Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00461

 

 

 

 

                                              2021        02          05

                     101/ШШ2021/00461

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернейшнл рент, ар зайсан гудамж, 0 дугаар байр 0 тоотод оршин суух, Харчин овогт Э.Э /РД:0/-гийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суух, Сартуул овогт Л.У /РД:0 /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр Л.Уд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч  Л.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Л.Уаас үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг гаргуулж гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Э.Эгээс 2019 оноос хойш мөнгө зээлсэн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг мөнгөн хөрөнгийг бэлнээр тоолж авсан. Харин мөнгөнөөс нийт 2,400,000 төгрөгийг 5 хоногийн хүүд тооцож төлсөн. Уг 2,400,000 төгрөгийг төлөхдөө бэлнээр төлсөн. Иймд 21,600,000 төгрөгөөс миний төлсөн 2,400,000 төгрөгийг хасч, үлдэх 19,200,000 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Л.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч  19,200,000 төгрөгийг төлөхийг  зөвшөөрч, үлдэх 2,400,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ  байгуулагдаж, уг гэрээгээр Э.Э нь 20,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлдүүлэх, Л.У нь тохирсон хугацаанд зээлийг 8 хувийн хүүтэй төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Хариуцагч Л.У нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл баримтад тэрээр маргаагүй. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

Хариуцагч нь дээрх зээлийн төлбөрт нийт 2,400,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч уг тайлбартай холбоотой нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Л.Уаас зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ. Нэхэмжлэгч нь алданги нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед буюу хүсэлтийн шатанд камерийн бичлэг гаргахтай холбоотой хүсэлт гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шат дуусах үед “...2,400,000 төгрөгийг төлсөнтэй холбоотой камерийн бичлэгийг гаргуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй. Нөгөө талаар, хариуцагч нь камерийн бичлэг нь 21 хоногийн хугацаанд хадгалагддаг гэж тайлбарлах атлаа 2,400,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд тус тус төлсөн гэж тайлбарласан. Иймд тухайн камерийн бичлэгийг гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Уаас 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 265,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БЯМБАЖАРГАЛ