.С-ийг гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үед үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө эзэмшигч буюу хувьцаа эзэмшигчийн хувьд Б.Б-Э-ээс 1,594,000,000 төгрөгийг авч энэ компанид хөрөнгө оруулсан байна. Зөвхөн барьцаанд авсан байсан бол тэр хүн уг үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй, өөрөөр хэлбэл барьцаа байсан тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хүлээн авч, ашиглаад явахгүй. Үүнээс дүгнэхэд Т.С-ийн хүсэл зориг анхнаасаа компанийн хувьцааг шилжүүлэхдээ барьцаанд тавиагүй болох нь илэрхий байна. Т.С 1,454,000,000 төгрөгийг хүлээж авсан талаар гарын үсэгтэй нотлох баримт хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд байна. Нэхэмжлэгч ах дүү хоёр хуйвалдаад энэ үйлдвэрийг авсан гэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурор, н.Бадралын гаргасан тогтоол байдаг. Тухайн тогтоолд Т.С 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд гарын үсэг хуурамчаар зурсан, нотариатын тамгыг хуурамчаар дарсан, тайлан тооцоогоо хуурамчаар гаргасан мөн улсын бүртгэлийн бүх баримт бичгийг хуурамчаар үйлдсэн талаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон тогтоол бүхий нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Гэхдээ эрүүгийн энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон тухай нотлох баримт бас байгаа. Нотариатын бичиг баримтыг Б.Б-Э, Б.Б нар жилийн дараа нөхөж хийсэн талаар биш харин Т.С өөрөө энэ хуурамч баримтыг бүрдүүлж эрүүгийн гэмт хэрэг хийсэн талаар нотариатч, цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Гэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэг хэрэгсэхгүй болсноос биш Б.Б-Э, Б.Б нар залилсан гэдгийг тогтоож хэрэг хэрэгсэхгүй болсон юм бол биш юм. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Б-Э-тэй худалдах худалдан авах компанийн эрх шилжүүлэн гэрээ тус тус байгуулсан байдаг. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр энэ компанийг худалдаж авахад үйл ажилллагаа явуулаагүй байсан. Компанийн онцлог бол өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Б.Б-Эээс өвлийн улиралд үйл ажиллагаа явуулаагүй байхад нь худалдаж авсан. Б.Б-Э надад “энэ компани өөрийн хөрөнгө бараг 2 тэрбумын хөрөнгө оруулчихаад байж байна компанийн үйл ажиллагаа явдаггүй ээ та үйлдвэрийг аваач ээ” гэж хэлсний дагуу би худалдаж авсан байдаг. Мөн надад “Т.С гэдэг хүн энэ үйлдвэрийг аваад үйл ажиллагааг нь явуулна гэж хэлснээ нэг ч тонн төмөр гаргаж чадсангүй энэ үйлдвэрийг авч явж чадахгүй юм байна та үйлдвэрийг аваад яваач ээ” гэж хэлээд надад 600,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Бид Иргэний хуульд нийцүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ах дүү гэснээрээ хориглосон заалт байхгүй гэж бодож байна. Чингис хаан банкнаас авсан 600,000,000 төгрөгийг төлөх үүргийг би гэрээгээр хүлээсэн байдаг. Би ямар үйлдвэр авсан гэхээр Т.С 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-Э 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл энэ компанитай холбоотой ямар ч татвар шимтгэл газрын төлбөрийг төлөөгүй байсан. Бүх өр төлбөрийг би төлж барагдуулсан. Газрын төлбөр гэхэд л 1 га газрын жилийн төлбөр 8,000 төгрөг төлдөг. Нэхэмжлэгчийн зүгээс банкны өр төлбөр бүх өр төлбөрийг төлөөгүй хаяж явсан байдаг. Миний зүгээс 100,000,000 гаруй төгрөгийг “Ч х б” ХХК-д төлсөн. 2017 оны 9  дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар Т.С-ийн нэхэмжлэлийг хангах хугацаа хүртэл би төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20,400,000 төгрөг төлсөн баримт хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Би Чингис хаан банкны хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг 60,000,000 төгрөг, нийт 102,226,956 гаруй төгрөгийг төлж барагдуулсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.С бүх гэрчилгээ тамгыг хуурамчаар үйлдсэний дагуу Прокуророос битүүмжлэх шийдвэр хүртэл гарч байсан. 7 сард Т.С хуурамч бичиг баримт бүртгүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг үүсээд 2 сард нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй манай үйлдвэр рүү дайрч ороод 5 сарын хугацаанд гаднаас хүн оруулаагүй. 2017 онд үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй. Миний хувьд Б.Б-Э-тэй хуульд заасны дагуу гэрээ байгуулж гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээд компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Ямар ч нотариатын тэмдэгийг жилийн дараа үйлдээгүй. Улсын бүртгэлд бүх бүртгэл Б.Б-Э-ийн нэр дээр байсан. Ч х б-аас авсан зээлийг 2017 оны 9 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд төлж байгаа өнөөдөр ч төлж байна. Нотлох баримтаас харахад Б.Б-Э 1,594,000,000 төгрөгөөр энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан байсан. Үйлдвэрийн хашаа зэргийг бас засварласан боловч үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Миний хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж байна. Эд хөрөнгийг шилжүүлж байхад тухайн эд хөрөнгө Т.С-ийн эд хөрөнгө байсан гэдгийг би мэдээгүй надад мэдэх боломж байгаагүй. Яагаад гэвэл үйлдвэрийн гэрчилгээ, тамга Б.Б-Э-ийн нэр дээр байсан. Тухайн үед өмчлөх эрхийг шилжүүлэх үед холбогдох нотлох баримтууд байсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б-Э Т.С-ийг анх над дээр дагуулж ирсэн би өмнө танидаггүй байсан. 600,000,000 төгрөгийг ямар ч барьцаа хөрөнгө байхгүйгээр зээлдүүлэхгүй гэхэд Б.Б-Э “Т.С үйлдвэртэй хүн арыг нь би даана гэж” хэлж байсан тэгээд би арыг нь дааж хариуцлагыг нь хүлээх юм байна  гэсэн. Ингээд Т.С нь надаас 600,000,000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд Б.Б-Э-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б.Б-Э рүү компанийн эрх шилжиж байгаа учраас зээлийн төлбөрөө хугацаандаа барагдуулахгүй бол барьцаатай үлдэж байгаа болохоор асуудалгүй юм байна гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Т.С Б.Б-Э-ээс их зүйл авсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Б.Б, Б.Б-Э нарт холбогдуулан Б.Б-Э-тэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, арматурын үйлдвэрт үйл ажиллагаа явуулахыг хориглож, үйлдвэрийн байрыг чөлөөлөхийг даалгах, арматурын үйлдвэрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс  албадан чөлөөлүүлэх, Т.С-ийн өмчийн хаягдал төмрөөр барилгын арматур төмөр хийж борлуулсны ашгаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, Т.С-ийг Л ХХК-ийн өмчлөгчөөр тогтоолгох, Б.Б-Э, Б.Б нарын хоорондын 2016 оны 03 сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ,  компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л ХХК-ийн хувьцаа болон эрхийг Т.Сандагдоржид буцаан шилжүүлэхийг Б.Б-Э, Б.Б нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар өөрчилсөн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.С 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Б нь 600,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээлдүүлэх, Т.С нь сарын 10 хувийн хүүгийн хамт тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.  Уг зээлийн гэрээний дагуу 600,000,000 төгрөгийг зээлдэгч Т.С нь хүлээн авсан үйл баримтад тэрээр маргаагүй.

 

Дээрх зээлийн гэрээ байгуулагдсан маргааш өдөр нь буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Т.С нь компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хариуцагч Б.Б-Э-тэй байгуулж, уг гэрээгээр “Л” ХХК-ийн 100 ширхэг хувьцааг 500,000,000 төгрөгөөр худалджээ.  

 

Уг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Б.Б-Э нь гэрээний зүйл болох “Л” ХХК-ийн  нэг бүрийн үнэ 14,541,824 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь “...дээрх компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан. Тухайн үед барьцааны гэрээ байгуулах талаар тодорхой ойлголтгүй байсан бөгөөд эрхийг барьцаалж болохгүй гэж нотариатч тайлбарласан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Анхнаасаа хувьцаа худалдах гэрээ, хэлэлцээр байгуулах хүсэл зориг байгаагүй” гэж тайлбарласан  нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Т.С нь өөрийн өмчлөлийн “Л” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсны улмаас Б.Г-аар дамжуулан хариуцагч Б.Б-Э-тэй танилцаж, түүнээс 600,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр тохирсон хэдий ч М.Б-тэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд /зээлдүүлэгч/ М.Б-ээс “...Т.С нь 600,000,000 төгрөг зээлэхийг надаас хүссэн. Би Т.С-ийг урд нь таньдаггүй байсан тул түүнд зээл олгох боломжгүй байсан. Тэгэхэд манай нөхөрийн дүү болох Б.Б-Э нь та Т.Сандагдоржид мөнгө зээлдүүлчих, би барьцаа болгож компанийнх нь хувьцааг өөр дээрээ шилжүүлчихнэ гэж хэлсэн. Ингээд би барьцаатай юм байна гэж итгээд Т.С-д 600,000,000 төгрөгийг зээлдүүлсэн” гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Түүнчлэн хариуцагч Б.Б-Э нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж маргах боловч тэрээр уг гэрээгээр хүлээсэн гол үүрэг буюу үнийг  төлөөгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу тэрээр эрх болон хувьцааны үнэд нийт 500,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба уг үүргээ хэрэгжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хариуцагчаас нотлох баримтаар цуглуулж өгсөн худалдах, худалдан авах гэрээний үнэд 297,000,000 төгрөг төлсөн гэх баримтыг нэхэмжлэгч Т.С-д гэрээний дагуу төлбөр төлсөн баримт гэж үзэхээргүй байна. Хоёр дугаар хавтаст хэргийн 21-28, 64-75 дугаар талд авагдсан баримтуудыг хариуцагч зааж, уг баримтуудаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн гэх боловч эдгээр баримтуудад  Б.Б-Э-ээс Т.С-д гэрээний үүрэг төлсөнтэй холбоотой баримтад мэдээлэл агуулагдаагүй байна. Иймд энэ талаархи хариуцагч Б.Б-Э-ийн татгалзал үндэслэлгүй.

 

Нөгөө талаар, Б.Бат-Эрдэнэ нь худалдах, худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болох компанийн эрх, хувьцааг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэх атлаа тус компанийн гүйцэтгэх захирлаар Т.С-ийг ажиллуулж, түүнд компанийн үйл ажиллагааны орлогоос хувь өгөхөөр тохиролцсон нь учир дутагдалтай байна.  

 

 Уг үйл баримтыг хариуцагч Б.Б-Э-ээс тайлбарлахдаа “...нэхэмжлэгч Т.С-ийг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулсан тул түүнд үйл ажиллагааны орлогыг цалин хэлбэрээр тооцож олгохоор тохиролцсон” гэх боловч энэ нь хэргийн бодит байдал болон хуульд нийцэхгүй байна. Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах эрхтэй ба мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.7 дахь хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь ногдол ашиг бус, гэрээний үндсэн дээр хөлс урамшуулал хэлбэрээр цалин авах журамтай.

 

Дээр дурдсан үйл баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэхэд  Т.С, Б.Б-Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн байгуулсан хэлцэл гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, Т.С, Б.Б-Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь  зээлдэгч Т.С, зээлдүүлэгч М.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ байхад талууд уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тухайн хэлцлийн хувьд үүсэх ёстой эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгогүйгээр дүр үзүүлж хийсэн байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Т.С, Б.Б-Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хэсгийг хангав.

 

Харин нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Б-Э, Б.Б нарын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Б-Э, Б.Б нар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус байгуулж, уг гэрээгээр Б.Б-Э  нь “Л” ХХК-ийн нэг бүр нь 14,541,824 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа болон компанийн эрхийг Б.Б-д шилжүүлжээ. Эдгээр гэрээний дагуу “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч Б.Б бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Б.Б-Э, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж,

 

Мөн уг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Б нь Б.Б-Эийн төрсөн ах бөгөөд тэрээр Т.С-той байгуулсан худалдах, худалдан авах гэрээг мэдэх боломжтой байсан, мэдэж байсан атлаа түүнтэй гэрээ байгуулах замаар компанийн хувьцаа болон эрхийг өөртөө шилжүүлж авсан гэж тус тус тайлбарладаг.

 

Уг үйл баримт нь эрүүгийн журмаар хэргийг хянах үед Б.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад этгээдүүдийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдоно гэж маргасан.

 

Хэрэгт цугларсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бүрдүүлсэн гэх нотлох баримтуудаар Б.Б нь “Т.С болон Б.Б-Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээ байгуулах зорилгоор байгуулсан гэдгийг мэдсэн, уг үйл баримтыг мэдсээр байж маргааны зүйл болох компанийн хувьцаа, эрхийг дүү Б.Б-Э-ээс худалдан авсан” болохыг хөдөлбөргүй нотлохгүй байна. 

 

Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу авагдсан баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүрдүүлсэн, бэхжүүлсэн баримт буюу иргэний хэргийн нотолгооны хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх этгээд нь хуульд заасан журмын дагуу шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх ажиллагааг хэлнэ.

 

Хариуцагч Б.Б-ийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Б.Б-Э-тэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед маргааны зүйл болох “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Б-Э бүртгэлтэй буюу тэрээр маргааны зүйлийн өмчлөгч нь байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх гэрээний талууд төрсөн ах дүү байх нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хэлцлийн дагуу эд хөрөнгө шилжүүлэн авсан этгээдийг шударга бус эзэмшигч гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг үүсгэхгүй.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан.

 

Иймд хариуцагч Б.Б-ийг шударга бусаар талуудын маргааны зүйлийг худалдан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Б-Э, Б.Б нарын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д даалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д  “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус зааснаар Б.-Э-тэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсонтой холбоотойгоор өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг нээж талуудаас ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хэн аль нь саналгүй болохоо илэрхийлсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хуралдаан даргалагчийг татгалзан гаргах эсэхийг зохигчдоос асуухад хэн аль нь татгалзал байхгүй болохоо тайлбарласан.

 

Үүний дараа шүүх талуудаас гаргасан хүсэлт хянан шийдвэрлэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тусгаарласантай холбоотойгоор хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан даргалагчаас татгалзах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусган, хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтийн шатанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргаагүй, мөн ирцтэй холбоотой саналгүй талаараа тайлбарласан.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарт шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн. Иймд хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдэх боломж байгаагүй, мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсаны улмаас тус шүүх хуралдаанд ирэх боломжгүй байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч үүнтэй холбоотой баримтгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн үндэслэлээ болгож буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогч нарт тов мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогч нар гэдэгт зохигч бус, харин зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй шинжээч, гэрч, орчуулагч, хэлмэрч  нарыг хамааруулан үздэг.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2019/19663 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Ч х б” ХХК-ийг оролцуулсан.

 

“Ч х б” ХХК болон “Л” ХХК-иуд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох нөхцөлд хамрагдаж, 600,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тодорхой нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө болон эрхийг барьцаалсан байна.  /1-р хх-ийн 113-116-р хуудас/

 

Уг зээлийн гэрээний үүрэгт 789,842,838,812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар “Л” ХХК-д холбогдуулан  гуравдагч этгээд “Ч х б” ХХК нь бие даасан шаардлага гаргасныг шүүх энэ хэргийн нэхэмжлэгч Т.С, хариуцагч Б.Б-Э, Б.Б нарын хооронд үүссэн гэрээний маргаантай хамааралгүй, тусдаа хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж тусгаарласан болно.

 

Бие даасан шаардлагыг тусгаарласантай холбоотойгоор тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/10336 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Ч х б” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг цуцлах нь зүйтэй. “Ч х б” ХХК нь тусгаарласан иргэний хэрэгт дээрх хүсэлтээ гаргах замаар уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Т.С нь улсын тэмдэгтийн хураамжид:

-2015 оны 10 сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 500,000,000 төгрөгт ногдох 2,657,950 төгрөг, мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээ нь үнийн дүнгүй тул 70,200 төгрөг,

 

-2016 оны 03 сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь тус тус үнийн дүнгүй тул тус бүр 70,200 төгрөг буюу  нийт 140,400 төгрөг,

 

- “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагад 70,200 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид  2,938,750 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Үүнээс нэхэмжлэгч нь 2017.01.06-ны өдөр 2,657,950 төгрөг, 2017.03.06-ны өдөр 70,200 төгрөг, 2017.4.9-ний өдөр 70,200 төгрөг, 2018.06.13-ны өдөр 140,000 төгрөг, 2020.02.04-ний өдөр 70,200 төгрөг, нийт 3,008,950 төгрөг төлжээ. /1-р хх-2, 40, 138, 3-р хх-41, 5-р хх-12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /3,008,950-2,938,750/ төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.С болон хариуцагч Б.Б-Э нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Л” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.Б-Э болон Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Л” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Л” ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,008,950 төгрөгөөс 2,938,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,938,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/10336 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг цуцалсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/07791 дүгээр захирамжаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар тус хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр болохыг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.БЯМБАЖАРГАЛ