Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00368

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03171 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2439 дүгээр магадлалтай,

            Т-ийн нэхэмжлэлтэй,

            Б,Б нарт холбогдох

          2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б-тэй байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б, Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т , түүний өмгөөлөгч Д.Тамир, Ц.Амармэнд, хариуцагч Б-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Б, түүний өмгөөлөгч П.Цолмонбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

      Нэхэмжлэгч Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Борхүүтэй зээлийн гэрээ байгуулж, түүнээс 600.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон бөгөөд тухайн үед барьцааны зорилгоор өөрийн өмчлөлийн “Лелметалл” ХХК-ийн хувьцааг 100 хувь хариуцагч Б-ийн  нэр дээр шилжүүлж, зээлийг сарын дараа төлж, хувьцааг буцаан авахаар тохирсон юм. Ингэхдээ би компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахаар тохиролцсон ба зээлсэн 600.000.000 төгрөгийг н.Байгалмаа гэж хүнд арматур худалдан авах зориулалтаар өгсөн боловч түүнд залилуулсны улмаас зээлийг буцаан төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Манай компани 2014 онд “Чингис хаан банк” ХХК-иас жилийн 7 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зориулалтаар 600.000.000 төгрөгийг зээлсэн байсан бөгөөд 1.454.182.400 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Төв аймгийн Баянчандмань суманд байрлах төмөр боловсруулах үйлдвэрийг ажиллуулдаг байсан. Гэтэл хариуцагч Б-ийн  зүгээс намайг компанийн үйлдвэрийн үйл ажиллагаанд оруулахаас эрс татгалзаж, чиний компани одоо минийх болсон, чи миний үгээр байгаарай гэх зэргээр ааш авир гаргаж, тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Би анхнаасаа компанийхаа хувьцааг хариуцагчид шууд худалдах зорилгоор энэхүү хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй, хариуцагчдын бүгд бизнесийн үйл ажиллагааны мэдлэг, туршлагатай, компанийг хамт удирдаж, үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос зээл болон хөрөнгө оруулалтыг төлсний дараа буцаагаад миний нэр дээр шилжүүлнэ гэхэд итгэж гэрээг байгуулсан. Гэрээ хийхээс өмнөх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр компанийн эрхийг барьцаалан эрх шилжүүлэх гэрээ хийдэггүй учир компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсаны дараа 300.000.000 төгрөгийг н.Ганбаярын дансаар шилжүүлэн авсан. Дээрх мөнгө нь н.Ганбаярын дансанд орсон даруйд “Тэнүүнболд констракшн” ХХК-ийн захирал н.Байгалмаагийн данс руу шилжүүлсэн боловч тэрээр арматур төмрийг удахгүй нийлүүлнэ, хүлээж бай гээд удаашруулж, сураггүй алга болсон. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаснаар н.Байгалмаад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, намайг хохирогчоор тогтоосон ба хариуцагч Бд н.Байгалмаад залилуулснаас үүдэн гарсан 600.000.000 төгрөгийн зээлийн өрийг хавар би өөрийн үйлдвэр ажиллуулж эхлэхээр төлье, үйлдвэр ажиллуулахад мөнгөний хэрэгцээ байгаа гэхэд тэрээр мөнгө өгөх боломжтой гээд дүү Б.Бат-Өлзий бид хэд БНХАУ руу явж үйлдвэрлэлд хэрэглэх материалыг авч ирсэн. Ингээд үйлдвэрлэл 2016 оны 5 дугаар сард эхлээд 4-5 хонож байхад Б намайг үйлдвэр рүү нэвтрүүлэхийг хориглосон ба түүнтэй холбоо барьж яагаад намайг үйлдвэр рүү оруулахгүй байгаа талаар асуухад “чиний компани 100 хувь миний нэр дээр, миний мэдэлд байгаа юм чинь аятайхан миний үгээр байгаарай” гэсэн өнгө аястай сүрдүүлсэн. Энэ үед би түүхий эд нийлүүлдэг аж ахуйн нэгж, иргэдэд өртэй байсан ба н.Мөнхцэцэг, н.Батбаяр, н.Бат-Ирээдүй нарыг дуудаж, Бат-Эрдэнэтэй уулзуулж би энэ хүмүүст өртэй байгаа, үйлдвэр ажиллуулж байж энэ хүмүүсийн өрийг өгнө, одоо би яаж өрийг нь төлөх юм бэ гэхэд Б “би баталгаа бичиж өгье, сар бүрийн 30-ны өдөр би үйлдвэрийн ашгаас хувь өгөх үед та нар мөнгөө авах боломжтой, би 50 хувийн ашгийг гаргаж авна” гэж хэлээд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаа бичиж өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Борхүүтэй хийсэн 600.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд "Лелметалл" ХХК-ийг Бд шилжүүлсэн байсныг тэрээр 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах Бөд шилжүүлсэн байсан. Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Бд холбогдуулан "Лелметалл" ХХК-ийг зээлийн гэрээгээр халхавчлан залилан авч, их хэмжээний хохирол учруулсан тухай гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус тогтоолд “... Б нь Т-ийн хүсэлтээр 600.000.000 төгрөгийн зээлийн оронд авсан "Лелметалл" ХХК-ийг худалдан авсан гэх боловч компанийн гүйцэтгэх удирдлагаар Т-ийг томилсон, үйлдвэрийн үйл ажиллагааны ашгаас 50 хувийг өгнө гэх зэрэг утга бүхий баримтуудаар "Лелметалл" ХХК-ийг 600.000.000 төгрөгийн өрийн барьцаанд авсан болох нь тогтоогдсон байна. Б нь Т-оос зээлсэн 600.000.000 төгрөгөөс гадна 500.000.000 төгрөгийг нэмж өгөөд компанийг худалдан авсан гэх боловч тус төлбөрийг төлсөн нь баримтуудаар тогтоогдоогүй байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг мөрдөн шалгахдаа "Лелметалл" ХХК-ийг 600.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа болохыг тогтоосон боловч 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Бат Эрдэнэ нь өөрийн төрсөн ах Бийн нэр дээр компанийг шилжүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгчид хэлээгүй, тэрээр мэдээгүй байсан. Хариуцагч Бэс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаа гаргасан ба анхнаасаа хуурч мэхлэх, төөрөгдүүлэх байдлаар компанийг шилжүүлж аваад ашиг хонжоо олох гэж байсан нь батлагддаг. Прокурорын байгууллагын шалгалтын үр дүнгээр зохигчид хоорондоо компанийг шилжүүлсэн байна. Уг асуудал нь иргэний журмаар яригдах асуудал, барьцаанд тавьсан болох нь тогтоогдож байна гэснийг нотлох баримтаар үнэлэх ёстой. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хувьд барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатай байсан бэ. Гэтэл бодит байдал дээр би таниас мөнгө зээлье гэхэд би чамд мөнгө зээлье, чи надад юу өгөх вэ гэсэн, зээлийн гэрээний дагуу хувьцааг барьцаанд тавьж болохгүй учир чи миний нэр дээр шилжүүлчих, хуулийн ийм зохицуулалт байдаг гэж Т-ийг төөрөгдүүлснээс болж энэ гэрээ, хэлцэл байгуулагдсан тул анхнаасаа хуурч мэхэлсэн байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэгч Т-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б-тэй байгуулсан хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн хариуцагч Б болон түүний төрсөн ах Бнарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Б-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т нь Б гэх хүнтэй танилцаад Б нь Б-тэй нэхэмжлэгчийг танилцуулаад н.Байгалмаагаас арматур авч мөнгөө эргэлдүүлээд буцааж төлөхөөр зээл хүссэн гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан ба уг үйл баримтыг тогтоосон прокурорын тогтоол мөн хэрэгт байгаа болно. Гэвч Т болон М.Борхүү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага байхгүй. Т-ийн хувьд М.Борхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 600.000.000 төгрөгийг зээлсэн ба уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй буюу залилан мэхэлсэн гэдэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын тогтоол хэрэгт авагдсан бөгөөд зээлийн гэрээг 100 хувь Б гэх хүний нэр дээр байгуулсан зүйл байхгүй. Маргааны гол зүйл болох 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагын үндэслэлийг барьцаанд "Лелметалл" ХХК-ийн хувьцааг тавьсан, шилжүүлэх гээгүй гэдэг зүйл ярьж байна. Гэтэл бид хэлцэл байгуулагдах үеийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг ярих шаардлагатай, өөрөөр хэлбэл, Т компанийн хувьцааг худалдах, бусдад шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн болохыг онцгойлон дурьдмаар байна. Нэхэмжлэгч тал М.Борхүүгээс зээл авчихаад урт цагаанд байрлах ажлын байран дээр ирээд Бэс “та манай компанийг шилжүүлээд авчих, шилжүүлж авсан юм чинь хөрөнгө оруулаад яв, би энэ компанийг байгуулсан буюу төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр мэдлэгтэй учир гүйцэтгэх удирдлагаар ажиллаад явъя” гэхэд Б хүлээн авч, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан. Үүнийг нотолж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Урт цагааны Хаан банк ХХК-ийн салбарын хажууд байрлах дүүргийн тойргийн нотариатч н.Оюунчимэг гэх хүн талуудад гэрээний эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарласан ба зохигчид Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлж, бичгээр үйлдсэн. Барьцааг Иргэний хуульд зааснаар тусдаа зохицуулдаг бөгөөд энэхүү гэрээнд анхнаасаа "Лелметалл" ХХК-ийг “Чингис хаан банк” ХХК-иас 600.000.000 төгрөгийн өртэй болохыг дурьдаж, мөн компанийн гүйцэтгэх удирдлагаар Т-ийг ажиллуулахаар тохиролцсон. Т-ийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл буюу та миний компанийг худалдаад ав, би гүйцэтгэх удирдлагаар ажиллана, хамтран ажиллаж ашиг ольё гэсэн хүсэл зоригийг баталгаажуулаад тухайн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан юм. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар үндэслэлээр барьцаа гэж тайлбарлаад байгаагаа тодруулаагүй, хэрэв барьцаа байсан бол тухайн үед барьцааны гэрээ хийх ёстой байсан, энэ төрлийн гэрээг бичгээр хийх зохицуулалттай. “М.Борхүүгээс авсан зээлийн гэрээний барьцаа, буцаагаад би авна шүү, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх юм бол буцаагаад өгөөрэй” гэх тохиролцоо байсныг нотлох баримт байхгүй, харин өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах зорилго байсан бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу компанийн эзэмших эрхийг шилжүүлсэн тул эдгээр гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч тал 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот прокурорын тогтоолыг үндэслэл болгож байна. Гэтэл Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор нь онцгой эрх эдэлдэг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оноож, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох чиг үүрэг бүхий хууль цаазын зөвлөх хүмүүс байтал яагаад залилсан гэх гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа энэ бол барьцааны гэрээ шүү гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Прокурор иргэд хооронд үүссэн хэлцлийг мөрдөн байцаагчаар дамжуулан мэдүүлэг, нотолгоо, үзлэг хийж байгаад энэ бол барьцааны гэрээ шүү хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээ биш шүү гэх байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй юм. Харин уг тогтоолд зээлийн гэрээ, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Т нь сайн дурын үндсэн дээр хийсэн, бусдад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан, мөн зээлсэн мөнгөө буцаан авч чадаагүйгээс үүссэн иргэд хоорондын иргэний маргаан буюу гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгч Т анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлэхдээ “та хөрөнгөтэй хүн компанийг худалдаад авчих, би гүйцэтгэх удирдлагаар ажиллаад таны хөрөнгө оруулалтыг хэд нугалж ашиг олж өгнө, ирээдүйд өөртөө хувь өгөх асуудал байж болно биз дээ, би өр зээлээ дармаар байна” гээд талууд тохирсныг гэрчийн мэдүүлгүүд нотолдог. Иймд Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх буюу хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал ойлгоогүй, өөрөө ийм үр дүнд хүргэхийг хүсээгүй байсан, зөвхөн хэлбэрийн хувьд гадаад илрэл болгож хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Б-тэй холбогдуулсан шаардлага нь 2015 оны буюу Т-оос Б-д шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаас үүдэлтэй гэж байгаа учир Б-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Энэхүү хэрэгт зохигчдын хүсэл зоригийн илэрхийллийг ярихаас өөр аргагүй. Нэгдүгээрт, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүсэл зоригоо илэрхийлсэн боловч тухайн үр дагаварт хүрэхийг хүсээгүй байх урьдчилсан нөхцлийг шаарддаг. Гэрээ хийсэн Б, Т нарын хувьд тийм байдал байдаггүй. Хоёрдугаарт, уг гэрээг хийснээс хойшхи үйл баримтуудаас харахад хэн, хэн нь гэрээний үүргээ хэрэгжүүлээд, гэрээгээ дагаж мөрдөөд явсан. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаас хангалттай харагдана. Гуравдугаарт, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатай юм бэ гэдгийг тодруулах ёстой бөгөөд талууд эрх шилжүүлэх гэрээний зорилго, үр дагаврыг мэдэж байсан. Компанийн тухай хуулиар хувьцаанд хамааралтай эрх, үүргүүдийг шилжүүлж өгсөн, хувьцаа нь барьцаа байсан бол үүнийг шилжүүлэх ямар ч шаардлага байгаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл үргэлжлээд, хэн, хэн нь хүлээн зөвшөөрөөд явж байсан нэг чухал үйл баримт Т-ийг гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үед үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Зөвхөн барьцаанд авсан байсан бол тэр хүн уг үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй, өөрөөр хэлбэл барьцаа байсан тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хүлээн авч, ашиглаад явахгүй. Үүнээс дүгнэхэд Т-ийн хүсэл зориг анхнаасаа компанийн хувьцааг шилжүүлэхдээ барьцаанд тавиагүй болох нь илэрхий байна. Хариуцагч Б нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцааг дээр дурьдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар олж авсан шударга өмчлөгч мөн юм. Хариуцагч Б болон Бнарын хооронд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй, тэд компанийн хувьцааг 1.200.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан үйл баримтын талаар зохигчид маргаан байхгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл бүхэн хүчингүй болох үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын эрх зүйн байдал тус тусдаа ойлголт бөгөөд нэхэмжлэгч Т энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байснаараа компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой шаардлага гаргахгүй. Хариуцагч Б эс хариуцагч Б рүү шилжүүлсэн хэлцэл ямар нэг байдлаар дүр үзүүлж хийгдээгүй тул хүчин төгөлдөр хэлцэл мөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Чингис хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, Л.Шагдарсүрэн нарын шүүхэд гаргасан тайлбарт: "Чингис хаан банк" ХХК-ийн хувьд компанийн эрх шилжүүлэх гэрээнд ямар ач холбогдол өгч байна вэ гэхээр эрх шилжүүлэх гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ба гэрээний дагуу зээлдэгч буюу “Лелметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ббайна гэж үзэж явж байгаа юм. "Лелметалл" ХХК буюу одоогийн хувьцаа эзэмшигч нь зээлийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж үзээд тодорхой хэмжээний төлөлт хийгээд явж байгаа, банк үүнийг хүлээж авахгүй байх боломжгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд байгаа юм. Бидний зүгээс тухайн зээлийг төлөх талаар санал, санаачлага гаргаж байгаа этгээдийг зээлээ төлөхгүй байж бай гэж хэлэх аргагүй. Компани хэний эзэмшилд шилжээд байгаа, зээлийг хэн хариуцах ёстой вэ гэдэг асуудал одоогийн байдлаар чухал бөгөөд санаачлага гаргаж буй хүмүүсээс зээлийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа үндэслэл байхгүй. Зээл төлсөн талаарх баримтыг гаргаж өгөхөөс өөр аргагүй учир гаргаж өгсөн гэжээ.

          Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03171 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 болон 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Т болон хариуцагч Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Лелметалл” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг, хариуцагч Б болон хариуцагч Бнарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Лелметалл” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Лелметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Т-ийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6.087.750 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч Бэс 2.657.950 төгрөг, хариуцагч Бөөс 6.157.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2439 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

       Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.Тамир нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.29-ний өдрийн 2439 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172-р зүйлйн 172.1, 172.2.1 дахь хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр боллоо.

      Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагын хувиудыг гардуулж, зохигчдод ИХШХШТХ-д заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Т болон М.Борхүү нарын хооронд 2015.10.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээж аваагүй тул 2015.10.22-ны өдөр Т болон Б, 2016.03.14-ний өдөр Б болон Бнарын хооронд байгуулсан "Лелметалл" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, "Лелметалл" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Т-ийг бүртгэхийг ОӨУБЕГ-рт даалгах гэж тодруулан, улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг тушаасан. Хариуцагч Б, Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээж шаардлагатай гэсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн гэж ойлгож байгаа. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа татгалзлаа баримтаар нотлоогүй байдал нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд шийдвэр гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ИХШХШТХ-ийн 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хуулийн дагуу явагдсан. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Т-ийг "Лелметалл" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг ОӨУБЕГ-рт даалгасан нь ИХ-ийн 9-р зүйлийн 9.4.2-т заасан хуулийн зохицуулалтаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор энэхүү иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэглэсэн нь хуулинд нийцсэн гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх хуралдаанаар талууд дээрх хэлцлүүд болон үүсэх үр дагаврын талаар мэтгэлцээний явцад хангалттай ярьж байр сууриа илэрхийлж холбогдох нотлох баримтуудыг гаргаж шинжлэн судалсан. М.Борхүүтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн зөрчил яагаад үүссэн, Б, М.Борхүү нартай зээлсэн мөнгөө яаж эргэн төлөхөөр тохирч байсан, ямар учраас өр төлбөрүүдээ төлж чадахгүй байдалд хүрэх болсон, хэн ийм байдалд хүргэсэн гэх мэт асуудлуудыг бүгдийг хэлэлцсэн. Тухайн М.Борхүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан 600 сая төгрөг Бэс авсан мөнгө болох нь Б-ийн  удаа дараа өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагч нарын тайлбар мэдүүлгээр хангалттай нотлогддог. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой ба үүнтэй холбоотой бүх асуудлаар талууд мэтгэлцсэн, энэ талаар тэмдэглэл, бичлэг байхад давж заалдах шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийж байна. Дээрх шүүхийн дүгнэлтээс үзвэл М.Борхүүг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул хэргийг дахин хэлэлцэх нэг үндэслэл болно гэсэн ойлголтыг гаргаж ирж байна. ИХШХШТХ-д шүүхийн санаачилгаар гуравдагч этгээдийг оролцуулах зохицуулалт байхгүй, талууд хүсэлт гаргасан тохиолдолд гуравдагч этгээдээр оролцуулах хуулийн зохицуулалттай, тиймээс дээрх шүүхийн дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Бодит байдал дээр Б нь Т-ийн төмрийн үйлдвэрээс их хэмжээний ашиг олж болохыг мэдээд "Чингис хаан” банкинд зээлийн барьцаанд байгаа "Лелметалл" ХХК-ийг зээлийн барьцаа болгож өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахдаа нэгэнт банкинд зээлийн барьцаанд байгаа компанииг би давхар барьцаанд авах боломжгүй юм чинь надад итгээд миний нэр дээр шилжүүлчих, тэгээд зээлээ төлөөд буцаагаад ав гэж ярьж тохирсон боловч компанийг өөрийн болгосныхоо дараа тохиролцоогоо зөрчиж "Лелметалл" ХХК-ийг төмрийн үйлдвэртэй нь эрх мэдэлдээ авч, өөрийн өмч мэт тайлбарлан маргаж байгаагаас үзвэл Б нь анхнаасаа Т-ийг төөрөгдөлд оруулан хуурач мэхлэх байдлаар компанийг нь өөрийн болгож авах зорилготойгоор ИХ-ийн 58, 59-р зүйлд заасан шинжтэй хэлцэл хийсэн гэж үзэхээр байгаа юм. Улмаар компанийн эрхийг өөрийн төрсөн ах Бийн нэр дээр шилжүүлсэн боловч өөрөө компанийг өмчилж удирдаж байсан ба энэхүү үйлдэл нь Т-оос компанийг нь нэг мөр бултуулж авах хүсэл зоригтой байгаа нь баримтаар нотлогддог. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон Б-ийн  Т-д бичиж өгсөн “Баталгаа'' гэх баримт бичигт бичигдсэн зүйлийн агуулга, Б-ийн  дүү Б.Бат-Өлзий, тэдний танил Б.Ганбаяр, бэр эгч М.Борхүү нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч Бнийн өөрийнх нь гэрчийн мэдүүлгүүд болон бусад гэрчийн мэдүүлгүүд, баримтуудаар Б зээлийн барьцаанд компанийн эрх, хувьцааг өөрийн нэр дээрээ түр шилжүүлэн авсан болох нь тогтоогддог болно. Бэс Брүү "Лелметалл" ХХК-ийн эрхийг шилжүүлэх болон хувьцааг худалдах, худалдан авах гэрээ зэрэг нь ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Хариуцагч Бнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 6.5-д "зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, мөн хуулийн 42.4-т "нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын тайлбараар Б, Бнар төрсөн ах дүү, тэдний хооронд "Лелметалл ХХК-ийн хувьцааг 1,2 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, одоо хувьцаа эзэмшигчээр Б бүртгэлтэй байгаа тухай зохигчид маргаагүй. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг үзвэл 2015.10.26-нд болон 2016.03.14-нд хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж Б-ийн бүртгэл хийгдсэн байгаа. Хариуцагч Б шүүх хуралдаан дээр өөрийн дүү Б-г нэхэмжлэгч Т-той төлбөр тооцооны асуудалтай байсан талаар мэдэж байсан гэдэг тайлбарыг хэлсэн, /тэмдэглэл болон бичлэг дээр байгаа/ мөн Бкомпанийн хувьцаа эзэмшигч болсон байхад 2016.05.23-нд Б, Т-д баталгаа үйлдэж компанийн хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээг эдэлж байгаа нь тэдний хооронд дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан гэж үзэх нотолгоо болж байгаа юм. Эдгээр болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл Б, Б нар нь хуулиар хүлээсэн эрх үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ... гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа нь нотлогдож байгаа тул хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр "Лелметалл” ХХК-ийн хувьцааг олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс ИХШХШТХ-ийн 176-р зүйлйн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2439 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/03171 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б,Б нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т , Б нарын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б, Б нарын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

           Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусд тооцсоноос гадна хариуцагч “Лелметалл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Т-ийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

        Нэхэмжлэгч Т нь иргэн М.Борхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 600,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б-д өөрийн үүсгэн байгуулсан компанийг барьцаалж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн эрх шилжүүлэх гэрээг түүний нэрээр шилжүүлэн дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж, анхнаасаа хуурч мэхлэх, төөрөгдүүлэх байдлаар хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан байна.

           Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ямар хэлцэл халхавчлагдаж байгаа эсхүл хэлцэл хийгч этгээд хэрхэн төөрөгдсөн нөхцөл байдал тодорхой бус буюу зохигчид энэ талаар мэтгэлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байх тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ. 

         Шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах нь хуульд нийцэх бөгөөд Б, Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн гэх “Лелметалл” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй байхад гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.  

          2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ, хэлцэл хэрэгт авагдаагүй байхад тухайн гэрээний нөхцөл, түүний хүчин төгөлдөр байдалд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй бөгөөд  анхан шатны шүүх Б, Б нарын хооронд хийгдсэн гэрээний үнийг шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт үндэслэн тодорхойлж, хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон нь буруу юм.

            Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцсэн байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2439 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч Т-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.815.900 /найман сая найман зуун арван таван мянга, есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН