Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01741

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01741

 

 

Э.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17ы өдрийн 101/ШШ2021/02722 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Эгийн хариуцагч Л.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.У нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дэлгүүртээ бараа таталт хийх гэсэн юм, мөнгийг нь удаахгүй төлбөл бонус гэж авдаг юм, үүнд мөнгө хэрэг болоод байна, буцаад удахгүй мөнгөтэй болох учир барааны нийлүүлэлт хийгээд буцаагаад төлчихье, 20 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу 20 000 000 төгрөгийг, 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480 000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэйгөөр зээлж 4773 тоот гэрээ байгуулан, нотариатчаар гэрчлүүлсэн. Гэрээ байгуулсан даруй нотариатын байранд мөнгөө бэлнээр өгч акт үйлдсэн. Гэрээ байгуулснаас хойш төлбөрөө төлөөгүй тул дэлгүүрт нь очсон боловч өөрөө байгаагүй, ээж нь байсан. Тэр хүнд хугацаа хэтрүүлсэн талаар хэлэхэд дэлгүүрээ хаяад арын хашааг даваад зугтаасан. Утсаар холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа аваагүй. Төлөлт хийлгүй явсаар гэрээний хугацаа дууссан. Иймд, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4773 тоот зээлийн гэрээгээр зээл 20 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагчийн тайлбарын хүрээнд төлөхөөр зөвшөөрсөн зээл, хүү 19 200 000 төгрөг болгож анх гаргасан нэхэмжлэлээ 2 400 000 төгрөгөөр багасгаж байна. Мөн хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн хэмжээ болох үндсэн зээл, хүүгийн төлбөр 19 200 000 төгрөгөөс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д зааснаар 0,5 хувиар алданги тооцож 100 хоногийн алдангид 9 600 000 төгрөгийг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 9 600 000 төгрөгөөр ихэсгэж байна. Нийт зээл, хүүгийн төлбөрт 19 200 000 төгрөг, алдангид 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.У нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байхдаа Э.Эгээс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 сая төгрөг зээлж, 10 дугаар сарын 1-нд 480 000, 11 дүгээр сарын 1-нд 480 000, 11 дүгээр сарын 2-нд 480 000, 11дүгээр сарын 3-нд 480 000, 11дүгээр сарын 4-нд 480 000 төгрөгийг тус бэлнээр төлдөг байсан. Зээл 20 000 000 төгрөгөөс төлсөн 2 400 000 хасаж тооцож өгнө үү. Цар тахлаас үүдэн өөрийн эрхэлж байсан худалдааг зогсоон, лангуугаа хураалган орлого олох боломжгүй хүнд нөхцөлд байдалд орсныг харгалзан үзэж маргаанд уян хатан хандаж алданги төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Иймд 19 200 000 төгрөгийг зөвшөөрч, алданги 9 600 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 15-нд төлөх байсан боловч 2020 оны 10 сараас хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ үед согтууруулах ундаа борлуулахыг хориглосон гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.Уаас зээлийн гэрээний үүрэгт нийт 28 800 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх алданги 9 600 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие лангуу ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд цар тахал гарсантай холбогдуулан улс орон даяар хатуу хөл хорио тогтоож энэ хугацаанд архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Гэвч энэ талаар дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний гол зорилго нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр бараа авч түүнийгээ худалдан борлуулж үүнээс үүссэн үр шимээр зээлээ буцаан төлөх үндсэн зорилготой байсан. Иймд анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэргийн чухал хэсгүүдэд дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Иймд алданги 9 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Л.Уд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл, хүүгийн төлбөрт 19 200 000 төгрөг, алдангид 9 600 000 төгрөг нийт 28 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч анз төлөхгүй гэж маргажээ.

Талууд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480 000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэйгөөр 4773 тоот зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэнд, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөнд, хариуцагч 2 400 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэнд маргаангүй. /хх5/

Хариуцагч нэхэмжлэлээс зээл, хүү болох 19 200 000 төгрөгийг төлөхөөр хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. /хх18/

Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээний 3.7-д тохиролцсон. /хх5/

Түүнчлэн Э.Э, Л.У нар өмнө нь 10 гаруй удаагийн зээлийг хоорондоо өгч, авч байсан гэх бөгөөд энэ маргаанаас өөр зээлийн гэрээний маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа талаар тайлбарлажээ.

Хариуцагч Л.У нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах хүнсний зах дээр лангуу түрээсэлж архи, пиво, ундааны бөөний төв ажиллуулдаг гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгчийн 9 600 000 төгрөгийн анз гаргуулах шаардлагын талаар хариуцагч ... Цар тахлаас үүдэн өөрийн эрхэлж байсан худалдааг зогсоон, лангуугаа хураалган орлого олох боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон. Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтооход архи согтууруулах ундааны зүйлийг худалдахыг хориглосон. Алданги төлөх боломжгүй гэж тайлбарласан.

/хх82/

Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж маргаж байна.

Хэргийн баримтаас хариуцагч нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны зах дээр архи, пиво, ундааны бөөний лангуу ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, архи согтууруулах ундаа худалдаалахыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглож байсан нийтэд илэрхий үйл баримт байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зорилгыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Дэлгүүртээ бараа татан авалт хийх гэсэн юм, бонус авдаг, удахгүй буцаагаад төлье гэсний дагуу зээлсэн гэж тодорхойлжээ. /хх1-2/

Хугацаа хэтрэхэд хүргэсэн зарим нөхцөл байдал хариуцагчаас шалтгаалаагүй, урьдчилан тооцоолшгүй хууль, эрх зүйн болон бодит хэлбэрээр үүрэг гүйцэтгэхэд саадтай цар тахлын нөхцөл байдал хэсэгчлэн нөлөөлсөн тул анзын хэмжээ болох 9 600 000 төгрөгийг илт их гэж дүгнэх боломжтой. Иймд Иргэний хуулийн 232 зүйлийн 232.8 дах хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох тул анз 9 600 000 төгрөгийг 50 хувь бууруулан хариуцагчаас алдангид 4 800 000 төгрөг, зээл, хүүд 19 200 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17ы өдрийн 101/ШШ2021/02722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Уаас зээлийн гэрээний үүрэгт нийт 24 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эд олгож, үлдэх 4 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 301 950 гэснийг 277 950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД